"Глоб Интернэшнл Төв"-өөс төрийн өмчит “Мон-Атом” ХХК нь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эдийн засгийн цензур тогтоох гэсэн үйлдэл хийж байгааг тодотгож, энэ сарын 2-ны өдөр мэдэгдэл гаргасан билээ. Тэгвэл дээрх мэдэгдлийг хийх болсон тухай болон Монголд хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд буй талаар "Глоб Интернэшнл Төв"-ийн хуульч Б.Пүрэвсүрэнтэй уулзаж ярилцлаа.
-“Төрийн өмчит компани хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эдийн засгийн цензур тогтоох гэсэн үйлдэл болж буй талаар танай байгууллагаас мэдэгдэл гаргасан. Энэ талаар тодруулахгүй юу?
-“Өглөөний сонин”-ы сэтгүүлч С.Өлзийбаяр сонины “Байгаль эх-Хариуцлагатай уул уурхай” буланд 2021 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр “Ураны хор Дорноговийн нүүдлийн цагаан, нутгийн бор зээрийг сүйрүүлж байна” гарчигтай нийтлэл хэвлүүлжээ.
Уг нийтлэлтэй холбогдуулан “Мон-Атом” төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани тус сониныг бусдыг төөрөгдүүлэх замаар ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн үзэж, 2021 оны тавдугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ажил хэргийн нэр хүндээ сэргээлгэх нэхэмжлэл гаргасан. Ингэхдээ, дээрх нийтлэлийг түгээсэн хэлбэр, хэрэгслээр сонины эхний нүүрэндээ нийтлэх байдлаар залруулга, няцаалт хийхийг даалгах, мөн ажил хэргийн нэр хүндэд учруулсан хохирол болох 100.000.000 (нэг зуун сая) төгрөгийг гаргуулж, “Мон-Атом” ХХК-д олгуулахыг шаарджээ. “Мон-Атом” ХХК-ний энэ үйлдэл нь “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулийн гуравдугаар зүйлийн 3.1 дэх хэсэг “Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй” гэсэн заалттай зөрчилдөж байгаа тул манай төвөөс дээрх мэдэгдлийг гаргасан.
-Сэтгүүлч нийтлэлдээ байгаль экологийн тэнцвэрт байдал, хүний эрхийн асуудлыг хөндөж бичсэн байдаг. Гэтэл төрийн өмчит компани ийм төрлийн гомдол шүүхэд гаргаж байгаа нь манай улсын хэвлэлийн эрх чөлөө ямар түвшинд байгааг харуулж байна?
-Ардчилсан нийгэмд өндөр албан тушаалтнууд, төрийн байгууллагын, түүн дотроо төрийн өмчит аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа олон нийтийн байнгын хараа хяналтад байх бөгөөд тэднийг аливаа шүүмжлэлд хүлээцтэй хандахыг олон улсын хүний эрхийн хэм хэмжээнд заасан байдаг. Мөн гүтгэлэг, доромжлол, нэр төр гутаах асуудлыг гагцхүү иргэд хоорондын эсхүл бизнесийн байгууллагын ажил хэргийн нэр хүндэд хохирол учруулсан тохиолдолд маргаан гэж үзэн шийдвэрлэдэг жишиг бий. Сэтгүүлчийн нийтлэлийн сэдэв нь байгаль экологийн асуудлаас үүдэж, хүний эрүүл амьдрах эрх зөрчигдөж байгаа талаар өгүүлсэн байдаг. Үндсэн хуульд 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр оруулсан нэмэлт өөрчлөлтөд “Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй” гэж маш тодорхой заасан. Сэтгүүлч С.Өлзийбаяр Үндсэн Хуулиар баталгаажуулсан дээрх эрхийн хүрээнд олон нийтийн эрх ашгийн үүднээс мэргэжлийн үйл ажиллагааны дагуу олж авсан мэдээлэл дээрээ тулгуурлаж, гэрэл зургаар баталгаажуулсан нийтлэлийг ажил хэргийн нэр хүндэд халдсан хэмээн үзэж, их хэмжээний мөнгөн дүн нэхэмжилж буйг манай төвөөс буруушааж байна. Хууль, шүүхээр хэвлэл мэдээллийг далайлган сүрдүүлэх нь тэдэнд айдас төрүүлэх, эрх бүхий этгээдүүдийн талаарх мэдээллийг саармагжуулж, бодит шүүмжлэлийг таслан зогсоох, олон нийтийн эрх ашгийн эсрэг чиглэсэн үйлдлийг өөгшүүлэх хор уршиг дагуулах эрсдэлтэй.
-Тухайн нийтлэлд шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа төрийн өмчит “Мон-Атом” ХХК-ийн талаар нэрийг нь ч дурьдаагүй байдаг юм билээ?
-Хамгийн гол анхаарал татаад байгаа асуудал бол Цөмийн энергийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл дээр “Мон-Атом” ХХК 34 хувийг төрийн оролцоотой эзэмшинэ гэж заасан байдаг. “Мон-Атом” ХХК нь Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмалын геологи хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд дангаар болон бусад этгээдтэй хамтран оролцох, төрийн төлөөллийг зохих хуулийн дагуу хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэйгээр үүсгэн байгуулагдсан төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу хуулийн этгээд гэсэн үг. Энэ утгаараа тус компани Улаанбадрах суманд үйл ажиллагаа эрхэлж буй “Бадрах энержи” ХХК-ийн хувьцаа эзэмшигч болж, тухайн компанитай холбоотой асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдэхээр өөрийн компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэн нэхэмжлэл гаргасан байдаг юм билээ.
-Төрийн байгууллага хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлогод нөлөөлөх, дарамт шахалт үзүүлэх байдал хэр ажиглагдаж байна вэ. Танай төвөөс энэ талаар дүн шинжилгээ хэр хийдэг вэ?
- Глоб Интернэшнл Төв нь 1999 онд байгуулагдсан цагаасаа иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрх, төрийн байгууллагын ил тод байдлыг дэмжих, авлигын эсрэг соён гэгээрүүлэх чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага юм. Тиймээс бид энэ чиглэлээр тогтмол судалгаа шинжилгээ хийдэг. Хэвлэлийн эрх чөлөөний тайланг жил болгон гаргадаг. Тухайлбал, өнгөрсөн 2020 онд иргэний хэргийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд эдийн бус гэм хорын хохирол учруулсантай холбоотойгоор шүүхээс шийдвэрлэгдсэн 106 хэрэг байна. Энэ тоог бид Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс авсан. Дээрх хэргийг дотор нь задлаад үзэх юм бол 38 хувь нь төрийн өндөр албан тушаалтан, улс төрд нөлөө бүхий хүмүүсийн гомдол байгаа юм. Тус тоо нь 1999 оноос манай байгууллагын бүртгэснээс хойшхи хугацаанд гарсан хамгийн өндөр үзүүлэлт юм. Эрүүгийн хуульд 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр нэмэлт өөрчлөлт оруулснаар 13.14-т худал мэдээлэл тараахыг гэмт хэрэгт тооцох болсон. 2020 онд худал мэдээлэл тараах гэмт хэрэгтэй холбоотой 17 хэрэг шүүхээс эцэслэн шийдвэрлэгдсэн байна. Үүний найман хэрэгт нь улс төрийн өндөр албан тушаалтан, УИХ-ын гишүүн, төрийн албан хаагч, төрийн байгууллагаас гаргасан өргөдөл гомдолд үндэслэж, шүүхээс ял оногдуулжээ. Бидний олж мэдсэнээр дээрх 17 хэргийн нэг нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчтэй холбоотой байсан. Энэ мэтчилэн тоо баримтаас харахад хэвлэл мэдээллийн хэрэгслийн нийтлэлийн бодлогод төрийн байгууллага, өндөр албан тушаалтнууд нөлөөлөх хандлага ажиглагдаж байгаа юм.
Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал асуудалтай орны тоонд багтсан хэвээр байна
-Ковидын үед иргэдийн мэдэх эрх болон хэвлэл мэдээллийн хэвлэн нийтлэх эрх чөлөө хэр хумигдвал байна вэ?
-Манай төвөөс ковидын хөл хорионы үеэр дараах гурван эрх хэр зөрчигдөж байгаа талаар бүртгэл, дүн шинжилгээ хийж байгаа. Тодруулбал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, мэдэх эрх, тайван жагсаал цуглаан хийх эрх зөрчигдсөн мэдээлэл дээр бүртгэл хийгээд явж байна. Энэ асуудал дээр хуульчдын багаас дүн шинжилгээ хийж байгаа. Энэ жишээнүүд зөрчил мөнүү гэдгийг эхлээд тогтооно. Дараа нь хуульчийн тайлбарыг бэлтгэж, өөрийн байгууллагын цахим сүлжээгээр тарааж байгаа. Эхний байдлаар энэ оны хоёрдугаар сард урьдчилсан дүгнэлт гарсан. Тухайн дүгнэлтээр 70 гаруй зөрчил бүртгэгдсэн. Өөрөөр хэлбэл, гурван сард 70 гаруй зөрчил гэдэг бол өндөр байгаа юм. Энэ зөрчлөөс харахад бидэнд ковидын үед үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө маш хязгаарлагдмал байна гэж дүгнэж болохоор байна. Мөн эвлэлдэн нэгдэх буюу жагсаал цуглаан хийх эрх огт хэрэгжээгүй. Хэрэгжсэн нь ялгавартай хандсан. Жишээ нь УИХ-ын гишүүдийн жагсаалыг зөвшөөрчихсөн. Гэтэл бусад иргэдийг үзэл бодлоо илэхийлэх гэхээр цагдаагаас саатуулчихдаг. Баривчлаад 150 мянган төгрөгөөр торгочихдог. Энэ жилийн жагсаал цуглааны хувьд их онцлогтой. Бүгд өөр, өөрийн гэсэн дүр төрхтэй байсан. Жишээ нь, ямаатай жагсаал, халадтай жагсаал гэдэг ч юм уу. Маш олон янзын өнгө ажиглагдсан. Бид хамгийн сүүлд буюу наймдугаар сарын 16-наас 31-ний хооронд дахь зөрчлийн бүртгэлийн мэдээллийг сая гаргасан. Дөрвөн зөрчил байна. Энэ дунд мэдэх эрхийг зөрчсөн хоёр, үзэл бодлоо илэрхийлэх нэг, жагсаал цуглаан хийхийг зөрчсөн нэг зөрчил багтсан байна. Мэдэх эрхийг зөрчсөн жишээ гэвэл шөнийн цагаар ТВ24 гэдэг телевиз цагдаагийн алба хаагчидтай хамтраад сурвалжлага бэлтгэхэд тохиолдсон байна лээ. Энэ мэтчилэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой асуудлууд ар, араасаа гарсаар байна. Бид үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөний онцлох кейсүүдийг хүний эрх тэр дундаа иргэдийн мэдэх эрх, хэвлэл мэдээллийн хэвлэн нийтлэх эрхийн дуу хоолой болсон дэлхийн 119 орны гишүүнчлэлтэй Олон улсын байгууллагын нэгдэл IFEX-т шуурхай мэдэгддэг. Жишээ нь, “Өглөөний сонин”-ы сэтгүүлч С.Өлзийбаярын бичсэн нийтлэлтэй холбоотойгоор төрийн өмчит “Мон-Атом” ХХК шүүхэд хандаж, 100 сая төгрөг нэхэмжилсэн явдлыг тус байгууллагад мэдэгдсэн байгаа. Тэр байгууллагын вэб сайтад энэ кейс тавигдсанаар дэлхийн өнцөг булан бүрт буй хүний эрхийн байгууллага анхааралдаа авдаг онцлогтой.
-Сэтгүүлч эх сурвалжаа нууцлах, хамгаалах асуудал манай улсад ямар хуулиар зохицуулагдаж байна вэ?
-Монгол Улсад сэтгүүлчийн нууц эх сурвалжийг хамгаалсан хууль тогтоомж, одоо хүртэл хангалттай батлагдаагүй. Гэхдээ Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 34.2 дахь хэсэгт олон нийтийн радио телевизийн ажилтан мэдээллийн эх сурвалжийг нууцлах эрхтэй гэж заасан. Хэвлэл мэдээллиын зөвлөлийн ёс зүйн хороодын 2015 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар баталсан “Ёс зүйн зарчим”-ын найм дахь хэсэгт “Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална” гэж зааснаар сэтгүүлчид нууц эх сурвалжаа хамгаалах ёс зүйн үүрэг хүлээдэг. Үүнээс гадна 2016 онд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг Засгийн газрын 2017 оны 114 дүгээр тоот тогтоолоор баталсан нь дэвшилттэй зүйл болсон. Учир нь тус байдал сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлууд хийхээр тусгаад байна. Эдгээрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө батлагдаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор сэтгүүлчийн нууц эх сурвалж, шүгэлдэгчийг хамгаалсан эрх зүйн орчин бүрдүүлэхээр “Шүгэл үлээгч мэдээлэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн” төслийн ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Одоогоор энэхүү хуулийн төсөл УИХ-д өргөн баригдаагүй хэвээр байна. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ-аас 2021 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр баталсан бөгөөд уг хууль 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлснээр эх сурвалжийг хамгаалах асуудалд ахиц гарах төлөвтэй байна.
-Манай улсын төрийн өндөрлөгүүд, эрх баригч нам хэвлэл мэдээллийн эрх чөлөөг дээдэлнэ гэж ярьдаг. Гэхдээ бодит байдал дээр ямар байна вэ. Энэ тал дээр та хуульч хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Хил хязгааргүй сурвалжлагчид /RSF/ Олон улсын байгууллагын хэвлэл, эрх чөлөөний 2021 оны индексээр Монгол Улс дэлхийн 108 орноос 68 дугаарт жагсаж, өнгөрсөн жилийнхээс таван байр урагшилсан хэдий ч хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдал асуудалтай орны тоонд багтсан хэвээр байна. УИХ-аас 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийг баталсан. МАН 2020 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Хэвлэлийн эрх чөлөөг хуулиар хамгаалж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хязгаарласан аливаа бодлого хэрэгжүүлэхгүй“ тухай заасан байдаг. Гэвч “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн” шинэчилсэн найруулгын хэд, хэдэн төсөл боловсруулагдаж байсан ч УИХ-аар хэлэлцүүлэн батлуулаагүй байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Нутаг усыг хордуулчихаад одоо ард олныхоо тархийг хордуулах гэж байгаа юм уу.МОН Атомын нэг мэдрэл нөхөр шилэн бортгонд энэ УРАН шүү дээ би барьж явж болж байна гээд ярьсан .Тэгээд та наадахаа байнга авч явдаг уу ,дэрэн доороо хийгээд унтдаг уу гэж асуухад удаан хажууд нь байх хортой гээд авч байна лээ.Газар хөдлөлтөөр хөрсний шилжилт явагдаж гүний ус гадарга луугаа гарах тохиолдол байдаг.Түүнийг мэдэхгүйгээр газрын гүнд хор шахах хэрэггүй
Сайн уу, хатагтай, ноёнтоон\nQ танд зээл хэрэгтэй бол имэйлээр холбогдоорой: matildalecoustre@gmail.com\nWathsapp: 0033 7 52 48 39 19