Б.Мягмар: Төрийн байгууллагын ширээн дээр гаднын чихэр биш, дотоодын ааруул байх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 24

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, НИТХ-ын дэргэдэх Эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга бөгөөд нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмартай ярилцлаа.


-Хүмүүс эвлэн нэгдэж бүлэг, эвсэл байгуулах нь зорилго, шаардлага, шалтгаантай. Нийслэлийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид нэгдэн зөвлөл байгуулах шалтгаан юу байв. Магадгүй улс төрийн зорилго, эсвэл дүүрэг, хорооддоо хийх бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхэд зөвлөл байгуулах шаардлага байв уу?

-Нийслэлийн үе үеийн удирдлагын зорилго нь хотоо хөгжүүлэх байсан, цаашдаа ч ийм байж таарна. Тэгвэл НИТХ-ын эмэгтэйчүүдийн зөвлөлийн зорилго бас ийм. Гэхдээ нийслэл Улаанбаатар хотын хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлье, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд бодлогын болон бусад туслалцаа, дэмжлэг үзүүлье гэж байгаа юм. НИТХ-ын 45 төлөөлөгчийн найм нь эмэгтэй. Бид улс төрийн нам, эсвэл үл харгалзан нийслэлийн эмэгтэйчүүдийн нийтлэг эрх, ашгийг хамгаалах, тэдний өмнө тулгамдаж буй асуудлыг үе шаттай шийдвэрлэх, нийслэлийн хөгжилд эмэгтэйчүүдийн оролцоо, эрх тэгш байдлыг хангах чиглэлээр үйл ажиллагаа явуулах зорилготой ажиллаж байна. Мэдээж хэрэг бүх төлөөлөгч л тойрог руугаа олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа. Үүний хажуугаар эмэгтэй төлөөлөгчид эмэгтэйчүүд рүүгээ чиглэсэн хэт олон биш, нэн шаардлагатай чухал ажлууд хийнэ. Тухайлбал, энэ онд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тусгай хэрэгцээт иргэдийг дэмжих, гэр бүлийг дэмжих, ахмад настнуудад чиглэсэн ажил хийхээр төлөвлөсөн.

-Эмэгтэйчүүд танай зөвлөлд хэр хандаж байх юм?

-Гэртээ хүүхдээ хардаг ээжүүд, жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг эмэгтэйчүүд, цөөнгүй байгууллагаас хандаж байгаа. Өнгөрсөн хоёр жилд цар тахлын улмаас хөл хорио тогтоож, хүмүүстэй биечлэн уулзах боломжгүй байлаа шүү дээ. Тиймээс бид фэйсбүүкт албан ёсны хуудсаа нээж, эмэгтэйчүүдтэй харилцахын зэрэгцээ, хийхээр төлөвлөсөн ажлаа ч танилцуулж, хэрэгтэй, хэрэгцээтэй мэдээ мэдээллийг өгч байна.

-Улаанбаатар хотын эмэгтэйчүүдэд хэрэгтэй, шаардлагатай зүйлс юу байх юм бэ. Магадгүй та бүхэнтэй холбогдож байгаа эмэгтэйчүүд ийн санал, санаачилга, бэрхшээлээс энэ бүхэн харагдах байх?

-Гэр бүлийн хөгжил, хөдөлмөр эрхлэлт, боловсролын хүртээмжтэй байдал, аюулгүй байдлын асуудлууд шууд хөндөгдөнө. Бид “Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тохиолдуулаад цахимаар хэд хэдэн сургалт явуулсан юм. Гэр бүлийн тогтвортой харилцаа, хүндлэх, хайрлах хэлбэр, гэр бүлийн санхүүгийн боловсрол, монголчуудын гэр бүлийн талаарх уламжлалт ойлголт гэх мэт. Нийтдээ 438 мянга гаруй хүн үзэж, санал бодлоо хуваалцсан. Зарим хүн дараагийн сургалт хэзээ вэ гэдгийг тогтмол асууж байна. Тэгэхээр нийгэмд гэр бүлийн боловсрол олгох ажил хэрэгтэй байгаа нь илт. Хэчнээн сайхан барилга, зам барьсан ч гэр бүлийн боловсролыг орхигдуулвал улс, нийслэл хөгжихгүй. Өрх гэр тогтвортой, эдийн засгийн чадавхтай байж улс, нийслэл амгалан байна шүү дээ. Дараа аюулгүй байдал. Хүчирхийлэл гэдэг зүйл ажилгүй, орлогогүйгээс гол төлөв үүдэг гэж би боддог юм. Гэртээ хоолгүй, хүүхдийнхээ наад захын хэрэгцээг хангах мөнгөгүй хүн байнгын бухимдалтай, уцаартай явна. Эмэгтэйчүүдийн зөвлөл өнгөрсөн тавдугаар сард нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Түр хамгаалах байрнуудын үйл ажиллагаатай танилцсан юм. Нөхцөл байдал үнэхээр хүнд байсан.

-Барилга байгууламжийн хүрэлцээ, боловсон хүчний нөөц бололцоо дутмаг гээд олон асуудал байдаг байх?

-Тийм. Зарим дүүрэг хамгаалах байргүй, байгаа нь орчин муу. Тэнд байрлаж байгаа хүүхдүүд голдуу үл хайхрах хүчирхийлэлд өртсөн байсан. Зарим нь хагас жил орчим ч байрладаг юм билээ. Тэгэхээр тэнд хүүхдүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, боловсрол эзэмших ёстой шүү дээ. Тиймээс зөвлөл асуудлуудлыг нэгтгэн, НИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулсан. Тогтоолын хэрэгжилтэд эмэгтэйчүүдийн зөвлөл хяналт тавина. Товчхондоо, түр хамгаалах байрны асуудлыг орхихгүй гэсэн үг л дээ, хойшид. Тогтоолын хүрээнд Түр хамгаалах байргүй дүүргүүд байртай болно. Дутагдалтай санхүүжилт, бүтэц орон тоонд нь анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг даргад үүрэг болгож, холбогдох байгууллагууд эрчимтэй ажиллаж эхэлж байгаа. Бид төсөв хөрөнгө батлахад бодлогын дэмжлэг үзүүлнэ. Үүнээс гадна соён гэгээрүүлэх ажлыг үе шаттай хийнэ. Монгол Улс гэмт хэрэгтэй тэмцэнэ гэхээрээ хүчний байгууллагын үйл ажиллагааг дэмжээд байдаг. Гэмт хэрэг буурахгүй байгаа нь өнгөрсөн жилүүдэд хийсэн энэ мэт ажлын үр дүнг харуулж байгаа юм. Тиймээс бид түр хамгаалах байрны талаар авах тогтоолдоо соён гэгээрүүлэх ажлуудыг мөн тусгасан.

-Эмэгтэйчүүд ихэвчлэн үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байна. Дээр нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж тааруугаас, тодруулбал хөгжлийн бэршээлтэй хүүхдээ хардаг ээжүүд ажил хийх боломж хомс. Тусгай сургуулийн хүрэлцээнээс авахуулаад бэрхшээл ч олон. Тэгэхээр тухайн гэр бүл нэг хүн буюу нөхрийн цалингаар амьжиргаагаа залгуулах болдог. Энэ нь магадгүй дарамт болж, хүчирхийлэл гэх мэтийн шалтгаан байх нь бий шүү дээ.

-Тийм. Тийм учраас бид ирэх сараас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа зургаан тусгай сургуульд ажиллахаар төлөвлөсөн. Жишээлбэл, манай Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургууль байна. Хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийн 30 хувийг л хамруулдаг байх жишээтэй. Хүртээмж нь л тэр. Тэгэхээр нөгөө үлдэж байгаа 70 хувь нь боловсролын тэгш бус байдалд өртөж, эцэг эх нь хөдөлмөр эрхлэх боломжгүй болж байгаа юм. Дээрээс нь тус сургуулийн сурагчид паралимпод оролцдог, спортлог хүүхдүүд. Гэтэл спортын талбайгүй байх жишээтэй. Тиймээс учраас тусгай сургуулиудыг бодлогоор дэмжих хэрэгтэй. Цаашлаад НИТХ болон бусад холбогдох байгууллагад танилцуулж, шаардлагатай арга хэмжээг авна. Ер нь хүүхэд хамгааллын асуудлаа бид хэдий болтол донор байгууллагад даатгах вэ дээ. Тэдэнтэй хамтраад төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх хэрэгтэй шүү дээ. НИТХ-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн зөвлөл энэ талаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллахад нээлттэй. Харин эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт их онцлогтой. Нийслэлд хөдөлмөр эрхлэж байгаа нэг сая  орчим хүн бий. Тэдний 70 орчим хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид байдаг. Энэ жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн  70 орчим хувь нь эмэгтэйчүүд шүү дээ. Тэгэхээр дорвитой шийдэл хэрэгтэй.

-Эмэгтэйчүүдийн зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд энэ талаар тусгасан байсан. Ямар арга хэмжээ хэрэгжүүлэх вэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ (ЖДҮҮ) эрхлэгчдэд санхүүгийн, бодлогын дэмжлэг их хэрэгтэй. Манай зөвлөлийн гишүүн, НИТХ-ын төлөөлөгч Г.Гангамөрөн нийслэлийн “Жижиг, дунд үйлдвэлэл, үйлчилгээг дэмжих төв”-ийг удирддаг. Тус төвөөс “Сэлбэ” дэд төвд Нэг цэгийн үйлчилгээг нээж байна. ЖДҮҮ эрхлэгчид хуулийн болон санхүүгийн зөвлөгөө мэдээлэл, маркетингийн үйлчилгээг тэр төвөөс авах боломжтой. Дээрээс нь бизнесээ тэнд бойжуулан, зах зээлд гаргаж болно. АХБ-ны төслийн хүрээнд ЖДҮҮ эрхлэгчдэд нэг удаагийн буцалтгүй тусламж өгөх ажлыг эхлүүлэхээр судлаж байна. Гэх мэт олон ажил хийхээр төлөвлөж байна. Эмэгтэйчүүдийн зөвлөл дүүрэгт бүрд ажиллаж ЖДҮҮ эрхлэгч эмэгтэйчүүдийг нэгтсэн арга хэмжээ зохион байгуулна. Мөн төрийн худалдан авалтад ЖДҮ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх гэх мэт ажил зохион байгуулна. Наанадаж, төрийн байгууллагын ширээн дээр гаднын чихэр биш, дотоодын ааруул байх хэрэгтэй. Тун удахгүй бид Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байна. Эмэгтэйчүүддээ тулгамдсан асуудал, хэрхэн шийдэх боломжтой байгааг өөрсдөөс нь асууж 2022 онд хийх ажлын төлөвлөгөөндөө тусгах юм. Мөн НИТХ-ын даргад танилцуулж, тогтоол батлуулна.

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ший3(95.90.197.61) 2021 оны 08 сарын 25

Томоор сэтгэ ??? ... ДҮНХҮҮ УЛААН ТУУЧИЙ ВЭ ЧИ ???!!!

0  |  0
зочин(192.82.91.51) 2021 оны 08 сарын 24

Энэ чинь.нөгөө эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн тэргүүн гээд жагсаал.хийгээд байдаг байсан авгай шив дээ. Хүн цоорно гэдэг шиг чадахгүй юмаар сайхан залах юм даа

0  |  0
Би(103.50.206.95) 2021 оны 08 сарын 24

Эмэгтэй хэрнээ эх оронч юм шиг санагдсан, хорооны сонгууль дээр уулзахдаа яриаг нь сонсоод мэдсэн

0  |  0
томоор сэтгэ (202.126.89.30) 2021 оны 08 сарын 25

тархиныхаа хэмжээгээр жижигхэн сэтгэх юм.Яая хаха хаха ,хүмүүсийн шүлс үсэрсэн ,вирүс нянтай хатсан задгай ааруулыг хиртэй гараараа авч мэрээд шүдээ хугалах байхдаа.

1  |  1
Z(202.126.89.36) 2021 оны 08 сарын 24

Zassss

2  |  0
Зочин(202.126.90.117) 2021 оны 08 сарын 25

Санаа зөв боловч шийдэл нь буруу. Ингэж муйхарлахыг мулгуу зан гээд байгаа юм. Манай монгол эмэгтэйчүүд мулгуу байдлаараа эртнээс зартай. Зүй нь хүчээр асуудлыг шийдэх биш хүмүүс өөрсдөө тэр дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэрэглэх сэдэл төртөл нь үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстой юм. Төр үүнд тус болдогүй юм гэхэд ядаж саад болохгүй байх хэрэгтэй юм даа. Төр бол нэг талдаа хүн айлгадаг хууль ёсны нударга мөн. Гэхдээ үүнийг юм болгон дээр Хүүк, Зандан, Оюук нар шиг тэрчлэн тавгийн идээн дээр ч ашиглаад байвал төр гэдэг маань юу болж хувирах вэ?

2  |  0
Top