СУРВАЛЖИЛГА: Төрийн албан хаагчид АРД ТҮМНИЙ ЗАРЦ байх ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 25

УИХ-аас Төрийн албан хаагчийн ёс зүй, сахилгын хуулийн төсөл болон төрийн жинхэнэ албанд чадахуйд үндэслэн сонгон шалгаруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ. Үүнтэй холбогдуулан дээрх хоёр хуулийн төслийн боловсруулалтын явцтай танилцах уулзалт өчигдөр /2021.08.24/ боллоо. Энэхүү уулзалтад УИХ-ын дарга Г.Занданшатар болон УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, М.Оюунчимэг, Ё.Баатарбилэг, Ц.Мөнхцэцэг нараас гадна Төрийн албаны зөвлөлийн гишүүд, албаныхан оролцсон юм.  


Г.ЗАНДАНШАТАР: ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ НЭР ТӨДИЙ, ЗАХИАЛГАТАЙ БОЛСОН

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: Үндсэн хуулийн үзэл санааны дагуу төрийн албан хаагч ард түмэндээ үйлчлэх, тэр төлөөллийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх үзэл санаанд нийцүүлэн өөрчлөх нь чухал юм. Төрийн албан хаагч бол дарга, цэрэг гэхээсээ илүү ард түмэндээ үйлчлэх, ард түмний зарц байх ёстой. Харамсалтай нь, манай төрт ёсны түүхийн 100 гаруй жилийн хугацаанд гадны нөлөөгөөр төрийн албаны нэр хүнд унасан, задарсан. Төрийн дунд, доод шатны хүнд суртал, авлига, ёс зүйгүй байдлын талаар ард түмэн их шүүмжилж байна.

Төрийн албан хаагчийн ёсзүйн зарчим хууль бол үндсэндээ гурван жил боловсруулж байна. Энэ хуулийн Ажлын хэсгийг 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байхдаа байгуулж, Япон явахдаа туршлага судалсан. Германд очиж судалгаа хийсэн. Ялангуяа Азийн эрх зүйд төрийн алба ямар ёсзүйтэй байх вэ гэдэг нь чухал. Манай улсад хуучин уламжлал, барууны чиг хандлагаас шалтгаалж төрийн албан хаагчийн ёс зүйг хуульчилж болохгүй гэдэг асуудал хөндөгдсөн. Монгол Улсад төрийн албан хаагчийн ёс зүйг хуульчлах шаардлага байна.

Түүхэн уламжлал. Монгол хүний ёс жудаг, суртахууны уламжлал өнгөрсөн 70, 80 жилийн хугацаанд өөрчлөгдсөн. Ингэснээр хуучин уламжлалт ёс суртахууны ойлголт зарим талаараа алдагдсан. Үндсэндээ 1990 оноос хойш ёс зүйн хэм хэмжээ тогтоогүй. Тиймээс төрийн алба төдийгүй нийгмийн хэмжээнд ёс зүйн асуудал асар ихээр хөндөгддөг. Бүх шатанд л яригдаж байна. Иймд төрийн албанаасаа эхлүүлж ёс зүйг хуульчилж, мөрдүүлэх нь зүйтэй юм. Хуульчилж сэргээхгүй бол болохгүй байна.

Гадаадын туршлага болон дотоодын нөхцөл байдал дээр үндэслэж, төрийн албан хаагчийн ёс зүйн зарчмыг батлах нийгмийн шаардлага бий болж байна. Төрийн албаны зөвлөл болон төрийн албаны бүх шатанд ёс зүйн хэмжээний дүрэм боловсруулагдаж, мөрдөгддөг боловч систем болж ажиллаж чадахгүй байна. Ёс зүй өөрөө хуулиар зохицуулагдаж байх ёстой. Тэгэхээр улсын хэмжээнд ажиллаж байгаа 600 гаруй ёс зүйн байгууллагын эрх хэмжээ нь тодорхойгүй байна. Энэ бол Төрийн албаны зөвлөлөөс гаргасан тайланд тодорхой дурдагдсан байна.

Төрийн албанд ёс зүй тогтох аваас нийгэмд үлгэр жишээ болно, болох ёстой. Нийгмийн хэм хэмжээ бол төлөвших юм. Төрийн жинхэнэ албан хаагчийг сонгон шалгаруулах тухай хууль байна. Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалт нэр төдий болсон. Захиалгатай болсон. Улстөржсөн гэдэг гомдол тасрахгүй байна.

Хамгийн шилдэг хүмүүс төрд ажиллах ёстой. Энэ бол төрөө дээдлэх ёс юм. Япон, Солонгос зэрэг улсын туршлагыг нэвтрүүлэх хэрэгтэй, нэвтрүүлж байна. Манай төрийн алба танил тал, арын хаалга болсон. Өөрийн хүнийг авна гэдэг болсон. Гэтэл чадал, чадвартай нь ажиллаж байж төр төмбөгөр, ёс ёмбогор байна. Гэтэл тэрний хүн, энэний хүн хэсэг хаягтай хүмүүс байна. Төрийн албан хаагчид бол ард түмэндээ үйлчилдэг, Монгол төрийн төлөө зүтгэдэг, тэрнийх нь үндэс дээр улс орон цэцэглэн хөгждөг байх ёстой юм.


Б.БААТАРЗОРИГ: ТӨРИЙН АЛБАНЫ ШАЛГАЛТ ӨГСӨН ХҮМҮҮСИЙН ДУНД СУДАЛГАА ХИЙХ ШААРДЛАГАТАЙ

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Б.БААТАРЗОРИГ: Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлын түвшинд судалгаа явуулж үзэхэд өндөр давтамжтай гарч ирж байгаа нь шударга ёсны хүсэмжлэл, төрийн албанд ёс зүйтэй, шударга ажиллуулах хүсэл 94 хувьтай байна. Бодлого тодорхой. Төрийн албаны зөвлөл 20 зорилт, 78 үйл ажиллагааг төлөвлөж, УИХ-ын гишүүдийн тусламжтайгаар зүтгэж байна. Хоёр жил ёс зүйн хуулийг хэлэлцэж байна. Батлагдсан хуулийг мөрдөж ажиллана. Хуулийн алтан гортигыг давах гээд байгаа зүйлтэй эвлэрэхгүй гэдэг чиглэл өгсөн.

Монгол Улсад төрийн 4147 байгууллага байна. Энд ажиллаж байгаа хүмүүсийн 32 хувь нь эмэгтэйчүүд байна. Харин 38 хувь эрчүүд байна. Долоон хувь нь удирдах албан тушаалтай байна. Тэгвэл төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн 60 хувь нь 1980 оноос хойш төрсөн байна. Тэдний хүсэл, эрмэлзэл тэс өөр болж байна. Хүний нөөцийн системийн шинэчлэл хийж эхэлсэн. Төрийн албаны шийтгэл эдийн засгийн холбогдолтой байх чиглэл өгөгдсөн. Бэрхшээл бол бий. Оюуны өндөр чадавхтай, ажил хийхээр үр дүн гаргах магадлалтай, салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс төрд ажиллах сонирхолтой байдаг. Тиймээс хүний нөөц дээр тэдгээр хүнийг авч ажиллуулах гарц байдаг. Шилдэг боловсон хүчин, боловсон хүчнийг эрэлхийлдэг. Хүнийг эрэлхийлж, мэдлэг чадварыг нь үнэлж хувийн сонирхлыг нь тагнах мөрдөн шалгах ажиллагааг гаднын оронд явуулдаг. Төрийн албаны шалгалт өгсөн хүмүүсийн дунд судалгаа явуулах нь зүйтэй.


М.ОЮУНЧИМЭГ: ГАВЬЯА Ч БАЙГУУЛДАГГҮЙ, ГАЙ Ч ТАРЬДАГГҮЙ ХҮМҮҮСЭЭР ТӨРИЙН АЛБА ДҮҮРСЭН БАЙНА

УИХ-ЫН ГИШҮҮН М.ОЮУНЧИМЭГТөрийн албаны бодит байдлыг хүн бүр мэднэ. Үнэхээр өөрчлөлт хийхгүй бол болохгүй. Төрийн албыг мэргэшсэн, тогтвортой байлгах. Нөгөө талаасаа чадвартай, мэдлэгтэй хүмүүсийг сонгох нь чухал байна. Энэ хоёр зарчим хоорондоо зохицохгүй, зодолдоод байна. Гавьяач байгуулдаггүй, гай ч тарьдаггүй хүмүүсээр төрийн алба дүүрчихсэн байна. Эсвэл дэндүү удаан ажиллаж, маш том толгойтой болсон хүмүүсээр дүүрсэн байна. Дарга, сайд нар өөрчлөгдөж л байдаг, тэр хүмүүс нь дархлагдсан байдаг. Энэ үйл явдал эрүүл мэндийн салбараас харагдаж байна. Жишээ нь, ШӨХТГ-ынхан албан үүргийнхээ дагуу төрийн нэг эмнэлэг дээр очиж, шаардлага тавихад үл тоож болохгүй шүү дээ.

Ажил хийж байна, хэрэгжихгүй байна. УИХ-аас ч чухал хуулийг гаргаж, баталсан. Хэрэгжүүлэхгүй, тэрэнд тавих хяналт байхгүй байгаа болохоор төрийн алба урагш явахгүй байна. Дунд шатанд ажил нурж байгаа нь үнэн шүү. Энэ хуулийг үнэхээр сайн боловсруулж, намрын чуулганаар батлах ёстой. Төрийн албыг өөр болгох хууль үнэхээр хэрэгтэй байна. Танил талгүй бол төрийн албанд орох зай алга.


Ж.МӨНХБАТ: ТӨРД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГА БИЙ

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ: УИХ-ын Тамгын газраас энэхүү хоёр хуулийн төслийг боловсруулсан. Төрийн байгуулалтын байнгынх хорооноос Ажлын хэсэг гарч, ажиллаж байна. Өнөөдөр төрийн албыг шинэчлэх, төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, төрийн алба болон ажиллаж байгаа хүмүүс нь ард түмэнд үйлчилдэг, үйлчилгээний ажилтан гэдгээ ойлгож мэдрүүлэх нь чухал байна. Ёс суртахуун, хэм хэмжээ, шилж сонох асуудал бүхнийг хуулиар зохицуулахаар боловсруулж байна. Зайлшгүй төрд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх шаардлага бий. Дэлхий нийтэд байгаа сайн жишээ, жишгийг Монгол Улс хөрсөндөө буулгаж, амьдруулах хэрэгтэй. Төрийн албан хаагчид нь ёс зүйтэй, сахилггын хуультай улс орон ч байна.

Өнөөдөр төрийн алба хүнд сурталтай, нэг нам, даргын хүмүүсээр дүүрлээ гэх шүүмжлэл байна явагддаг. Энэ бүхнийг өөрчлөх цаг болсон. Хэрэв ёс зүйн алдаа гаргасан бол төрийн нь хянадаг, шалгадаг, тогтоодог байх шаардлагатай. Зөвхөн төрийн албан хаагч биш улс төрийн өндөр албан тушаалтнуудад ч байх ёстой зарчим юм. Тиймээс энэ тал руугаа их ажил хийж байна.

Төрийн албанд шатлан дэмжих зарчим үйлчилж байна. гэтэл чадавхуудад нь суурилж сонгон шалгаруулах нь чухал байна. Тэр хүний олон зүйлийг харгалзан үзэж, сонгодог байх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, тухайн хүн ямар цаг хугацаанд ажилласан бэ гэдгээрээ биш ямар чадвартай, хэн бэ гэдгийг нь хуульчилж өгөхөөрөө давуу талтай болж байгаа юм.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.190) 2021 оны 08 сарын 25

Иргэн харин хариуцлагатай үйлчлүүлэгч байх ёстой. Үүргээ биелүүлээд эрхээ нэхдэг. Өөрийг нь тойрон байгаа хууль бус явдлыг гэрчилж төрд чимээ өгч байх ёстой. Зөвхөн эрх тэгш байдал. Хууль ёсны хүрээнд. Жишээ нь манай улсад хувь хүний шинж чанартай, бизнесийн ажлыг гуйвуулах эсвэл улс төржүүлээд эх орноосоо урвасан, гадны байгууллагад дотоодын мэдээллийг дамжуулсан гээд хэдэн арван хүнд ял өгчихсөн байдаг. Гэтэл гадны тагнуулын байгууллагад тухайлан хэлбэл Бнхау-н тагнуулын агентуудад ашиглагдаад, мэдээлэл дамжуулсан нь баримтаар тогтоогдсон хүн засагт ажиллаад явж байдаг. Эрх тэгш бус байдал г

0  |  0
Зочин(202.126.88.190) 2021 оны 08 сарын 29

Гарчигнаасаа эхлээд буруу байна. Юун хаан? Юун зарц? Комунистуудын засаг ингээд л тархи угаагаад эхлэдэг л дээ. Хаан зарцын хэрэг энд ерөөсөө байхгүй. Тэр байтугай үнэн, шударга ёс ч гэж үнэн хэрэгтээ байхгүй. Нэг нь нөгөөдөө таалагдаж оноо авахын тулд л урсгадаг бялангын үгнүүд байхгүй юу. Энэ бүхэнд ойртуулж хэлэх арай бодит үг бол эрх тэгш байдал л юм. Хуулийн дагуу эрх тэгш байх. Энэ зарчмыг сахиулагч нь төр байх ёстой. Гудманд зодолдоод 2 жилээр шийтгүүлж буй залуу хүн алах дөхөөд батлан даалтанд гарсан Түвшинбаяр. Төр иргэдэд үйлчлэх ёстой. Ариун үүрэг нь тэр. Иргэн хариуцлагатай үйлчлүү

1  |  0
(103.212.118.42) 2021 оны 08 сарын 25

NEEH INGEJ IREEL HUDLAA NEEH SURJIGENEDEGIIN,ZUGEEREL HULGAI HIIHGUI EH ORON ARD TUMENIIHEE TULUU AJILDAG BAIHA YOSTOIG NI DELHII DAYAARAA L MEDEH YOSTOI BIZDE,NEEH SURTEI 5 NASTAI HUUHDIIN MEDEEJIIN YUMSHDEE ZUGEEREL BOLICHOOCHDEE

0  |  0
зззз(192.82.80.156) 2021 оны 08 сарын 29

Эхнэр хүүхдээ зоддог хүн хариуцлага яриад хөх инээд хүргээд байгаарай

1  |  0
zochin(103.11.195.2) 2021 оны 08 сарын 25

Юун зарц, хаан шиг л байдаг ш дэ

0  |  0
Бат(202.9.47.1) 2021 оны 08 сарын 25

Ард түмэн нь бас ард түмэн шиг байвал тэдний зарц болж болно одоогийн энэ хэцүү ард түмний зарц гэж юу байхав

1  |  0
Top