Шатахуун дамладаг газруудад торгууль тавиад, илүү үнээр зарсныг нь улсын орлого болгох хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 28

Газрын тосны газрын дарга С.Амарсайханаас үүсээд байгаа нефтийн хомсдлын талаар зарим асуултад хариулт авлаа.

И-92 бензин хомсдчихлоо. Ингэхэд Монгол Улсад хэдий хэрийн хэмжээний шатахууны нөөц байна вэ?

-Энэ асуултад хариулахын тулд нарийн тоо баримт харж байгаад хэлээд өгье. Монгол Улс дизель түлшний 13 хоногийн, АИ-92 шатахууны 17 хоногийн нөөцтэй байна. Монголчууд өдөрт 400-500 тонныг л хэрэглэдэг. Гэтэл өнөөдөр хүн болгон машиныхаа банкийг бензинээр дуүргэж байна. Тэгэхээр практикаас харахаар хэрэглээгээ хангачихаад үлдсэнийгээ нөөцлөөд байгаа байхгүй юу. Саваар өгөхгүй гэхээр банкаа дүүргэчихээд зохиомлоор улсын хэмжээнд асуудал үүсгээд байгаа юм. Ард түмнээсээ гуйхад энгийн үедээ авч хэрэглэдэг байсан хэмжээгээрээ хэрэглээч гэдгийг хүсэх байна. Нөгөө талдаа дээрх нефтийн жижиглэнгийн компаниудад талон картын хажуугаар нь мөнгөөр олго гэдэг албан ёсны шаардлагыг тавьсан.

-Дур мэдэн үнээ нэмсэн компаниудтай хэрхэн хариуцлага тооцох вэ?

-Тэдгээр компаниудын захирлуудыг дуудаж үдээс хойш /өчигдөр/ хуралдана. Тиймэрхүү дамладаг газруудыг холбогдох байгууллагууд шалгах хэрэгтэй. Бодитой зүйлийг нь шууд гаргаж ирээд хяналтын байгууллагад нь өг. Яг баримттайгаар улсын орлого болгож торгууль тавиулж болно. Тэдгээр байгууллагатай янз бүрийн хэлбэрээр хариуцлагыг тооцож болно. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар л гэхэд торгууль тавиад илүү үнээр зарсныг нь улсын орлого болгох бүрэн боломжтой. Манай байгууллагын хувьд тасралтгүй нийлүүлэлтийг хангадаг болохоос яг хяналтын үүрэггүй.

-ОХУ нийлүүлэлтээ багасгаснаас хомсдол үүсчихэв үү?

-Анх гэрээ хийхэд тодорхой хэмжээнд багасгасан. Гэхдээ бид зөрүүлээд тэр багасгасан хэмжээг нөхөөд олсон. Хятадаас болон бусад нефтийн компаниудаас авч байна. Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг амьдрал дээр байгаа тоог нь харахаар хангалттай байна гэдгийг хэлсэн. Хамгийн гол нь тооноос зөрсөн хэрэглээ нь амьдрал дээр өөрчлөгдөөд байдаг. Би худлаа ярих биш, бодит тоог хараад ярьж байна. Энэ сард миний оруулж ирсэн бүтээгдэхүүнийг хар л даа. Монгол Улс сард 60 мянган тонныг гэрээлдэг. Одоогийн байдлаар 84200 тонн бүтээгдэхүүн орж ирээд байна. 55.500 тонн дизель түлш, АИ-92 13000 тонн орж ирсэн байна. Өмнөх хэрэглээгээ харахад хомсдохоор зүйл алга л байгаа биз дээ.

-Баяр наадам болох гэж байна. Наадам хүртэл АИ-92 борлогдохгүй гэсэн яриа байна?

-Тийм зүйл огт байхгүй. Шатахууны хомсдол үүсэхгүй.

-Та бүхнийг хомсдол үүсэхгүй гэж ярьсаар байтал бодит байдал дээр хомсдол бий болчихоод байдаг. Та худлаа яриад байна уу, эсвэл ?

-Надад байгаа бодит тоог л хэлээд байна шүү дээ. Миний ярьсныг ойлгож байна уу, үгүй юу. Байгаа тоог байгаагаар нь хэллээ.

-Тоо хэлэх нь нэг өөр хэрэг. Монгол Улсын хэмжээнд хангалттай нөөц бий эсэхийг хамгийн сүүлд хэзээ шалгасан бэ?

-Манай байгууллагынхан ажил, амралтын өдөр ч амрах завгүй шалгаж байгаа. Өнөө өглөөний мэдээг л өөрт тань танилцууллаа.

-Засгийн газар нефтийн хомсдлын тал дээр хэр зэрэг анхаарч ажиллаж байна вэ?

-Маш их анхаарч байна. Зохицуулахын төлөө ажиллаж, хангалттай шатахуун оруулах хэмжээний эх үүсвэрийг нь гаргаж өглөө. Ганц компани оруулж ирдэг байсан бол олон эх үүсвэртэй болгосон. Эцсийн эцэст хэвлэл мэдээллийнхэн та бүхэн байгаа юмыг зохистой хэрэглэхгүй зохиомлоор хомсдол үүсгүүлэх гээд байх хэрэггүй. Яагаад заавал 1500 төгрөг байгаа юмыг 2000-аар авъя гээд зүтгээд байгаа юм бэ. Тэгвэл авахгүй л байх хэрэгтэй. Та нар өөрсдөө буруу мэдээлж, буруу уриалж болохгүй шүү дээ. Ямар ч айл нэг талх иддэг байсан бол гурван талх авах ямар шаардлагатай юм бэ. Түүнтэй адилхан. Илүү авсан бензин чинь илүү ууршаад алга болж байна гэдгийг хүмүүст ойлгуулж өгөөч гэдгийг хүсмээр байна.

-Роснефть компанийн Засгийн газарт явуулсан захидалтай танилцсан уу. Хамтарч ажиллах боломж байна уу?

-Хэнбугай ч бай Монгол Улсын хуулийг биелүүлэх ёстой. Нэг компанийн шаардлагыг биелүүлэх албагүй.

-Тэр захианд юу гэсэн байна?

-Иж бүрэн цогцолбор барина гэж байна лээ. Шатахуун түгээх станц, агуулах, бүрэн худалдаа барина гэж байсан. Хэдэн сар хамтарч болох л юм.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top