Б.Ганзориг: Улсын хэмжээнд шүлхий өвчний эрчим буурч байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 12

Улсын хэмжээнд малын гоц халдварт шүлхий өвчний тархалт ямар байгаа талаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзоригоос тодрууллаа.


 

-Улсын хэмжээнд хэдэн аймагт шүлхий өвчин гараад байна вэ?

-Он гарсаар 10 аймагт шүлхий өвчний дэгдэлт гарсан. Нийт 33 сумын 341 малчин өрхийн 19779 толгой мал, амьтан гоц халдварт шүлхий өвчнөөр өвчилсөн байна. Үүнээс таван аймгийн 12 голомтын хорио цээр, хязгаарлалтын дэглэм буугаад хэвийн байдалдаа орлоо. Улсаас жилд 10 сая тун вакцин худалдаж авч, малд урьдчилан сэргийлэх тарилга хийдэг. Эхний ээлжийн таван сая тун вакцинаа аваад, Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Улаанбаатар, Дорноговь, Төв, Говьсүмбэр, Дундговь, Өмнөговь, Ховд, Баян-Өлгий зэрэг аймгийн 20903 малчин өрхийн 9.9 сая гаруй толгой малыг дархлаажуулсан. Өнгөрсөн долоо хоногт хоёрдугаар ээлжийн вакцинаа хүлээж аваад аймгуудад 4.6 сая тун вакциныг хуваарилсан. Энэ вакцинаар мөн 9.9 сая гаруй толгой малыг дархлаажуулна. Голомтын бүсэд халдваргүйтгэл хийх, хорио цээрийн дэглэм тогтоох ажлыг хууль дүрэмд заасны дагуу хэрэгжүүлж байна. 10 аймгийн голомтын болон сэжигтэй бүсийн 1121 малчин өрхийн хашаа хороо, худаг ус, бэлчээр, устгалын цэгийн нийт 2.6 сая ам.метр талбайд халдваргүйтгэл хийлээ.

-Таван аймгийн 12 шүлхийн голомт эргээд хэвийн байдалд шилжсэн гэлээ. Ямар үед хэвийн болсон гэж үзэх вэ?

-Голомтын бүсэд хорио цээрийн дэглэм тогтоож сүүлийн мал өвчилснөөс хойш 28 хоногийн хугацаанд хорио цээрийн хугацааг тоолж эхэлдэг. 28 хоносны дараа дахин 14 хоногт хязгаарлалтын дэглэм бууруулж ажилладаг. Тиймээс тухайн газрыг голомтод авснаас хойш 42 хоногт дахин мал, амьтан өвчлөөгүй учраас дэглэмийг бууруулж, хэвийн байдалд оруулсан.

-Юунаас шалтгаалж шүлхий өвчин их гарав?

-Ер нь вирус гэдэг хүйтэнд тэсвэртэй зүйл. Энэ жилийн шүлхийн дэгдэлт нь өнгөрсөн жил өвөлжилт хүндэрсэнтэй холбоотойгоор гарсан. Өвөрхангай, Баянхонгор, Дундговийн малчид эрсдэл бүхий аймагт малаа олноороо өвөлжүүлсэн байдаг. Мал амьтны урьдчилан сэргийлэх вакциныг отроор гаднаас ирсэн малд хийгээгүй. Монгол Улсад шүлхийний эсрэг вакциныг үйлдвэрлэдэггүй. Бүрэн импортоор худалдаж авдаг. Цар тахалтай холбоотой эдийн засгийн байдал хүндрэлтэй байгаа. Тиймээс ч тэр Монгол Улсын эрсдэлтэй бүсийн 35-40 хувийн мэдрэмтгий малыг тархвар зүйн судалгаа, тандалтын дүнг үндэслэн дархлаажуулалтад хамруулж байна. Тэдгээр малд урьдчилан сэргийлэх тарилга тогтмол хийдэг.

-Шүлхий өвчний үүсгэгчийг нь албан ёсны лабораторид баталгаажуулсан уу?

-Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид бүх шинжилгээг хийдэг. Дэлхийн мал амьтны Эрүүл мэндийн байгууллагын лавлагаа лаборатори гэж байдаг. Английн Пирбрайтын лабораторид дээжээ явуулсан. Онош баталгаажсан. Удам зүйн шинжилгээний хариу л ирээгүй байна. Шүлхий өвчин дотроо олон хэвшил, дэд хэвшилтэй байдаг. Манай урд, хойд хөршид шүлхий өвчин мэдээлэгдсэн байдаг. Шинжилгээгээр урд, хойд хөршид үүсгэгдсэн хэвшлээр болон урд манайд оношлогдож байсан хэвшил, дэд хэвшил энэ жил Монгол Улсад гарч байгаа шүлхий өвчин үүсгэгдсэн гэдэг үндсэндээ тогтоогдсон.

-Шүлхий өвчний хэвшил гэж юу вэ?

-Коронавирусний дельта, альфа хувилбар гэж байгаа шиг Монгол Улсад гарч байгаа шүлхийн “О” хэвшлээр үүсгэгдсэн байна.

-Шүлхий өвчний эрсдэл ихтэй аймгууд аль нь вэ?

-Зүүн талын гурван аймаг, говийн хоёр аймаг эрсдэл хамгийн өндөр байдаг. Баруун аймгууд руу шүлхийг алдахгүйн тулд босоо тэнхлэгт хамгаалалтын бүс үүсгэж мал, амьтнаа дархлаажуулдаг.

-Өнгөрсөн жилийн байдалтай харьцуулахад энэ жил шүлхий их гарсан уу?

-Өнгөрсөн жил шүлхий харьцангуй гайгүй байсан. Энэ жил отор нүүдлээр эрсдэл бүхий аймгийн нутаг дэвсгэрт мал орж асуудал үүсгэж байгаа юм. Шүлхий өвчний үүсгэгч хөнгөн чанарын бөгөөд хилээр орж ирэх магадлал өндөр. Машины дугуй, хүний биед наалдаад хилээр орж ирэх эрсдэл ихтэй. Зэрлэг амьтан зээр гээд бусад төрлийн амьтан хилээр орж ирэхэд дамжих магадлалтай.

-Шүлхий өвчин хүнд халддаг уу?

-Шүлхий өвчин зоонозын өвчин биш. Өөрөөр хэлбэл, малаас хүнд, хүнээс малд халддаг өвчин биш. Хилийн хорио цээрт өвчин юм. Малаас малд халдана. Үүнээс биш зарим аймгийн гаргаж байгаа мэдээлэл шиг хүнд халддаг өвчин биш шүү.

-Шүлхий өвчний тархалт хэзээ хүртэл гарах вэ?

-Одоо намжиж байгаа. Манай дээр Шуурхай штаб ажиллаж, өдөр болгон аймгуудаас яаралтай мэдээ авдаг. Өдөрт ирж байгаа мэдээ багасч байна. Эрчим буурч байна. Сэжигтэй болон голомтын бүсэд дархлаажуулалт хийж, шүлхий тархах замыг хамгаалж байна. Өвчлөлийн эрчим үндсэндээ буурч байна. Аравдугаар сарын эхээр бүх голомтыг буулгаж, өвөлжихөд бэлтгэх нь хамгийн чухал, бидний үндсэн зорилго юм.

-Шүлхийн вакцины дархлаа үүсгэх хугацаа ямар байдаг вэ?

-Дархлаа үүсэх хугацаа нь зургаан сар. Зургаан сарын зайтай хоёр тун вакцин хийдэг. Энэ жил 8.3 тэрбум төгрөгийн улсын төсвийн хөрөнгөөр вакциныг худалдаж аваад жилд хоёр удаа, намар, хавартаа вакцин хийж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top