СУРВАЛЖИЛГА: “Тахилт хайрхан транс”-ын тарьсан тарчлаан-3

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 18

-Үлэг гүрвэлийн мөрт газар үгүйрч устахад ойрхон байна-

Монголын их говь нутагт хүн төрөлхтөний гайхамшигт үнэт олдвор, түүхэн дурсгалт газар олон. Тэдний нэг бол дэлхий дахинаа гайхагдаад буй  паленталогийн олдвор болох үлэг гүрвэлийн мөрний хэв дардсыг хадгалж үлдсэн газар гэдгээрээ нэн алдартай “Шар цав” юм. Эрдэмтдийн судалж тогтоосноор энд 5-6 зүйл үлэг гүрвэлийн 18 мянган мөр байгаа гэдэг. Тиймээс ч “Шар цав”-ыг НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гоос дэлхийн байгалийн өвийн урьдчилсан жагсаалтад оруулсан байдаг. Тэгвэл дэлхийн түүх дурсгалын үнэт өв болсон тус газар “Тахилт хайрхан транс”-ын хууль бус замын “хөл”-д нэрвэгдэхэд тун ойртжээ.

Энэ талаар Өмнөговь аймгийн Манлай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Сонинбаатар дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Шар цав манай Манлай сумын нутаг дэвсгэрт байрладаг. Уг нь Улс болон орон нутгийн тусгай хамгаалалттай газарт хамаардаг. Гэвч “Тахилт хайрхан транс”-ын тавих гэж буй замын батлуулсан транс  нь  “Шар цав”-аас ганц километр ч хүрэхгүй буюу 400-500-хан метрийн зайтай дайран өнгөрч байгаа юм. Тэр бүс нутгийн байгаль хамгаалагч, малчин иргэдээс энэ замтай холбоотой гомлол мэдүүлэг байнга ирүүлэх болсон. Жишээ нь, “Шар цав”-ын хамгаалалтын бүсийг хашиж татсан тууз, хашлагыг нүүрс тээврийн том тэргээр дайраад өнгөрах, заримдаа хашаа руу нь дураараа нэвтрэх болсон” гэлээ.

Аварга биет Зауролоф  аймшигт махчин Тарбозавр зэрэг монголчуудын домог ярианд гардаг “Аварга луунууд”-ын  мөр үлдсэн  гэх энэ л түүх дурсгалын өлгий газар “Концессын гэрээ” нэрээр түрий барьсан хариуцлагагүй компанийн үйл ажиллагааны улмаас устаж үгүй болбол хэн хариуцлага хүлээх вэ. “Алтыг нь аваад авдрыг нь хаядаг” уул уурхайн компани уу. Харь хятадын хөрөнгө оруулалттай “Тахилт хайрхан транс” компанийнхан уу. Бодох л асуудал.

Шар цаваас километр ч хүрэхгүй зайд шороон замын тээвэр явж байна.

 

“ТАХИЛТ ХАЙРХАН ТРАНС” ХХК-ИЙН ҮНЭН ТӨРХ

 

“Тахилт хайрхан транс” компани нь 2018 оны гуравдугаар сарын 12-нд байгуулагдсан ба захирал нь БНХАУ-ын иргэн Жи Линг Хинг. Тус компанийн Монгол талыг хариуцсан захирлаар 2018 оны арванхоёрдугаар сараас Энхболдын Оюутцэцэн гэх хүн томилогджээ. Үйл ажиллагааны чиглэл нь гадаад худалдаа, автомашинаар ачаа тээвэрлэх зорилгоор байгуулагдсан байна.

Улмаар 2019 оны долдугаар сарын 31-ний өдөр “Тавантолгой-Манлай-Ханги” чиглэлд хатуу хучилттай зам тавих концессын гэрээг Үндэсний хөгжлийн газартай хийсэн байдаг. Тус гэрээгээр “Тахилт хайрхан транс” ХХК нь 501 сая ам.долларыг өөрийн хөрөнгөөс гаргаж, 2.5 жил буюу 2019 оны долдугаар сарын 31-нээс 2021 оны нэгдүгээр сарын 21-ний хооронд 477.2 км хатуу хучилттай хүнд даацын стандартын зам тавихаар үүрэг авчээ. Гэрээ ёсоор бол тавхан сарын дараа дээр дурьдсан чиглэлд хатуу хучилттай зам тавигдах ёстой. Харин өдгөө ганц ч километр зам тавигдсангүй. Зам тавигдах нь бүү хэл, энэ замыг дагасан хариуцлагагүй, хууль бус үйлдэл хэрээс хэтэрчээ. Замын батлагдсан  чиглэлд Улс болон Орон нутгийн тусгай хамгаалалттай газрууд “дайруулж” байна. Түүгээр зогсохгүй олон зуун малчин иргэдийн өвөлжөө бууц, малын бэлчээр талхлагдаж байгаа юм. Хамгийн гол нь концессын гэрээг анх батлуулахдаа энэ чиглэлд хатуу хучилттай зам тавьж дууссаны дараа тээвэр эрхэлнэ гэж байсан ч өдгөө шороон замаар хүнд даацын тээвэр явуулах болсонд учир нь байгаа юм.

 

Э.Отгонжаргал: “Тахилт хайрхан транс” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг

прокурорт гаргасан

Үүний улмаас говь нутгийн экологийн тэнцвэрт байдалд онц их аюул учраад байна. Энэ талаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Э.Отгонжаргал бидэнд дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр “Тус замтай холбоотой иргэдээс ирүүлсэн гомдлын дагуу Аймгийн Мэргэжлийн хяналтын газартай хамтраад манай сумын хэмжээнд  тухайн зам дээр шалгалт хийсэн. Шалгалтыг өнгөрөгч тавдугаар сарын 18-ны өдөр хийж,  “Тахилт хайрхан транс” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоох хүсэлтийг  Ханбогд сумын Сум дундын прокурорт гаргасан. Учир нь тус компани нь  зөвшөөрөлгүй карьер ашигласан,  15 га-д зөвшөөрөлгүй кемп үүсгэсэн, зөвшөөрөлгүй худаг ус  гаргасан, ус ашигласан зэрэг нь шалгалтаар тогтоогдсон. Түүнчлэн замын трансыг батлуулахдаа манай сумын Орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг хамруулсан нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иймээс дээрх хууль бус үйлдлийн улмаас байгаль орчинд хэдий хэмжээний хохирол учирсныг мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгэсэн. Хохирлын үнэлгээг 220 саяар тогтоосныг улсын байцаагчийнхаа эрх үүргийн хэмжээнд салбарынхаа хуулийг баримтлаад 600 сая төгрөгийн акт тавьсан байгаа. Малчид өдөр болгон бидэн рүү ярьдаг. Цогтцэций сумын газар нутаг баруун талаасаа 70-80 хувь нь уурхайн ашиглалтын лиценз болсон байдаг. Харин зүүн талдаа “Төмөр зам” баригдаж байгаатай зэрэгцээд “Тахилт хайрхан транс”-ын зам шахаад ороод ирсэн. Энэ дунд малчид малаа бэлчээрлэх газаргүй, өвөлжөө бууцандаа ч тайван амьдрах эрхгүй болоод байна” гэлээ.

 

Ү.Нарангарав: Хууль бусаар газрын зөвшөөрөл гаргуулсныг тогтоосон

Зам тавих нэрээр Монгол Улсын хууль тогтоомжийг удаа дарааллан зөрчиж, орон нутагт дураараа авирлах болсон “Тахилт хайрхан транс” ХХК-ийн талаар Цогтцэций сумын газрын даамал Ү.Нарангэрэл дараах мэдээллийг өгсөн юм.


-“Тахилт хайрхан транс” ХХК танай суманд хууль бусаар газрын зөвшөөрөл гаргуулсан байдаг гэж сонссон. Энэ үнэн үү?

-“Тахилт хайрхан транс” ХХК-д 2020 оны дөрөвдүгээр сард Цогтцэций сумын Засаг даргын захирамжаар 15 га газар эзэмшүүлсэн байдаг. “Тухайн газар нь сумын 2020 оны газар зохион байгуулалтад тусгагдаагүй газрыг шууд эзэмшүүлсэн байна” гэдгийг Мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтээр тогтоосон. Тиймээс тухайн захирамжаа 2020 оны наймдугаар сарын 18-ны өдрийн А228 тоот захирамжаар хүчингүй болгосон байдаг. Захирамжаа тухайн компанид хуулийн хугацаанд хүргэсэн ч одоогоор тус компани нь газраа чөлөөлөөгүй байна. Газар чөлөөлөлттэй холбоотой Мэргэжлийн хяналтаас шалгалт дахин хийгээд газрыг чөлөөлүүлэх талаар Аймгийн мэргэжлийн хяналтаас бичиг ирсний дагуу өнгөрөгч тавдугаар сард нэг сарын хугацаатай газраа яаралтай чөлөөлөх мэдэгдэх хуудас өгсөн байгаа. Одоогоор чөлөөлөөгүй байна. Тус компани нь хууль бусаар эзэмшиж буй 15 га газраа хашаалсан, дотор нь хэд хэдэн сэндвичэн барилгууд барьсан байдалтай байна. “Тахилт хайрхан транс” ХХК-ийн энэ үйлдэл нь Газрын тухай хуулийн 27.4 дэх заалтанд “Аливаа иргэн аж ахуйн нэгж газар эзэмшлийн гэрчилгээгүй газрыг эзэмших үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа явуулаад байж байна.

 

“КОНЦЕССЫН ГЭРЭЭ” ГЭДЭГ НЬ ХУУЛЬ ЗӨРЧИХ ЭРХ БИШ

 

“Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ” гэгчээр “Тахилт хайрхан транс” ХХК гэх компани нь “Концессын гэрээ”-ний нэр барьж Монгол Улсын хууль тогтоомжийг толгой дарааллан зөрчих болсон нь дараах баримтуудаар нотлогдож байгаа юм.  Зөрчигдсөн хуулиудаас дурьдвал, Монгол Улсын Үндсэн хуулийн 18 дугаар зүйлийн 2-т заасан “Эрүүл аюулгүй орчинд  амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг” үл хүндэлж буй талаар Дорноговь, Өмнөговь аймгийн дөрвөн сумын малчид дуу нэгтэй дуугарч байгаа юм.

Мөн говийн торгон хөрсийг хайр найргүй хусаж, нөхөн сэргээлт хийлгүй орхиж байгаа нь “Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай” хуулийг ноцтой зөрчиж байгаа юм. Засгийн газрын  агентлаг Үндэсний хөгжлийн газар болон “Тахилт хайрхан транс” ХХК-ийн хооронд байгуулсан тус концессын замыг хэрэгжүүлэх зураг төсөл боловсруулахдаа хэд, хэдэн булаг шандыг “булшилсан” нь “Урт нэртэй” хуулийг утгаар нь зөрчсөн гэж хэлж болсхоор байна. Тус замын нөлөөллийн бүсэд амьдарч буй  малчид иргэдтэй ярилцаж явахад иргэдийн дунд сонсох ажиллагаа хангалтгүй явуулсан нь тогтоогдсон юм. Түүнчлэн “Автозамын тухай” хууль, “Байгаль орчныг хамгаалах тухай” хууль, “Газрын тухай” хууль зэрэг Монгол Улсын маш олон хууль тогтоомжийг зөрчөөд байгаа юм.

 

ТАВАНТОЛГОЙ-МАНЛАЙ-ХАНГИ ЧИГЛЭЛИЙН ЗАМД ТӨРИЙН НЭГДСЭН БОДЛОГО ҮГҮЙЛЭГДЭЖ БАЙНА

 

Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн замын асуудал энэ удаад сөхөгдөж байгаа юм биш. Аль эрт буюу 2010 оноос л дээрх чиглэлд зам тавих яриа чих дэлсүүлж байсан. Өнгөрсөн хугацаанд гурван ч удаа энэ замын транс тогтоох асуудал яригдаж, төрөөс тодорхой тогтоол гаргаж байсан удаатай. Тодруулбал, 2010 онд Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн УИХ-ын 2018 оны 73 дугаар тогтоол, 2013 онд Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн Засгийн газрын 317 дугаар тогтоол, 2018 онд Тавантолгой-Манлай-Ханги чиглэлд Засгийн газрын 238 дугаар тогтоол тус тус гарч байжээ. Эндээс үзэхэд энэ зам нь төрийн бодлогын төвшинд нэгдсэн төлөвлөлт тооцоогүй, аль нэг улс төрчийн нөлөөлөл, мөнгөтэй эрхмүүдийн  дураар маршрут чиглэл нь олонтаа өөрчлөгдөж ирсэн байна. Монгол Улсын төрийн бодлогоор төмөр замын чиглэл батлагдаж бүтээн байгуулалт хийгдэж байхад ганц БНХАУ-ын иргэнд үйлчилж, түүнд ашиг өгөх Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам тавих ямар ч шаардлаггүй санагдана. Хамгийн гол нь концессын гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу хатуу хучилттай замаа тавьчихаад тээвэр эрхэлж байгаа бол хамаа алга. Харамсалтай нь “Концессын гэрээ” батлуулсан нэрийн дор шороон замын тээврийг энэ замаар явуулж байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл юм. Үүнийг гэрчлэх хамгийн том баримт бичиг бол Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийн гарын үсэгтэй 2021 оны зургаадугаар сарын 19-ний өдөр гаргасан Аймгийн Засаг даргын захирамж юм. “Замын чиглэл тогтоох тухай” толгойтой тус захирамжийн хоёр дахь хэсэгт “Тус түр шороон замын чиглэлийн дагуу ачаа тээвэрлэх үйл ажиллагааг тээврийн хэрэгслийн нэг тэнхлэг дээрх ачааны жингийн доод хэмжээг мөрдөж, түр шороон замын засвар арчлалтыг тогтмол гүйцэтгүүлэн тайлагнаж ашиглахыг “Ти Ти Си энд Ти” ХХК-д даалгасугай” хэмээсэн нь нэг утгаараа шороон замын тээврийг хүлээн зөвшөөрсөн захирамж болжээ. Энэхүү захирамжийг барьсан тээврийн жолооч нар Тавантолгойгоос Хангийн боомтын чиглэлд дураараа давхих болсон талаар орон нутгийн эх сурвалжууд мэдээлж байгаа юм.

 

ХАЙХРАХ ТӨР, ХАРИУЦАХ ЭЗЭН БАЙНА УУ

Тавантолгойгоос Хангийн боомт руу тавигдахаар яригдаж буй энэхүү замд төрийн бодлого чиг үүргийг хангуулж ажиллах алба хэлтсүүдийн албан эх сурвалжуудтай холбогдлоо.

 

Үндэсний хөгжлийн газар: Одоо манайхтай хамаагүй

 

“Тахилт хайрхан транс” ХХК-тай Концессын гэрээг төрөөс төлөөлж гарын үсэг зурсан Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газартай холбогдлоо. Тус газраас “2021 он гараад Концессын гэрээний чиг үүрэг нь Төрийн худалдан авах ажиллагааны газар руу шилжсэн. Тиймээс манайхтай одоо энэ асуудал хамаагүй” гэв.

 

Төрийн худалдан авах ажиллагааны газар: Энэ талаарх мэдээллийг шууд өгөх боломжгүй

 

Төрийн худалдан авах ажиллагааны Концессын хэлтэстэй холбогдож, “Тахилт хайрхан транс”-ын замын ажил ямар төвшинд явж байгаа талаар лавлахад ”Энэ талаарх мэдээллийг шууд өгөх боломжгүй. Та нар ямар зорилгоор авах гээд байгаа юм. Тэр шороон замын тээвэр нь манайд ямар ч хамаагүй. Хатуу хучилттай зам нь явж байгаа” гэснээс өөр тайлбар мэдээлэл өгсөнгүй.

 

ЗТХЯ: Тус замын ажил 14 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа

 

Зам, тээврийн хөгжлийн яамны Замын газрын дарга Д.Загдраднаагаас тодруулахад “Тавантолгой-Манлай-Ханги чиглэлийн авто зам Үндэсний хөгжлийн газартай гэрээтэй. Одоо чиг үүргээрээ Төрийн худалдан авах ажиллагааны газрын Концессын хэлтэс хяналт тавиад явж байгаа. Яаманд мэдээ тайлангаа хааяа ирүүлдэг. Нарийвчилсан мэдээллийг Төрийн худалдан авах ажиллагааны газрын  Концесын хэлтсээс сайн аваарай. Манай яаман дээр ирсэн мэдээллээр тус замын барилгын ажил  14 хувийн гүйцэтгэлтэй байгаа” гэв.

 

БОАЖЯ: Зөрчил дутагдлаа арилгаагүй бол дараа оных нь төлөвлөгөөг баталж өгөхгүй

 

БОАЖЯ-ны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн мэргэжилтэн Д.Тэмүүлэнгээс тус замын байгаль орчны нөлөөллийн талаар тодруулахад, “Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь манай Мэргэжлийн зөвлөлөөр  ороод батлагдсан. Үнэлгээний тайланг баталсны дараа орон нутаг нь жил болгон хянаад явчихдаг. Орон нутгийн байгаль орчны газар, ажлын хэсэг тогтмол хянах ёстой. Манай зүгээс энэ замыг тавихад байгаль орчинд ийм сөрөг нөлөөтэй, тэрхүү сөрөг нөлөөллийг бууруулахад ийм ажлыг хийх ёстой гэдгийг тайлан дээр нь тусгаад явуулдаг. Зөрчил дутагдлаа арилгаагүй бол дараа оных нь төлөвлөгөөг нь баталж өгөхгүй. Үнэхээр буруутай үйл ажиллагаа явуулсан бол хохирол тооцох, түүнийг барагдуулах үүргийг замын компани хүлээнэ. “Тахилт хайрхан транс”-ын 2021 оны төлөвлөгөө батлагдсан байх. Би тэрийг нь сайн мэдэхгүй байна” гэсэн тайлбарыг өглөө.

”Тахилт хайрхан транс” ХХК-ийн концессын гэрээгээр тавихаар батлагдсан дээрх замын дагуу төрийн бодлогын төвшинд хяналт шалгалт, дүн шинжилгээ хийх үүрэгтэй төрийн яам, агентлагуудын албан эх сурвалжууд дээрх мээдээллийг өгсөн юм. Тэдний өгч буй мэдээлэл хэтэрхий ерөнхий, замын ажил хэрхэн хийгдэж байгаа талаар бодит мэдээлэл дүгнэлт байхгүй байгаа нь илэрхий байв. Энэ дунд концессын гэрээ эзэмшигч компани өөрийн дураар авирлаж, Монголын их говийн газар нутгийг сүйрүүлж байгаа нь харамсалтай. Төгсгөлд нь тэмдэглэхэд, энэхүү цуврал сурвалжилга нийтлэлээрээ аль нэгэн компанийн нэр төрд халдах гэсэнгүй. “Хайхрах төр, хариуцах эзэн гэж байна уу” хэмээн хашгирах Дорноговь, Өмнөговь аймгийн дөрвөн сумын 11 багийн иргэдийн дуу хоолойг холбогдох газарт нь хүргэхийг зорилоо.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Тамын тогооны үлгэр(66.181.161.8) 2023 оны 05 сарын 31

Наадахаа зураг төсөл гаргасан хүмүүстэй мөн төртэй нь яриач.Ажил хийж байгаа хүмүүстэй хэрэлдээд байх юм.Шантаазны гарууд байх шиг байна.Тахилт хайрхан транс өөрсдөө зургаа зохиосон бол хэрэлдэж бололгүй яахав.Нүүрс тээврийн жолоочийг дурын замаар явуулахгүй тулд тахилт хайрхан транс компани өөрийн хөрөнгөөр буюу /концесс/тодорхой хугацааны дараа төрд өгөхөөр ажиллаж байгаа юм байна гэж ойлгож байна.Тэгэхээр төртэй ярьж болох юм байна .Зураг төсөв зохиосон хүмүүстэй ярьж болж байна.Харин ажил хийж буй үндэсний компанитайгаа бүү оролд ӨГЛӨӨНИЙ СОНИНЫХООН.Нэг иймэрхүү маягаар монгол хөгжихгүй э

0  |  1
Иргэн(202.21.124.2) 2023 оны 05 сарын 31

Уйлахад ч багадахаар тийм харамсалтай үйл явдал тэнд болж байналээ шүү, ёстой эх орон минь Баяртай л гэж хэлье дээ

1  |  0
ШУДАРГА(202.21.124.2) 2023 оны 05 сарын 31

Могшолын ирээдүйг уул уурхай бус уламжлалт мал аж ахуй л аварч үлдэнэ. Үүнийг улс төрийн томчууд хэзээ ойлгох юм бэ

1  |  0
Иргэн(202.21.124.2) 2023 оны 05 сарын 31

Арайчдэээээ

1  |  0
Иргэн(192.82.75.40) 2023 оны 05 сарын 31

Төрийн алба хахуулийн алба болсоны сонгодог жишээ байна. Мөнгө , хахууль байхад МАН мөнх ,бусад нь хамаагүй гэдэг үзэл нэгэнт тогтжээ.

1  |  0
Зангах(202.179.25.78) 2023 оны 05 сарын 31

Иргэдээ малаас дор үздэг коммунист төр үлгэн салган ажиллахаасаа ажиллахгүй нь их, байгаа үгүй нь зарим үед мэдэгдэхээ байчихдаг, цагдаа хувцас өмссөн хүний дүрстэй сүүдэгнэсэн вмнууд харагдаж байдаг ажиллаж байгаа нь тэр юм байлгүй.

1  |  0
Top