О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Ган-Очиртой цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Хоёр ардчилсан нам хоёулаа Хэнтий, Сонгинохайрханы нөхөн сонгуульд оролцох хүсэлтээ өгсөн. Хүсэлтийг хэрхэн шийдвэрлэхээр байна вэ. Нэр дэвшигч нараа сонгосон уу?
-Ардчилсан намын үндсэн дүрмийн дагуу Үндэсний бодлогын хороог хуралдуулж, нөхөн сонгуульд оролцох саналаа Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлсэн. Ингэхдээ аудитын дүгнэлтийг хавсаргасан. Гэсэн ч “Ард түмний таван хувийн л дэмжлэгтэй С.Эрдэнэ даргатай хэсгийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэж авах юм байна” гэсэн мэдрэмж материалаа өгсний дараа төрсөн. Энэ бол Ардчилсан намын дотоод асуудлаас хэтэрсэн асуудал. Өөрөөр хэлбэл, эрх баригч нам сонгууль нэртэй тоглоомын сонгуульд ялахын тулд өрсөлдөгчөө захиалж байгаа хэлбэр харагдаж байна.
Ардчилсан намын 220 мянга гаруй гишүүд хэдийн нэг талдаа нийлсэн. Гэтэл өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар гарсан үр дүнг нөхөн сонгуулиар дахин давтахын тулд тоглоомын сонгууль хийх гэж байна гэсэн хардалт байна.
-Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуультай адил С.Эрдэнийн намыг нөхөн сонгуульд бүртгэнэ. Танайхаас бүртгүүлж чадахгүй гэж ойлголоо. Хэрвээ энэ биелэгдвэл С.Эрдэнийн тал нөхөн сонгуульд ялж чадах уу?
-Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшсэн С.Эрдэнэ дарга АН-ын гишүүдийн, ардчиллыг дэмждэг иргэдийн хүсэн хүлээсэн нэр дэвшигч байсан уу гэдэг эргэлзээтэй. Нөхөн сонгуульд ч ялгаагүй. Сонгуулийн үр дүнд С.Эрдэнийн тал ялах боломжгүй. Өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуультай яг адил дүр зураг болох гээд байна.
-Нөхөн сонгуулийн асуудал АН-ын дотоод асуудлаас ч хэтийдсэн гэж та хэлсэн. Гэхдээ дотоод асуудлаа шийдэх хэрэгтэй гэсэн нийгмийн санал байна. Танай намын хувьд нөхөн сонгуульд бүртгүүлж чадвал хэнийг нэр дэвшүүлэх вэ?
-Сонгуулийн ерөнхий хороо хүсэлтийг хүлээж авбал нэр дэвшигчийг намын дарга шийдэхгүй. Тухайн дэвшүүлэх гэж байгаа намын хорооны гишүүдийн санал, рейтинг, Ардчилсан намын үндэсний бодлогын хорооны гишүүд хэнийг дэмжих вэ гэсэн процессын дагуу явагдана. Харин манай намыг бүртгэхгүй бол энэ үйл явцын аль нь ч байхгүй гэсэн үг.
-Шатахуун, барилгын материал, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, тээвэрлэлтийн асуудал одоо цаг үеийн сэдэв болоод байна. Эдгээр асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?
-Ардын нам учраа олохгүй байна. Гаднаасаа харахад хэт ялалтандаа бялуурсан, дур зоргоороо иргэд рүү харахгүй байгаа мэт боловч дотор талдаа ч МАН цэвэр дарангуйлалд өртөөд байна. Намын гишүүд асуудлыг шийдвэрлэхдээ алга ташсан, баяр хүргэсэн, аялдан дагасан, шүтэж биширсэн дүр зургууд л харагдаж байна. Эрүүл тогтолцоотой бус хэт нам шүтсэн үзэлдээ живсэн. Асуудлаа бүтэн харж чадахгүй байна. Үүнийх нь үр дүнд сүүлийн саруудад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ багадаа 1.5 дахин нэмэгдсэн. Хоёр, гурав нугарсан. Шатахуун, барилгын материалын үнэ эрс нэмэгдсэн. Үнийн өсөлт ард түмний амьдралд, үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгжид гинжин хэлхээгээр явж нөлөөлсөөр байгаад энэ намар одоогийн ой хээрийн түймэр шиг юмны үнэ “шатаж” өсөхөөр байна. Энэ болгоны үндэс бол эрх баригч нам эхнээсээ бодлогоо зөв харсангүй. Би бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт маш муу үнэлгээ өгнө.
-Тэгвэл үүссэн нөхцөл байдлыг давж гарах гарцыг та бүхний зүгээс хэрхэн харж байна вэ?
-Үүссэн нөхцөл байдлыг харахад чөлөөт эдийн засгаар асуудлыг шийдэх гаргалгаа алга. Тухайлбал, нэг удаагийн тээвэр хийхэд 10 сая төгрөгөөс хэтрэхгүй гэсэн хатуу үнэ тогтоосон. Шууд коммунист аргаар асуудлыг шийдэхээр далд эдийн засаг хөгжиж, тээвэр гацаанд орж байгаа юм. Засгийн газар хямралаас гарахын тулд засаглах ёстой. Засаглана гэдэг хүн төрөлхтний хувьд шийдсэн асуудал. Нэгдүгээрт, хамтын оролцоот засаглалыг хэрэгжүүлэх ёстой. Төрд байгаа өөрийн хүч буюу Шинжлэх ухааны академид бүртгэлтэй судалгааны байгууллагуудаа ашиглах хэрэгтэй. Тэдний мэдээлэл, судалгааны үндсэн дээр Засгийн газар шийдвэрүүдээ гаргах ёстой. Хоёрдугаарт, эдийн засгийг аварч, амьжиргааг сайжруулахын тулд Монголд байгаа 95 мянга орчим хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын төлөвлөгөөг сонсох, нөөцийг нь мэдэх, хүндрэлийг сонсох, зах зээлийн эрэлт талаас нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Гуравдугаарт, ардчилсан нийгэм бол иргэний нийгэм. Иргэд сайн дураараа зохион байгуулагдсан 60 мянга орчим төрийн бус байгууллага байна. Төрийн бус байгууллагуудыг мэдэх, харилцах, эрх мэдэл, санхүүгийн боломжуудыг өгөх зэргээр хямралаас гарч, асуудлыг шийдэх нь гол гарц юм. Ганц дарга бүгдийг шийддэг тогтолцоо нь хүн төрөлхтний хувьд үеийн үед сүйрэл авчирсан. Дээрх гарцыг огт хэрэгжүүлж чадахгүй байна. Дараагийн асуудал нь чөлөөт эдийн засагт хэзээ ч төр нь нийлүүлэлт талыг хангаж явж болохгүй. Жишээлбэл, “Солонго 1, 2, 3”, “Залуус” хороолол баригдахад зах зээл дээрх орон сууцнууд борлогдохгүй. Байгаа мөнгөний нөөцийг иргэд рүү өгөх зохион байгуулалт дутагдаж байна. Нийгмийнхээ системийг ойлгох бус МАН гэдэг нэрийг дахин шүтүүлэх рейтинг олох чиглэлд бүх зүйлийг өгөхөөр энэ орон халамжийн орон болж хувирч байна.
-Ардчилсан нам сөрөг хүчний үүргээ хангалттай биелүүлж чадаж байна уу. Цаашдаа ямар бодлого баримталбал илүү дүр дүнтэй байх вэ?
-Улс төрийн намын хувьд сөрөг хүчний байр суурийг илэрхийлэх хамгийн гол боломж бол сонгууль. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар ард түмэн ардчилсан намд бүлэг байгуулах хэмжээний гишүүдийг сонгож өгсөн. Энэ бүлгийн хүрээнд үйл ажиллагаагаа илүү эрчимжүүлж явуулах хэрэгтэй. Ардчилсан нам бол социалист маягийн цэвэр институтэд түшиглэсэн нам биш, барууны лидерүүдийн нам. Энэ намд үеийн үед хувь лидерүүдийн орон зай их. Лидерүүд нийгмийн далайцтай санаачилгуудыг гаргаж ирдэг. Ийнхүү нийгмийн дэмжлэгтэй улстөрчийн манлайллын арга зарчим Ерөнхийлөгчийн сонгуульд сайн тохирдог. Гэтэл Ерөнхийлөгчийн сонгуульд ч шударга өрсөлдөх боломжийг булаагаад авсан. Тэгвэл одоо хоёр нөхөн сонгуульд МАН ялагдаад, АН ялаад үр дүн гарах уу. Аль нь ч байсан ардын нам олонхоороо хуулиа батална. Тиймээс нөхөн сонгуульд шударгаар өрсөлдье. Тохироогүй сонгууль хийе.
-Нөхөн сонгуулиар Ерөнхийлөгчийн сонгуульд гаргасан алдаагаа давтахгүйн тулд одоо АН яаж ажиллах вэ?
-АН хурдан эв зүйгээ олох ёстой. Эрх баригч намын шударга бус зүйлд ардчиллын төлөө яваа бүх хүн “үгүй” гэж хэлмээр байна. Бид хамтдаа урагшаа алхах ёстой. Залуу хүний хувьд нэг зүйлийг ойлгож байгаа. Монголын ардчилал эмзэг бөгөөд богинохон настай юм байна. Тиймээс дарангуйллыг хүсэмжилж байгаа үзэл санаа тоглолт хийх боломжтой. Ардчиллыг бэхжүүлэхийн тулд цаг хугацаа, цуцалтгүй тэмцэл хэрэгтэй юм байна. Барууны орнуудынх шиг тогтворжсон ардчилалд хүрэхийн тулд илүү даралт хэрэгтэй. Хүний нөөцийг шат дараатай бэлдэх хэрэгтэй. Тийм учраас Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Болор-Эрдэнийг Ардчилсан намын Хүний нөөцийн бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар томилсон. “Ардчилал” академийг байгуулж, хүний нөөцөө бэлтгэж байна.
-Ингэснээр танай намын хүний нөөцийн бодлого цаашид яаж явах вэ?
-МАН сэхээтэн гэдэг нэрийн дор аль гайгүй яваа хүмүүсийг дагуулаад бусад ядуу хэсгээ захирах ёстой гэж үздэг. Ардчилсан намын хувьд хүн болгон эрхэм чанартай бөгөөд хүн болгон лидер. Хүн болгон сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдөлтэй учраас ямар нэг давхарга гэж байхгүй. Энгийн малчин хүнийг зах зээлийнх нь махны сүлжээтэй холбож чадах юм бол саятан болно гэдэг ардчилсан намын чиг. Ардчилалд хүн болгон адилхан. Ардчиллын нүдээр ард түмэн дотроо байгаа авьяасыг, чадварлаг залуусыг нээж илрүүлэх ёстой л гэж үзнэ. Энэ бол бидний хүний нөөцийн бодлого. Ардын намын хүний нөөцийн бодлого бол өөр.
-Ардчилсан нам нэгдэх нь салангид байснаас хамаагүй хүчтэй болов уу. Нэгдэх тал дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-М.Тулгат даргатай учраа олно гэдэгт 100 хувь итгэлтэй байгаа. Үнэхээр учраа олъё гэвэл энэ сонгууль дээр нэгдсэн хүчээрээ давших ёстой. С.Эрдэнэ дарга “Хууль дүрэм зарчим гэж байна” гэдэг дээр фокуслаж ярьдаг. Хууль зөрчсөн, ёс зүйгүй үйлдлийг мартаад эвлэрнэ гэвэл эвлэрэл биш. Харин үүнийгээ яриад, цэвэрлээд, учрыг нь олоод цааш явах ёстой. Монголын ардчилал АН-аас илүү анхдагч бөгөөд үнэ цэнтэй. Заавал бид учраа олж явах ёстой. Монголын ардчилал Ардчилсан намгүйгээр хана хэрэмгүй хот л гэсэн үг.
-Эвлэрэх ажлын хэсэг гарсан гэж сонссон. Нөхөн сонгуулиас өмнө эвлэрнэ гэвэл боломжтой юу?
-Хоёр ажлын хэсэг байгаа. УИХ дээр бүртгэл тамганы асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Бүртгэл тамганы асуудлын учрыг олохгүйгээр эвлэрнэ гэдэг хэцүү. Эвлэрнэ гэдэг энэ болгоноо ярина гэж ойлгож байна.
-Таныхаар С.Эрдэнэ дарга Ардчилсан намд байх ёстой хүн мөн үү?
-Ардчилсан намын дүрмээр намд хэнийг ч элсүүлдэг. Монголын иргэншил авсан гадаадын иргэн байсан ч элсүүлэх үүрэгтэй. Гол нь тэр хүн ардчилсан үзэл санаанд нэгдэж байх ёстой. Тэр хүний нэгдэж байгаа эсэхийг бид хэмжих боломжгүй. Тухайн хүний “нэгдэж байна” гэсэн үгэнд итгэж л намдаа элсүүлнэ. Харин хэн нэгэн хүн намын удирдах албан тушаалд байх ёстой эсэх асуудал намын дүрмээр зохицуулагдана. С.Эрдэнэ гэдэг хүн УИХ-ын сонгуульд ялагдсан тэр мөчөөс намын даргаас буусан. Гэтэл намын даргаа сэргээж, улсын бүртгэлээс тамга авсан. Тамга авахдаа “шинэ” гэдэг тодотголоор авсан. Тэгвэл хуулиараа шинээр тамга олгох гэдэгт “гээсэн үрэгдүүлсэн үед, тухайн байгууллага шинээр үүсгэн байгуулагдсан үед” гэх мэтээр заасан. Хэд хэдэн шаардлага байдаг. Тэдгээртэй ямар ч хамаагүй байхад тамга авсан. Оюуны өмчийн газарт С.Эрдэнийн талаас гомдол гаргахад “Тамга, тэмдэг, лого, нэр зэргийг манай тал эзэмших юм байна” гэсэн шийдвэр гарсан. Нам бол оюун санааны байгууллага, зүгээр л үзэл санаагаар нийлсэн төрийн бус байгууллага. Үзэл санааны нэгдэл, олонх нь манай талыг гэж дүгнэлт гаргачихаад байхад шүүх нь яагаад түүнийг хүлээж авдаггүй юм. Сонгуулийн ерөнхий хороо яагаад хүлээж авдаггүй юм. Манай намын 74 мянган гишүүн оролцож 55 хувийн саналаар гарсан даргыг маань бүртгэж авахгүй байна. Энэ маягаараа компанийн ТУЗ хуралдаад олонхын саналаар сонгосон гүйцэтгэх захирлыг улсын бүртгэгч, шүүгч бүртгэхгүй байж болохоор байна. Ардчиллыг олонх сонгодог. Үүнээс илүү сонголт гэж байхгүй. Эсвэл шууд Ардчилсан намыг даргыг олны өмнө Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сонгох хэрэгтэй.
-Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш тамга тэмдгийн маргаанаа шийдэх гэж дорвитой оролдлого хийв үү?
-2024 онд МАН сонгуульд ялахгүй гэдгээ мэдээд байна. Энэ нь сөрөг хүчин сайн гэхээс илүү ардын намын арчаагүй байдал өөрсдийг нь туйлдуулж байна. Тиймээс өрсөлдөгч хэрэггүй. Өрсөлдөгч л байвал ялагдана. Энэ тал дээр ардын намын эрүүл гишүүд бас дуугармаар байна. 2024 он хүртэл асуудлыг шийдвэрлүүлэхгүй байсаар АН-ыг хувааж сонгуульд оролцуулах нь одоогийн байгаа МАН-ын араншин болчихоод байна. Уг нь шударгаар биднийг ялах хэрэгтэй.
-Танай намаас нөхөн сонгуульд орж чадвал ялах магадлал хэр байгаа вэ?
-Ялах хангалттай боломж байлгүй яах вэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
АН газрын хөрснөөс арчигдахад ганц л алхам дутуу байгаа шүү дээ. Үүнийг АН-ыг хуваасан АН-ын гишүүд нь л хийсэн одоо ч хийсээр л байна. Үүнийгээ өөрсдөө ойлгох ухаан даан ч алга даа хөөрхийс.
Ингэж байхын оронд учраа олох талаар бодмоор, ер нь АН-ыг хуваах нь Жонкугийн хийсэн ажил ш дээ, тиймээс Жонкугаасаа салахаас л эхлэх хэрэгтэй болов уу
Ингэж байхын оронд учраа олох талаар бодмоор, ер нь АН-ыг хуваах нь Жонкугийн хийсэн ажил ш дээ, тиймээс Жонкугаасаа салахаас л эхлэх хэрэгтэй болов уу
Ингэж байхын оронд учраа олох талаар бодмоор, ер нь АН-ыг хуваах нь Жонкугийн хийсэн ажил ш дээ, тиймээс Жонкугаасаа салахаас л эхлэх хэрэгтэй болов уу
Ингэж байхын оронд учраа олох талаар бодмоор, ер нь АН-ыг хуваах нь Жонкугийн хийсэн ажил ш дээ, тиймээс Жонкугаасаа салахаас л эхлэх хэрэгтэй болов уу
Гоншигонохын оронд өөрсдөө дотроо учраа олцгоогооч, сонгуулийн хороо хуулиа л мөхдөнө ш дээ!
Namyydiin etsed ni mapiin tolgoilogchid tonyylch yrvagchid gedeg ni todorhoi uym.MANniin etsen ni SV.Batbold N.Bagabanid .Ts.Nyamdorj.ANiin etsed ni Batyyl.Ts.Elbegdorj.Dorilogjav.M.Enhsaihan.Haltsan Ganbold geeh met.MANHiin etsen ni N.Enhbayar.Tyynii hyy ehneriih ni dyy Otgon geed ger byliin hyree ba Sahal Erdenebilegiihen.Namiin nernii ard tonyylchid urvagchid ydamshin tur bylaaj sandaalj uy dyrtaigaa hiij byged yyl yyrhaig gadaadiihan hydaldan hyvtsai nereer tonoj bna.\n
Namyydiin etsed ni mapiin tolgoilogchid tonyylch yrvagchid gedeg ni todorhoi uym.MANniin etsen ni SV.Batbold N.Bagabanid .Ts.Nyamdorj.ANiin etsed ni Batyyl.Ts.Elbegdorj.Dorilogjav.M.Enhsaihan.Haltsan Ganbold geeh met.MANHiin etsen ni N.Enhbayar.Tyynii hyy ehneriih ni dyy Otgon geed ger byliin hyree ba Sahal Erdenebilegiihen.Namiin nernii ard tonyylchid urvagchid ydamshin tur bylaaj sandaalj uy dyrtaigaa hiij byged yyl yyrhaig gadaadiihan hydaldan hyvtsai nereer tonoj bna.\n