О.Лхагвадорж: Импортын түүхий эдийг дотоодын бүтээгдэхүүнээр орлуулж барилгын материалын үнийг бууруулах боломжтой

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 20

Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны Гүйцэтгэх захирал О.Лхагвадоржтой барилгын материалын дотоодын үйлдвэрүүдийн нөхцөл байдал, материалын үнийн өсөлт, бүтээгдэхүүний чанар, стандартын талаар ярилцлаа.


 -Улсын хэмжээнд барилгын материалын хэдэн үйлдвэр үйл ажиллагаа явуулдаг вэ?

 -Улсын хэмжээнд 1000 гаруй жижиг дунд үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгааг судалгаагаар тогтоосон. Үүнээс Барилгын тухай хуулийн дагуу үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлтэй 460 гаруй үйлдвэр байдаг. Бусад үйлдвэр нь тусгай зөвшөөрлөөс чөлөөлөгдсөн, бүтээгдэхүүндээ тохирлын баталгаажуулалт хийлгэж явдаг.

-Цар тахлын үед барилгын материалын дотоодын үйлдвэрүүдийн нөхцөл байдал ямар байна вэ?

 -Цар тахлын үед ялангуяа импортын түүхий эдийн хамааралтай үйлдвэрүүд хүнд нөхцөл байдлыг туулж байна. Дотоодын үйлдвэрүүд, үүн дотроо арматурын жижиг үйлдвэрүүдэд гадаадаас уригдаж ажилладаг тусгай мэргэжлийн инженерүүд, ажилчид цар тахлын үед ирэх боломжгүй болсноос дийлэнх нь зогсоход хүрсэн.

 -Нийт барилгын материалын үнэ өсөлттэй байна. Тус бүр нь үнэ хэрхэн өссөн бэ. Энэ талаар судалгаа хийсэн үү?

 -Барилгын материалын үнэ нэр төрлөөр авч үзэхэд харилцан адилгүй байгаа. Импортын материал болон түүхий эдийн үнэ урд хөршид нэмэгдсэн. Ачаа тээвэрт хүндрэл үүссэнийг бүгд мэдэж байгаа байх. Засгийн газраас ажлын хэсэг томилогдож байж түрүүчээсээ байдал сайжирч байна. Хамгийн их үнэ өссөн материал гэвэл 1.2 сая төгрөгийн үнэтэй байсан арматур 3.2 сая төгрөг болсон. Энэ нь нийлүүлэгч орнуудад үнэ өссөн, хилийн боомт дээрх тээврийн хүндлэлээс хамаарсан. Мөн дулаалгын EPS төрлийн хөөсөнцрийн түүхий эдийн экспортод урд хөрш хязгаар тавьсан. Тээвэрлэлтийн онцгой нөхцөл тогтоож тусгай зориулалтын чингэлгээр тээвэрлэдэг шинэ журам бий болгосноос хомсдол бий болж үнэ өсөхөд нөлөөлсөн. Дотоодын олон үйлдвэрлэгч, компани түүхий эдийн төлбөрөө төлсөн боловч бараг зургаадугаар сараас хойш одоо хүртэл түүхий эд ирээгүй байна. Одоогоор хөөсөнцрийн хоёрхон үйлдвэр байгаа нөөцөөрөө ажиллаж байна. Ойрын үед хөөсөнцрийн үйлдвэрт шаардлагатай түүхий эд гурван вагон ирэхээр ачигдсан боловч энэ нь 14 хоногийн л нөөц юм. Хөөсөнцрийн түүхий эд нь нефтийн гаралтай түүхий эд байдаг учир манайд дотооддоо хийдэггүй.

 -Цар тахлын үеийн хүндрэл, ачаа тээврийн асуудал, импортын түүхий эд зэргээс шалтгаалж материалын үнэ өсөж буйг хэлж байна. Өмнөх жилүүдэд үнэ ингэж өндөр өссөн тохиолдол байдаг уу?

 -2012-2016 оны хооронд ажиллаж байсан Засгийн газар үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж тэр үед огцом өсч байсан цемент, арматурын үнийг тогтворжуулж, улмаар бууруулж байсан туршлага байдаг. Зарим зөв шийдвэрийг одоо ч хэрэгжүүлэхэд болохгүй тал байхгүй. Гэхдээ маш сайн хяналт, зөв хуваарилалт чухал гэдгийг амьдрал харуулсан.

-Барилгын материалын үнэ өсөж байгаа нь орон сууцны үнэ өсөхөөс эхлээд нийгэмд, иргэдийн амьжиргаанд ч нөлөөлөхөөр байна. Материалын үнийг тогтвортой байлгах тал дээр ямар арга хэмжээ авч болох вэ?

 -Ер нь барилгын материал, үүний дотроо импортын материал болон импортын түүхий эд хэрэглэдэг үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үнэ 4-40 хувь өссөн. Материалын үнийг бууруулахын тулд импортын материал, түүхий эдийн гаалийн татварыг тэглэх тооцоо хийж Барилга, хот байгуулалтын яамаар уламжлан Засгийн газарт хүргүүлсэн боловч шийдээгүй. Зарим төрлийн импортын материал болон импортын түүхий эдийг дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүнээр орлуулах замаар материалын үнийг бууруулах боломжтой. Тухайлбал, барилгын шал, таазны дулаалгын хөөсөнцрийг базальт хөвөн, керамзитаар орлуулж болно. Дотор ханын болон дээврийн дулаалгад хонины ноосон дулаалга хэрэглэх боломжтой. Зарим нам давхрын хувийн сууцууд болон орон нутгийн жижиг барилгуудын каркасын хэвтээ ачаалалд шилэн мяндсан арматур хэрэглэх, металл арматуртай  хослуулах зэргээр зураг төсөлд өөрчлөлт оруулах замаар үнэ бууруулах боломж байгаа гэж харж байна. Хуулиараа зураг төсөл гаргагчийн зөвшөөрлийг аваад өөр төрлийн дулаалгын материал ашиглаж болдог. Ажил зогсохгүй байх бас нэг арга бол боломжит бүтээгдэхүүнээр орлуулах энэ арга юм.

-Жишээлбэл, дотооддоо хонины ноосоор дулаалгын материал хийж байгаа нь сонирхолтой санагдлаа?

-Хонины ноос байгалийн гаралтай түүхий эд учир дулаалгад тохиромжтой. Бүтээгдэхүүн хийгээд Япон руу гаргадаг “Эко ноос” гээд үйлдвэр Дарханд байна.

 -Импортын барилгын материалын чанар, стандартад хэрхэн хяналт тавьж байгаа вэ?

-Импортын материалын чанар стандартад тавих хяналт маш сул гэдгийг нуух аргагүй. Ер нь барилгын материалын импорт хэт чөлөөтэй, дурын хүн зөөдөг, барилгын компани бүр өөрсдөө материалаа импортлодог. Тэр тусмаа урд хөршийн хамгийн хямд, чанарын ямар ч баталгаагүй материалыг Улсын төсвийн хөрөнгө оруулалттай барилга объектод болон орон сууцны барилгад шахдаг шүү дээ. Мөн “100 айл” захын наймаачид улсад бодитой орлогын татвар төлдөггүй. Е-баримт ч өгдөггүй. Барилга, хот байгуулалтын яам энэ тал дээр анхаарал тавьж хилийн томоохон боомт болох Замын-Үүдэд барилгын материалын хяналтын лаборатори байгуулах шатандаа явж байгаа. Саяхан Замын-Үүдийн чөлөөт бүс ашиглалтад орсон нь барилгын материалыг хяналттай, системтэй импортлох, улмаар үнийг тогтворжуулахад чухал нөлөө үзүүлнэ гэж найдаж байна. Цаашид гарал үүслийн болон олон улсын чанарын гэрчилгээтэй бүтээгдэхүүнийг импортлодог  компаниудыг шалгаруулж онцгой эрх олгох нь зөв. УИХ-ын зарим гишүүн Худалдааны хууль санаачилж манайхаас албан ёсоор санал авсан. Барилгын материалын жижиглэнгийн худалдааг супермаркетийн систем, цахим сүлжээнд оруулах нь зүйтэй гэж үздэг. Энэ тухайд “Барилга МН” компани амжилттай ажиллах эхлэлийг тавьсан.

 -УИХ-ын гишүүд Худалдааны хуульд танайхаас санал авсан гэлээ. Та бүхний хувьд хуулийн ач холбогдлыг хэрхэн харах юм?

-Гарал үүсэл тодорхойгүй, чанарын баталгаагүй бүтээгдэхүүнийг хүн бүхэн худалдаалдаг байдлыг л засах зориулалттай хууль юм. Ялангуяа “100 айл”-ын барилгын материалын захад хувь хүмүүс гарал үүсэл тодорхойгүй, чанарын баталгаагүй материал элбэг зардаг. Барилга, угсралтын компаниуд улсын төсвийн хөрөнгө оруулалт авчихаад дотоодын барилгын материалаас илүү импортоор материал авах гэдэг нь үнийн өсөлт дээр ундуйцах том шалтгаан болж байгаа юм.

 -Дотоодын үйлдвэрүүдээ дэмжих тал дээр Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо болон холбогдох яамнаас хэрхэн анхаарч байна вэ?

 -Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих ялангуяа импортын материалыг дотооддоо үйлдвэрлэж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор Налайхад Барилгын материалын үйлдвэр технологийн парк байгуулсан. Хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаагаас төдийлөн санаанд хүрэхгүй байна. Барилгын материалын Жижиг дунд үйлдвэрийн тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас 2009-2014 оны хооронд чөлөөлж бизнесийн таатай нөхцөл бүрдүүлэхэд барилгын салбарын төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа сайн байсан. Харамсалтай нь, барилгын компаниуд орон сууцны үнийг байнга өсгөж байснаас тэр үеийн Сангийн яам тоног төхөөрөмжийн татварын хөнгөлөлтийг зогсооход хүрсэн.

 -Одоо яг монголчууд дотооддоо юу юу үйлдвэрлэж байгаа вэ?

 -Орон сууцаар жишиг авахад 46 нэр төрлийн гол барилгын материалууд барилгад ордог. Үүний 70 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг болсон. Ерөнхийдөө 30 хувийг зайлшгүй импортоор авдаг. Үүнд, сантехник, цахилгаан, халаалт, гэрэлтүүлэг, кабелийн системүүд ихэвчлэн хамаарна. Дотооддоо үйлдвэрлэж чадахгүй зарим материалыг заавал хийх гээд байх шаардлагагүй. Зах зээл бага учраас хэрэглээ багатай гэрэлтүүлэг зэрэг барилгад бага хувь эзлэх материалыг заавал дотооддоо хийхгүй байх боломжтой. Барилгын үндсэн араг яс буюу каркас босоход шаардлагатай материалуудыг дотоодод хийж байна. Дотор засал чимэглэлийн материалуудаа ихэнхийг нь дотооддоо хийж байна. Дулаалгын материалаа хийж байна. Цонх, хаалгаа бүрэн хийж байна. Дээвэр, шалны материалыг л дотооддоо хийж чадахгүй байна. Бусдаар бол дотоодын үйлдвэрүүд гайгүй материал үйлдвэрлэж байгаа шүү дээ.

-Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооны сүүлийн үед хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, төсөл, хөтөлбөрүүдээс мэдээлэл өгнө үү?

-Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос 2007-2015 онд “Барилгын материалын үйлдвэрийн мастер төлөвлөгөө” гэж гаргасан. 2012-2016 онд “Барилгын материалын үйлдвэрийг хөгжүүлэх хөтөлбөр”, 2018 онд Барилгын салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг боловсруулахад идэвхтэй оролцож байсан. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан мега төслүүдийн барилгын ажилд шаардагдах барилгын материалыг дотоодын эх үүсвэрээс хангах бодлогыг төрийн яамтай хамтран баримталж хэрэгжүүлсний үр дүнд цемент, бетон төмөр, бетон хийц түүний дотор инженерийн байгууламжийн бетон хийцүүд, ханын материалууд, импортоор авч байсан болон модоор хийж ой сүйтгэж байсан хуучин технологийг халж,төмөр замын дэр бетон, цахилгаан дамжуулах агаарын шугамын бетон шонгоор орлуулсан. Дулаалгын төрөл бүрийн материал, сантехникийн хуванцар хоолой, хуванцар цонх, хаалга, засал чимэглэлийн төрөл бүрийн хуурай хольцыг 100 хувь дотооддоо үйлдвэрлэж байна. 2022 оноос дотооддоо илүүдэлтэй байгаа цементийг ОХУ-д экспортлох талаар Барилга, хот байгуулалтын яам, Гадаад харилцааны яамтай хамтран ажиллаж байна.

 -Өмнө нь ч гэсэн цемент экспортлох тухайд цөөнгүй яригдаж байсан. Энэ удаад 2022 оноос цементийг экспортлохоор холбогдох яамдтай хамтран ажиллаж байгаа гэлээ. Үйлдвэрлэгчдийн зүгээс энэ тал дээр ямар байр суурьтай байдаг юм бол?

 -Жилдээ нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай дөрвөн том үйлдвэр байгаа. Тэдгээрээс дундаасаа төлөөлөгч томилж цемент экспортлох ажилд хамтарч байна. Өмнөх жилүүдэд дандаа тус тусдаа хөөцөлдөж хана мөргөдөг байсан бол одоо хүчээ нэгтгээд, төрийн дэмжлэгтэй явахыг зорьж байна. ОХУ-ын хууль, эрх зүйн орчин нөхцөлийг сайн судалж, стандартад нь нийцсэн цемент гаргах нь чухал юм билээ.

-Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг олгох шалгуур ямар байдаг вэ. Тусгай зөвшөөрлийн тоо өмнөх жилүүдтэй харьцуулахад буурсан уу, өссөн үү?

 -Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрлийг өмнө нь бүх төрлийн үйлдвэрлэлд олгодог байсныг Барилгын тухай хуулиар зохицуулалт хийж, хуучин олгож байсан тусгай зөвшөөрлийн тоог гурав дахин багасгасан. Зөвхөн хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд болон барилгын насжилт , чанар, бат бэх байдалд онцгой нөлөөтэй даацын хийц түүний бүрдүүлэгч материалууд, шатамхай, химийн хортой, эрчим хүчний хэмнэлттэй цөөн тооны үйлдвэрлэлд тусгай зөвшөөрөлтэй байхаар Барилгын тухай хуульд тусгаж өгсөн. Энэ төрлийн барилгын материал бүтээгдэхүүний үйлдвэрлэлд тавих шалгуур үзүүлэлтүүдийг шинэчлэн боловсруулж Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар баталгаажуулан шинээр мөрдөж байна.

 -Ярилцлагын эхэнд та дурдсан. Тусгай зөвшөөрлөөс чөлөөлөгдсөн үйлдвэрүүд бүтээгдэхүүндээ тохирлын баталгаажуулалт хийлгэж явдаг гэсэн. Үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн хийгээд чанарыг нь баталгаажуулж болдог гэж үү?

 -Тусгай зөвшөөрлийг үйлдвэрлэл эрхлэхэд олгодог. Тохирлын баталгаажуулалтыг үйлдвэрийн хийж байгаа бүтээгдэхүүнд олгодог. Өмнө нь чанарын гэрчилгээ гэдэг байсан. Шинэ хуулиар тохирлын баталгаажуулалт гэж нэрлэх болсон. Үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрлийг дөрвөн онцгой чиглэлээр олгож байгаа. Бусад шавар, засал чимэглэл зэрэг чиглэлд ч юм уу тусгай зөвшөөрөл олгохгүйгээр хөнгөлөлт үзүүлж байгаа нэг хэлбэр. Хуулийн дагуу тохирлын баталгаажуулалтыг эрх бүхий гурван газраар хийлгэнэ. “Барилга архитектур корпораци” компани, Барилгын хөгжлийн төв, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төв гэсэн газруудаар хийлгэнэ. Төрийн болон хувийн байгууллага хуулиараа тохирлын баталгаажуулалтыг олгож болно.

-Барилгын материал үйлдвэрлэх сүүлийн үеийн дэвшилтэт технологи, шинэ материалын төрлөөс Монголд орж ирж байна уу. Нэрлэвэл юу юу байна вэ?

-Дэвшилтэт технологиуд орж ирж байгаа. Тухайлбал, засал чимэглэлийн замаска, цавуу, чулуун будаг, эмульс зэрэг хуурай нойтон хольцууд, дулаалгын материалууд, үйлдвэрийн барилгын сэндвич хавтан, композит бүтэцтэй, жин хөнгөнтэй угсармал хавтангууд, төмөр замын дэр бетон, цахилгаан дамжуулах агаарын шугамын бетон шон, сантехникийн бүх хуванцар хоолой, цахилгааны кабель утсууд, шилэн мяндсан арматур зэргийг дурдаж болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top