2001 оны есдүгээр сарын 11-ний мягмар гарагт алан хядагчид Америкийн иргэний агаарын тээврийн онгоцнуудыг барьцаалан, Нью Йорк хотын тэнгэр баганадсан хоёр барилгыг мөргөв. Аймшигт үйл явдлын улмаас гурван мянган хүн амиа алдсан билээ.
Энэ алан хядах ажиллагаа америкчуудын хувьд төдийгүй дэлхий дахинд орчин цагийн хамгийн эмгэнэлтэй, түүхэнд бичигдэх үйл явдал болов.
Цохилтын байнууд
Амиа хорлогч алан хядагчид АНУ-ын зүүн эрэг дээгүүр нисэж явсан дөрвөн онгоцыг нэгэн зэрэг барьцаанд авчээ. Тэд эдгээр онгоцыг удирдлагатай асар том бөмбөг болгон ашиглаж, Нью Йорк болон Вашингтон хотын бэлэг тэмдэг болсон барилгуудыг мөргөх төлөвлөгөөтэй байв. Хоёр онгоц нь Нью Йорк хотын Дэлхийн худалдааны төвийн ихэр хоёр цамхгийг мөргөсөн байна. Энхийнх нь орон нутгийн цагаар 08.46 цагт хойд барилгыг, хоёр дахь нь 09.03 цагт өмнөд цамхгийг мөргөжээ. Барилгуудад гал гарснаар дээд давхарт байсан хүмүүсийг аврах гарцгүй болгов. Хоёр цаг хүрэхгүй хугацаанд 110 давхар ихэр цамхаг нуран унажээ.
Мөн өдрийн 09.37 цагт гурав дахь онгоц Вашингтон хот орчим байрладаг АНУ-ын батлан хамгаалах яамны барилга Пентагоны баруун талыг мөргөв. Харин дөрөв дэх онгоцонд зорчигчид алан хядагчидтай ширүүн тэмцэлдсэн ба онгоц 10.03 цагт Пенсильван мужийн нутаг дэвсгэрт нэгэн талбай дээр унажээ. Энэ онгоц Вашингтоны Капитолийг мөргөх ёстой байв.
Хэдэн хүний амь үрэгдэв?
Алан хядах ажиллагааны улмаас нийт 2977 энгийн иргэн амь үрэгдсэний ихэнх нь Нью Йорк хотын ихэр цамхагт амиа алджээ. 19 амиа хорлогч алан хядагчид мөн үхсэн байна.
Дөрвөн онгоцонд нийт 246 зорчигч, багийн гишүүд байсан ба тэд бүгд амь үрэгджээ.
Ихэр цамхагт газар дээрээ болон шархаа даалгүй нийт 2606 хүн, Пентагоны байранд 125 хүн амиа алдав.
Эмгэнэлт явдлын хамгийн залуу хохирогч Кристин Ли Хэнсон дөнгөж хоёр ойтой байжээ. Тэрээр эцэг, эхийн хамтаар онгоцоор явж байв. Харин хамгийн ахмад настай хохирогч болох Роберт Нортон 82 настай байв. Тэрбээр эхнэр Жаклины хамтаар мөн л онгоцоор нисэж байжээ.
Онгоц мөргөх үед Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагт 17400 орчим хүн байсан аж. Хойд цамхгийн дээд давхарт байсан хүмүүсээс нэг нь ч амьд гараагүй. Харин өмнөд цамхгийн цохилтоос дээш давхарт байсан 18 хүн амь аврагдаж чадсан байна.
Нас барсан хүмүүсийн дунд 77 орны иргэд байв. Нью Йорк хот онцгой албаны 441 ажилтнаа алджээ.
Олон мянган хүн шархадсан байна.
Ажиллагааг хэн зохион байгуулав?
Алан хядах ажиллагааг "Аль-Каида" исламын хэт даврагчдын сүлжээ бүлэглэлийн толгойлогчид Афганистанд төлөвлөжээ. Тухайн үед Афганистан улс талибуудын хяналтад байв. Усама бен Ладен тэргүүтэй "Аль-Каида" бүлэглэл АНУ –ыг холбоотнуудын хамтаар исламын ертөнцөд сөргөлдөөн үүсгэж буйд буруутгадаг байжээ.
Ажиллагааг 19 хүн биечлэн хэрэгжүүлсэн. Тус бүр таван хүнээс бүрдсэн гурван бүлэг, Пенсильванд унасан онгоцыг дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бүлэг барьцаалсан байна. Бүлэг бүрт онгоц удирдах чадвартай хүмүүс байсан аж. Тэд бүгд АНУ-ын хувийн нислэгийн сургуульд сургалтад хамрагдаж байжээ.
19 алан хядагчийн 15 нь бен Ладены нутаг нэгтнүүд буюу Саудын Араб, хоёр нь АНЭУ, нэг нь Египет, нэг нь Ливаны иргэд байжээ.
АНУ ямар хариу барив
АНУ-д үйлдсэн алан хядах ажиллагаанаас хойш нэг сар орчмын дараа АНУ холбоотнуудын хамтаар Афганистанд халдлаа. АНУ-ын тухайн үеийн Ерөнхийлөгч Жорж Бушийн санаачилсан ажиллагааны зорилго нь “Аль-Каида” бүлэглэлийг устгах, Усама бен Ладеныг барих явдал байв. Гэхдээ бен Ладеныг хожуу буюу 2011 онд Афганистанп бус Пакистанд илрүүлж, хөнөөсөн юм.
Есдүгээр сарын 11-ний алан хядах ажиллагааг төлөвлөхөд шууд оролцсон хэмээн АНУ-ын буруутгадаг Халид Шейх Мохаммедыг 2003 онд Пакистанд баривчилжээ. Тэр Куба дахь Гуантанамо бааз дахь хорих газарт шүүх хурал хүлээж буй.
Тусгай албад “Аль-Каида” өнөө хэр “амьд” гэж үздэг. Тус бүлэглэл Африкт илүү хүчээ авсан бөгөөд гишүүд нь Афганистанд байдаг. АНУ Афганистан дахь 20 жилийн цэргийн ажиллагаагаа эцэслэсэн нь исламын энэ бүлэглэл талибуудын жигүүр дор дахин идэвхэжнэ гэж олон хүн эмээж буй.
2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын үр дагавар
Есдүгээр сарын 11-нээс хойш дэлхий даяар агаарын тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын дүрмийг чангатгажээ.
Ихэр цамхгийн нурангийг найман сарын турш цэвэрлэсэн байна. 2006-2013 онд ихэр цамхгийн буурин дээр Дэлхийн худалдааны төвийн шинэ барилгыг сүндэрлүүлсэн. Шинэ цамхаг өмнөхөөсөө өндөр бөгөөд өдгөө АНУ-ын хамгийн өндөр барилгад тооцогдож байна. Хуучин ихэр цамхгууд 415 м байсан бол шинэ барилга нь 541 м. Түүнчлэн, энэ газарт дурсгалын хөшөө, музей байгуулжээ. Харин Пентагоны барилгыг сэргээн засварлах ажил нэг жил үргэлжилсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ихэр 2 цамхаг хүн төрөлхтний бүтээсэн гайхамшигтай бүтээн байгуулалтуудын нэг байсан. Хүний бүтээлийг сүйтгэгчийг террор гэнэ. Монголд иймэрхүү халдлага өмч хувьчлал нэрээр явагдаад өнгөрснийг мартах ёсгүй. Шүүх цаг айсуй.