Я.Эрдэнэсайхан: Хоршооны тухай хуульд хэд хэдэн зарчмын өөрчлөлт орсон

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 14

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодын хөгжил болон санхүүгийн дэмжлэгийн асуудлаар Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхантай ярилцлаа.


 

-Жижиг, дунд үйлдвэрийн газраар дамжуулан хөдөө аж ахуйн хоршоодод 810 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олголоо. Улсын хэмжээнд хэдэн хоршоо байдаг вэ. Хөнгөлөлттэй зээл хоршоодын үйл ажиллагаанд бодит дэмжлэг болох уу?

-Монгол Улсад 4400 гаруй хоршоо бий. Хоршоодын 90 гаруй хувь нь хөдөө, орон нутагт байдаг. Улаанбаатарт хадгаламж зээлийн хоршоод голдуу байр сууриа олсон. Засгийн газар, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл дээр хоёр жил орчим ярилцаж, ажилласны үр дүнд 11 хоршооноос эхний ээлжийн есөн хоршоонд 810 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олголоо. Хамгийн өндөр дүнтэй нь 130-140 сая төгрөгийн зээл олгоод байна. Нөхцөл нэн таатай гэж хэлж болно. Таван жилийн хугацаатай жилийн таван хувийн хүүтэй, эхний нэг жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөлтэй зээл юм.

-Зээлийн зарцуулалт ямар байх вэ. Дан эргэлтийн хөрөнгө хэлбэрээр үү, хэлбэр хамаарахгүй юу?

-Зээл авсан хоршоод тус бүр өөрсдийн төслийг бичиж ирүүлсэн. Зарим нь эргэлтийн хөрөнгөөр, зарим нь үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмж худалдаж авах зэргээр дандаа үйл ажиллагаагаа сайжруулах зорилтоор зээл авсан байна.

-Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад удаагүй байна. Хуулийн хэрэгжилт ямар байгаа вэ?

-2019 онд Засгийн газраас хоршоо хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг баталсан. Харин Хоршооны тухай хууль УИХ-д хоёр жил гаруй хэлэлцэж байж 2021 оны тавдугаар сарын 6-ны өдөр батлагдсан. Хуулийг батлуулахад Хоршоологчдын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Г.Тэмүүлэн, Ц.Мөнх-Оргил нарын гишүүн идэвх, зүтгэл гаргаж ажилласан. Монгол Улсын нутаг дэвсгэр онцлогтой. Иргэд нь тархай бутархай суурьшдаг, нүүдэллэж амьдардаг. Хөдөө аж ахуйн орон. Тиймээс манай улсын хөгжилд орон нутгийн хөгжил чухал үүрэгтэй. Орон нутгийн хөгжлийг шийдэхэд хамгийн гол хөрөнгө оруулалт нь хоршоо юм. Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга дээр хэд хэдэн зарчмын өөрчлөлт орсон. Нэгдүгээрт, малчдаас мал, ноос, ноолуур, түүхий эд авч, үндэсний үйлдвэрүүд, цаашлаад гадаадын зах зээл рүү гаргах ажлыг ихэвчлэн ченжүүд хийдэг байсан. Ченжүүд малчдаас хямд үнээр аваад үйлдвэрүүдэд үнэтэй зардаг. Энэ тогтолцоог Хоршооны тухай хуулийн хэрэгжилтээр халж байгаа. Өөрөөр хэлбэл, хэсэг малчид нэгдээд хоршоогоо байгуулна. Хоршоогүй малчдын хувьд ч түүхий эдээ хоршоонд илүү өндөр үнээр тушаах боломжтой. Үндэсний үйлдвэрүүд байж болох хамгийн хямд үнээр түүхий эдээ хоршооноос авна. Үндэсний үйлдвэр, малчдад аль алинд нь ашигтай. Дундын зуучлалгүй болно. Дуртай хүн нь очоод малын түүхий эдийн үнийг унагаж, хямд үнээр авдаг бүтэц байхгүй болох юм. Үүнд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль ч гол нөлөө үзүүлж байна. Хоёрдугаарт, Сум хөгжүүлэх сан гэж 330 сумд байдаг. Тус санг Хоршоо хөгжүүлэх сан болгож өөрчилж байгаа. Журам нь удахгүй гарна. Орон нутагт байгаа хоршоод Хоршоо хөгжүүлэх сангаасаа хамгийн түрүүнд зээл авснаар санхүүгийн асуудал шийдвэрлэгдэнэ. Мөн Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хоршоонд зориулсан тусгай бүтээгдэхүүн гаргахаар ажиллаж байна. Аймгуудын Засаг дарга нарт хоршоог дэмжих, хөрөнгө оруулалтыг нь орон нутгийн төсөвт тусгах тухай албан бичгүүдийг хүргүүлсэн. Хоршоо аж ахуйн нэгжийн хувьд банк, санхүүгийн байгууллагаас зээл авахад хүндрэлтэй байсан. Энэ нь хоршооны хөгжлийн нэг тушаа байсан. Тэгвэл Хоршооны тухай хуулийн шинэчлэлээр хоршоо өөрийн хөрөнгөтэй болох, нөөцийн сан, эрсдэлийн сантай болох нөхцөлүүдийг суулгаж өгсөн онцлогтой. Хоршоо өөрөө банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломж бүрдсэн. Шинэчилсэн хуулиар хоршооны барьцаа хөрөнгийн асуудлыг шийдэж өгсөн учраас зээл авахад илүү таатай болсон.

-Хоршооны тухай хууль хоршоодын үйл ажиллагаанд таны хэлсэн шиг нөлөөлж чадаж байна уу. Хоршоодын зүгээс хуулийн шинэчлэл, хэрэгжилтийг одоо юу гэж дүгнэх юм?

-Хуулийг хэлэлцүүлэх явцад хоршоологчидтойгоо олон удаа уулзаж саналыг нь авсан. Тухайлбал, НӨАТ-ын тухай хууль ихээхэн эсэргүүцэлтэй тулгарч батлагдаж байгаа. Энэ нь хоршоологчдын яг хүсэж байгаа хууль юм. Хоршоодын үйл ажиллагаанд эерэг нөлөөллүүд гарсан байна. Сая орон нутгаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авсан зээлдэгчдийн үйл ажиллагаанд хяналт тавих, тооцоо нийлэх асуудлаар судалгаа хийж явлаа. Энэ үеэр Хоршооны тухай хуулийн талаар орон нутгийн иргэд хамгийн их асууж сураглаж, мэдээлэл солилцож ярилцаж байна лээ. “Хоршоо яаж нэгдэх вэ, биднийг хэрхэн дэмжих вэ” гэдэг талаар голдуу асууж тодруулж байна. Хоршооны тухай хуулийн талаар мэдээлэл иргэдэд хүрсэн. Тэдний хүссэн асуудлыг бид шийдвэрлэсэн байна гэж харж байгаа.

-Сумдад загвар хоршоодыг байгуулна гэсэн. Загвар хоршоо ямар бүтэц, үүрэгтэй байх юм бэ?

-Одоогоор нэг суманд багадаа тав, дээшээ найм хүртэл хоршоод байна. Энэ мэт нэг суманд олон хоршоо байснаасаа илүү нэг хоршоо нь илүү чадварлаг байгаад, малчдаа олноор нь хоршоондоо элсүүлээд, малчдынхаа түүхий эдийг аваад үндэсний үйлдвэрүүдэд биржээр дамжуулж борлуулдаг систем рүү оруулж өгөх ёстой. Бид Загвар хоршооны техник, эдийн засгийн үндэслэлийг 2019-2020 онд баталсан. Үүнд, малчид, тариаланчдын хосолмол хоршоог шинээр байгуулахад 800-900 сая төгрөг орно гэж гарсан. Тэгвэл бүх суманд хоршоо байгаа. Сайн явж байгаа хоршоод ч байна. Тэд тодорхой хэмжээнд өөрийн хөрөнгөтэй болсон амжилттай үйл ажиллагаа явж байгаа учраас Сум хөгжүүлэх сангийн төрөл бүрийн дэмжлэгээр дэмжээд суман дээрээ бүх хэрэгтэй үйл ажиллагааг явуулдаг болгохыг хэлээд байгаа юм. Жишээлбэл, мал нядалгааны цэгтэй, түүхий эдийн цэгтэй, хүнсний агуулахтай, сүү боловсруулах цэгтэй, хүнсний дэлгүүр, зочид буудалтай загвар хоршоог байгуулах юм. Сумын онцлогоос шалтгаалж тухайн том хоршоонд юу хэрэгтэй тэрийгээ байгуулах зорилготой. Хөдөө аж ахуйн түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг хоршоогоор дамжуулж хийх бүтцийг Загвар хоршоо гэх юм.

-Хоршооны тухай хуулиар хоршоодын үйл ажиллагаа таатай явах нөхцөл бүрджээ. Түүнчлэн зээл, дэмжлэгүүдийг ч хүртээмжтэй байлгах талаас нь ажиллаж байгаа юм байна. Тэгвэл цар тахал хоршоодын үйл ажиллагаанд хэр нөлөөлөв?

-Цар тахал бүх салбарт нөлөөлж байна. Тэр дундаа жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хамгийн эмзэг тусаж, хоршоонд ч ялгаагүй нөлөөллөө үзүүлж байна. Дэлхий нийтийн хувьд ч адилхан. Гэхдээ бид цар тахлын нөлөө байна гэхээс илүү цар тахлын үед болон цар тахлын дараа жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, хоршоодод яаж боломж олгох вэ гэдэг дээр тулгуурлан ажиллаж байна.

-Энэ жил Жижиг, дунд үйлдвэрийн газраас хоршоодыг хөнгөлөлттэй зээлээр дэмжихээс гадна үйлдвэрлэгчдээ ямар дэмжлэг үзүүлж байна вэ?

-Энэ жилийн хувьд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл олгохгүй. Яагаад гэвэл хуучин Засгийн газрын бондод Засгийн газрын нэр дээр гаргасан үнэт цааснаас Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санд өгөөд, тэндээсээ аж ахуйн нэгжүүдэд зээл өгсөн. Зээлийг буцааж Засгийн газраас төлөх ёстой гээд аж ахуйн нэгжүүд олон жил төлөлгүй явсан байдаг. Үүнийг бид эдийн засгийн хувьд эрүүл байх ёстой гэж үзээд өгөх ёстой өрийг нь өгч, авах ёстой авлагаа авах байдлаар ажиллаж байна. Өр барагдуулалтын хувьд сайн ажилласан. Гурван банкнаас хэцүү авлагатай байсан. Хоёрынх нь зөрчлийг бүрэн арилгасан. Одоо ганцхан Капитал банкны асуудал байгаа. Бонд дээр Засгийн газарт буюу Сангийн яаманд 43 тэрбум төгрөгийг өгөх ёстой. Үүнээс энэ жил 12 тэрбум төгрөгийг төлөөд байна. Бид коронавирусний үед Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас авсан зээлдэгчдийн зээлийг хойшлуулсан. Үүнээс болж орж ирэх мөнгө багассан. Энэ жил болон ирэх жилдээ хөрөнгө оруулалтаа бүрэн төвлөрүүлчихвэл ирэх жилийн хагасаас хойш төвлөрсөн мөнгөөрөө зээл олгоно гэж бодож байгаа.

-Улсын хэмжээний 4400 гаруй хоршооноос хөдөө аж ахуйн хоршоод дийлэнхийг эзэлнэ. Хөдөө аж ахуйн хоршоодыг яагаад тусгайлан хөнгөлөлттэй зээлээр дэмжих болсон бэ?

-Монгол орон хөдөө аж ахуйн орон гэдгийг хаана хаанаа ярьж байгаа. Тэр дундаа Монгол Улсын 330 сум бүгд мал аж ахуйтай. Мал аж ахуйн түүхий эд сум, хөдөөдөө үнэгүйдсэн. Улаанбаатарт хэрэгцээтэй байдаг. Жишээлбэл, Арьс шир үйлдвэрлэгчдийн холбоо гэхэд авсан арьсныхаа 10 хувийг гологдол болгож хаяж байна. Улмаар нэгж бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Бид хоршоогоор дамжуулж авахаар сортлоод нэгдүгээр зэрэглэлийн буюу ямар ч эсгэлтгүй шаардлага хангаж байгаа нь үнэтэй, хоёрдугаар зэрэглэлийнх арай хямд байна. Үндэсний үйлдвэрт бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжгүй арьсыг худалдаж авчраад хаях хэрэггүй юм. Тэр хаях гэж байгаа арьсыг сумдын хоршоо боловсруулаад борлуулалт хийгээд, дээл, суудлын бүрээс, гэрийн дулаалга хийх байдлаар ашиглана. Үнэтэй, хамгийн чанартайг нь үндэсний үйлдвэрүүдэд нийлүүлнэ. Ингэснээр Монгол Улсад арьс ширэн түүхий эдийн үнэ өндөр байгаагийн нэг шалтгаан арилна гэж үзэж байгаа. Бид яагаад хөдөө аж ахуйн хоршоологчдод түлхүү анхаарч байна вэ гэхээр малчдын асуудлыг шийдэхэд ялангуяа хөдөө аж ахуйн хоршоо чухал үүрэгтэй. Хоршооны ачаар асуудлыг малчин тус бүр дор дороо шийдэх бус, нэгдсэн цэг дээр, эрүүл ахуйн шаардлага хангаснаар хамтаараа боловсруулж, тээвэрлэдэг. Тэр чанартай түүхий эд, боловсруулсан материалыг иргэд худалдаж авдаг байвал малчинд ч ашигтай. Эцсийн хэрэглэгч ч эрүүл, чанартай хүнс, материал худалдаж авах боломж бүрдэнэ.

-Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Тус зээл үйлдвэрлэгчид, хоршоодын үйл ажиллагаанд хэр дэмжлэг болж байгаа вэ?

-Ковид-19 цар тахлын үед хамгийн их хохирол амсаж байгаа жижиг, дунд үйлдвэрлэгч, үндэсний баялаг бүтээгчдээ төрөөс тусгайлан бодлогоор дэмжиж байгаа. Энэ хүрээндээ Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөг баталж, хэрэгжүүлж байна. Үүнээс хоёр их наядын зээлийг гурван хувийн хүүтэйгээр аж ахуйн нэгж, иргэдэд олгож байсан бол өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хуралдаанаар нэг их наядыг нэмж дэмжлэг болгон олгож байна. Цар тахлын үед дулаан, цахилгааны суурь төлбөрийг тэглэсэн. Нийгмийн даатгалын шимтгэлээс тодорхой хугацаанд чөлөөлсөн гээд бодлогын шийдвэрүүдийг гаргаж ажиллаж байгаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top