Ховд аймгийн Буянт сумын харьяат, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хөгжимчин, ахлах ахлагч Э.Даваажамц эх орныхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл 2127 км зам туулан гүйсэн билээ. Монгол хүний тэсвэр тэвчээр, хат шандсыг харуулж чадсан энэхүү гүйлт Зэвсэгт хүчний салбар төдийгүй эх орон, эр цэргээ дэлхийд гайхуулсан үйл явдал болсон билээ. Зорьсон зорилгодоо тууштай, шантрахгүй урагшлахын үлгэрийг үзүүлж чадасан Э.Даваажамцтай ярилцлаа.
-Та анх армид алба хаах болсон шалтгаан, танд хүч өгсөн зүйл нь юу байсан бэ. Ер нь зэвсэгт хүчний хүн байхын зовлон, жаргал нь юундаа байдаг гэж боддог вэ?
- Анх нэгдүгээр ангид орохдоо л цэргийн хүн болох юм сан гэх хүсэл мөрөөдөлтэй байсан. Энэ мөрөөдөлдөө хөтлөгдсөөр олон жил Зэвсэгт хүчинд зүтгэж байна. Би дээрээ таван ахтай. Тэд маань бүгд хугацаат цэргийн алба хааж байсан. Тухайн үед би тэднийг маш их үгүйлж, үлдээж явсан хувцсыг нь үнэрлэж, дэрлэж унтаж, өмсөж гүйдэг байлаа. Ах нар маань цэргээс халагдаж ирэхдээ цэргийн хувцсаа янзалж, тоноглосон нь надад их л ганган харагдаж билээ. Тэгээд л цэргийн хүн болох мөрөөдөлтэй болсон доо.
Зэвсэгт хүчний албан хаагчид зовлон жаргал гэж байлгүй л яахав. Зовлонгоос илүү жаргал нь илүү их байдаг сайхан алба шүү дээ. Би цэргийн хүн болсоноороо маш их омогшиж аархаж явдаг. Тэр ч зүйлээ сая энэ гүйлтээрээ харуулчихлаа гэж бодож байна. Харин зовлон гэвэл өвлийн хүйтэнд даарч зогсох, зуны халуун наранд үүрэгт ажлаа хийх зэрэг нь мэдээж бага зэргийн хүндрэлтэй байдаг. Гэхдээ үүгээрээ тэсвэр тэвчээр, хатуужил, сэтгэлийн хатыг суулгаж өгдөг учраас маш жаргалтайгаар хийдэг дээ. Цэрэг арми гэдэг эр хүнийг жинхэнэ эр хүн болгодог газар шүү дээ.
-Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн онцлог юу вэ?
-Зэвсэгт хүчний 123 дугаар анги бол ууган ангиудын нэг. Ирэх жил ангийн маань 100 жилийн ой болно. Би 100 жилийнхээ ойд зориулж жирийн нэгэн ахлагчийнхаа зүгээс бэлэг барьж гүйсэн минь энэ. Мөн монгол хүний тэсвэр тэвчээр, цэргийн хүний хатуужлыг харуулахыг зорьсон. Энэ утгаараа ангийнхаа 100 жилийг түүхэнд мөнхөлж чадсан болов уу.
-Та ангийнхаа хөгжимчин гэсэн шүү дээ. Ямар хөгжим тоглодог вэ?
-Би Зэвсэгт хүчинд 14 дэх жилдээ ажиллаж байна. Тус ангидаа хөгжмийн салбарт хөгжимчин албан тушаалд ажилладаг. 2007-2011 онд ҮБХИС-ийн цэргийн хөгжмийн сургуулийг нарийн бүрээчин мэргэжлээр төгссөн. Бүрээ гэдэг хөгжим урам зориг бадраасан, сүр жавхлантай, аргагүй л цэрэг армийн дуу хоолой болсон хөгжим дөө.
-Та аль сумын хүн бэ, танай нутгийн бахархал юу вэ?
-Би Ховд аймгийн Буянт сумын хүн. Буянт сумын хүмүүс маань газар тариалан, мал аж ахуйн чиглэлээр аж төрөн амьдардаг. Мөн халх, казак, тува гэх мэтчилэн дөрвөөс таван үндэстэн ястан нийлж нэгдэн амьдардаг билээ. Манай аймгийг тэнгэрт тулсан уулстай, хаяа тэлсэн гол горхитой Ховдын цэнхэр хязгаар гэж ярьдаг. Тэр ч утгаараа аймагт маань төрийн тахилгат Алтан Хөхий уул мөн Хар ус нуур зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд олон бий. Монголын долоон гайхамшигийн Гурван цэнхэрийн агуй, Цагаан хэрэм ч мөн манайд байдаг.
Ховд аймгийн иргэд Ховд голоо дагаж тунгалаг Буянтынхаа хөвөөгөөр нутаглаж аж төрөн амьдардаг. Тунгалаг Буянт бол маш сайхан гол. Энэ голын талаар дуу хүртэл байдаг. Тэрхүү дууг Монголын ард иргэд маань өөрийн мэдэлгүй аялдаг байх аа. Хүн зон олны онцлогийн хувьд олон ястан үндэстэн аж төрөн амьдардаг бөгөөд 17 сумтай. Манай аймаг олон үндэстэн ястан нэгдэн нийлсэн 100 мянган ард иргэд аж төрөн амьдардаг. “Үхрийн бөөр шиг алаг хэрнээ ихрийн сэтгэлтэй ард нь” гэсэн сайхан үг байдаг даа. Энэ нь маш олон үндэстэн ястан нийлсэн хэрнээ эв нэгдэлтэй байж болдог гэдгийг харуулсан үг гэж боддог юм.
-Анх гүйх хүсэл яагаад төрсөн бэ, гүйх болсон тухай гэр бүлийн хүн болон дарга нар нь хэр хүлээж авсан бэ?
-Өнгөрсөн жил Афганистан улсаас Монголдоо ирээд 14 хоногийн тусгаарлалтанд байх хугацаандаа энэхүү бодол орж ирсэн. Тухайн үед удахгүй Зэвсэгт хүчний 100 жилийн ой болно. Миний бие ямар зүйл хийж бэлэг барих вэ гэдэг асуултыг өөрөөсөө маш олон удаа асуусны үндсэн дээр гүйлт гэдэг төрлөөр бэлэг барьж чадах юм байна гэсэн бодол орж ирсэн. Тэгээд нутгаасаа улсынхаа нийслэл хүртэл 1500 орчим замыг явганаар туулахаар болсон доо.
Хамгийн түрүүнд эхнэртээ хэлэхэд намайг Зэвсэгт хүчиндээ ямар их хайртайг мэддэг учир шууд дэмжсэн. Харин ар гэрийн хувьд машинаар явахад хүртэл ямар хол билээ, хэдэн хоног явж очдог шүү дээ. Явганаар явж чадахгүй ээ гэсэн хандлагатай эсэргүйцсэн. Гэхдээ би өөрийнхөө бодолд үнэнч байсанаараа дуусгаж чадсан юм.
Дарга нарын хувьд маш сайхан хүлээж авч, бүх шийдвэрүүдийг нааштайгаар гаргасан. Тэр ч утгаараа ангийнхаа удирдлага хамт олон ангийн захирагч хурандаа Х.Энхболд, Хуурай замын цэргийн командлагч хошууч генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга дэслэгч генерал Д.Ганзориг зэрэг бүх тусалж дэмжсэн хүмүүстээ маш их баярлаж, талархсанаа илэрхийлье.
-Бэлтгэлээ хэдий хугацаанд хийв, гүйхдээ 80 кг байсан гэсэн, гүйгээд дуусахад хэдэн кг жин хаясан бэ?
-Нийт гурван сарын хугацаанд бэлтгэл хийсэн. Хоёрдугаар сарын сүүлээр бэлтгэл хийж эхлээд зургаадугаар сарын 2-ны өдөр гараандаа гарсан байдаг. Ховд аймагаас гарахад биеийн жин 80 кг байсан бол Дорнод аймаг хүртэл дөчин зургаан өдөр 2127 кг замыг туулаад очиход зургаахан кг хассан байсан. Одоо бол 74 кг байна.
-Анх нийслэл хот хүртэл гүйж Сүхбаатарын талбайд очих зорилготой байсан. Чухам Монголын зүүн хязгаар Дорнод руу гүйх болсон нь хэний санаачилга байсан бэ?
-Анх Ховд аймгаасаа Улаанбаатар хот руу гэсэн маршруттай гүйлт эхэлсэн. Долоодугаар сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбайд баярын парад болдог юм л даа. Тэрхүү парадын үеэр бариандаа орно гэсэн төлөвлөгөөтэй байсан. Гэвч цар тахлын улмаас парад цуцлагдсан. Тиймээс маршрутаа өөрчлөлт оруулж Монголынхоо баруун хязгаараас зүүн хязгаар хүртэл гүйх хүсэлтийг жанжин штаб руу явуулаад хүсэлтийг маань зөвшөөрсөн дөө.
-Өдөрт хэдэн км гүйж байв, гүйхдээ юу мэдэрч байв?
-Хамгийн анх Ховд аймгаас гараад 40-45 км хооронд гүйсэн санагдаж байна. Тэгээд Говь-Алтай аймаг өнгөрөөд Дорнод аймаг руу гүйх шийдвэрээ гаргасны дараа өдөрт 50 км туулахаар болсон. Дараа нь Хэнтий аймаг хүртэл 50 км гүйгээд Дорнод аймаг орох хүртэл өдөрт 60 км туулахаар тогтсон. Учир нь хамгийн хурдан Ховдоос Дорнод орсон хүн болохын тулд хурдаа нэмсэн хэрэг л дээ. Тэр маань ч талаар өнгөрөөгүй. Миний бие хувийн амжилт рекордыг зургаадугаар сарын 30-нд өдөрт 90 км гүйж эвдсэн юм.
Гүйх явцдаа Монголынхоо амгалан тайван байдлыг мэдэрч, байгалийн үзэсгэлэнг биширч, монгол хүн болж төрснөөрөө маш их бахархаж байлаа. Мөн зам дагуу тааралдсан хүмүүсээс сайхан сэтгэлийг мэдэрч явсан учраас маш их эрч хүч урам авсан. Зам дагуу хүмүүс цай хоол барьж ирэх, урам зориг өгч байсан нь маш сайхан санагдаж байсан. Намайг дэмжиж, баяр хүргэж, анхаарч, санаа тавьж байсан бүх хүмүүстээ талархал илэрхийлж байна.
-Таны гүйлтийн замд дагаж явсан баг хамт олон дунд ямар, ямар хүн явсан бэ, таныг хэрхэн зоригжуулж байв, дундаас нь бие өвдөх, шантрах үе гарсан уу?
-Надтай нийлээд дөрвөн хүн явсан. Тогоочоор миний эхнэр, эмчээр Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн эмч, жолоочоор манай ах явсан. Бид гар, сэтгэл нийлж нийлж урт замыг туулсан даа. Мэдээж бид нэг зорилготой, хийж бүтээнэ, чадна гэж явсан учраас нэг нэгнийгээ үгээрээ л зоригжуулж байсан. Байгалийн уур амьсгалаас шалтгаалаад хэцүү санагдах үе мэдээж байсан. Гэхдээ ийм зүйл болно гэдгийг мэдсэн учраас сэтгэл зүйгээ маш сайн бэлдсэн.
-Гүйж байхдаа хэдэн гутал элээсэн бэ?
-Ерөнхийдөө нэг гуталтай гүйсэн гэж хэлж болно. Ховд аймгаас өөрийн гуталтайгаа гараад Ховд, Говь-Алтай аймгийн хил дээр Улаанбаатар хотоос ирсэн Германы брендийн гутлыг өмсөөд бариа хүртлээ тэрхүү гуталтайгаа гүйсэн.
-Хотод ирэхэд ард иргэд хэрхэн хүлээж авсан бэ?
- Ард иргэд болон ажлын хамт олон маш сайхан хүлээж авсан. Хүлээж авсан бүх хүмүүстээ маш их баярлалаа.
- Хүмүүс ямар зорилготой гүйгээд байгаа юм бол гэж их асуудаг. Зэвсэгт хүчний удирдлагаас ямар бэлэг барьсан?
-Зэвсэгт хүчний 100 жилийнхээ ойд зориулж жагсаалын ахлагчийн хувиар бэлэг барих гэж гүйснээс өөр ямар нэгэн далд санаа байхгүй шүү. Надад Үндэсний батлан хамгаалахын их сургуулиас соёл хүмүүжлийн чиглэлээр сурах эрх бэлэглэсэн.
-Дорнодод очиход төрсөн сэтгэгдэл?
-Дорнодод очиход мэдээж маш сайхан сэтгэгдэл төрсөн. Яг энэ л мэдрэмжийг мэдрэхийн тулд төрсөн юм шиг санагдсан. Ерөнхийдөө цэргийн албан хаагчийн тэсвэр тэвчээр, өнөө үеийн Зэвсэгт хүчний залуучуудын сургалт, бэлтгэл яг ямар түвшинд байгаа вэ гэдгийг харуулахыг зорьсон. Энэ ч зорилгодоо хүрсэн гэж бодож байна.
-Таны цаашдын зорилго юу байна вэ?
-Гүйлтийн спортоор хичээллэж эхэлнэ. Монголын нийт ард иргэдийг нийтийн бие тамираар хичээллээсэй гэж уриалж байна. Мөн олон хүнийг гүйлтийн төрөл руу оруулах хүсэлтэй байдаг. Над шиг хэт холын зайн гүйлт хийх гэж буй залуучуудад гарын авлага гаргах зорилготой байгаа.
-Залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Хүн спортоор хичээллэснээр эрүүл байна. Хүн бүр эрүүл байснаар улс нийгэм маань эрүүлжинэ. Хүн бүр эх орондоо хувь нэмрээ оруулсанаар улс эх орон минь хөгжинө шүү дээ.
-Эх орон гэдэг таны бодлоор юу вэ?
-Эх орон гэдэг мэдээж маш чухал, нандин оршихуй. Эх орон гэдэг хувь хүн өөрөөс эхэлдэг. Байгалийн баялаг биш хувь хүн өөрөө эх орон гэдгийг хүн бүхэн мэдэж аваасай гэж хүсэж байна. Бид оршиж байж эх орон бий болдог учраас эх орноо хайрлаарай. Эх орноо хайрлах нь хамгийн наад зах нь урин дулааны цагт аялал зугаалгаар явж байхдаа хогоо энд тэнд битгий хаяасай гэж уриалж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
BARILGA BAISHIN BARI GEHEER ,UU BI TSEREG YOSTOI BOLOHGUI GEED ZUGTAAGAAD ALGA BOLDOG BIZDEE ENE OLON HEND CH HEREGGUI TSEREGUUD CHINI