Д.Батжав: Баруун аймгуудад тарваган тахлын байгалийн голомт өндөр байна

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 22

Монгол орны 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Ялангуяа наймдугаар сард тарваган тахал, боом өвчний дэгдэлт гарах өндөр эрсдэлтэй байдаг аж. 2005 оноос хойш тарвага агнахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар шат дараатай хориглож байгаа. Энэ жилийн хувьд ч гурван жилийн хугацаанд тарвага агнахыг хориглоод байна. Гэсэн хэдий ч тарвага агнах, худалдаалан борлуулах, тээвэрлэх, хадгалах зөрчил тасрахгүй байгаад холбогдох байгууллагуудаас хяналт шалгалт хийгээд эхэлсэн. Тарвага нь Монгол орны хээрийн бүсийн эко системийн тэжээлийн хэлхээнд онцгой ач холбогдолтой, тухайн газар нутгийнхаа амьтдын орон байрыг бэлтгэдэг, тоо толгой, нөөцийн хомсдолд орсон амьтан. Эдгээр амьтад яагаад тахал өвчний тээгч болдог талаар болон тарваган тахлаас хэрхэн урьдчилан сэргийлэх  асуудлаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн амьтан судлаач Д.Батжаваас тодрууллаа.


-Монгол орны нийт нутгаар тарваган тахлын дэгдэлт гарсан уу, байдал ямар байна вэ?

-Монгол оронд 17 аймгийн 137 сум тарваган тахлын байгалийн голомттой. Үүнээс Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Өвөрхангай аймагт байгалийн голомт өндөр байгаа. Гэхдээ тарваган тахал өвчний дэгдэлт гараагүй байна. Жил бүр байгалийн голомтын шинжилгээг тарваган тахлын голомт нутагт хийдэг. Одоогийн байдлаар Баян-Өлгий аймгийн нутагт тарваган тахлын байгалийн голомт идэвхтэй байгаа нь тогтоогдсон. Бусад аймагт шинжилгээ үргэлжлүүлэн хийж байгаа.

-Тарваган тахлын голомтын шинжилгээг хэзээ хүртэл хийдэг вэ?

-Тарваган тахал байгалийн голомтод хамгийн өндөр идэвхтэй буюу амьтны дундах өвчлөл хамгийн өндөр үе бол долоо, наймдугаар сард голчлон шинжилгээгээр илэрдэг.

-Наймдугаар сарыг өнгөрөөчихвөл тарваган тахал ер нь гайгүй болчих уу?

-Наймдугаар сарыг өнгөрөөчихвөл гайгүй болно гэж тайвширч болохгүй. Одоо хүмүүс хууль бусаар агнасан тарвагыг хадгалж, нөөцлөх нь их байна. Өнгөрсөн жил арваннэг, арванхоёрдугаар сард маш их хэмжээгээр тарвага, түүний гаралтай бүтээгдэхүүнийг Улаанбаатар хотод тээвэрлэж оруулдаг нь хяналт шалгалтаар илэрч байсан. Тарвага ичих хүртэлх хугацаанд тарваган тахал байгальдаа эрсдэл багатай. Харин ахуйн нөхцөлд эрсдэл байсаар байдаг.

-Тарваган тахал бусад халдварт өвчнөөсөө юугаараа ялгаатай, өвөрмөц шинж чанартай вэ?

-Олон улсын эрүүл мэндийн дүрмээр зохицуулагддаг хөл хориотой, цар тахлын хэмжээнд хүрч байсан өвчин бол тарваган тахал. Нас баралт өндөртэй, гоц аюулт халдвар өвчин юм.

-Тарваган тахал дэлхий дахинд цар тахлын хэмжээнд гарч байсан бол Монгол орны хувьд хэзээнээс дэгдэлт гарсан. Том дэгдэлтүүд хэзээ гарч байв?

-Дэлхий дахинд 1950-иад оноос хойш тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ, эмчилгээ, оношилгоо тодорхой болсон. Монгол орны хувьд ч адилхан. Хариу арга хэмжээ, сэргийлэлт тодорхой болсноос хойш дэгдэлтүүд харьцангуй цөөрсөн. Харин хот айлаараа сүйрч тарваган тахалд нэрвэгдсэн тохиолдлууд бол гарч байсан.

-Хүн, малын гоц халдварт өвчний илрүүлэг, шинжилгээ, тархалтад Ковид-19 цар тахлын нөлөө байна уу?

-Цар тахалтай гээд хүн, малын гоц халдварт өвчнийг тоохгүй орхино гэж байхгүй. Халдварт өвчин бүхэн өөрийн гэсэн зүй тогтолтой. Ялангуяа байгалийн голомтот өвчин бол байгаль, цаг уур, бусад нөлөөлөх хүчин зүйлээс шалтгаалж байдаг. Дээр нь хүн тухайн голомттой холбоо үүсгэхгүй бол энэ өвчнөөр өвчлөхгүй, урьдчилан сэргийлж болох талтай.

-Тарваган тахлын шинж тэмдэг яаж илэрдэг билээ. Хүндрэхээрээ их аюултай гэсэн. Өнгөрсөн жил нэг айлын хэд хэдэн хүн нас барсан тохиолдол гарсан шүү дээ?

-Тарваган тахал өвчний халдвар авсан үед анхны тусламж, эмнэлгийн тусламжийг оройтож авсан тохиолдолд өвчнөө хүндрүүлэх магадлалтай. Нийтлэг шинж тэмдэг маш өндөр халуурна. Яаж халдвар авснаас шалтгаалж шинж тэмдгүүд илэрнэ. Жишээлбэл, баруун гартаа бүүрэгт хазуулж халдвар авлаа гэхэд баруун гарны суганы булчирхай цочрох жишээтэй.

-Өндөр халуурах шинж тэмдэг илэрвэл хамгийн түрүүнд анхны тусламжийг яаж үзүүлэх вэ?

-Харьяа дүүрэг, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаасаа гэрээсээ яаралтай холбогдож дуудлага өгч, анхны тусламж авах хэрэгтэй. Ингэснээр хавьтлын тоог нэмэгдүүлэхгүй, голомтод хариу арга хэмжээ авахад хүндрэл багатай байдаг.

-Гэрийн нөхцөлд ч тусгаарлах хэрэгтэй юу. Тусгаарлалтыг яаж хийдэг вэ?

-Эрүүл мэндийн байгууллагын оролцоотой тусгаарлалт хийдэг. Тухайн хүн эрүүл мэндийн тусламж иртэл ганцаараа өрөөнд, гэртээ байх зэргээр зохицуулж болно.

-Тарваган тахлаас урьдчилан сэргийлэх хамгийн зохистой арга юу вэ?

-Монгол орны хувьд ихэнх тарваган тахлаар өвчилж байгаа хүмүүс тарваганаас халдвар авдаг. Зөвхөн тарвага гэдэг амьтан тарваган тахлаар өвчилдөггүй. Бусад мэрэгч, туулай хэлбэртэн амьтад өвчилдөг. Хамгийн гол тархвар судлалын холбогдолтой амьтан бол өвчтэй тарвага. Тарвага, түүний гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй, худалдаж авахгүй, борлуулахгүй, ойртохгүй байх нь хамгийн чухал урьдчилан сэргийлэлт юм. Голомтот газар нутагт амьдарч байгаа, тэнд аялж зугаалж байгаа хүн тухайн газарт нутагт майхан барих, бууж суухдаа мэрэгч амьтны нүх сүвний ойролцоо хамаагүй байрлаж болохгүй. Энэ нь бүүрэгт хазуулах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Үхсэн тарвагаар оролдож болохгүй.

-Энэ жил Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар гурван жилээр тарвага агнахыг хориглолоо. Өмнө нь ч гэсэн хориотой л байсан санагдаж байна?

-2005 оноос хойш Монгол орны тарваганы нөөц, тоо толгой эрс буурсан. Үүнтэй холбоотойгоор тоо толгой, тархацыг нь нэмэгдүүлэх зорилгоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2005 оноос хойш хориглосон тушаал жил бүр сунгагдаад явж байна.

-Тарваганы түүхий мах, болсон мах алийг нь ч хэрэглэсэн эрсдэлтэй. Тэгээд ч хориотой түүхий эд. Гэтэл тарваганы махыг болгож хэрэглэж байгаа бол асуудалгүй гэж боддог хүмүүс байна?

-Махыг боловсруулж хэрэглэх хүртэл олон осолтой ажиллагаа явагдана. Тарваган тахлын нян өндөр хэмд удаан болгоход устана. Гэхдээ тарваганы махыг боловсруулж хэрэглэлээ гээд болчихгүй. Ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар тарвага агнах, тарваганы гаралтай түүхий эдийг хэрэглэхийг хориглодог. Болсон мах идэх нь ч хориотой гэсэн үг л дээ.

-Тэгвэл 2005 оноос тарваганы тоо толгой эрс буурсан гэлээ. Тарвага байгальд ямар ашигтай, ээлтэй амьтан бэ?

-Монгол орны ихэнх нутаг дэвсгэр хээрийн бүс. Тарвага хээрийн бүсийн үндсэн амьтан. Тухайн газар нутгийнхаа амьтдын орон байрыг бэлддэг. Тал хээрийн бүсийн эко системийн тэжээлийн хэлхээнд онцгой үүрэгтэй.

-Тарваган тахлаас гадна наймдугаар сард Монгол оронд элбэг тархдаг хүн, малын гоц халдварт өвчний талаар тайлбарлана уу?

-Монгол оронд тарваган тахал, боом, галзуу, хачигт халдвар, бэтэг гэх мэтийн зоонозын халдвар зонхилон бүртгэгддэг. Бүгд байгалийн голомттой. Тарваган тахлаас гадна малын боом өвчин наймдугаар сард элбэг гардаг. Тиймээс шалтгаан тодорхойгүй үхсэн малыг хүнсэнд хэрэглэх, зарж борлуулах, арьс ширийг нь өвчиж авахаас сэрэмжлэх хэрэгтэй. Ялангуяа боомын голомттой аймаг, сум, газар нутагт шалтгаан тодорхойгүй мал үхвэл аль болох мал эмнэлгээр оношийг тодруулж байх ёстой.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top