Хөл хорионы үе дэх хүүхдийн сэтгэцийн эмгэгийн талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөр үеийн клиникийн их эмч Б.Насанбурмаатай ярилцлаа.
-Монголчууд цар тахлын улмаас хоёр жил тодорхой хугацаанд хөл хорионд байлаа. Ялангуяа бага насны хүүхдүүд гэрээс гарахгүй байх зэргээр хөл хорионд байх хугацаанд сэтгэлзүйд нь өөрчлөлт гарч байна уу?
-Хөл хорионд байх хоёр жилийн хугацаанд хүмүүсийн өдөр тутмын хэвшил тодорхой хэмжээгээрөөрчлөгдсөн. Ялангуяа нойр, хоолны дэглэм, дасгал хөдөлгөөн гэх мэтчилэн хүний амьдралд амин чухал физиологийн хэрэгцээтэй зүйлс алдагдаж эхэлсэн. Хөл хорио нь өсвөр насны хүүхдийн сэтгэлзүйн хувьд илүү сөргөөр нөлөөлж байна. Учир нь хүүхдийн сэтгэлзүйн хэрэгцээ үнэт зүйл нь үе тэнгийнхэн юм. Найзуудынхаа дунд харилцаанд орж, хүлээн зөвшөөрөгдөж, ямар нэгэн нийгмийн бүлгийн гишүүн болох нь тухайн хүүхдийн хувьд маш хэрэгцээт үнэт зүйл болчихсон. Бага насны хүүхдүүдийн хувьд гэр бүлийн орчин илүү чухал байр суурийг эзэлдэг. Гэртээ байх дуртай, аав ээжтэйгээ цагийг өнгөрөөвөл хамгийн аз жаргалтай нэгэн болж хувирдаг. Харин томрох тусам гэр бүлтэйгээ бус ихэвчлэн гадагшаа чиглэлтэй найз нөхөдтэйгөө хамт байхыг илүүд үздэг. Ингэснээр нийгэмтэйгээ харилцах хэрэгсэл нь ихэвчлэн гар утас, комьпютер болохоор гарцаагүй цахим дэлгэц ашиглах хэрэглээ нэмэгдэж байгаа юм. Нэгдүгээрт, хичээл цахимаар явагдана. Хоёрдугаарт, тухайн хүүхдэд нийгмийн харилцаанд орох хэрэгцээ гарч ирнэ. Тэгэхээр дэлгэцийн хэтрүүлэн хэрэглэх хэрэгцээ өсвөр насны эрэгтэй, эмэгтэй хүүхдийн дунд түгээмэл нэмэгдэж байна. Гэр бүлийн аль нэг гишүүн нь архаг хууч өвчтэй эсвэл архины хамааралтай, өөрөө сэтгэлзүйн бэрхшээлээ туулж чаддаггүй. Ийм гэр бүлд өсөж буй хүүхэд өмнө нь сургууль, цэцэрлэгт явснаар тайвшрах, өөр зүйлд анхаарлаа сарниулах боломж олддог байсан. Гэтэл хөл хорионд гэр бүлтэйгээ байнга хамт байгаад ирэхээр хүүхдэд сөрөг мэдрэмж, сртесс нэмэгдэн хүндрэх эрсдлийг үүсгэж байгаа юм.
-Сүүлийн үед эцэг эхчүүд “Хүүхдийн боловсрол орхигдлоо” гэж ярьж байна. Гэхдээ дийлэнхдээ хүүхдийнхээ сэтгэцийн эрүүл мэндийн талаар дурдахгүй байна шүү дээ. Энэ талаарх таны бодол ямар байдаг вэ?
-Цар тахлаас болж эмч нар дайчлагдаж, эмнэлгийн үйл ажиллагаа тогтвортой явагдаж чадахгүй байсан. Шаардлагатай тусламж үйлчилгээ авах ёстой хүүхдүүд хохирч байгаа байдал ажиглагдаж байна. Жишээлбэл, “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв”-ийг ковид-19 өвчний үед ашиглах эмнэлэг болгосон. Энэ үед тус төвөөр үйлчлүүлэх шаардлагатай хэл яриа, оюун ухааны бэрхшээлтэй, аутизмтай гэх зэрэг цаг алдах ёсгүй хүүхдийг олон сар шаардлагатай арга хэмжээг авалгүй, тусламж үзүүлэлгүй хугацаа алдсан. Эдгээр хүүхдүүдийн суралцах насыг алдсан нь үнэхээр харамсалтай. Эцэг эхчүүд ч гэсэн засалд яваад хэлд орж байсан хүүхдүүд, аутизмтай хүүхдүүд нийгэмшиж байсан боловч эмнэлэг хаагдсанаас болж үйлчилгээ авч чадахгүй байна. Үүнээс болж хүүхдийн хөгжил зогссон гэх мэтчилэн зүйлсийг хэл байгаа. Тиймээс цар тахалтай холбоотойгоор боловсрол гэхээсээ илүү хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хувьд сэргээн засах эмчилгээнд орох байдал нь их алдагдаж байна.
-Хүүхдүүд ихэвчлэн ямар шалтгааны улмаас сэтгэцийн өвчлөлд өртөж байгаа вэ?
-Хүүхдийн сэтгэцийн эмгэг үүсгэх шалгааныг гадаад болон дотоод хүчин зүйлсээс шалтгаалдаг гэж үздэг. Гадаад хүчин зүйлсээс шалтгаалсан эмгэгүүд нь хөл хорионы үед илүү тохиолдох хандлагатай байдаг. Тиймээс стрессийн шалтгаантай эмгэг нь түгээмэл нэмэгдэх хандлагатай байна. Хөл хорио, цар тахал нь байгалийн давагдашгүй хүчин зүйлсээс шалтгаална. Энэ нь бидний амьдралд огцом өөрчлөлтийг авчирч, түүндээ дасан зохицохын тулд тодорхой хэмжээний стрессэнд өртөх явдал юм. Тэгэхээр хөл хорионы үе стрессийн шалтгаантай сэтгэцийн эмгэгийг тодорхой хэмжээнд нэмэгдэхэд нөлөөлж байна гэж үзэхэд болно.
-Цар тахал гарснаас хойш Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийг зорих хүүхдүүд нэмэгдсэн үү?
-Ерөнхийдөө огцом бол нэмэгдээгүй. Учир нь эмнэлгийн байгууллага өөрөө эрсдэлтэй бүс байдаг. Зайлшгүй шаардлагатай хүүхдүүд ирж үйлчлүүлнэ. Харин энгийн зөвлөгөө авах, хойшлуулж болохуйц хэмжээний асуудалтай хүүдүүд ирэх нь багассан. Ихэвчлэн СЭМҮТ-ийг зорих хүүхдүүдийн тоо хөл хорио тогтоох үед цөөрдөг. Харин хөл хорио тавигдсаны дараа тодорхой хэмжээний хуримтлал үүсдэг учраас нэмэгдэх хандлага ажигллагддаг. Түүнээс биш цар тахлаас болж нэмэгдэж байна гэсэн үг биш юм.
-Монголд эцэг эхчүүд хүүхэддээ хэр анхаарал хандуулдаг гэж боддог вэ?
-Манай төвөөр ихэвчлэн хүүхэддээ анхаарал хандуулдаг эцэг эхчүүд үйлчлүүлдэг гэж хэлж болно. Гэтэл үүний цаана хэр их хүмүүс хүүхдээ асуудалтай ч гэсэн тоохгүй, үзүүлэхгүй байгааг хэлэхэд хэцүү. Тиймээс эмчийн байр сууриас хариулахад төвөгтэй асуулт байна.
-Удаан хугацааны хөл хорио ирээдүйд ямар хор хөнөөл учруулах бол. Уршиг нь хэдэн жилийн дараа илрэх вэ?
-Миний харж байгаагаар жишээлбэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хэдий бага наснаас нь ажиллах тусам төдий чинээ үр дүнд хүрдэг. Хүүхдийн гурав, дөрвөн нас буюу ажиллах ёстой энэ үеийг алдчих юм бол томрох тусам суралцах, нөхөн сэргээгдэх байдал удааширч ирдэг. Энэ нь тухайн хүүхдийн хувьд насан туршид дагалдах хор хөнөөл болж магадгүй юм. Манайд ирж буй дөрвөн настангуудийг авч үзэхэд хоёр наснаасаа эхлээд цэцэрлэгт хамрагдах ёстой байтал огт хамрагдаагүй доголдолтой ирж байгаа. Гэтэл тэр хүүхэд хоёр жилийн дараа сургуульд орно. Тухайн хүүхдийн хувьд их үнэтэй цэнэтэй хугацааг энэ хоёр жилийн хугацаанд алдсан гэж хэлж болно. Хэрвээ дахиад нэг жил хөл хорио үргэлжилбэл таван нас хүрч, дараа жил нь сургуульд орно гэсэн үг. Энэ байдлаар сургуульд ороход хэлд ороогүй, нийгэмшиж чадаагүй байх юм бол тухайн хүүхдийн хувьд амьдралд нь нөхөж болохгүй хохирол учрах юм. Харин улс нийгмийн түвшинд ямар хор хөнөөл учрахыг би хэлэхэд хэцүүхэн байна.
Б.НОМУНДАРЬ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
Hul horiond bsan ch geltgui huuhduudiig zarim etseg ehchuud yu ch uzuulehgui geel buun stress ruu oruulj bna da. Unuu huuhed ni eej aavdaa durgui bolj zoruud bolj, taivan bus havchilgand mayagtai amidralaa tuulj bna. Deer ni uurtai bagsh, deerehuu huuhduud ih l evdej bna da zugeer hediigee. Yamaar ch yum de.