Их Британийн парламент БНХАУ-ын элчин сайдыг чуулганд оруулахгүй

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 15

Их Британийн парламент БНХАУ-аас тус улсад суугаа элчин сайд Жэн Зэгуанд Бээжингээс Их Британийн зарим гишүүдийн эсрэг тавьсан хориг үйлчилж байгаа үед чуулганы хуралдаанд орохыг хориглосон тухай Их Британийн Нийтийн танхимын /доод танхим/ Линдси Хойл мэдээлжээ.

Лондон дахь БНХАУ-ын элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч “Их Британийн парламентын хувийн улс төрийн ашиг хөөсөн хэд хэдэн гишүүдийн үйлдэл БНХАУ, Их Британийн хэвийн хамтын ажиллагаанд саад хийж, хоёр улсын хүсэл эрмэлзэл, эрх ашигт харшилж байна. Хятад улс Их Британийн Засгийн газар Шинжааны хүний эрхийн асуудалтай холбогдуулан Хятадын тодорхой албан тушаалтнуудын эсрэг хориг арга хэмжээ авсны хариу үйлдэл болгож Их Британийн зарим хууль тогтоогч, судлаачдыг хар жагсаалтад оруулсан” гэж тайлбарласан байна.

Өнгөрсөн гуравдугаар сард Хятад улс Их Британийн есөн хүн, дөрвөн хуулийн этгээдийн эсрэг Шинжаан Уйгурын өөртөө засах орны нөхцөл байдлын талаар худал мэдээлэл тараасан гэж үзэн, хар дансанд оруулжээ. Жагсаалтад Нийтийн танхимын гадаад харилцааны хорооны дарга Том Тугендхат, Консерватив намын дарга асан Иан Дункан Смит, Лордуудын танхимын гишүүн Дэвид Элтон, Хелена Кеннеди, Нил О'Брайен, Тим Лоутон, Нусрат Гани, өмгөөлөгч Жеффри Найс зэрэг оржээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top