Ж.Мягмар: Хүүхдүүд цэцэрлэгтээ 20:00 цаг хүртэл байх боломжтой болсон

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 20

Сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа болон ковидын үед авч хэрэгжүүлж буй шинэлэг ажлуудын талаар Боловсрол, шинжлэх Ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмартай ярилцлаа.


-Хичээлийн шинэ жил эхлээд ковид гараад хаагдсан хэчнээн цэцэрлэг гарав. Сургалтын үйл ажиллагаа хэрхэн үргэлжилж байна вэ?

-Цэцэрлэгүүд ковид гарсан тохиолдолд долоо хоног цахимаар явж байгаад танхим руу шилжээд байгаа тул тоон мэдээлэл өгөх боломжгүй байна. Сургалтын үйл ажиллагааг цахим, танхимаар хослуулж тасралтгүй явуулж байгаа.

-Эцэг, эхчүүд хоёроос гурван настай хүүхдээ цэцэрлэгт өгөх хүсэлтэй байгаа шүү дээ. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Коронавируст халдварын хархалт өдөр бүр нэмэгдэж байгаа нөхцөлд хоёроос гурван насны хүүхдийг цэцэрлэгт хамруулах нь илүү эрсдэлтэй байна. Мөн жил бүр аравдугаар сараас эхлэн улирлын томуу, томуу төст өвчнөөр бага насны хүүхэд өвдөх нь ихэсдэг. Ийм үед  дархлаа сул, хамгийн их асаргаа хамгаалал шаардлагатай хүүхдийг цэцэрлэгт хамруулах нь илүү эрсдэлтэй байгаа тул түр хойшлуулсан. УОК, ЭМЯ, ОБЕГ болон бусад мэргэжлийн байгууллага хамтран ковидын нөхцөл байдлын үеийн боловсролын салбар дахь эрсдэлийн үнэлгээг хийсний үндсэн дээр хоёр болон гурван настай хүүхдийг цэцэрлэгт танхимаар хүлээн авах асуудлыг УОК, Засгийн газраас өгөх чиглэлийн хүрээнд шийдвэрлэнэ.

-Цэцэрлэгт таван настнуудыг бүрэн хамруулахаар зорьж ажилласан.  Хэдэн хувьтай хамрагдсан бэ?

-Дөрөв болон таван настай нийт хүүхдийн 80 орчим хувь нь  цэцэрлэгт хамрагдсан. Эцэг, эх хүүхдээ танхимын болон зайн сургалтаар сургалтын өмнөх боловсролд хамруулах сонголт хийхээр тусгасан байгаа. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүсвэл хүүхдийнхээ хөгжлийг гэртээ дэмжих зайн сургалтад хамруулж болно. Тэр зарчмаар үлдсэн хувь нь гэрээс зайн сургалтаар хичээллэж байна.

-Цэцэрлэгийн багш ажилчид гурав дахь тундаа хэр хамрагдсан байгаа бол?

-Аймаг, нийслэлийн боловсролын газрын багш ажилтанууд нэмэлт тунгийн вакцинжуулалтад сайн дурын үндсэн дээр хамрагдаж байгаа. Хамгийн гол нь амны хаалтыг тогтмол зүүх, гараа угаах гээд дүрэм журмаа сайн мөрдөх нь чухал шүү дээ.

-Цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлээд хагас сар болж байна. Нэг ангид хэдэн хүүхэд явж байна вэ. Хүүхдүүд бие биеэсээ зай барих гэж мэдэхгүй шүү дээ...?

-Цэцэрлэгийн бүлгийн өрөөний нэг хүүхдэд ногдох талбайг 1,5 м.кв-аас доошгүй байхаар тооцож, 15-25 хүүхэд хүлээн авахаар заасан. Цэцэрлэгүүд энэ журмаар явж байна. Хүүхдийн ам хоолойг содатай усаар өглөө өдөр оройд зайлуулах, шүдийг сайтар угаалгаж, гар нүүрийн алчуурыг өдөр бүр сольж, цэвэр алчуур хэрэглэх, хүүхдийн гар хүрэхээр бүх зүйлд цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх, бүлгийн хүүхдийн хэрэглэсэн аяга, таваг, халбагыг өөр хооронд нь солихгүй байх, хүүхдийг унтуулахад толгой хөлийг нь зөрүүлж сөөлжүүлж хэвтүүлэх байдлаар орыг зайтай байрлуулж унтуулж байна.

-Хүүхэд бүрд QR код бүхий үнэмлэхийг системээс хэвлэж олгосон гэсэн. Энэ үнэмлэх хэр ач холбогдолтой байна вэ?

-Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагад нэвтрэх үед суралцагч, багш, ажилчдын биеийн байдлын мэдээллийг “Боловсролын салбарын мэдээллийн систем”-ийг ашиглан бүртгэл хөтөлж байна. Цэцэрлэгийн багш, ажилтан, хүүхэд бүрд энэхүү QR код бүхий үнэмлэхийг системээс хэвлэж олгосон. Цэцэрлэгийн тандалтын баг нь мобайл төхөөрөмж дээр ESIS апликэйшнийг татаж суулгасан байгаа. Багш, ажилтан, хүүхдийг цэцэрлэгт ирэхэд Тандалтын баг халууныг нь хэмжиж, үнэмлэхний QR кодыг ESIS апликэйшн ашиглан бүртгэж нэвтрүүлдэг. Цэцэрлэгт нэвтрэх үед  багш, ажилтан, хүүхэд хэвийн бус халуунтай, ковидын шинж тэмдэг илэрсэн тохиолдолд урьдчилан бэлтгэсэн тусгаарлах өрөөнд тусгаарлаж, эрүүл мэндийн асуумжийг системд бүртгэж бөглөнө. Халуун хэмжилт, асуумжаар эрсдэлтэй гэж үзсэн тохиолдолд хүүхдийн шинж тэмдгээс хамаарч гэрт нь буцаах, асран хамгаалагчид мэдэгдэх, эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэх зэрэг арга хэмжээ авч ажиллаж байна.

-Ээлжийн багш бэлтгэн сургаж, цэцэрлэгт ажиллуулах журам хэрхэн хэрэгжиж байна вэ?

-2021-2022 оны хичээлийн жилд нийслэлийн 25 цэцэрлэгт ээлжийн багшийг туршилтаар ажиллуулж байна. Цэцэрлэгийн тухайд хамгийн их түгжрэлтэй газарт байрладаг 25 цэцэрлэгийг сонгосон. Сургуулийн өмнөх боловсролын багш мэргэжлээр суралцаж буй төгсөх дамжааны оюутныг цэцэрлэгт ээлжийн багшаар ажиллуулж байгаа бөгөөд энэ нь оюутан мэргэжилдээ бэлтгэгдэх, багшлах дадлагын болон төгсөгчдийн чанар сайжрах, суралцангаа ажиллах, оюутан орлоготой болох, төгсөөд ажлын байраар хангагдах зэрэг олон талын ач холбогдолтой. Тэд үндсэн багшийн ажил дууссаны дараа буюу 16.30-20.00 цагийн хооронд ажиллаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжина. Суралцангаа ажиллах нь дадлагажих боломж, төгсөөд шууд ажлын байртай болох ач холбогдолтой.

-Тэгвэл ээлжийн багштай болсноор аав, ээжүүд бүтэн цагаар ажлаа хийх боломж бүрджээ?

-Ээлжийн багштай болсноор цэцэрлэгийн эхлэх болох тарах цагийн хуваарьт өөрчлөлт орж сонгогдсон цэцэрлэгийн хүүхдүүдийг аав, ээж нь өглөө 07.00-09.30 цагийн хооронд хүргэж өгөөд, орой хүргэж өгсөн цагаас хамааран 17.30-20.00 цагийн хооронд авч байгаа. Ингэснээр замын түгжрэл буурна, цэцэрлэгийн үндсэн багшийн ачааллыг багасгаж, өөрийгөө хөгжүүлэх боломжийг нэмэгдүүлнэ.

Мөн таны хэлснээр аав ээжүүд бүтэн цагаар ажиллах боломж бүрдэх ач холбогдолтой юм. Хүүхдээ 07:30 цагт хүргэх, 17:30 цагт авах гэж түгжрэх шаардлагагүй болж байна.

-Энэ жил нийт хэчнээн хүүхэд цэцэрлэгт хамрагдсан бэ. Бас хэдэн цэцэрлэг нэмж ашиглалтанд орсон бэ. Хувийн сургууль хэдэн хувийг нь бүрдүүлж байна вэ?

-Манай улсад нийт 1474 цэцэрлэгт 122,747 хүүхэд хамрагдаж байна. Энэ жилийн хичээлийн шинэ жилд улсын хэмжээнд 19 цэцэрлэг, нэг бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орж, сургалтын үйл ажиллагаагаа эхлээд байна.

Улсын хэмжээнд хувийн 506 цэцэрлэг сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа. Энэ нь сургуулийн өмнөх байгууллагын 34,8 хувийг хувийн цэцэрлэг бүрдүүлж байна. Төрийн бус өмчийн цэцэрлэгийн 83,6 хувь нь нийслэлд, 16,4 хувь хөдөө орон нутагт үйл ажиллагаа явуулж байна.

-Сургуулийн өмнөх боловсролын системд ямар ямар өөрчлөлт шинэчлэлт оруулж байна вэ?

-Сургуулийн өмнөх боловсролын тухайд зургаа хүртэлх нас бол хүний хөгжил, төлөвшлийг суурь үе гэдэг утгаар тэдний хөгжил, боловсролд чиглэсэн цогц бодлого арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг зорьж байна. Бага насны хүүхдийн хөгжлийн хэрэгцээ 0-3, 3-5 насанд адилгүй байдгийг харгалзан тухайн насанд тохирсон хөгжлийг дэмжих, боловсрол эзэзмшүүлэх үйлчилгээнд хүүхэд бүрийг хамруулах тогтолцоо бүрдүүлэхэд анхаарч байна. Мөн сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний чанарыг үнэлэх тогтолцоог бий болгож, сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх судалгааг энэ хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлж эхлээд байна. Үнэлгээний дүнд үндэслэн сургуулийн өмнөх боловсролын сургалтын чанарыг сайжруулах тал дээр анхаарч ажжиллах болно.

-Цахим хичээлтэй холбоотойгоор дэвшилтэт контент хэр бий болж байна вэ?

-Зайн сургалт зохион байгуулах хүрээнд сургуулийн өмнөх боловсролын 221 цагийн агуулга бүхий теле хичээл, контентуудыг боловсруулан нийт багш, эцэг эх асран хамгаалагчид ашиглах боломж бүрдүүлэн цахим сайтад байршуулсан. Сургуулийн өмнөх боловсролын тухайд бага насны хүүхэд бодит орчинд үйлдэн суралцах онцлогтой тул цахим сургалтыг хүүхдийнхээ хөгжлийг дэмжихэд эцэг эх асран хамгаалагчдад зориулсан зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, багшийн хөгжлийг дэмжихэд чиглэж байна. Энэ хүрээнд 2020-2021 оны хичээлийн жилд багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх 25 удаагийн сургалт, үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулж давхардсан тоогоор 18,2 мянган хүн хамрагдсан байжээ. 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top