СУРВАЛЖИЛГА: “Тахилт хайрхан транс”-ын тарьсан тарчлаан-2

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 16

-Орон нутгийн тусгай хамгаалалттай газрыг орвонгоор нь эргүүлжээ-

 

Монгол Улсын Засгийн газраас “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогоо баталсан байдаг. Тус бодлогын баримт бичигт “Монгол Улсын хөгжлийн урт хугацааны гол цөм нь Монгол хүн байх” тухай цохон тэмдэглэжээ. Харамсалтай нь төрөөс баримталж буй бодлого амьдрал дээр ард иргэдийнээ тэр тусмаа говийн малчин иргэдэд үйлчлэхгүй байгаагийн бодит жишээг “Тавантолгой-Манлай-Ханги” чиглэл дэхь авто замын аюулд нэрвэгдсэн ард иргэдийн амьдралаас харж болох нь ээ. Өмнөговь аймгийн Цогтцэций, Манлай сумын нутаг дэвсгэрээр дамжаад Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Хангийн боомт  хүртэлх 477 километр замыг барих авто замын концесс эзэмшигч нь “Тахилт хайрхан транс” ХХК юм. Орон нутгийн эх сурвалж болон хууль хяналтын байгууллагын албан мэдээллээс үзэхэд тус компани нь байгуулагдсан цагаасаа эхлээд Монгол Улсын хууль тогтоомжуудыг уландаа гишгэж иржээ. Баримт түшье.

“Тахилт хайрхан транс” ХХК нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ 2018 оны гуравдугаар сарын 12-нд авсан байдаг. Улмаар 2019 оны долдугаар сарын 31-ний өдөр Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газартай авто зам барих концессын гэрээ байгуулсан байгаа юм. Гэтэл концессын замыг барих тендерийн сонгон шалгаруулалтын оролцогчдод тавьсан гол шалгуур нь “Авто замын чиглэлээр сүүлийн гурван жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх” хэмээн заасан байдаг.

Гэтэл “Тахилт хайрхан транс” ХХК нь сонгон шалгаруулалтад оролцохдоо сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулах нь байтугай Улсын бүртгэлээс гэрчилгээгээ аваад жил гаруйхан хугацаа өнгөрсөн байх жишээтэй. Бас нэгэн баримт.

Концессын гэрээний гуравдугаар бүлгийн гурав дахь хэсэгт “Тусгай хамгаалалттай газар нутагт замын байгууламжийн зураг төсөл, төлөвлөлт, барилгын ажлыг оруулахгүй байх” гэсэн заалт буй. Тэрхүү заалтыг “Тахилт хайрхан транс” ХХК хэд, хэдэн үйлдлээ ноцтой зөрчсөн байгаагийн нэг нь Цогтцэций сумын орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газраар замын трансыг дайруулан тавьсан явдал юм. Тодруулбал, тус сумын Билгэх багийн нутаг дэвсгэрээр явж буй хэсэг нь  үзэсгэлэнт төгөлдөр байгальтай, ховор ан амьтан, ургамалтай онгон дагшин Монголын их говийн нэгээхэн хэсэг болох “Шанхайн хэц”-ийн бүс нутаг хамаарч байгаа юм.

Ц.Сүхбаатар: Говийн торгон хөрсийг том тэргээр хуссаар байна

Энэ талаар Билгэх багийн малчин Ц.Сүхбаатар “ШАНХАЙН ХЭЦ-ийг 2015 онд орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Энэ бүс нутгаар малд хамгийн өгөөж шимтэй өвс ургамал ургадаг байлаа. Би өөрийнхөө үзсэн туршсанаасаа хэлэхэд хааш хаашаа нь 50 см зурчихаад тойрог дотор нь тоолоход 12 хоёр нэр төрлийн ургамал ургасан байдаг. Тийм л баялаг үржил шимтэй газар нутаг маань одоо овоолсон шороо, ухсан нүх болон хувирч ойр орчимд тоосон манан татах боллоо. Манай ИХ ШАНХАЙ уул, Хангийн хэц хоёрын дундуур есөн салаа хуссан зам гаргачихаад байна. Нэг хуссан зам нь 15 метрийн өргөнтэй байдаг гээд бод. Говийн торгон хөрсийг том тэргээр хусаж хаяж байгаа энэ үйлдлээ улс орны бүтээн байгуулалт, зам дагаж  хөгжил ирдэг хэмээн тайлбарлах юм. Үгүй ээ үгүй. Яалаа гэж дээ.: Монгол хүн гэж мөнгөний сураг сонсохоороо л амь хайрангүй болчихоогүй юм бол ийм байж таарахгүй. Хусаад овоолж байгаа энэ их хөрс шороог чинь өвөг дээдэс минь амь насаараа дэнчин тавьж бидэнд өвлүүлэн өгсөн байдаг юм гэдгийг ухаараачээ. Байгаль дэлхийдээ ийм харгис хандаж болохгүй шүү” хэмээн халаглан ярьсан юм.

 

ЗАМ ГЭГДЭХ ТАМД “УНАСАН” УУГУУЛ ИРГЭДИЙН ӨЧИЛ

“Тахилт хайрхан транс” ХХК-ийн зам тавих нэрээр транс батлуулсан чиглэлийн шороон замаар нүүрс тээврийн том тэргүүд хэдэн зуугаараа хөврөх болжээ.Үүнээс үүдэж тус бүс нутгийн амьдралд асар их хүндрэл тулгараад буйг орон нутгийн иргэд онцлон ярьсан юм.

Хатанбулаг сумын Сулинхээр багийн малчин А.Баярсайхан:

-Монголын алдарт 33 говийн  нэг булан саарлын говь манай нутагт буй. Булан саарлын говьд маань болзлог гэх говийн жижиг зурам тарвага амьдардаг байлаа. Гэвч Хангийн боомт нээгдсэнээс хойш  болзлог гэдэг амьтан тэр нутгаасаа дүрвэсэн. Сүүлийн үед энэ замаас  болж, хулангийн сүрэг дайжих хандлага ажиглагдах болсон. Иймээс төрөөс энэ асуудлыг онцгой анхаарах цаг нь болжээ. Том тэрэгний шороон замын тээврийн тоос бол үнэхээр аймшигтай. Ойролцоогоор хааш хаашаагаа 15 километр хэсгийг манан татсан шороогоор бүрхүүлж орхидог гээд бод. Дээрээс нь зам тавих нэрээр говийн цэнгэг устай булаг шандыг булшилж байна. Урт нэртэй хууль, Усны тухай хуулийг зөрчиж байна. Угаасаа энэ суманд ямар ч хууль хэрэгжихгүй боллоо.

Хатанбулаг сумын гуравдугаар багийн малчин Б.Мөнхгэрэл:

-Малчид бид саахалт нэгнийдээ очих, сумын төврүүгээ явах, малаа услахдаа хүртэл дэвэн дэлхий тойрч байна. Орон нутгийн иргэдэд зориулсан замын гарц гарам гэж байхгүй. Хамгийн гол нь “Тахилт хайрхан транс” ХХК-ийн зүгээс анх бидэнд энэ замыг тавих талаар танилцуулахдаа “Манайх тээвэрлэлт хийхгүй. Зөвхөн зам тавьсны дараа л тээвэрлэлтээ явуулна” гэж байсан. Гэвч одоо “Манайх тээвэрлэлтээ хийж байж танай сумын төрийн албан хаагчдад цалин өгч байгаа. Малчид төрийн албан хаагчдаа бодож байгаа бол чимээгүй л байх ёстой” гэж дайрах болсон.

Хатанбулаг сумын гуравдугаар багийн малчин Б.Батбаатар:

-Малчид хар зам тавьж л тээврээ явуул гэдэг шаардлагыг тавьдаг. Гэхдээ хэлж ярьдаг нь цөөхөн хүн байх юм. Нэг хэсгийг нь намын гишүүнчлэлээр ялгаад дууг нь хумьдаг. Тиймдээ ч би малчиддаа хэлж, уриалдаг. “Эцсийн эцэст эх нутаг минь л бидний нэгдэх  үзэл санаа шүү” гэж хэлдэг. Монголд хууль л хэрэгжвэл энэ бүх зүй бус  асуудал гарахгүй. Энд үүсээд байгаа асуудлыг сонгогдсон УИХ-ын гишүүддээ хандаж хэлдэг.  Манай УИХ-ын гишүүд нэг л их уриалгахан хүсэлт хүлээн авдаг.  Харамсалтай нь хариу өгдөггүй. Уул уурхай, улс төр хоёрыг ангид байлгаж, хуулиа мөрдмөөр байна. Энэ замыг иргэд эсэргүүцнэ. Эцсээ хүртэл тэмцэнэ. Хуулийг хэрэгжүүлдэг сум орон нутгийн удирдлагууд даанч алга байна. Тиймээс иргэд бид л хүчээ нэгтгэн тэмцэхээс аргагүйд хүрчихлээ.

Хатанбулаг сумын Агаруут багийн малчин Д.Энхжаргал:

-Малчдын үг дээшээ явахаа байж. Нэг даргын ширээний нүдэнд очоод л хаагддаг болжээ. Манай өвөлжөөний бууцан дээр зам анги ирээд буучихсан. Хавар болохоор төл малын хамар битүүрч таглараад байх болсон. Тоос шороо нь  дийлдэхээ байсан. Уг нь манай энэ нутаг чинь хуучин малын сор бэлчээртэй малчид хамгийн их зунждаг газар байлаа. Үр хойчдоо үлдээх нутаг оронгүй боллоо. Карьер ухаад эхлэхээр нөхөн сэргээлт хийнэ л гэдэг. Юу ч хийгээгүй. Хамгийн хэцүү нь том тэрэгнүүд хаа сайгүй хүссэн газраараа давхицгаах юм.

Хатанбулаг сумын Агаруут багийн малчин н.Баттулга:

-Бид замыг хориогүй. Асфальтан зам тавиад тээвэрлэлтээ хий л гэдэг. Хамгийн гол нь замаа тавихгүй ердийн шороон замаар тээвэрлэлт хийгээд байгаа юм. Зөвхөн манай Агаруут багийн нутаг дэвсгэр дээр энэ зам дагуу 37 малчин өрх байдаг. Тэр айлуудын зарим нь  500 метр ч хүрэхггүй зайтай амьдарч байна. Сардаа нэг мал зоолттой үхдэг. Том тэрэгнүүд хонь мал, үхэр адууг нь дайрчихлаа гэдэг. Орон нутгийн замгүй болсныг Сумын Засаг дарга С.Эрдэнэболдод хэлсэн. Гэвч тэрбээр “Худаг усны хоорон дахь замыг гаргаж чадахгүй” гэсэн хариу өгдөг. Орон нутгийн удирдлагууд дээрээс тушаалтай гэхээс өөр зүйл ярихаа больсон. Хүний эрх асар их зөрчигдөж байна.

Хатанбулаг сумын Эргэл багийн малчин Ч.Батбаяр:

-Зам тавьж байгаа улсуудын зан харилцаа маш дээрэнгүй. Манай бууцнаас 200 метрийн зайтай л явж байна. Гарч ороход хүндрэлтэй байна. Замын далангийн шороонд хашигдчихаад хүндхэн байдалд амьдрах болсон.

Хатанбулаг сумын Халив багийн малчин н.Жаргалсайхан:

-Говийн хөрс шороо маш сул учир энэ замын хувьд стандартын шаардлага хангасан зам болно гэдэг маш хэцүү. Зам баригдаад дууслаа гэхэд олон жилийн насжилттай болж чадахгүй. Эцэст нь бүс нутгийн зэрлэг ан амьтдын бэлчээр сүйдэж, бүрэн дүрвэнэ.  Малчдын малын бэлчээр хумигдана. Тиймээс энэ замыг зогсоосон нь дээр. Нам зогсоох хэрэгтэй.

Хатанбулаг сумын Эргэл багийн малчин Х.Отгонцэцэг:

-Энэ зам манай бууцнаас 50-хан метрийн зайтай явж байна. Анх бидэнд хэлэхдээ тус замаар машин явуулж тээвэр хийхгүй. 2,5 жилийн хугацаанд замаа тавьж дуусчихаад машин явуулна гэсэн. Гэтэл одоо тээврийн машин дийлдэхээ байсан. Нүүрсний машин тэр их цуваа дуу чимээ, шорооноос  болж манайх бууцандаа ч буух боломжгүй болсон. Манай бууцыг юу ч үгүй болгосон. Уржигдархан зам дээр 30 гаруй километр машины цуваа явж байна. Машинуудыг улаан цайм явуулаад эхэллээ. Сум орон нутгийн удидлагууд маш хариуцлаггүй байна. Хулгайгаар яваад дийлдэхээ байсан, одоо бол ил цагаандаа гарчихжээ.

Хатанбулаг сумын Эргэл багийн өндөр настан Маам:

-Малын бэлчээр, малчдын бууцгүй л болж байна даа. Өдөр шөнөгүй машин цувахаар хэцүү л байдаг юм байна. Энэ асуудлыг төр засгаас шийдээд өгөөч.

Хатанбулаг сумын Эргэл багийн өндөр настан Басгандорж:

Замын асуудал хүндрэлтэй байна. Эх нутгийн минь онгон дагшин байдлыг алдагдуулж байгааг харахаар үнэхээр сэтгэл өвдөх юм.

 

Хатанбулаг сумын Эргэл багийн малчин Б.Сайнбуян:

-Засгийн газраас шороон замаар нүүрс тээвэрлэхгүй байх тогтоол гаргасан байдаг. Гэтэл энд нүүрс тээвэрлэж байгаа нь хууль бус асуудал, Төрөөс энэ тээврийг зогсоохгүй юм бол малчид нэгдэж нийлээд тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, тээврийг ямар нэгэн байдлаар зогсоохоо мэдэгдэж байна. 

Хатанбулаг сумын Эргэл багийн малчин Б.Баярмаа:

-“Тахилт хайрхан транс”-ын энэ замаар тээвэр эрхлээд байна. Миний хувьд шороон замын нүүрс тээвэрлэлтийг эрс эсэргүүцнэ. Тоос шороонд нь амьдрах аргагүйдэж байна. Гэр орон маань авахын эцэсгүй бөөн шороо.

Хатанбулаг сумын Эргэл багийн малчин Ц.Чулуунцэцэг:

-Ааруул цагаан идээгээ ч  гадаа тавьж чадахгүй болсон. “Хөөе машин явлаа хуруудаа оруулаарай” гээд л гүйдэг боллоо. Модтой ааруул дээр машины тоос буучихаар зарж арилжих ч боломжгүй болно биз дээ. Угаасан хувцсаа ч гадаанаа хатаахад хүндрэлтэй байна..

Холоос аав ээж дээрээ ирээд буй нутгийн уугуул иргэн ийнхүү ярьсан юм. “Төрж өссөн сайхан нутаг орныг маань там болгоод хаячихжээ. Манай говийн малчдыг үнэхээр доромжилж дорд үзэж байна. Тэдний үгийг сонсож байгаа хүн бий юм уу. Мал бэлчих газаргүй. Ус худагных нь дундуур зам тавьчихдаг. Малчдыг ингэж дорд үзэж болохгүй шүү. Энэ малчид нэгдэж нийлээд тэмцэх юм бол тэмцсэн шиг тэмцэнэ шүү. Үнэхээр эмзэглэж байна. Залуучууд нэгдэж нийлэх хэрэгтэй. Төрсөн нутагтаа ийм айдастай, түгшүүртэй амьдарч болохгүй. Хүнтэйгээ малтайгаа айж мэгдэж байна. Энэ малчдыг хэлгүй, дүлий сохор хүмүүс гэж боддог хэрэг үү. Үгүй шүү.

Шороон замаар нүүрс тээвэрлэхгүй байх Засгийн газрын 2018 оны арванхоёрдугаар сард гарсан  Засгийн газрын 379 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байхад “Тахилт хайрхан транс” ХХК-ийн замаар тээвэр явж байгаа хууль бус үйлдлийн талаар дараагийнхаа дугаарт үргэлжлүүлэн нийтлэх болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эзэнггүй төрийн эмгэ(202.21.124.2) 2021 оны 08 сарын 16

Энэ замын хажуухан талд Төмөр зам явж байна. тэрүүгээрээ нүүрсээ тээвэрлэж яаагаад болохгүй гэж. Заавал ганцхан хятадад зориудсан ийм зам тавих шаардлага байна уу. Хэдэн зуун жилээр нутаглаж ирсэн нутгийн зуун зуун ард иргэдийг тамлахын хэрэг байна уу. Бодит байдал дээр нь ирээд үзэг төрийн түшээд шийдвэр гаргах хүн байна уу. энэ бол хөгжил биш шүү Андуурч байна та нар. Манлай сумын малчин Чимэд\n

0  |  0
Эзэнггүй төрийн эмгэ(202.21.124.2) 2021 оны 08 сарын 16

Энэ замын хажуухан талд Төмөр зам явж байна. тэрүүгээрээ нүүрсээ тээвэрлэж яаагаад болохгүй гэж. Заавал ганцхан хятадад зориудсан ийм зам тавих шаардлага байна уу. Хэдэн зуун жилээр нутаглаж ирсэн нутгийн зуун зуун ард иргэдийг тамлахын хэрэг байна уу. Бодит байдал дээр нь ирээд үзэг төрийн түшээд шийдвэр гаргах хүн байна уу. энэ бол хөгжил биш шүү Андуурч байна та нар. Манлай сумын малчин Чимэд\n

0  |  0
Зочин(192.82.84.114) 2021 оны 08 сарын 16

Наадах зам чинь ТЭЗҮ болон Транс хаагуур явахыг зураг төсөл зохиогчид хийдэг юм аа.Зүгээр нэг компани очоод өөрсдөө дураар зам тавьдаггүй юм.Сайн судлаж байж бич дээ.ӨЛЗИЙБАЯРАА.Ховдын хэрэгтэйн хавцалд УЦС бариад баруун таван аймгийг цахилгаан эрчим хүчээр хангаад илрүүллээ төв бүсэд өгье гэсэн чинь хэдэн гурван малчин эсэргүүцээд их юм болж байхыг харлаа.Иймэрхүү маягаар Монголын хөгжилд чөдөр тушаа бүү болцгоо

0  |  0
Top