С.Батболд: Олон жилийн дараа ч дуунууд чинь “АМЬДАРЧ” байвал нэг дуу хийжээ гэж бодоорой

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 19

Хүн бүрийн хүүхэд ахуй насандаа сонсож өссөн “Олуулаа”, “Дэлхийгээ би мэднэ”, “Бага ангийн багшдаа баярлалаа”, “Анхны хайр” зэрэг сэтгэл зүрхэнд хоногшин үлдсэн олон уран бүтээл байдаг билээ. Энэхүү бүтээлүүдийг туурвисан Хүүхдийн элч хөгжмийн зохиолч, Монголын хөгжмийн зохиолчдын холбооны нэрэмжит шагналт, МХЗХ-ны хүүхдийн уран бүтээлийн албаны дарга, багш Соронзонболдын Батболдтой хүүхдийн дуу хөгжмийн талаар ярилцлаа.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Хүүхдийн дууны хөгжмийн зохиолч гэхээр л та санаанд ороод байдаг. Тэгэхээр хоёулаа энэ удаагийнхаа ярилцлагыг нэлээд дэлгэрэнгүй, алсаас нь эхэлье гэж бодож байна. Ер нь хүүхдийн дуунд ая хийхсэн гэдэг бодол хаанаас үүсдэг юм бол оо?

-1978 оноос энэ мэргэжлээр ажиллах болсон. Сонгосон мэргэжил маань удам дамжсан гэж хэлж болно. Аав маань хөгжмийн зохиолч хүн байсан. Мөн зохиолч, яруу найрагч, сурвалжлагч, монгол хэлний багш гээд олон мэргэжлээр ажилладаг байсан юм. Би айлын ганц хүүхэд болохоор бичсэн шүлэг, өгүүллэгээ надад их уншуулдаг байлаа. Тухайн үед манайд Д.Дашдондог, Г.Сэсмээ, Ч.Лувсандэндэв, Б.Содномдаржаа зэрэг хүүхдийн дууны алтан үеийн зохиолч нар их ирдэг байсан юм. Дандаа хүүхдийн зохиолч нар болохоор гэрт цуглаад шинээр бичсэн шүлгээ ярилцаж, бие биедээ уншиж өгдөг байсан. “Би нэг ийм шүлэг бичсэн. Соронзонболдоо чи сонсож бай гэж байгаад “Хүүхдүүд бид нар цэцэрлэг дээрээ хөгжилтэйхэн байдаг даа” гээд л уншдаг байлаа. Дараа нь хөгжмийн сургууль төгсчихөөд Содномдаржаа гуай шүлэг уншиж байгаа нь нүдэнд харагдаад “Олуулаа” дууг хийж байсан.

Уг нь бол “Хүүхдүүд бид нар цэцэрлэг дээрээ” гэдэг байсан. Тэр үедээ миний хэмнэлийг хүүхдүүд авч чадахгүй байхаар нь “цэцэрлэг” гэдэг үгийг “сургууль” гэж өөрчлөөд дөрөв, тавдугаар ангийн хүүхдүүдэд заахад сайхан хүлээж авч байсан даа. 1987 оны үед энэ дуу гарсан. Хөгжмийн зохиолч нар ихэвчлэн намхан байдаг даа. Хамгийн өндөр нь Г.Сэсмээ, Б.Содномдаржаа гуай хоёр байсан юм. Нэг өдөр Сэсмээ гуай манай гэрт ирээд “Б.Соронзонболдоо миний энэ шүлэг гоё байгаа биз дээ. Эрвээхэй эрвээхэй наадан наадан нисээрэй, навчин дээрээ суугаарай намайг сайн ажаарай гээд эрвээхэй хүүхэд хоёрыг харгалзуулсан” гэж ярьж байлаа. Тэр нь санаанд ороод сүүлд Г.Сэсмээ гуайн түүврээс хараад дуу болгож байсан юм. Эдгээр хүмүүс надад маш их нөлөөлсөн байгаа юм. Гэхдээ би хүүхдийн дууны зохиолч биш хүүхдийн дууны хөгжмийн зохиолч болсон доо.

-За байзаарай, ингээд шууд дуу хөгжмөөс эхэлчихээр жаахан будилах гээд байна. Та чинь хаанаас ажлынхаа гарааг эхэлсэн хүн байна?

 -1984 онд “Хүүхдийн пионерын ордон” одоогоор бол “Монголын хүүхдийн ордон” шинээр байгуулагдаад анх багшлахаар очиж байлаа. Аав гоё шүлэг бичиж өгөөд, түүнд нь ая хийгээд “Найзуудаа найзуудаа ирээрэй, наран гийсэн ордондоо зочлоорой” гэх жишээтэй. Бас тэнд цахилгаан хөгжмийн дугуйлан ажиллуулдаг байсан юм. Тэр цагаас хүүхдийн дуунууд ундран гарч, аавынхаа олон сайхан найзуудын гэгээн дурсгалд зориулан гайхалтай шүлгүүдийг дуу болгон амилуулж, хүүхдүүдэд хүргэсэн. Ийм буянтай ажил хийж байгаа нь миний буян заяа юм даа.  /инээв/ Хүмүүс намайг 500-аад дуу зохиосон гэж боддог юм шиг байгаа юм. Миний дуунуудаас 150 гаруй нь хүүхдүүдэд хүрсэн байна. Харин бусад нь сургууль, цэцэрлэгийн ойд зориулж хийсэн захиалгат дуунууд байдаг. Тэдгээрийг оруулахаар л ийм олон болно доо. Миний дуунууд 30 гаруй жил дуулагдаж байна.  Сүүлд зохиосон дуунуудыг бас хүүхдүүд их дуулж байгаа. Цэцэрлэг, бага ангид гол төлөв дуулагдана. Сургуулийн өмнөх боловсролын хичээлийн хөтөлбөрт ч олон дуунууд маань байдаг даа. Тухайлбал, 1983 онд зохиож байсан “Бөмбөлгөн бөөрөнхий дэлхий” дууг дурдаж болно. Ер нь сайхандаа хөгжим зохиох. Одоо болтол хөгжим зохиогоод л явж байна. Энэ сард л гэхэд хүүхдийн шинэ дууны CD-гээ Соёлын яамны дэмжлэгтэйгээр гаргалаа. Уран бүтээлээ хийгээд л явж байна. Гандан буурахгүй ээ. /инээв/

“Энх-Амгалан хаан шиг өврөөрөө дүүрэн хүүхэд суулгачихаад ажилладаг байлаа”

 

-Та амьдралаа хүүхдийн ертөнцөд харамгүй зориулсан байна. Мэргэжлээ ийм өндөрт өргөж явахын тулд судалгаа, ажиглалт их хэрэгтэй байх даа?

-Би чинь хүүхдийн ертөнц рүү орчихсон хүн. Ерөөсөө л хүүхдийн ертөнцөд амьдардаг. Бага анги, сургууль цэцэрлэгийн хүүхдүүдтэй их уулзана. Ингэхээр хүүхдүүдийн сэтгэхүйг их ойлгодог, хүүхдүүдэд юу хэрэгтэйг мэдэрдэг болдог. Би ширээний араас биш дандаа хүүхдүүд дунд орж, хамт байж, хүүхэд-би гэсэн харилцаа холбоог тогтоодог. Энэ их чухал холбоос. Иймдээ ч уран бүтээлүүд маань хүүхдүүд дунд түгэж, “амьдраад”, шинэ зохиосон дуунууд маань ч хүүхдүүдэд хүрээд байдаг байх. Хүүхдийн хөгжмийн зохиолч гэдэг мэргэжил бол хамгийн эмзэг, хамгийн их тэвчээр, сэтгэл шаардсан, үнэхээр өөрөө дуртай тулдаа л хийж байдаг зүйл. Энэ мэргэжлээр явахад хүн амьтан айлгах хэмжээний мөнгө төгрөг олно гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Сэтгэлээрээ, өөдрөг, хүүхдэд хайртай болохоор энэ салбарт ажилладаг. Залуу багш байхдаа Энх-Амгалан хаан шиг л өврөөрөө дүүрэн хүүхэд суулгачихаад ажлаа хийдэг байлаа. Хүүхдүүдтэй хамт тоглоно, бүх зүйлийг нь сонсоно, ойлгоно, тайлбарлаж өгнө. Хүүхдүүд хайртай хүнээсээ л юм суралцдаг, их тэмүүлдэг, үлгэр жишээ авдаг. Хүүхдүүд мэддэг, мэдэрдэг байхгүй юу. Тийм ч болохоор олон шавь нар минь “Батболд багш шигээ гоё багш болно” гэж их ярьдаг даа. Багшийн сургуулийн хөгжмийн ангид орсон хүүхдүүд ч цөөнгүй байна. Энэ хэмжээнд нөлөөлж, зүрх сэтгэлд нь хүрнэ гэдэг бол их гоё. Шавь нар дунд маань одоо Монгол түмэндээ танигдсан хүмүүс цөөнгүй бий. Багаасаа л тодроод эхэлдэг байсан. Миний шавь “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэн “Жинхэнэ страд урлаг руу намайг уруу татсан хүн нь Батболд багш байхгүй юу” гэж ярьдаг юм. Уруу татаад байх даа яахав дээ. /инээв/

-Хүүхдийн дууны хөгжмийн зохиолч хүний бага нас сонирхолтой байна. Та хаана төрж, өссөн хүн бэ?

-Би Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн. Зургаан настайдаа хотод ирээд 40, 50 мянгатад амьдарч, багаасаа тэр үеийн барууны хамтлагуудын пянз, кассетыг их сонсдог байлаа. Тухайн үед Польш, Унгар, Чехословак зэрэг улсыг барууны орон гэж ярьдаг байлаа шүү дээ. Цаашаагаа Америк явж чадахгүй, тэр үед хориотой байсан. Унгар явсан хүмүүс Унгарын рок хамтлагуудын пянзыг авчирч өгөхөөр тэрийг нь их сонсдог байлаа. Намайг бага байхад баруунд рок хамтлагууд ид хүчээ авсан үе байв. Тэрийг сонсоод өөрөө гитар тоглож сураад, дөрөвдүгээр ангидаа гитарыг баруун, зүүнгүй “алгаддаг” орцны гитарчин болчихсон байлаа. Тухайн үед 120 мянгатынхан дуундаа их сайн. Би болохоор 120 мянгатын гитарчидтай л өрсөлдөж тоглодог байлаа шүү дээ. Бас цахилгаан хөгжимд их дур сонирхолтой байсан. Тэрийгээ хүүхдүүдэд зааж өгч, хамтлаг байгуулаад тоглолт хийх гэхээр хориглодог, тэгж их дэмжээд байдаггүй байсан үе. “Цэцэг” хамтлаг бол Монголын анхны нэг цаг гучин минутын тоглолт хийсэн хамтлаг шүү дээ.

-Ер нь том хүн хүүхдийн хөгжим зохионо гэдэг амаргүй ажил байх?

-Харин тийм. Хүүхдийн ертөнц рүү орсон хүн л энэ ажлыг хийнэ. Тэрнээс биш мундаг том, нэртэй хөгжмийн зохиолч, яруу найрагч нар ч хүүхдийн дууны шүлэг, хөгжмийг зохиоход хэцүү. Хүүхдэд хүрэх, үгүй нь их том асуудал байдаг. Би хүүхдийн дуу хөгжмөөс гадна хүүхдийн дууны шүлэг зохиодог. Тухайлбал хүүхдийн ордны харшийн шинэ жилд олон жил дуулагдсан “Шинэ жил” дуу байна. Хүүхдийн уран бүтээлээрээ дагнаж, хүүхдүүдтэйгээ цуг байдаг нь миний уран бүтээлийн цаад нууц байх гэж боддог.

“Хүүхдүүд хөгжмийн зохиолчид үнэнч шүүгч нь болдог”

 

-Хүүхдийн дуунд хөгжим хийхдээ юунд их анхаардаг вэ. Бас нууц жор гэж байна биз?

-Тэр чинь их хэцүү. Бага насны, ялангуяа 3-4 насны хүүхдэд “до рэ ми соль ля” гээд ийм тавхан өнгөн дээр бүх дуу зохиогдоно. Тухайлбал “Ааваа хар даа, Ээжээ үз дээ, Би жагсаж чадна аа нэг, хоёр ...” гэх жишээний. Бас л ярвигтай байгаа биз. Энэ тавхан өнгөн дээр  давтагдашгүй өвөрмөц өөр өөр ая хэмнэлтэй дуунууд бий болж байна гэдэг чинь чухал, нандин зүйл. Гурав, дөрвөн настай хүүхдийн дуу бол бүүр нандин, торгон мэдрэмж шаардана. Хүүхдийн сэтгэхүйд хүртэл дуу зохионо гэдэг хэр баргийн хүн хийж чадахгүй. Хийсэн ч гэсэн хүүхдүүд өөрсдөө үнэнч шүүгч байдаг. Би олон жил хөгжмийн багш байсан. Хүүхдүүд яадаг вэ гэхээр “Багшаа өчигдрийн дуу чинь онцгүй дуу байсан. Өнөөдөр дуулахгүй” гэдэг. Дуулахгүй гээд байхад нь би хүчээр дуулуулахгүй шүү дээ. Тэгэхээр хүүхдийн шалгуураар дуунууд үлддэг. Миний дуунууд 30 гаруй жил оршин тогтнож  байгаа нь үе үеийн хүүхдүүд өөрсдөө авч үлдээд байгаад оршдог. Миний дуунуудын увидас нь тэр байна. 

-Дуу хөгжим яг юугаараа тийм чухал юм бэ гэх хүн ч байдаг. Ер нь хүүхдийн хүмүүжилд сонсож буй хөгжмийн нөлөө нь хэр тусдаг вэ?

-Дуу хөгжим хүүхдийг хүмүүжүүлэх, ертөнцийг нээн таниулах, хүнлэг энэрэнгүй хүн болгож өсгөх, байгаль дэлхий, эх орон, ан амьтанд хайртай, хайрлах хамгаалах сэтгэлтэй, сайн хүн болгож хүмүүжүүлэхэд чухал хувь нэмэртэй. Ийм ч учраас сүүлийн үед голдуу ан амьтан байгаль дэлхийгээ хайрлах, хамгаалах, энхрийлэх тал руугаа зохиож байгаа. Зохиож буй дуунууддаа хэрэм, туулай, хавтгай, мазаалай зэрэг амьтдыг оруулдаг. Үүнээс хүүхэд хавтгай, мазаалай гэж ямар амьтан байдаг гэдгийг тэрхүү дуугаар дамжуулан ойлгож авдаг. Мөн хүүхдүүдэд шинэ үг хэллэгийг ойлгуулдаг сайн талтай. Дууны утга ойлгоод ирэхээр хүүхдүүдийн үгийн сан, ярих чадвар зэрэг нь нэмэгддэг. Ер нь багш нар хүүхдүүдэд шинэ үгийн санг олон талаас нь тайлбарлаж өгч байх хэрэгтэй. Арван дуу сурахад, түүн дотор мэдэхгүй үг олон байгаа. Хүүхдүүд мэдэхгүй үг байхаар тэр бадаг, мөр дээр гацчихдаг. Яагаад гэвэл тэр үгийг тайлбарлаж, ойлгуулаагүй болохоор хүүхдүүд тогтоож чадахгүй, цаашаагаа сонирхолгүй санагддаг байхгүй юу.

-Хүүхдийн дуу, хөгжмийг тусгайлан судалдаг судлаачид ер нь байна уу. Үг, ая зохиогчоос гадна судлал шүүмж байж хөгжлийн тухай ярилцах боломж үүснэ шүү дээ?

-Харамсалтай нь, Монголд хүүхдийн хөгжим судлаач гэж одоохондоо алга. Нэг дуунд хэд хэдэн өнгө солигддог. Хүүхдүүд тэрийг анзаарахгүй дуулдаг л даа. Хүмүүсийн сайн мэддэгээр бол “Таксин цоохор машин”, “Сайн уу муу юу аль нь вэ”, “Миний ном” зэрэг дууг зохиосон хөгжмийн зохиолч С.Маяа гээд багш маань “Батболдоо дуу бага насныханд зориулагдах тусам тухайн зохиолчоос их торгон мэдрэмж шаарддаг, хэцүү байдаг. Чи энэ салбар руу их сайн орж байгаа. Энэ чинь их сайн шүү. Энэ хэр баргийн хүний хийх ажил биш шүү” гэж урам өгдөг байсан юм.

 

“Би олон сайхан шавь нараа урлагийн салбарт бэлджээ”

 

-Залуу хөгжмийн зохиолч хэр зэрэг бэлтгэгдэж байна. Хүмүүс хүүхдийн дууны ертөнцийг ихэвчлэн таниар л төсөөлдөг шүү дээ?

-Яг хүүхдийн тал руугаа ажиллаж байгаа хүмүүс бий. Хүүхдийн ордонд хэд хэд байна. Цэцэрлэгийн хөгжмийн багш нар байна. Энд тэндээс хүмүүс хүүхдийн дуу зохиоход юуг анхаардаг вэ, хүүхдийн дуу ямар байвал сайн байдаг вэ зэргээр их асуудаг л даа. Үүнд өөрийнхөө дуунуудаас жишээ аван зөвлөгөө өгдөг дөө. Сайн хөгжмийн зохиолч болоход нөлөөлдөг нэг гол зүйл нь өмнөх үеийнхээ зохиолч, дуу хөгжмийн салбарыг их судлахад оршдог. Залуучууд уг нь хүүхдийн дуу хийгээд л байна. Манай аавын үеийн бас л мундаг хөгжмийн зохиолч байсан Ө.Баасанжав гуай “Миний хүү хийж л бай 10 жилийн дараа дуу чинь дуулагдаж байвал дуу болсон гэж бодоорой” гэж хэлж байсан юм. Айхтар хэлсэн байгаа юм шүү. Хүн ер нь одоо хийснээрээ аархахдаа биш олон жилийн дараа ч дуунууд чинь амьдарч байвал нэг дуу хийжээ гэж бодоорой. Сайхан хөгжим зохиож л байх хэрэгтэй. Зах зээлийн хүнд үед Ө.Баасанжав гуай “Чихэр жимс идмээр байх юм” гэдэг дууг зохиогоод би ая оруулж байсан юм. “Хөрш айлын эмээ надад хоёр чихэр авчирч өглөө, Картанд орсон бараа болохоор кармаалж авч болохгүй гэлээ” гээд хүүхдүүд их дуулах дуртай байсан даа.

-Хүүхдийн дуу хөгжмийн салбарт таныг нэлээд хувь нэмрээ оруулсан гэж салбарынхан чинь хэлдэг юм билээ. Та өөрөө бол юу гэж боддог вэ?

-Эргээд харахад би гурван том юм хийжээ гэж харж байгаа юм. Нэгт, Монголын хүүхдийн дууны урын санг таслахгүй, арвин их дуугаар баяжуулан явж байна. Энэ бол хамгийн чухал зүйл. Хоёрт, олон сайхан шавь нарыг урлагийн салбарт бэлдэж өгсөн байна. Ялангуяа рок попын салбарт. Тухайлбал МУГЖ Х.Лхагвасүрэн /Харанга/, гитарчин Б.Өлзий-Орших, “Хөсөгтөн” хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч Г.Ариунболд, Б.Цогтбаяр, бөмбөрчин Золбоо, “Цэцэг” хамтлагийн дуучин Ч.Батболд, Ч.Мөнхчулуун, “Маршал” хамтлагийн ахлагч Ц.Уянга гээд олон шавь нарыг нэрлэж болно. Гуравт, Монголын хөгжмийн багш нарын мэргэжлийг дээшлүүлж, Монголын хүүхдийн хөгжмийн боловсролыг дээшлүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулжээ гэж өөрийгөө бодож байгаа. Тухайлбал, хүүхдийн дууны бие даасан зургаан түүвэр ном гаргасан. Энэ гурван тулгуур зүйлийг нэлээн сайн хөгжүүлсэн гэж бодоод байгаа даа. 2018 оноос өөрийнхөө хүсэлтээр чөлөөт уран бүтээлч болж, сүүлийн зургаан жил Багшийн мэргэжил дээшлүүлэх институтид зөвлөх багш хийж байна.

-Сүүлийн үеийн хүүхдүүд нийгэм цаг үеэ дагаад сонсдог хөгжмийн төрөл жанр их өөрчлөгдсөн санагддаг. Үүнийг та хэр анзаарч явдаг юм бол оо?

-Тэр яахав ээ, нийгэм цаг үе өөрчлөгдөж бүх зүйл цахим болсон байна. Сүүлийн үед янз бүрийн дуу, кино олноор гардаг болж. Түүнийг янз бүрийн сувгаар дамжуулан авч байна. Одоо нийгэм их чөлөөтэй болсон. Үүнийгээ дагаад хүүхдүүдийн сэтгэлгээ, үзэж сонсох зүйл нь нээлттэй, чөлөөтэй болсон байна. Хүүхдүүдийн хувцаслалт, сонирхол ч шал өөр болсон. Тэрнээс биш Монголын зохиолчдын чадвар, чанар чансаа муудчихаад байгаа юм биш. Ийм чөлөөтэй нийгэмд хүүхэд аль урсгалаа дагах нь тэр хүүхдийн л сонголт. Миний харж байгаагаар гаднын соёл нь дэндүү их орж ирээд, үндэсний соёл алдагдаад байгаа юм шиг. Үндэсний соёлоо авч үлдэхэд улсын бодлого л чухал шүү дээ. Хөгжмийн багш нараас судалгаа аваад хүүхдүүдэд хүрэх чанартай дуунуудаа түгээж, түүнийгээ сурталчилж байх хэрэгтэй. Хуучны дуунуудаа ч судалж үндэсний, Монгол туургатны гэсэн хэв шинжийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Гэхдээ гаднын нөлөөнд тэгж их автаад явчихна гэж юу байх вэ дээ. Ний нуугүй хэлэхэд Монголд маш гоё, хүүхдүүдийн сонирхлыг татах анимейшн хийж чадахгүй байна. Монгол Улс өөрийн гэсэн хүүхдийн кино хийдэг 50, 60 хүнтэй хоёр, гурван хөгжмийн зохиолчтой бүтэн баг бүрэлдэхүүн ажиллуулах ёстой. Ингэвэл Монголын өв соёл, үлгэр домог хүүхдүүдэд хүрч, түгэн тархана. Энэ чиглэлийн үйл ажиллагаа Монголд их дутагдаад байна даа. Одоо эцэг эхчүүд, хүүхэд нь монгол хэлээ ч бүрэн эзэмшиж амжаагүй байхад англи хэлний сургалт, орос хэлний сургалт гээд хайгаад явж байдаг болсон. Бусад улс орнууд бага анги, сургуулийн өмнөх боловсролыг хүн болж хүмүүжиж төлөвших шат гэж чухалчилж үзээд үндэсний соёлоо барьж, төлөвшүүлдэг. 0-12 нас хүртэл үндэсний соёлоо ойлгож, эх хэлээрээ хүмүүжсэн хүүхэд эх оронч хүн болж төлөвшдөг сайн талтай. Энэ үзэл Япон улсад их ажиглагддаг. Монгол туургатны нүүдэлчин хүмүүсийн өдөр тутмын ажил, амьдралын дуу чимээ, цас, бороо, морин төвөргөөн зэрэг нь бүгд хүүхдийн уураг тархины хөгжилд сайнаар нөлөөлдөг. Монгол хүүхэд түүгээрээ өвөрмөц байсан. Говийн нутагт уртын дуу их байдаг. Тэр их уудам тал, зэрэглээтэй холбоотой. Говь-Алтай цаашлаад Ховд зэрэг аймгуудад усны хоржигноон, хархираа, өндөр өндөр уулсын дуу чимээг дагаад хөөмий, цуур зэрэг хөгжсөн байдаг. Монголчууд исгэрэх, хөөмийлөх, лимбэдэх, тагнайдах, шүгэлдэх зэргээр хоолойгоо их ашигладаг. Үүнээс гадна хүүхдийг хүмүүжүүлэх оньсон тоглоом, чулуу таалцах,үлгэр, туульс зэрэг хүүхэд хүмүүжлийн арвин соёлтой. Энэ бүгдийг алдагдуулахгүйгээр авч үлдэх нь чухал.

 

“Манай эхнэр чинь миний менежер шүү дээ”

 

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр төвлөрч байна даа?

-Хамгийн сүүлийн үеийн уран бүтээл гэвэл энэ сард хүүхдийн 16 дуутай “Монгол хүүхэд” шинэ цомгоо гаргасан байна. Батболдын дуунуудаас тав зургаан дуун нь ч гэсэн 10 жил амьдраасай гэж бодох юм даа. Яруу найрагч Б.Явуухулан гуай дээр үед дугуйлан ажиллуулж байхдаа залуучуудад хандан “За за чи шүлэг бичиж бай, 100 шүлэг бичээд нэг шүлэг чинь ард түмэнд хүрвэл чи өөрийгөө яруу найрагч гэж бодоорой” гэж хэлсэн гэдэг. “Монгол хүүхэд” цомог маань Монголын хүүхдүүдэд сонсогдоогүй байгаа. Удахгүй цэцэрлэгүүдээр тараагдана. Үүнээс өмнө 2020 онд хүүхдийн зохиолч Н.Мандалын цомог “Хөөрхөн шүдний аялал” дуулалт жүжиг бичсэн. Одоо Хүүхэлдэйн театрт тоглогдож байгаа. Бас МҮОНРТ-ийн коммент цувралаар хүүхэд багачуудад хүрч байна. 2018 онд хилийн чанадад байгаа шавь нарынхаа урилгаар Франц, Швед, Бельги, Герман зэрэг орнуудад аялан “Аав-Ээж-Би” уран бүтээлийн цэнгүүнээ хийгээд ирсэн. Энэ уулзалтаа “Эх хэлээ сурах хамгийн чухал түлхүүр бол хүүхдийн дуу юм” гэсэн уриан дор зохион байгуулсан. Хүүхдүүд, эцэг эхчүүд их сайхнаар хүлээж авсан. Үүнд их баяртай байгаа. Цар тахалтай энэ үед хүүхдүүдтэй уулзах боломж бололцоо хомс байлаа. Гэсэн ч 2020 оны сүүлчээр “Би дуучин” цахим уралдаанаа зарласан. Хөх хот, Шилийн богд, Швед болон хөдөө орон нутгийн 18 аймгаас хүүхдүүд их идэвхтэй оролцсон. Ёстой пижигнэлдсэн дээ /инээв/. Цар тахалтай, хөл хорио тогтоосон ч гэсэн нөхцөл байдалдаа тааруулаад ажлаа хийгээд л байна даа.

-Хүүхдийн дуу хөгжмийг хөгжүүлье гээд сэтгэлээрээ тусалж дэмждэг, хөрөнгө мөнгө гаргадаг хувь хүн, бизнес, төрийн байгууллага байна уу. Хөндлөнгөөс харахад бол нэлээд хаягдчихсан мэт л байдаг шүү дээ?

-Мэдэхгүй ээ. Хөрөнгө оруулалт гэж байдаггүй. 2018 онд “Аав-Ээж-Би” уулзалтаа зохион байгуулахдаа эхнэртэйгээ хамт машинаа зараад, хүүхэд багачууддаа урамшуулал, дурсгалын зүйл өгсөн. Сүүлд 2020 онд зохион байгуулсан “Би дуучин” цахим уралдаанд ивээн тэтгэгч олдохгүй, төр засгаас тэтгэврийн зээлгүй ахмадуудад өгсөн нэг сая төгрөгийн дэмжлэгээр энэхүү тэмцээнээ зохион байгуулсан. Энэ чиглэлийн бодлого, дэмжлэг дутагдаж байгаа. Миний сүүлд гаргасан уран бүтээл болох “Монгол хүүхэд” цомог анх удаа төсөлд орж үзсэн юм. Үүнд их баяртай байна. Нэг том дэмжлэг авсан нь энэ дээ. Бусад үед бол юм хийх гээд л өөрийнхөө төлөө тэмцэнэ шүү дээ /инээв/.

-Эхнэр тань таны ажлыг ойлгож, дэмжиж явдаг юм аа даа?

-Эхнэртэйгээ 30-аад жил ханилж байна. Манай эхнэр чинь бараг миний менежер шүү дээ. Дандаа цуг явж, дэмжиж байдаг нь эхнэр минь л байна даа. Сүүлдээ бүүр энэ аянд нь үг хий гээд барьцан ч зогсож байх шиг /инээв/. Европийн орнуудаар тоглолтонд явах үед бас л цуг байгаад “Хүүхдүүдтэй уулзахдаа биед эвтэйхэн, чөлөөтэй энэ хувцасаа өмс, зангиа мангиа зүүгээд яах вэ” гэх зэргээр зөвлөөд хамт байдаг даа. Хүүхдүүдтэй уулзаад дуулж бүжиглээд, дунд ороод хөгжилдөх үед чөлөөтэй хувцас эвтэйхэн байдаг. Намайг хүүхдүүдтэй уулзалт хийгээд, дунд нь орохоороо хамт дуулж, бүжиглээд л яг тэр хүүхэд шигээ шал өөр болчихдог гэж хүмүүс их ярьдаг. Бас юу ярьж байгаа нь ойлгогдохгүй шулагнаж ярьдаг гэсэн. Бусад хүмүүст ойлгогдохгүй ч гэсэн нөгөө хүүхэдтэйгээ ойлголцоод байдаг байхгүй юу /инээв/.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Д.Мягмарзаяа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
С.Даш(203.91.115.41) 2023 оны 11 сарын 14

Бүх дуу шүлгийнх боть бүтээл бүрийг нь татварын урамшууллын системээр түгээн дэлгэрүүлж соён гэгээрүүлэх үйлсэд зориулан үр шимийг нь хүүхдийн үдийн цай хөтөлбөрт оруулж нэгдсэн төсөвт оруулан уран бүтээлчид тодорхой хувь хэмжээгээр нь хөлс урамшууллыг олгож бүтээл тууривалыг нь дэмжиж өгвөл зохино!!

0  |  0
Уншигч(172.69.252.140) 2021 оны 09 сарын 19

Хүүхдээ анхаарахгүй юу сонсож, юу үзэж, юу дуулж, юу мөрөөдөж байгааг нь анхаардаггүй улс сөнөж мөхөх магадгүй шүү, энэ төрлийн уран бүтээлд цаг зав хөрөнгө мөнгө гаргаж, бодлогоор дэмжих хэрэгтэй, оройтсон ч гэсэн оргүйгээс дээр, одоо эхлэхгүй бол нэгэнт өнгөрнө шүү, уран бүтээлчээ ч шагнаж урамшуулмаар юм. Энэ хүнд авах ёстой шагналыг нь өг. Соёлын гавьяат багадна уу гэхээс ихдэхгүй, хөдөлмөрийн баатар ч өг.

0  |  0
Нар(172.69.252.138) 2021 оны 09 сарын 19

Хүүхдийн төлөө хүн дээ

0  |  0
Top