Б.Одсүрэн: Ачилтын компаниудын гэрээг шинэчлэх шаардлагатай

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 19

Нийслэлчүүдийн бухимдлын нэг болоод удаж буй зүйл бол замын түгжрэл. Замын түгжрэлийг бууруулах талаар ямар ажил хийж хэрэгжүүлж буй талаар нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэнтэй ярилцлаа.


-Нийслэлийн авто замын түгжрэлд нөлөөлж буй ямар хүчин зүйлүүд байна вэ?

-Нийслэлийн авто замын түгжрэл гэдэг дан ганц авто замын асуудал биш юм аа. Нэгдүгээрт, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудалтай холбоотой. Гэрээсээ 300 метрээс нэг км-ийн зайд сургууль, цэцэрлэг байх стандарттай. Стандарт нь хүрэлцэхгүйн улмаас хүүхдүүдээ зөөвөрлөх, тээвэрлэх ажил гардаг. Энэ нь замын түгжрэлд нөлөөлж байна. Хоёрдугаарт, хүмүүс сайн сургуулийн араас хөөцөлдөж хувийн сургуулиуд руу хүүхдээ зөөвөрлөдөг болжээ. Тийм болохоор улсын болон хувийн сургуулиудын хуваарилалтыг жигдлэх томоохон ажил эхлэх гэж байна.

Тээврийн хэрэгсэлтэй холбоотой замын түгжрэл дээр, хуучин автомашинаа яах вэ, баруун зүүн хүрдтэй машинаа яах вэ гэх зэрэг олон асуулт гарч ирнэ. Үүнийг Засгийн газрын хэмжээнд бодлого боловсруулж хийх ёстой. Жишээ нь, зөв хүрдтэй машиныг дэмжих эсэх дээр ард түмний саналыг авах хэрэгтэй. Үүнд олон хүний эрх ашиг хөндөгдөнө шүү дээ. Замын сүлжээ, гүүр, гарцтай холбоотой асуудлыг яривал манай хотын замын сүлжээ өөрөө стандарт бус байгаа юм. Холбоос зам нь байдаггүй. Ялангуяа төв замын ачаалал маш их болсон. Хэвтээ  чиглэлийн гол замууд нь босоо чиглэлийн замуудтай холбогдож сүлжээ бий болдог. Энэ сүлжээ нь хүрэлцэхгүй байгаа.

-Нийслэл хотын авто замын сүлжээг нэмэгдүүлэх ямар ажил хийж байна вэ?

-Нийслэл хотын тээврийн хэрэгслэлийг саадгүй нэвтрүүлэхийн тулд авто замыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар батлуулах гэж байгаа. Улаанбаатар хотод 1165 км зам байдаг. Энэ зам нь ачааллаа дийлэхгүй байна. Гол зам буюу артерийн замуудыг нэмэхийн тулд ойролцоогоор 70 км замыг нэмэх шаардлагатай байгаа. Энэ нь хороолол дундах холбоос замууд байна, төвийн хэсэгт буй замууд байна. Энэ замыг ойрын гурван жилийн дотор хийж дуусгана. Зураг төсөл нь хийгдээд дараа жилээс ажил нь эхлэх төлөвлөгөөтэй байна.

-Жилийн жилд зам засварын ажил өрнөдөг. Энэ жилийн тухайд зун хотын хөдөлгөөн сэлүүхэн байх үед хийж болоогүй юм уу. Ард иргэд хичээл сургууль дөхөөд ирэх ачаалалтай үед зам хаалаа гэж их бухимдаж байна шүү дээ?

-Зам засварын тухайд арванхоёрдугаар сард төсөв хэлэлцэж батлагддагтай холбоотойгоор олон бэлтгэл ажлыг хийдэг. Үнэлгээний хороо байгуулна, төсөв нь шилжинэ, эрх шилжинэ, шилжсэн эрхээ албажуулна, баталгаажуулах бичиг баримтууд үйлдэнэ, тендер зарлана, компанитайгаа гэрээ хийнэ, гэрээ хийсэн компаний бэлтгэл ажил гээд явсаар байгаад наадмын дараа л ажил эхэлдэг. Мөн энэ жилийн тухайд цар тахлын улмаас хил хаасантай холбоотойгоор хил гаалийн шалгалт чангарч маш олон материал хоцорч ажил хойшлоход нөлөөлсөн.

-Нийтийн тээврийг сайжруулах, шинэчлэх,  хоёр давхар автобус замын түгжрэлийг бууруулахад хэр үр дүнгээ  өгөх бол?

-Нийслэлд 970 орчим автобус 98 чиглэлд явдаг бол 650 мянга орчим автомашин зорчиж байна. Жилдээ 83 мянган машин нэмэгдэх тооцоолол гарсан. 2025 он гэхэд нийслэлд 900 мянган автомашин зорчдог болох төлөвтэй. Нийслэл хот маань 414 мянган өрхтэй. Өрх бүрд 1.5 машин байна гэсэн тооцоо бий. Машин нэмэгдэх хэрээр зам харилцаа нэмэгдэх ёстой. Байнга нэмэгдэж чадахгүй байгаа. Учир нь жилийн дөрвөн улиралд замын ажил хийх боломжгүй байдаг. Бас төсөв мөнгөтэй ч холбоотой шалтгаан байдаг.

Автобус нь түгжрэл бууруулах гэхээсээ илүү иргэдийг тав тухтай зорчиход чиглэсэн үйлчилгээтэй. Автобус машинтайгаа л хамт түгжирдэг болохоор иргэдэд давуу тал болохгүй байх. Гэхдээ түгжрэл бууруулахад дэмжлэг үзүүлнэ. Орчин үеийн хот болон хөгжихөд цагийн хуваарьтай зорчдог нийтийн тээвэртэй болох маш чухал юм. Энэ шийдлийг яаралтай хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Энэ ажлыг хэрэгжүүлэхэд маршрутыг дахин инженерчлэх, автобусны буудлуудыг нэмэх гээд томоохон хөтөлбөр явуулна. Энэ жил цар тахлаас болж нийслэлийн төсөв 35 хувь буурсан тул бүх хөрөнгө оруулалт хасагдсан. Тиймээс ямар нэг ажил эхэлж чадсангүй, дараа жил хийх судалгааны ажлаа хийж дуусаж байна даа.

-Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад жил бүр хэдэн тэрбумаар нь мөнгө төсөвлөдөг. Мөн 420 тэрбум төгрөгийн төсөв батлах тухай ч яригдсан?

-Замын түгжрэлийг бууруулах төсөв гэж байхгүй. Харин түгжрэлийг бууруулах гэдэг дотор нийтийн тээвэр, парк шинэчлэл, зогсоол, зам засвар гээд олон ажил салбарладаг. Энэ эдгээр чиглэлд эрс шинэчлэл хийж, тооцоо судалгаа явагдаж цогц байдлаар хийхээр төлөвлөж байна. Ярианыхаа эхэнд хэлсэнчлэн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн асуудал ч хөндөгдөж байна шүү дээ. 420 тэрбум төгрөгийн тухайд тусгайлан хэвлэлийн бага хурал хийж олон нийтэд  мэдээлэл өгнө. Энэ талаар буруу ойлголт яваад байна. Энэ жил 420 тэрбум төгрөг аваад зарцуулчихсан юм шиг яриад байна. Энэ жил 420 тэрбум төгрөг зарцуулаагүй ээ.

-Төлбөртэй авто зогсоол хэд байна вэ, тэдгээр газруудын орлого хаашаа ордог вэ?

-Нийслэлийн хэмжээнд 30 гаруй төлбөртэй зогсоол байдаг. Замын санд орлого нь 100 хувь ордог зогсоол байна, хувийн хэвшилтэй хамтраад 60:40 хувиар Замын санд төлбөр нь ордог зогсоол ч байна. Цаашид төлбөртэй зогсоолыг нэмэгдүүлнэ. Ялангуяа хотын төвийн зогсоолуудыг төлбөртэй болгоно.

-Ачилтын компаниуд замын түгжрэлийг бууруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг хэр нь яагаад улсын байгууллагад орлого нь ордоггүй юм бэ. Иргэд машиныг нь ачихыг дээрэм гэж үзэн ихэд ундууцдаг шүү дээ?

-Ачилтын компаниуд маш их шүүмжлэл дагуулаад байгаа. Ачилтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 14 байгууллага нийслэлийн Авто замын хөгжлийн газартай гэрээтэй ажилладаг. Энэхүү гэрээг шинэчлэх шаардлагатай байгаа. Учир нь, дээрх 14 байгууллага нь харилцааны доголдолтой үйл ажиллагаа явуулж байна. Иргэддээ мэдэгдэхгүйгээр ачаад явж байна. Хууль зүйн сайдын гаргасан ачилтын үйл ажиллагаатай холбоотой журам дээр иргэдийн машиныг ачихдаа зарлан дуудах буюу цагаан хоолойгоор эзнийг нь дуудах гэж заасан байдаг. Энэ нь учир дутагдалтай байна. Тухайн машины эзэн барилга дотор явж байгаад сонсоогүйн улмаас машиныг нь ачаад явчихдаг. Энэ маш том шүүмжлэл дагуулж байгаа тул шинэчилсэн гэрээн дээр байгууллагуудын харилцаа, хандлага, дүрэм журам дээр илүү нээлттэй, чирэгдэл гомдолгүй явуулах тал дээр тусгаж өгнө. Ачилтын компаниудын үйл ажиллагааг зогсоож болохгүй. Зогсоочихвол авто замын нэгдүгээр эгнээгээр дүүрэн зогсчихно шүү дээ. Тэгэхээр замын түгжрэл улам л нэмэгдэнэ гэсэн үг. Ачилтын компаниудын орлого 100 хувь өөрсдөд нь ордог. Нийслэлийн Замын сан юм уу, төсөвт огт ордоггүй. Мөн дээр нь ачилттай холбоотойгоор иргэдийн машинд эвдрэл гэмтэл гарлаа гэсэн гомдол гардаг. Шинэ технологий нэвтрүүлж гэрэл зураг авах, бүрэн бүтэн байдлыг нь хянах гээд олон ажил хийгдэх шаардлагатай байна.

-Нийслэлийн зам засварын ажил он гарсаар хэр хийгдэв, хэд хэдэн чиглэлийн замыг хааж байсан шүү дээ?

- Нийслэлийн нийт авто замын сүлжээний 18.1 хувьд нь ээлжит засвар, 17.8 хувьд нь давхар гадаргуун боловсруулалтын ажил, 25.9 хувьд нь их засвар хийж, 38.2 хувьд нь шинээр зам барих шаардлагатай байна.  Зам засварын ажил он дамжиж орж ирсэн. Төсөв орж ирээгүй учраас шинэ ажил эхлээгүй. Он гарсаар Баруун дөрвөн зам, Зүүн дөрвөн зам, Баянбүрдийн уулзваруудын хучилтын шинэчлэлтийн ажил, Тахилтын замын нүхэн гарц, Баянзүрх дүүрэг дээр хоёр нүхэн гарцын ажил гээд нийтдээ 30 гаруй газар замын шинэчлэлийн ажил, шинэ замын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж, энэ жилдээ дуусна. Гүйцэтгэгчээр нь дотоодын компаниуд ажиллаж байгаа. Мөн Олимпын гүүр, Налайхын замын ажил энэ жилдээ дуусна.

-Хичээл сургууль эхлэхээр зам дээр тэг зогсолт болдог шүү дээ. Энэ жилийн тухайд түгжрэл ямар байх бол. Машиныг тэгш, сондгойгоор нь явуулах уу, ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

-Тэг зогсолт хэвээр үргэлжлэх байх. Яагаад гэвэл ноднин жилээс илүү машины тоо нэмэгдсэн. Дорвитой ажлууд дараа жилээс эхэлнэ. Машиныг тэгш, сондгойгоор явуулна гэдэг олон хүний эрх ашгийг хөндсөн асуудал. Шууд  л “Та өнөөдөр явна, явахгүй” гэдэг хязгааралалтын бодлого явуулах нь зохимжгүй. Үүн дээр уян хатан бодлого хэрэгжүүлнэ. Хотын иргэдийн ихэнх нь тэгш, сондгойгоор явъя гэсэн хүсэлт гаргасан тохиолдолд хэрэгжүүлж болно. Төрөөс хүчээр хязгаарлалтын бодлого явуулахгүй.

-Нийслэлийн өмнөх удирдлагууд тойрог зам, дүүжин зам, трамвай, BTR тусгай замын автобус зэрэг олон санаачилга сэдэж  2021 он гэхэд агаарын дүүжин замаар явдаг болно гэж байсан. Аль аль нь алга. Таны хувьд ямар санал санаачилга гаргаж ажиллах вэ?

-Нийслэл хотод хөнгөн метро буюу LRT-г нэвтрүүлэх Засгийн газрын шийдвэр гарсан. Судалгаа, тооцоо, техник эдийн засгийн үндэслэлийг нь хийж байна. Манай ажил улирлын чанартай бөгөөд хөрөнгө оруулалт их орох учир хугацаа их шаардана. Хийж хэрэгжүүлэх томоохон ажлууд дараа тодорхой болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.126.89.113) 2021 оны 08 сарын 23

Манай ажил гэж бөөн хүндрэл сунжрал,баахан хүндрэлтэй дүрэм журам гаргачихсан тэрэндээ өөрсдөө хүлэгдэж ороогдчихоод хурдан шуурхай ажил хийж чадахгүй болсон төр засагтай улсдаа ..

0  |  0
Зочин(192.82.81.189) 2021 оны 08 сарын 23

Ачихын аргагүй газруудад их зогсож бдаг. Тэдний номеруудыг нь хураавал дээр юм бишүү.

0  |  0
Зочин(202.9.47.25) 2021 оны 08 сарын 23

Авто зогсоолын асуудлаа шийдээчээ, олон давхар төлбөртөй авто машины зогсоолуудыг байгуулаач ачилтын компаниудын үйл ажиллагааг бүр мөсөн зогсоо эдгээр компаниудын ард ямар эрх мэдэлтэн хамгаалж байгааг холбогдох албаныхан шалгалт хийж ил болго зогсоолоо шийдэхгүй гацааж асуудал үүсэхээр нь түүнд дээр мөнгө хийдэг арай дэндий луйварчин сэтэхүйтэй бна шүү

1  |  0
odsvrend(103.26.193.184) 2021 оны 08 сарын 23

зогсоолоо тодорхой цагт төлбөртөй болгосон дээр бхдаа 1цагаас дээш 2 цагаас дээш зогсвол төлбөртөй гэхдээ их биш цагийн 500 1000бол бно шдээ энэ хулгайч хоёр удаа сонгуульд дэвшсэн метромал дэлгүүрийн эзэн бас болоогүй ээ 2016оны сонгуулиар хүүхдээ тэврчихсэн зогсож бхдаа дуучин ука гийн нөхөртөй болон укатай хамт гадаа зун сонгулиар манай хүүхэд танай хүүхэд хоёр суувал гээд яриад зогсож бгаа юм хоёр луйварчин хүүхдээ багаас нь суулгах гэнээ укагийн нөхөр эрдэнэтээс мөнгө идсэн хүний хүүхэд гэсэн шүү дээ

1  |  0
Хэн байх нь чухал уу(202.126.88.171) 2021 оны 08 сарын 23

Ачилтын компаниудын цаад эзэд нь замын цагдаагийн томчууд байдаг гэж ярьдаг үнэн байхаа яг хулгайч ноход шиг ачдаг үнэн даварцан

1  |  0
Булган(119.40.98.177) 2021 оны 08 сарын 23

Ачилтын компаниа алга болго. Дээрэм шүү дээ. Тэрний оронд зогсоол нь тодорхой төлбөртэй болгох хэрэгтэй шүү дээ. Дарга сэтэртэнгүүд машинаа унаж очоод зогсоол таглаад байдаг шүү дээ. Төлбөрийн орлогоор зам, зогсоолоо сайжруулал даа\nИргэдээ дээрэмдэх ажлаа сайн хийх юм. Хүний төлөө сэтгэл дээ.\n

2  |  0
Зангаа(202.179.25.78) 2021 оны 08 сарын 22

Ачилтын компани гэдэг бол зохион байгуулалттай дээрмийн бүлэг. Тэднийг юутай хээтэй нь устгах

1  |  1
.нацаг(192.82.73.170) 2021 оны 08 сарын 22

Битгий ажил хийж байгаагаа ад үз. Та нарын өмнөөс муу сайнд хутгалдаж яваа юм. Ачилт хийхгүй бол зам дээр бүх машин дураараа зогсоно тавина хононо!

1  |  1
Top