З.Мэндсайхан: Энэ жил 20 мянган тонн махыг бэлтгэж, нөөцөлнө

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 09 сарын 08

Засгийн газрын өнөөдрийн /2021.09.08/ ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан салбарынхаа өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх мэдээллийг сонсгосон байна. Үүнтэй холбогдуулан яг одоо ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар танилцуулга хийгдлээ. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Засгийн газрын 221 тоот тогтоолыг баталсан. Энэ хүрээнд Ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Энэ жил малчид, аймаг орон нутаг болон иргэдтэйгээ хадлан тэжээл бэлтгэх, ургац хураалтаа бүрэн авах үүрэг даалгавар өгөгдсөн. Хадлан тэжээлийг бэлтгэх ажилд өмнөх жилээс илүү тоног төхөөрөмж, хөрөнгийг гаргалаа. Бид нийт 1.3 сая тонн өвс, 1.6 мянган тонн сөрөл, 95.9 мянган тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл бэлтгэхээр төлөвлөсөн. Энэ ажил 13 хувийг гүйцэтгэлтэй явна. Энэ жилийн хувьд хүндрэл байна. Хур бороо ихтэй байна. Өвөлжилт амаргүй болох төлөв харагдаж байна. Газрын хөрс чийгтэй, намар сэрүүсэх төлөв харагдаж байгаа юм" хэмээн ярилаа.

Түүнчлэн "Нийт малчдадаа малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, малын даатгалд хамрагдахыг уриалж байна. Сум, орон нутгийн аюулгүй нөөц бэлтгэх ажил 80 хувьтай явна. Хүн амын дотоодын хүнсний махны нөөцийг бэлтгэх үүднээс дорвитой арга хэмжээг авахаар ажиллаж байна. Энэ жил 20 орчим тонн мах бэлтгэх зорилго тавьсан. Энэ хүрээнд 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгох шийдвэрийг гаргасан. Дотоодын мах бэлтгэлд 17 аж ахуйн нэгж гэрээ хийж, бэлтгэл судалгааны ажил нь хийгдэж байна" гэж ярилаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top