Есдүгээр сарын 11-ний нууц баримтуудыг ил болгов

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 12

АНУ-ын Ерөнхийлөгч Жозеф Байдены зарлиг ёсоор Холбооны мөрдөх товчоо 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны талаарх эхний баримтуудыг анх удаа ил болгож, өөрийн цахим хуудсандаа байршуулжээ.

Нууцын зэрэглэлээс гаргасан материалуудын ихэнх нь 2016 онд хамаарах гэнэ. 16 хуудас материалаас бүрдсэн баримтуудыг Лос Анжелес хот дахь Саудын Арабын консулын газарт ажиллаж байсан, нэрийг нь нууцалсан хүний мэдүүлэг дээр үндэслэн бүрдүүлжээ.

Баримтад тэрхүү хүний АНУ-ын эрх баригчдын үзэж буйгаар 2001 оны есдүгээр сарын 11-ний өдөр иргэний агаарын тээврийн онгоцыг барьцаалахад оролцсон алан хядагчдад логистикийн туслалцаа үзүүлж байсан байж болзошгүй хүмүүстэй харилцаж байсан талаар дурджээ. Тухайлбал, эх сурвалж Саудын Арабын хоёр албан тушаалтантай харилцаж байсан тухай өгүүлжээ. Тэдний нэг нь Лос Анжелес дахь Саудын Арабын консулын газарт ажилладаг байсан бол нөгөө нь Холбооны мөрдөх товчооны үзэж буйгаар Саудын Арабын тагнуулын ажилтан байсан байж болзошгүй аж. Баримтуудаас үзвэл Саудын Арабын эрх баригчид энэ хэрэгт оролцоогүй болохыг илтгэж байна гэж The Guardian бичжээ.

Цагаан ордны тэргүүн Жо Байден энэ сарын 3-нд 2001 оны есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагаатай холбоотой засгийн газрын баримтуудыг нууцын зэрэглэлээс гаргах зорилгоор эргэн харах тухай зарлиг гаргасан. Үүнээс өмнө АНУ-ын 1.8 мянган иргэн, тэр дундаа алан хядах ажиллагааны үеэр амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн Байденд хандан алан хядах ажиллагааны нөхцөл байдлын талаарх баримтуудыг ил болгохоос нааш хохирогчдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнд оролцохгүй байхыг уриалсан захидал илгээсэн билээ. Тэд эдгээр материалд Саудын Арабын эрх баригчид болсон хэрэг явдалд холбоотойг нотлох баримт байгаа гэж үзэж байгаа аж.

Харин АНУ-д суугаа Саудын Арабын ЭСЯ-ны зүгээс есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааны талаар АНУ-ын эрх баригчдад буй бүхий л баримт, материалыг нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд ил болохыг Саудын Арабын эрх баригчид дэмжиж буйг илэрхийлжээ. Ингэснээр, Саудын Арабыг ор үндэслэлгүй буруутгаж буй явдалд цэг тавина гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top