Ч.Өнөрбаяр: Манай намыг эрх баригчидтай нийллээ, үгслээ гэдэг хэтэрхий явцуу яриа

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 17

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд оролцох нам, эвслийг өнгөрсөн баасан гарагт батламжилсан. Тус сонгуульд оролцох батламжаа гардан аваад удаагүй М.Тулгат даргатай АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяртай цаг үеийн сэдвээр ярилцлаа.


-Танай нам Хэнтий, Сонгинохайрханы нөхөн сонгуульд оролцох батламжаа албан ёсоор гардан авлаа. Сонгуульд хэрхэн оролцохоор төлөвлөж байна вэ. Нэр дэвшигч нараа сонгосон уу?

-Сонгуульд оролцох батламжаа албан ёсоор хуулийн дагуу хүлээн авлаа. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу энэ сарын 26-наас нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлж, долоо хоногийн хугацаанд явуулна. Хуулиараа есдүгээр сарын 1-нд нэр дэвшигч тодорно. Хуулийн хугацаанд нь нэр дэвшигчээ тодруулах, хандивын данс нээх гээд бүх хуваарьт ажлаа зохион байгуулаад явна. Одоогоор нөхөн сонгуулийн бэлтгэл ажлаа хангахаар хоёр ажлын хэсэг байгуулсан. АН-ын дэд дарга Р.Эрдэнэбүрэнээр ахлуулсан ажлын хэсэг Сонгинохайрхан дүүргийг хариуцаж ажиллаж байна. Б.Гарамгайбаатар дарга Хэнтийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг ахалж байгаа.

-Тухайлбал, Б.Гарамгайбаатарыг Хэнтийд нэр дэвшинэ зэргээр таамаг явж байгаа. Нэр дэвших магадлал хамгийн өндөр байгаа хүмүүсээс ганц, хоёрыг нэрлээч?

-Нэр дэвшигчийн нэрс тодорхой болоогүй. Хоёр тойрогт нэр дэвших хүсэлтэй хүмүүс байна. Нэр дэвшигчийг шалгаруулах процесс нарийн явагдана. С.Эрдэнэ даргыг Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ гэсэн таамаг ч байсан. Гэхдээ “Нэр дэвшихгүй” гэдгээ твиттерээр дамжуулан С.Эрдэнэ дарга мэдээлсэн. Энэ мэт “бор шувуу”, гүтгэлгийн чанартай мэдээллүүд аль нь ч албан ёсны биш гэдгийг хэлье.

-Нөхөн сонгуульд С.Эрдэнэ аль ч тойрогт нэр дэвшихгүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Нэр дэвшихгүй.

-О.Цогтгэрэл даргатай АН-аас мэдээлэл хийсэн. Ерөнхийлөгчийн сонгуультай адилаар танай талыг нөхөн сонгуульд бүртгэж байгаад эрх баригчдын шийдвэр нөлөөлж буйг хэлсэн. Энэ тухайд тайлбар хэлнэ үү?

-Төрийн байгууллагууд хуулиараа ажиллана. Улсын дээд шүүхийн бүртгэлд С.Эрдэнэ гэж хүний нэр хэвээрээ байгаа. Тамганы асуудал ч адил. Төр, төрийн байгууллага өөрсдөө хууль бус юм ярьдаг байж таарахгүй. Одоо “Хууль ямар хамаатай юм” гээд үл тоосон хандлага гаргаж байвал төрийн эрх мэдэлд хүрсэн хойно хуулийн эсрэг юу ч хийж магадгүй аюултай. Дур зоргоороо байж болохгүй. Монгол хүн уурган дээгүүр алхдаггүй уламжлалтай. Үүн шиг төрийн түшээ хүн хуулийг дээдэлж ажиллах ёстой. Энэ зарчим бол Монгол төрийн уламжлал. Энэ зарчим явсаар байгаад манай намын үзэл баримтлалын нэг том тулгын чулуу болсон. Үүнээс хазайж болохгүй. Бүх юм хуулиараа л явах ёстой. Бид эрх баригчдаас шаардах юмаа шаардана. Өнөөдөр эрх баригчдын болохгүй, бүтэхгүй байгааг шүүмжилж дуугарч байгаа хэсэг нь сайн ч, муу ч бид байна. Тиймээс эрх баригчидтай нийллээ, үгслээ гэдэг хэтэрхий явцуу яриа. Тулга тойрсон хов жив ярьмааргүй байна. Энэ бол алсын хараагүй зүйл. Хийх ажил их байна. Энэ тал дээр Сонгуулийн ерөнхий хороо тайлбар хийх байх. Харин аудитын байгууллага зарчимгүй, хариуцлагагүй үйлдэл хийсэн. Тэрнээс болж бужигнаан үүссэн. Нэг дүгнэлтийг хоёр тал руу явуулсан байсан. Энэ бол байж болохгүй зүйл. Нэг адилхан албан бичгийг хоёр өөр тийш явуулдаг хуулийн байгууллага байж таарахгүй. Төр хуулиа дээдэлж ажиллах ёстой. Нэг талд нь тал алдахгүй гэсэн сэтгэлгээгээр ажиллаж болохгүй.

-О.Цогтгэрэлийн талтайгаа хэзээ нэгдэх үү?

-Бидний зүгээс нэгдэх саналаа байнга хэлж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сараас хойш даргын сунгаагаа хамт хийе, дотоод сонгуулийн хороогоо нэг болгоё, Ерөнхийлөгчийн нэр дэвшигчийн сунгаагаа нэг болгоё гэх мэтээр удаа дараа санал тавьсан. Дандаа нэгдэх, ойлголцохыг уриалсаар ирсэн.

-Ер нь хэдэн удаа нэгдэх санал тавьсан бэ. Нэгдэхэд юу саад болоод байгаа юм бэ?

-Зарим хувь хүмүүс нэгдэх сонирхолгүй байгаа юм уу мэдэхгүй. Үүнд, нөгөө тал тайлбар өгөх байх. Ерөнхий дүр зургаар харахад болохгүй, бүтэхгүй юм байхгүй. Нэг дүрэмтэй, нэг үзэл баримтлалтай, нэг үнэт зүйл, зарчимтай нэгдсэн улс төрийн хүчин гэж ойлгож байгаа. Нэгдвэл АН нэг цул болж чадна.

-Тамга тэмдгийн асуудлаа хэзээ шийдвэрлэх вэ?

-Шүүхийн процессоор асуудал явж байгаа. Бага багаар асуудал шийдэгдээд л байна. 

-Эвлэрэх ажлын хэсгүүд ажиллаж байгаа. Ажлын хэсгийн үр дүн ямар байна вэ?

-Хоёр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн мэдээллийг удахгүй сонсоно. Улс төрийн асуудал амархан байдаггүй. Яриа хэлцэл хийх, харилцан буулт хийх, ойлголцох гээд алхам алхмаар асуудал шийдэгдэнэ. Ер нь бол АН үүнээс хүнд хэцүүг туулж, ард нь гарч ирсэн. Тиймээс ойрхон асуудлуудаа шийдээд явна. Бүх юм дардан явахгүй шүү дээ. Үргэлж магтаал дунд явбал мөхөхийн цондон. Эрх баригчдын магтаал, хийрхэл хэт ихдэж байгаа. Дэлхийн түүхэнд харсан ч том эзэнт гүрэн дотроосоо ялзарч унасан, ёс суртахууны болон бусад доройтолд орохоороо бутарсан түүх олон. Эдгээр асуудал үүссэн ч шийдэгдсэний дараа эргээд бид дотроо илүү их ойлголцоод цааш явахад хэрэгтэй. Холын зорилго дээр алсын уртад АН улам бэхжинэ. Монголын хувь заяаг шийдэхэд АН оролцоод явах тулгын чулуу болсон улс төрийн хүчин байсаар байна.

-Тэгвэл АН сөрөг хүчний үүргээ хэр биелүүлж байна. Цаашдаа намынхаа нэр хүнд, УИХ дахь суудлыг нэмэгдүүлэхийн тулд ямар шинэчлэл, сайжруулалт хийх вэ?

-Цахим нам болох гээд цахим бүртгэл, цахим сонгууль хийгээд алхам алхмаар ажиллаж байна. Энэ бол эхлэл. Цахимаар дамжуулж технологийн хөгжилтэй хөл нийлүүлж, бүх гишүүний оролцоог хангах чиглэлд анхаарна. УИХ-д АН-ын бүлэг илүү хүчтэй ажиллах ёстой. Хангалттай сайн дуугарч сөрөг хүчний байр суурийг илэрхийлээд явж байгаа гишүүд ч байна. Санасан хэмжээнд ажиллаж чадахгүй гишүүд ч байна. Нуулгүй хэлэхэд, АН, МАН алинд нь ч УИХ-ын гишүүн юу хийх ёстойг ойлгохгүй орж ирсэн хүмүүс байна. УИХ-ын гишүүн сонгогдож гарч ирээд тангараг өргөсөн өдрөөс Монгол Улсын нийтлэг эрх ашгийн төлөө, Монголын зовлонг шийдэхийн төлөө дуугардаг байх ёстой. Тийм учраас хувийн эрх чөлөө гэж байхгүй болдог. Түүнийгээ хязгаарлуулдаг. Хариуцлага үүрдэг. Үүнийг ойлгож байгаа нь хэд вэ гэхээр бас эргэлзээтэй. Үүнээс болж эрх баригч нь эрх баригч байж чадахгүй, сөрөг хүчин нь ч сөрөг хүчин байж чадахгүй тал байна гэж харж байна. УИХ-ын гишүүн гэж хэн нэгэн хүнийг оруулж ирээд сургадаг байж болохгүй.

-Суудлын тоо бага байлаа гээд сөрөг хүчний үүрэг сулдана гэж ойлгож болохгүй байх?

-Тийм ээ. АН-ын бүлэг илүү сайн ажиллах хэрэгтэй. Хариуцлагаа сайжруулж, Монголын төлөө байж чадах хүн мөн үү гэдгийг нийтээрээ харж байгааг ухамсарлаж, бодохыг УИХ-ын гишүүдээс хүсье.

-Эрх баригч МАН-д ямар үнэлгээ өгөх вэ?

-Монголд намын дарангуйлал далд хэлбэрээр үүсчихлээ. Хэдийгээр Үндсэн хуульд “Төрийн эрх мэдэл хуваарилагдсан байх ёстой. Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч нэгнээсээ хамаарахгүй байх ёстой. Харилцан нэгэндээ хяналт тавих ёстой” гэсэн утга бүхий заалт бий боловч бодитоороо хэрэгжих эсэх нь парламентад суудалтай улс төрийн хүчнүүдийн тэнцвэрээс хамаарна. Нэг намд бүх эрх мэдэл төвлөрөх нь хоосон тунхаг болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, дээр хэлсэнчлэн Үндсэн хуулийн заалт хоосон тунхаг болно гэсэн үг. Өнөөдөр энэ нөхцөл байдалд орчихлоо гэж харж байна. Энэ нь том утгаараа ямар халгаатай вэ гэхээр хоёр том гүрний дунд Монгол Улсын хувьд бие даасан бодлого явах уу, хоёр том гүрний дарамтыг дангаараа нэг нам сөрөн зогсож чадах уу гэдэг асуудал гарч ирнэ. Хүний эрхийн зөрчил олноороо гарч ирж байна. Бие биенийгээ хамгаалах, болохгүй бүтэхгүй зүйлд дуугүй өнгөрөх, мэдээллийг дарах тал руу явж байгааг сонгуульт дарангуйлал гэж нэрлэдэг. Харахад сонгууль болоод төрийн эрхэнд гардаг. Гэтэл үнэн чанартаа цаана нь нэг улс төрийн хүчин, нэг улс төрийн бүлэглэл байдаг. Парламентад хоёр нам ч биш олон нам орж ирэх боломжийг нээх ёстой. Тиймээс сонгуулийн системээ эргэж харах нь зүй. Түүнчлэн зөвхөн улс төрийн намуудаар дамжуулж иргэд улс төрийн эрхээ хэрэгжүүлдэг, эдэлдэг байж болохгүй. Бид өмнө нь Иргэний улс төрийн эрхийн тухай хуулийг батлуулах гэж байсан. Энэ нь заавал иргэн хүн аль нэг намын гишүүн болоод намын батлах аваад улс төрийн амьдралд оролцдог биш. Иргэд гарын үсэг цуглуулаад чуулганаар хэлэлцэх асуудалд оруулах зүйл дээр сонгогдсон тойргийнхоо гишүүдэд уламжилж, тойргийн гишүүдийг уламжилахад намрын чуулган дээр асуудлыг шууд авч хэлэлцдэг байх хэрэгтэй. Нийслэл, орон нутаг ялгаагүй асуудлыг шийдвэрлэх нээлттэй хэлбэр рүү орчихвол УИХ гэдэг жинхэнэ ард түмний индэр, иргэдийг өргөн хүрээтэй оролцуулдаг, эрхүүдийг нь нээлттэй болгодог болно. Цаашлаад улс төрийн намын гишүүнчлэл, санхүүжилт, бодлогын асуудлыг илүү оновчтой болгох хэрэгтэй. Дээрээс нь Монголд намын салбаргүй сум гэж алга. 330 сум намын салбартай байгаад ямар хэрэгтэй гэж. 3000-аас дээш хүн амтай сумд улс төрийн нам салбар байгуулж болно гэсэн хуультай болчихвол 200 гаруй сум намын салбаргүй болох юм билээ. Ингэвэл хэт улстөржилт цэгцэрнэ.

-АН-аас “Халамж хавтгайрлаа” гэж ярих болсон. Энэ тухайд?

-Монголд явж байгаа бас нэг том алдаа нь Монгол Улс халамжийн улс болж дууслаа. Хөдөлмөрлөж, шударгаар амьдардаг хэсэг цөөрч, тэгэж амьдардаг хэсгээ дэмждэг төргүй боллоо. Үүнээс болж нэг хэсэг нь төрийн өмчит компани руу хошуурч, төрийн гаргаж байгаа тендерийг авах гэж булаацалддаг. Улс төр дагаж амьдрах хэсэг байхад нөгөө талд нь төрийн өгсөн халамжаар дүнгэн данган амьдардаг, хөдөлмөрлөж ирээдүйдээ итгэх итгэлгүй болчихсон хэсгүүд байна. Энэ бол Монголын ирээдүйг сүйрүүлж байгаа. Тиймээс хэт хавтгайрсан халамжийн бодлогыг татах ёстой. Популизм, хавтгайрсан халамжийн бодлоготоо зоригтой шийдвэр гаргахгүй бол энэ улс орон амь аргацаасан байдлаар явсаар байтал тамирдаж туйлдлаа.

-Үнийн өсөлт ард түмний амьдралд дарамт болж байна. Энэ тал дээр та бүхний байр суурь ямар байна вэ?

-Хөрөнгө оруулагчдыг хөөж явуулсны сөрөг үр дүн гарч байна. 30 жил дотроо сүлжээ дэлгүүр байгуулж, монголчууд нэгнээ шулж, нэг хэсэг нь баяжлаа. Монголын эдийн засаг томрох гэвэл гаднаас л хөрөнгө оруулалт татна. Байж болох зарж болох зүйлүүдээ гадагш зарна. Ингэж байж л эдийн засаг тэлнэ. Энэ бодлого байхгүй болсон. Хэт популизм хийж баялаг бүтээдэг, хөрөнгө оруулалт хийдэг хүмүүсийг үргээсэн, хөөсөн. Хөрөнгө оруулалт байхгүй эдийн засаг туйлдана. Энэ нь явж явж шатахууны үнийн нэмэгдэл, үнийн өсөлт, чадамжгүй эдийн засаг болж хувирч байгаа. Эдийн засаг сульдаад энэ янзаараа амьсгал хураахад ойрхон байна. Нэг аюултай юм нь эдийн засаг амьсгал хураахад төлөөсийг нь хамгийн том дарга ч үүрнэ, жирийн иргэн ч хохирдог. Тиймээс энэ тал дээр Засгийн газрын тэргүүн дорвитой шийдэл гаргаад Сангийн яам, Монголбанктайгаа зөв бодлого уялдуулаад, хөрөнгө оруулалтыг татах тал дээр Гадаад хэргийн яамтайгаа нягт хамтарч ажиллах хэрэгтэй. Гадаад хэргийн яам Монгол Улсыг зөв ойлгуулж, таниулж, Монгол Улс руу хөрөнгө оруулалт, хүмүүсийн анхаарлыг татдаг яам болохоос биш хэдэн даргыг айлчлуулдаг, протоколын яам биш. Иймэрхүү маягаар улс орныхоо амьдралыг бодохгүй бол нэг өдөр ууртай ард түмэнтэй тулахад ойрхон болчихсон. Ард түмэн туйлдаж байхад намжаах, аргацаах байдлаар цаг зуурын асуудалд хандаж болохгүй. Эрх мэдэлдээ хэт эрдээд ирэхээр алдаа оноогоо харахаа байчихдаг. Тиймээс нэг өдөр унана. Унахдаа эрх барьж байгаа учраас Монгол Улсыг аваад хамт унадаг нь харамсалтай. Үр дүнд нь Монголын хөгжил 20-30 жилээр хойш шидэгдэж болохгүй. Одоо гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт ч байхгүй. Шатахуун, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг дагаад бусад зүйлс ч өсөж байна. Гэтэл иргэдийн бодит орлого гэж алга. Тийм байтал Монголбанкыг том мөнгөн дэвсгэрт гаргуулах тухай ярьж байгаа нь өөрөө эрүүл бус зүйл. Энэ бол нэг жишээ.

-Таны ярьж байгаа шиг уналт хэдэн жилийн дараа болно гэж харж байгаа вэ. 2024 оны сонгууль хүрэх үү?

-Ирээдүйг хэлж мэдэхгүй ч гэсэн энэ янзаараа эрх баригчид зоригтой, шийдвэртэй алхам хийхгүй явсаар байвал ирэх хавар гэхэд байдал хэцүүднэ.

-Танай намаас нөхөн сонгуульд оролцох нэр дэвшигчийг л мэдмээр байна?

-Нэр дэвшигч тодруулах хуулийн хугацаа нь болоогүй учраас хэлэх боломж алга. Ямар ч байсан нэг дарга бүхнийг шийдэхгүй. Хамтын шийдвэрээр, олонхын зарчмаар явах ёстой. Нам дотор хариуцлага, сахилга бат байх ёстой. Тэр хариуцлага нь юу гэхээр намын даргын үзэмжээс шалтгаалахгүй. Парламентын ардчиллыг дэмжинэ гэж гарч ирчихээд хувь хүний өмчийг хураая, хүний эрх хамаагүй, хатуу аргаар хүнийг барих ёстой, парламентын ардчилал бус Ерөнхийлөгчийн засаглал гэж ярьж болохгүй. Энэ зарчим дээр хариуцлага, сахилга батыг шаардах ёстой болохоос биш “Чи надад таалагдахгүй” гэж дарга үзэмжээрээ гишүүд, дэмжигчидтэй ярьдаг байж болохгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.161.125) 2021 оны 08 сарын 17

Тулгатын намд 1 ч УИХ ын гишүүний суудал байхгүй байх юм Та нар ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөхдөө УИХ ын 11 гишүүнээ үгүйсгээд тамга тэмдэгээрээ гул бариад ерөнхийлөгчийн сонгуульд оролцоод/Ичиж үхмээр 5% санал авсанаа/мартсан бололтой.Хариуцлага гэж нэг юм байдаг Эрдэнэ анх Тулаанд тамгаа өгөөд явсан даа.Тэгснээ Тувааныг даргын сонгууль явуулахаар уралдаад өөрсдөө цахим нэртэй хулхи сонгууль явсан шүү.Эндээс л намыг 2 хуваачихлаа. Эрдэнийг МАНд үйлчилсэн гэдгийг хэнч хэлнэ

0  |  0
Зочин(66.181.161.125) 2021 оны 08 сарын 17

Эрдэнэ гэдэг хүн 2020 сонгуулиар дүнгээ тавиулчихсан.Тулгат ӨНӨРБАЯР Эрдэнэ ерөнхийлөгчийн сонгуулиар дүнгээ тавиулчихсан шүү.5% хувийн санал гэж юу байдаг юм.хариуцлагаа хүлээгээд ажлаа Цогтгэрэлд өг дөө.Бид нэгдмэл нэг намтай баймаар байна шүү.Бүр ичихгүй гэвэл Цогтгэрэлд Тулгат 2 дахиад өрсөлдчих өө.Тэр цахим сонгууль гэдэг чинь зүгээр луйвар шүү.5% арай ч би ичиж байна.Намын ахмад гишүүн

0  |  0
1(202.21.109.61) 2021 оны 08 сарын 17

ene neg helgii moodoison montgor 1 garchee

0  |  0
Хан(139.5.216.167) 2021 оны 08 сарын 17

За муу гомо минь далд ороорой

0  |  0
Top