Б.Гантигмаа: Залуу байхад ямар ч юмыг тоодоггүй юм байна

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

Монголын үндэсний олон нийтийн телевизийн нэвтрүүлэгч, Соёлын тэргүүний ажилтан Б.Гантигмаатай ярилцлаа. Тэрбээр айл бүхний цэнхэр дэлгэцээр өдөр бүр учран золгож, үндэсний телевизээр овоглоод 30 гаруй жилийг үджээ. Эрхэмсэг бүсгүйтэй эмэгтэй хүний дотоод оршихуй, нууцхан гуниг хийгээд ажил амьдралынх нь талаар хүүрнэлдлээ.


 

АЯЛГУУ САЙХАН МОНГОЛ НАЙРУУЛГА УЛАМ БҮР БҮДГЭРЧ БАЙГААД ХАРАМСДАГ

 

-Та Монголын үндэсний телевиз хэмээх өнөр айлын өндөр босгыг даваад ажил амьдралынхаа гарааг эхэлсэн тэрхүү мөчөө эргэн дурсвал?

-Миний ээж Дарханы радио телевизийн редакцид нэвтрүүлэгч хийдэг байлаа. Би багадаа сэтгэл судлаач болно гэж боддог байсан юм. Яах аргагүй л ээжээсээ суралцаж нэвтрүүлэгч байхын сайхныг мэдэрч, улмаар дурлаж, энэ мэргэжилтэй салшгүй холбоотой болсон доо. Үндэсний телевизийн алтан босгыг 19-хэн настайдаа алхаж байлаа. СУИС-ийн жүжигчний ангид сурч байгаад хоёрдугаар курсээсээ “Бэрс” дээд сургуулийн сэтгүүлчийн ангид шилжсэн юм. Тэгээд бодохоор нэвтрүүлэгчийнхээ мэргэжилд илүү элэгтэй, энэ л миний сонгох зам юм байна гэж бодсон байх. СУИС-д хамт сурч байсан үеийнхнээс дурдвал Ж.Болд-Эрдэнэ, Б.Навчаа, Н.Ялалт, зэрэг олон жүжигчид бий. Үндэсний телевизэд анх ороод бүтэнсайн өдөр 16.00 цагийн мэдээгээ шууд уншчихаад, нөгөө студи рүү хар гүйхээрээ очиж 16.10 цагийн хүүхдийн кинонд шууд дуу оруулдаг байлаа. “Сансрын хамгаалагч Волтрон” хүүхэлдэйн киноноос эхлээд  хүүхдийн кино, уран сайхны кино, баримтат кино, эфирийн зар, нэвтрүүлэг бүгдийг шууд уншдаг байсан болохоор алдах эрх байхгүй. Алдвал өглөөний шуурхай хуралд навтас хийгээд л, ширээн доогуур орчихмоор санагддаг байж билээ. Тийм л хатуу шалгуур, өндөр шаардлага, том хариуцлага, чанга дэгийг давж орсон доо.

-Үндэсний телевизийн үе үеийн нэвтрүүлэгчид, сэтгүүлчид танд юу гэж зааж сургаж, хэрхэн тосож авсан бэ?

-Би телевизийн ахмад үеийн бүх нэвтрүүлэгчидтэй хамт ажиллаагүй ч хормойноос нь зүүгдэж үг сургаалыг нь сонссон их хувьтай хүн. Хэнбугай нь ч алтан сургаалаа харамгүй хайрладаг байсан даа. Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Цэенханд миний багш байлаа. Соёлын тэргүүний ажилтан С.Батсүрэн гэж алт шиг хүн байлаа. Радио телевизийн тэргүүний ажилтан Р.Доржбат ах тун алиа зантай хүн. Телевиз бол амьдрал буцалсан, ажил өрнөсөн студитэй, бие биеэ гэсэн сэтгэлийн хайлангууд болсон хүмүүстэй. Томчууд чинь биднийг загнаж зэмлэхгүй. Хөөрхөн егөөтэй хэлчихдэг. Үгний цаана үг нууж хэлдэг агуу ухаантай хүмүүс. Бидэнд энэ нь сэтгэл зүйн хичээл, сэтгэлийн сургууль болдог байсан даа.

-Нэвтрүүлэгчийн ширээний ард суухдаа чухам юу боддог вэ, эсвэл юу ч бодохгүй болчих уу?

-Театрт орохдоо бүх амьдралаа тайлаад ор гэдэг шүү дээ. Яг л түүнтэй адил. Харцанд чинь ямар ч гуниг байх ёсгүй. Камерт бүтнээрээ харагдаж байгаа болохоор харцны ганц хөдөлгөөн, нүүрний хувирал хүнд мэдэгддэг байхгүй юу. Харин уран бүтээлийн сайхан сайхан хөрөг, нийтлэлийг уншиж байхад өөрөө ороод уярчихна, хоолой зангираад ирнэ, нулимсаа залгиад л уншдаг шүү дээ.

-Өнгөрсөн хугацаанд та хэдэн кинонд дуу оруулсан байна вэ?

-Тоолж үзээгүй. Барагцаалбал 5000 гарсан байх. 1998 он хүртэл шууд эфирээр кинонд дуу оруулсан байна. Өдөр бүр кино гарна гээд бодохоор жилийн 365 хоногт үржүүлээд бодоход хэд ч гарах юм бэ дээ. Мөн түүнчлэн “Ариусахуйн гүмүда”-гаас эхлээд “Амьд ертөнцийн гайхамшиг”, “Дэлхийн гайхамшиг” гээд цуврал баримтат кино олон бий. Тэр дундаас Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Амбасэлмаа гуайн нэвтрүүлгийг унших хачин гоё. Сайхан нийтлэл унших юм сан гэж шунан дурладаг шүү, уншихаар сэтгэл хөглөгдөөд нэг л сайхан болчихдог юм. Сүүлийн үед сэтгүүлчид өөрсдөө уншдаг болчихож дээ. Цаг үе нь ч тэгж шаардаж байна.

-“Халтар царайт” кино ч тухайн үеийн нийгмийг шуу­гиулж гарч ирсэн. Улс даяараа зурагтынхаа өмнө уягдаж гудамж талбай хүнгүй нам гүм болдог байсан шүү дээ. Таны хувьд тэр кинонд дуу оруулахад тохиож байсан хөгжилтэй түүх байдаг уу?         

-Байлгүй яах вэ. Гэртээ ирэхэд гэрийн утас хангинаад суулгахгүй шүү дээ. Хүмүүс залгаад л “За дараагийн анги дээр Стерлита яасан бэ, Мигель Ангел яасан бэ” гээл шалгааж гарна. “Дараагийн анги дээрээ үз ээ” л гэдэг байсан. /инээв/.

-Нэвтрүүлэгчид хурц гэрэл дор олон цаг суудаг. Ажлын орчин нөхцөлийн талаар яривал?

-Бид студидээ шатсан хуурай агаараар амьсгалдаг, битүү агааргүй орчинд ажилладаг. 1990-ээд оны үед бидний ажил хүнд нөхцөлд хамаардаг байсан бөгөөд 50 нас хүрээд л тэтгэвэрт гардаг байлаа. Одоо бол тэтгэвэрийн хуулиараа эмэгтэйчүүд нь 55 нас, эрчүүд нь 60 нас хүрээд тэтгэвэрт гардаг болсон. Өмнө нь хүнд нөхцөлд ажилладаг гээд өдөр бүр сүү, тараг, аарц зэрэг нэмэлт бүтээгдэхүүн өгдөг байлаа. Радио, телевизийн нэвтрүүлэгчдийн ихэнх нь зүрх, уушги амьсгалын замын өвчлөлөөр өвддөг. Ялангуяа радио бол зургаан цагаас  24 цаг хүртэл ажиллана. Хүний төлөө гэсэн сэтгэл байвал энэ тал дээр анхаармаар юм.  Удирдлагууд аль болох өөрөөсөө зайлсхийсэн хандлага гаргах талтай байдаг.

-Та Москвагийн радиод хэдэн жил ажилласан бэ. Том гүрний радиогийн студийн бодлого, орчин нөхцөл, хангамж нь хэр байсан бол?

-“Москвагаас ярьж байна” гээд л таван жил суусан даа. 2007-2012 он юм даа. Бас л сайхан цаг үе шүү дээ. Гэр бүлээрээ Орост амьдарч, бага хүүхэд маань унаган орос хэлтэй болоод ирж байлаа. Ажлын цаг багатай хэр нь цалин хангамж өндөр байсан. Гэхдээ шаардлага чанга шүү. 80 жилийн түүхтэй радиод 90 нас гарсан 100 нас дөхсөн хүн хүртэл ажиллаж байлаа. Ахмад хүнээс авах юм маш их байдаг юм. Шууд синхрон орчуулгаас эхлээд уншилтын арга барил гээд залуустаа хэлж зөвлөх юм тоймгүй их. Дэлхийд гайхагдсан тоймч Валентин Зоринтой мөр зэрэгцэн ажиллаж байснаараа бахархдаг. Тэр хүн 100 нас руу дөхсөн гэхэд оюун ухаан саруул, цэцэн цэлмэг хүн байсан.

-Телевизээс тэтгэвэрт гарсан ахмадууд маань юу хийж байна вэ?

-Манай оронд хүмүүсээ 50, 60 гарахаар шууд тэтгэвэрт гаргаад орхичих гээд байдаг. Тэднээрээ зөвлөх, багш хийлгэх хэрэгтэй. Манай шинэ удирдлагууд маш зөв шийдвэр гаргаж ахмадуудаа зөвлөхөөр ажиллуулж байна. Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нарантуяа эгч Радио телевизийн дээд сургуульд багшилж байна. Ж.Бямбаа эгч телевиздээ зөвлөх хийхийн сацуу Гандангийн “Цагаан лавай” радиод ажиллаж байна. Д.Цоодол ах телевизийнхээ үндэсний зөвлөлд ирсэн. Одоо ингээд бодсон чинь би ч бас ахмад үе рүүгээ орох гээд байна шүү /инээв/.

Шавь сургалтын тогтолцоо байхгүй болсноос залуучууд үг сонсохоо больсон байна. Зарим сэтгүүлчийн үгийг би засаад уншчихдаг юм. Орчуулгын модон хэлтэй байна. Монгол сайхан аялгуу хэлээрээ ярьж бичиж чадахаа байж. Тэгсэн атал текстийг нь засахаар их дургүй байдаг. Монгол найруулга улам бүр бүдгэрч, орчуулгын модон хэлэнд залуу хүүхдүүд дасах янзтай байгаад харамсдаг. Гэхдээ  залуус маань маш сайн хөгжиж боловсорч, чөлөөтэй сэтгэж байна. Тэднээс ч сурах юм бий шүү.

-Танд гарын шавь байдаг уу?

-Я.Болорчимэгийгээ хөтөлж явсан. Анхнаас нь телевизийн хүн байна гэсээр байгаад энэ салбарт татсан. Тэр үед хүнд хөтлүүлээд байхааргүй бэлэн боловсорсон хүмүүс орж ирдэг байсан даа.

-Таны нэг өдөр өглөө хэдэн цагаас эхэлдэг вэ?

-Өглөө 5.30 цагт босно. Цайгаа уучихаад, өнөөдөр хөтлөх текстээ уншиж цээжиндээ оруулна. Хүний толгой өглөө их сэргэг байдаг болохоор дороо орчихдог. Ажилдаа найман цагийн үед ирнэ. 11 цагаас эфиртэй ч наана нь бэлтгэл ажил маш чухал. Үс зүс, хувцас хунар, үг хэл, дуу хоолой гээд бүгдийг бэлддэг. Саяхан сэрсэн нойрмог хоолойтой орвол шууд мэдэгддэг байхгүй юу. Үдэш “Цагийн хүрд” нэвтрүүлэгтэй бол оройтно. Гадуур тайзан дээр хөтлөх ажил гарна. Ер нь л завгүй өнгөрдөг дөө.

 

АЛЬ Ч ЗАСГИЙН ҮЕД МАНАЙ УРАН БҮТЭЭЛЧДИЙН АМЬДРАЛ АХУЙД ЯМАР Ч ӨӨРЧЛӨЛТ, АХИЦ ДЭВШИЛ ГАРААГҮЙ

 

-Коронагийн үед үндэсний телевизийн удирдлага болон ажилтнуудын дунд үүсээд байсан нөхцөл байдал дээр таны байр суурь ямар байсан бэ?

-Тэр зөрчил одоо гайгүй болсон. Шударга бус зүйлс нь илчлэгдээд ажилчдын эгдүүцлийг хүргэсэн юм. Коронагийн үед дийлэнх ажилчдаа сул зогсоогоод хүмүүсийн амьдрал хэцүүдсэн шүү дээ. Хамт олны дунд 50-аас дээш хувь нь эсэргүүцээд эхэлбэл хүн өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй л дээ. Хувь хүнийхээ зүгээс үзэл бодлоо илэрхийлсэн. Аль ч засгийн үед манай уран бүтээлчид, ажилчдын амьдрал ахуйд ямар ч өөрчлөлт, ахиц дэвшил гараагүй хэр нь дарга нарынх нь амьдрал дээшлээд тэнгэр, газар шиг зөрүүтэй болоод байсан. Өнөөдөр би амарч байгаад ажилдаа орж ирлээ. Шинэ дарга  маань ажилчдынхаа нийгмийн асуудлыг хэр харж хандах юм, харах л үлдлээ дээ.

-Таны ээж Монголын дэлгэцийн урлагийн сайхан хүүхнүүдийн нэг. Аав тань ч ялгаагүй кино урлагаар асаж явсан авьяасын уурхай байсан. Тэр хоёрыг хамт явж байхад зөрсөн хүн заавал эргэж хардаг байсан юм гэнэ лээ. Ийм сайхан хүмүүсийн үр удам болж төрснийх аав, ээжээсээ ямар зан чанарыг нь өвлөж авсан бэ?

-Би ээжийнхээ зан чанарыг түлхүү өвлөсөн юм билээ. Ээж минь уур уцаар, элдэв ааш, атаа жөтөө, хор шар байхгүй тайван амгалан хүн. Яг л тэрийг нь дуурайчихсан. Би өөрийнхөө оногдсон ажлаа л хийгээд явж байх дуртай. Хүнд атаархах, муу санах, амбиц байдаггүй. Харин аав минь галтай дөлтэй хүн байсан. Гэрэлтэж ассан нүдтэй хүн байлаа. Заримдаа аавынхаа тэр гэрэлтсэн нүдийг дуурайсан бол гэж бодогддог. Аав минь хүнд тал засдаггүй, шударга зантай хүн байв. Ялангуяа доод тушаалынхантайгаа их дотно найзархаг ханддаг байсан. Бригадаар явж байхад тайзныхантайгаа нийлээд л тайзаа засчихна, тэдэн дунд л бужигнаж байдаг. Хэзээдээ нүүрээ будаж, хэзээдээ хувцсаа өмсдөг байсан юм.  Би аавынхаа тэр занг дуурайсан. Надад хүнд долгинох зан байдаггүй юм аа. Хоёр нүүртэй хүнийг харахаар өөрийн эрхгүй гайхаад, дотор муухайраад байдаг шүү.

-Таны ээж Ш.Дэлгэржаргал гуай юу хийж сууна даа. Та ингэхэд бага насаа дурсан яриач, ямар хүүхэд байв даа?

-Ээж минь гэртээ дурсамж ном бичээд л суугаад байдаг болсон. Хүн гэдэг дурсамжаараа амьдардаг гэж үнэн юм. Ээжид ганц хоёр уран бүтээлийн санал ирдэг. Коронагаас болоод хойшлуулаад л байгаа. Ээж маань Архангайнх, аав маань Булганы хүн. Би Улаанбаатар хотод төрсөн ч Дарханд таван настай очоод 10 дугаар ангиа төгсөтлөө амьдарсан. Миний бага нас бүтээн байгуулалт ид өрнөсөн Дархан хоттой салшгүй холбоотой. Аав, ээж хоёр маань Дарханы театрт жүжигчнээр ажиллаж байсан. Тэр үед илгээлтээр, томилолтоор явуулчихдаг байлаа шүү дээ. Тэр театрын өнцөг булан бүр миний бага настай холбоотой. Манай гэрээр шинэхэн уран бүтээлчид заавал дамждаг байлаа. Орон байртай болтлоо, хөлөө олтлоо манайд хэсэг амьдарна шүү дээ. Дуу хуур цалгисан л айл байлаа. Гал тогооныхоо өрөөнд бөөнөөрөө бужигнаад шинэ дуу шүлэг сурдаг, аз жаргал бялхсан айлд өссөн дөө.

 

КИНОНД ТОГЛОСНЫ ДАРАА ХҮҮХДҮҮД “ХУЛГАЙЧ АА, ХУЛГАЙЧ АА” ГЭЭД ШООЛОХООР ИХ ИЧДЭГ БАЙЖ БИЛЭЭ

 

-Таныг гэдсэндээ байхдаа л “Тунгалаг Тамир” кинонд “тоглож” байсан гэдэг юм билээ...?

-“Тунгалаг Тамир” кинон дээр Цахиур Төмөрийг шоронд байхад нь дурлалт бүсгүй Дулмаа эргэдэг хэсэг дээр ээж маань намайг гэдсэнд долоон сартай байхад тоглож байсан гэдэг шүү. Анзаарвал тэр хэсгийн зураг авалт дандаа бэлхүүснээс дээш гарсан байдаг юм билээ.

-Хэрэв та жүжигчнээрээ төгссөн бол гэж бодогддог уу?

-Бодогдоно. Тухайн үед киноны саналууд ирдэг байсан. Би тэр үед кино гэхээсээ илүү телевиз рүүгээ илүү татагдаж байсан. Сүүлийн үед үндэсний телевизийнхээ “Огцом эргэлт”, “Эрт нахиалсан сарнай” зэрэг хоёр, гурван ч цуврал кинонд тоглосон. Би 2012 онд Моксвагаас эх орондоо ирээд “Огцом эргэлт” кинонд тоглосон. Би кинонд тоглоно гэхээр чадах болов уу гэж эмээж байлаа. Одоо ч санаа зовдог л юм. Дүр гэдэг хоосон тоглож болдоггүй өөрийн гэсэн амьтай, сэтгэлийн тээштэй шүү дээ.

-Таныг “Гарын таван хуруу” кинонд тоглосны дараа нь хүмүүс, ялангуяа үе тэнгийнхэн нь яаж хүлээж авч байсан бэ?

-“Гарын таван хуруу” кинонд тоглохдоо 10-хан настай байлаа. Кинонд тоглосны дараа хүүхдүүд “Хулгайч аа, хулгайч аа” гээд шоолохоор их ичдэг байж билээ. Хүүхэд л болсон юм хойно кинонд итгээд үнэхээр л айлын хүүхдийн аавыг хулгайлсан гэж боддог байсан юм уу, их л гэнэн байж дээ /инээв/.

 

МИНИЙ ТАВАН ХҮҮГЭЭС ЭХНЭЭСЭЭ ТУСДАА ГАРААД ХООЛНЫХОО ЗАХАД ХҮРЧ Л БАЙНА

 

-Та эгч, дүү нарынхаа хүүхдүүдийг өөр дээрээ өсгөсөн шүү дээ. Одоо хөвгүүд нь том болоо биз ээ?

-Өө том болцгоогоод эхнээсээ тусдаа гарсан. Эгчийн хоёр, дүүгийн нэг, өөрийн хоёр гээд таван банди дунд тачигнана шүү дээ. Хөвгүүд их амар байдаг юм. Эгчийн маань том хүү хань ижилтэй, гурван сайхан хүүхэдтэй болсон. Дүүгийн маань ганц хүү их сургуулиа төгсөөд багшийн алба хашиж байна. Миний том хүү сургуулиа төгсөөд гарааны бизнес эхлүүлээд явж байна. Миний бага хүү 15 настай. Нэг үеэ бодвол ямар ч байсан хоолныхоо захад хүрцгээлээ.

-Таны хамгийн хэцүү он жил тэр байсан болов уу гэж санадаг юм. Нэгхэн жилийн дотор эгч, дүү хоёроо алдаад байж байх үед өөрийгөө уужруулах бодол нь юу байв?

-Миний хамгийн хүнд он жил 2013 он байсан. Дүүгээ зүрхний өвчнөөр алдаад 49 хоног нь ч дуусаагүй байхад ээж минь элэгний хадвартай болсон байсан. Хавдрыг нь авахуулаад эмнэлгээс ч гараагүй байхад нь эгчид маань нэгхэн сарын л нас байна гэсэн мэдээг сонссон. Ээжид дуулгахаас эмээгээд, ээж л бодогдоод байсан. Тэр хугацаанд донорын бүх шинжилгээ өгөөд эгч бид хоёрын донор таарсан ч санхүүгийн бэрхшээл тулгарч байлаа. Ажлынхан маань хандивын тоглолт хийе, өөр арга байхгүй гэсэн  л дээ. Бид бүгд эрүүл мэндийн даатгал төлдөг хэр нь эцэс сүүлд нь үр шимийг нь хүртэж чаддагүй гажиг тогтолцоотой байдагт маш их гутарсан. Насаараа даатгал төлчихөөд ганц мэс заслын зардлын тал хувийг нь ч улсаас төлдөггүй юм билээ. Халуун элэгнээсээ тасдаж өгч хөөрхий эгчийнхээ насыг нь жаахан ч гэсэн уртасгасан даа гэж өөрийгөө уужруулдаг даа. Энэ ташрамд хандив өргөсөн Монголынхоо ард түмэнд мөнхөд талархаж явдгаа илэрхийлье.

 

ЯЛАНГУЯА ХӨДӨӨ ОРОН НУТАГТ ЯВУУЛСАН БОЛОР ЦОМ ОНЦГОЙ ГОЁ БОЛДОГ

 

-Та олон арга хэмжээ хөтөлдөг шүү дээ. Тайзан дээр хөтлөх үедээ юу мэдэрдэг вэ?

-Тайзан дээр хөтлөхөөр өөрөө их хөглөгддөг. Цаанаасаа л өөр болчихдог. Алхаа хүртэл өөр болдог. Үүлэн дээр хөвөөд байгаа юм шиг л санагддаг. Тэр дундаа утга зохиолын арга хэмжээ хөтлөх их сайхан. “Болор цом”, “Утгын чимэг” наадмуудыг хүүхэд байхаасаа л үзэж өссөн болохоор сэтгэлд илүү ойр байдаг.

-Та “Болор цом” наадмыг хэд дэх жилдээ хөтөлж байна вэ. Цом хөтөлнө гэхээр догдолно биз?

-Би 33 дахь цомоос хойш хөтөлсөн. Өмнө нь Ж.Бямбаа эгчийг эзгүйд хоёр, гурван удаа хөтөлж байсан л даа. Оюун сэтгэлийн цэнгэлийн том наадам юм чинь догдолно оо, цомд зориулж шинэ дээл, хувцас хийлгээд их хүндэтгэлтэй ханддаг. Зохиолч, яруу найрагчид ямар сайхан халгиатай, сэтгэл нь халуун хүмүүс  билээ дээ. Ярих нь хүртэл яруу найраг шиг. Бие биеэ явуулж байгаа,  егөөдөж байгаа, ёжилж наргиж байгаа нь цаанаа л гэгээн. “Болор цом”-ыг Ардын уран зохиолч П.Бадарч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бямбаа эгч хоёр үнэхээрийн гоё зохицож хөтөлдөг байсан. Хамгийн сүүлд миний бие 38 дахь цомыг яруу найрагч Н.Минжинсайхантай хөтлөхөд их түшигтэй, сайхан санагдсан. Өөрөө тогоон дотор нь байдаг хүнтэй хөтлөх цаанаа л өөр шүү. Зохиолчдынхоо ааш араншинг мэддэг болохоор аливаа зүйлийн тунг нь тааруулаад сайхан болдог юм. Сэтгэл халгисан сайхан арга хэмжээ хөтлөөгүй удаж байна даа. Сүүлийн хоёр жил ковид гээд урлаг соёлыг хэтэрхий хорьж байна. Хүмүүс урлаг соёлоор ангаж цангаж байна шүү. Мэргэжлийн байгууллагуудын урлаг соёлын ажилтнууд ч яах вэ амьдралаа болгоод яваад байна. Чөлөөт уран бүтээлчид маань хэцүүхэн байгаа. Тайзан дээр гэрэлтэж байх ёстой урлагийнхан зарим нь хадлан тарианд явж байх шиг, зарим нь худалдаа наймаа хийж байх шиг. Урлаг соёл дотроо үндэсний дархлаа, өв соёл явж байдаг болохоор хааж боох нь буруу л даа.

-Таныг утга уран зохиолд хайртай, элэгтэй гэдгийг мэдэхгүй хүн ховорхон. Тэр дундаа халгиж цалгиж явсан үе тэнгийн найрагчдынхаа тухай гэгээн дурсамж халиавал?

-Олон найрагч байна даа. Б.Баттулга, А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж,  Г.Мөнхцэцэг, Б.Ичинхорлоо, Б.Сарантуяа, М.Саруулдалай, Н.Пүрэв гээд нэрлээд байвал олон. Бүгдтэй нь л найзалж нөхөрлөж явлаа. Дорнодод болсон “Болор цом” дээр Б.Баттулгыг “Талархалын шүлэг”-ээ уншихад нь яг хажуунаас нь тайзан дээр нүд салгалгүй автанхан чагнаж суулаа. Манай шар найрагч яаж уншсан гэж санана. Тэр мэдрэмжийг дахиж төрөх болов уу гэж бодогдмоор. Үнэхээр биширсэн. Тулгаадаа талархмаар, гүйж очоод тэвэрмээр санагдаж билээ. Говь-Алтайд болсон цом дээр талийгаач Л.Ганзул маань нүүдлийн тухай шүлэг уншиж байлаа. Тэр шүлэг найрагчдыг ховсодсон юм шиг тэр чигтээ нүүдлийн шүлэг хөвөрч билээ. Энэ жилийн цом дээр О.Цэнд-Аюуш цаанаа л өөр байсан даа. Асан цоролзоод л, авах юм аа гуйж биш гуядаж авсан даа. Олон ч жил үзүүрт үлдсэн дээ, Аюуш маань. Дорнодод болсон цом дээр А.Эрдэнэ-Очир “Догдлол” гээд шүлэг уншсан. Тэр шүлгийг нь сонсоод юм юм л бодогдож байсан даа. Цом бүр өөрийн гэсэн онцлогтой. Ялангуяа хөдөө орон нутагт хийсэн цом онцгой гоё болдог. Үзэгчид цом үзэхийн тулд шинэ дээл хийлгэж гоёод ирдэг байхгүй юу. Тэгээд л үзэгч, найрагчидтайгаа найргийн сэжмээр холбогдож амьд халуун болдог. Алтайчууд бас л чанга уншигчид шүү дээ. Бичиг номын луугаруудыг төрүүлсэн нутгийнхан гэдэг их чамбай сонсогчид байдаг шиг санагддаг.

БИ НЭГ ИХ ДУРЛАМТГАЙ БИШ  Ч НЭГ ДУРЛАВАЛ ТҮҮНДЭЭ МАШ ҮНЭНЧ ДУРЛАДАГ

 

-Найрагчидтай олон ч газраар дөрөө харшуулж, хөтөлж дуулж хуурдаж явсан байх, тийм ээ?

-Тийм шүү. Б.Галсансүх, П.Нямлхагва, Б.Батсайхан гуравтай Бор-Өндөр рүү уншигч, зохиолчдын уулзалтыг хөтлөхөөр явсан юм. Тэр их сайхан уулзалт болсон. Дөрвөн цагийн турш тэр заалнаас нэг ч хүн гарахгүй найрагт умбан шимтэн суусан даа. Тарахаа үзэхгүй  сэтгэлийн цэнгэлд умбан шумбан сууна гэдэг мөн сайхан аа. Уншигч, зохиолчдын уулзалт их халуун болдог юм билээ. Архангайд сумын заан Ч.Мягмарсүрэнгийн нэрэмжит уулзалт болоход хэчнээн цаг үргэлжилсэн халуун уулзалт болов оо. Орой нь сумын бүжиг болоод л. Тийм сайхан агшныг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн газарт тэр жилдээ муу муухай үг гарахгүй, сэтгэл нь амраад, энерги нь сэргээд, гэгээ татаад үлддэг байхгүй юу.

-Эмэгтэй хүний хувьд хайр дурлалын тухай нандин бодлоосоо хуваалцвал. Та хэр дурламтгай вэ?

-Хүн дурлахаараа сохор болдог шүү дээ. Хөөрүү дэврүүн болчихдог шиг байгаа юм. Нэг ахмад зохиолч “Уран бүтээлч хүн дурлах л хэрэгтэй. Дурлаж байж оргил бүтээлүүдээ туурвидаг. Хөгшин залуу гэхгүй дурлал хүнийг амьд, залуу байлгадаг юм” гэж хэлж билээ. Би нэг их дурламтгай биш. Харин нэг дурлавал түүндээ маш үнэнч дурладаг. Юу ч болж байсан, яаж ч тэнгэр ниргэж, яаж ч газар хөмөрч байсан дурласан хүнд юу  ч биш юм билээ шүү дээ.

-Та олон хүнийг дурлуулж явсан байх даа. Хайрын захиа хэр авч байсан бэ?

-Надад шал пал гэсэн зан байдаггүй болохоор дурласан бүхэнд хөөрөөд гүйхгүй. Ялангуяа эхнэртэй хүнд хэзээ ч нүүр өгөхгүй. Залуу бүсгүйг өдөж хоргоох, эргүүлэх үе гаралгүй яах вэ. Би өөрөө хана босгочихдог болохоор элдэв дурлалыг өнгөрөөж иржээ. Надад хайрын захиа гэхээсээ илүү амжилт хүссэн, баяр талархал илэрхийлсэн цахилгаан ирдэг байсан. Гэхдээ харж явдаг шүү, өөрт чинь сайн гэх зэрэг зурвас ирнэ ээ ирнэ /инээв/.

-Яруу найрагч хүн өөрт нь шүлэг зориулах, тэр тусам өөрийнх нь нэрний эхний үсгээр бичсэн шүлэгтэй байх ховорхон хувь тавилан. А.Эрдэнэ-Очир найрагч “Голын тохойд” шүлгээ танд яаж хэлж байв, та хэрхэн хүлээж авсан бэ?

-Тэр үед 20 хэдтэй л байлаа. Бид хэд Булган аймаг руу нутгийн зөвлөлийн ажлаар явсан юм л даа. Дараа нь А.Эрдэнэ-Очир манай телевизийн утас руу залгаад “Би “Амор” наадамд түрүүлчихлээ. Одоо “Болор цом”-д шүлгээ унших гэж байна. Үзээрэй” гэж ярьсан юм. Эфирийн найруулагчийг гуйж байгаад хальсыг нь ухраагаад үзтэл “Голын тохойд” гээд шүлэг уншиж байна. Тэр үед сэтгэл нэг их юм бодоогүй л өнгөрсөн. Залуу байхад ямар ч юмыг тоодоггүй юм байна. Сүүлд танай үеийн найрагчид “Голын тохойд” шүлгийг хоороороо уншихад сэтгэл долгилоод  нэг их сонин болж, догдолж билээ. Одоо бодоод байхад он цаг улирах тусам нь ухаардаг, мэдэрдэг, үнэ цэнийг нь ойлгодог бүтээл гэж байх юм.

-Бас А.Эрдэнэ-Очир найрагчийн “Амраг бодол” шүлэг таны нэрний эхний  үсгээр тонгоруулж бичсэн байдгийг та мэднэ биз дээ?

-Мэднэ ээ. Намайг 2007 онд Москва явах гээд галт тэрэг хөдлөх гэж байхад Н.Гантулга найрагч дүү ирж А.Эрдэнэ-Очирын номуудыг өгсөн юм. Дөрвөн ном байсан санагдана. Эр нөхрөөсөө эмээдэг ч юм уу тэр номуудыг нь би дуустал уншаагүй юм аа. Сэтгэлд нь юм хийчих вий гэж болгоомжилдог байсан байх. Бүр сүүлд надад өөрөө “Амраг бодол”-ын тухай нууцыг хэлж байгаа юм. Тэр шүлгийг дээрээс нь ч, уншсан, доороос нь ч уншсан утга хэмнэл алдагдахгүй, хаанаас нь ч эхэлж уншиж болдог юм билээ. Энэ л жинхэнэ яруу найрагчийн урлах чадвар, увдис юм болов уу. Олондоо нийцтэй, дүү нартаа ээлтэй, ховорхон төрсөн найрагч даа. Хүнд атаа гэж их муухай юм байх юм аа.  Атаа гэдэг сайн хүний дүрээр, сархадын ширээн дээр, саймширсан сэтгэл гээд олон дүрээр ирдэг шиг байгаа юм. А.Эрдэнэ-Очир маань алийг нь ч сайн сайхнаар бодож, элгэн халуун сэтгэлээр энэрч явсан гэгээн хүн байсан даа.

БИ НАМАРТ ГУНИХ ДУРТАЙ, ГЭГЭЭН ГУНИХ ЧИНЬ САЙХАН ШҮҮ ДЭЭ

 

-Та залуу байхад бүх юмыг тоодоггүй байлаа гэлээ шүү дээ. Сайхан бүсгүйчүүд дандаа л хүний нүдний өмнө, үг үйлдэл нь ил байдаг болохоор элдэв хэл аманд хэр өртдөг байсан байх. Тийм үед их шаналах уу?

-Залуу байхад янз бүрээр бичүүлж байсан байх. Гэхдээ бусдыг бодвол гайгүй. Өөрөө тийм биш болохоор нэг их эмзэглэдэггүй байлаа. Ёстой шар сонин байна даа гээд л өнгөрдөг байсан.

-Та жил бүрийн номын баяраар идэвхтэй оролцож байгаа харагддаг. Зохиолчдоос  ч богц дүүрэн харьдаг байх. Хамгийн сүүлд ямар ном уншив даа?

-Жил бүр номын баяраар л уншигч, зохиолчид уулзаж бөөн баяр болдог баярт мөч. Сэтгэл хөөрөөд л гүйгээд очдог. Д.Жамъян зохиолчийн “Шинельтэй хүмүүс” номыг нь уншсан. Тэр номын талаар нэг тэмдэглэл бичье гэж бодоод л байгаа. Бас Дорнын яруу найргийн ном бас их сайхан санагдсан. Д.Гүн-Үйлс зохиолчийн ном хорхой асмаар сайхан даа. Сүүлийн үеийн залуусын уншдаг төрөл өөр болжээ. Бидний үед соц реалист зохиол уншдаг байсан бол одоо үед сэтгэлгээний, сэтгэл зүйн драмтай зохиолууд их уншиж байх шиг. Ном унших цаг өөртөө зориуд гаргахгүй бол завгүй байх нь элбэг. Ном уншихгүй удахаар нэг л бухимдангуй болчихдог. Уншсаны дараа цадсан мэдрэмж төрөөд л цаанаасаа л амгалан болчихдог шүү.

 -Таныг өөрийн эрхгүй гэгэлзүүлдэг ямар улирал байдаг вэ?

-Яруу найрагчидтай ойр байдаг болоод ч тэр юм уу намар их гэгэлзээд байдаг. Намрыг буцаж байгаа улирал болоод  ч тэр үү шүлэг найрагт дандаа л зүрх өвтгөсөн, эмзэглэнгүй бичсэн байдаг. Намарт гуних дуртай. Гэгээн гуних чинь сайхан шүү дээ. Хүн гэдэг цаг хугацаанд элэгдэж мартаж санаж явдаг юм байна л даа. Тийм болохоор гэгэлзсэн үедээ тэмдэглэл, хэдэн мөрт хэлхэх дуртай шүү.

-Сүүлийн хормыг танд үлдээе...?

-Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн түүхт 57 жилийн ой энэ сарын 27-нд тохиох тул нийт уран бүтээлч, ажилтан албан хаагчид болон Монголынхоо үзэгчдэдээ баярын мэнд хүргэе. Мөн Дархан хот маань үүсгэн байгуулагдсаны 60 жил болж байгаа тул энэ ташрамд дарханчууддаа мэндчилгээ дэвшүүлье. Цэнхэр дэлгэцээр үргэлж хамт байдаг та бүхэндээ баярлалаа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(172.69.252.136) 2021 оны 09 сарын 26

Чин сэтгэлийн сайхан ярилцлага болжээ, энэ бүсгүйн тухай муу юм огт сонсоогүй, гэр бүлээрээ гэгээн хүмүүс юм байна ялангуяа ээж нь бол хүний хайлан гэдгийг мэднэ. Танай гэр бүлд эрүүл энх, сайн сайхныг хүсье

0  |  0
Зочин(172.69.252.136) 2021 оны 09 сарын 26

Чин сэтгэлийн сайхан ярилцлага болжээ, энэ бүсгүйн тухай муу юм огт сонсоогүй, гэр бүлээрээ гэгээн хүмүүс юм байна ялангуяа ээж нь бол хүний хайлан гэдгийг мэднэ. Танай гэр бүлд эрүүл энх, сайн сайхныг хүсье

0  |  0
Зочин(192.82.78.99) 2021 оны 09 сарын 16

Сайхан бүсгүйн сайхан ярилцлагыг ушлаа.Баярлалаа. Аав Бужгар гуай мундаг жүжигчин байжээ.

1  |  0
Top