“Өнө эртний гүн ухаан судлалын хүрээлэн” ТББ-ын тэргүүн И.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Түүний хувьд монголчуудын гүн ухаан, түүх судлал, цаг тоолол зэрэг сэдвээр олон ном, бүтээл туурвисан нэгэн юм.
-Та монголчуудын цаг тооны бичгийн талаар судалгааны ажил их хийсэн хүн. Энэ сэдвээр ярилцлагаа эхлүүлье?
-Морьтон монголчуудын он тоолол бол наран, сарандаа тулгуурласан байдаг. Энэ он тоолол нь морь жилд, морь сард, морь цагт эхэлдэг. Монголын төрт ёсны онолд зааснаар цаг тооны бичгийн онцлог нь жилд дөрвөн улирлыг эхлүүлдэг. Өөрөөр хэлбэл, хавар, зун, намар, өвлийн наран тэнцлээр эхэлдэг. Энэ нь дөрвөн зүгийн нарны байршил дээр дөрвөн шинэ эхлэл буй болж байна гэсэн үг. Бидний судалж тогтоосноор уг он тоолол нь анх 312 мянган жилийн өмнө эхэлсэн байгаа юм.
-Өнө эртний монголчууд гэж та ярьдаг. Он тооллын хувьд 312 мянган жилийн тэртээд хамааруулж ойлгож болох уу?
-Нэг ёсондоо өнөөгийн монголчуудын хөтлөөд байгаа цаг тооны бичиг чинь буруу яваад байна. Бид цаг тооны бичгээ өнө эртний өвөг дээдсийнхээ хөтөлж ирсэн уламжлалаар нь авч явах хэрэгтэй. Харамсалтай нь цаг тооны бичгээ буруу хэрэглэснээр бүх зүйл уруудаад байгаа юм шүү дээ.
-Бидний өнөөгийн ашиглаад байгаа Д.Тэрбишийн цаг тооны бичгийг та буруу бичигдсэн гэж хэлэх гээд байнаа даа?
-Үнэндээ тэр цаг тооны бичиг бол бидний гаргасан энэ цаг тооны бичгийн зөвхөн төгсгөлийн хэсэгт хамаарна. Он тооллын хувьд хагас дутуу гэж ойлгож болно. Хятадын буюу Хубилайн Юань улсын он тооллоор яваад байгаа гэсэн үг. Энэ он тоолол Манжийн үеэс эхлээд социалист, капитализмыг туулаад явж байна. Үүнийг засах хэрэгтэй. Монголчууд өнө эртнийхээ өөрсдийн цаг тооны бичгээр явах ёстой.
-Тэгэхээр та бүхний гаргасан энэ цаг тооны бичгээр явбал зөв гэсэн үг үү. Энэ их ярвигтай асуудлыг судалж, он цагийн зүй тогтлыг олохын тулд хэчнээн жилийн судалгаа шаардагдсан бэ?
-Мэдээж судалгааны ажил их байсан. Гэхдээ бидний баримтлах хамгийн гол зарчим бол өвөг дээдсийнхээ өвийг л судлах. Өөрөөр хэлбэл, энэ цаг тооны бичгийг бид өнөө үед судалж тогтоогоод бичээд гаргаад ирсэн юм биш. Эцэг өвгөдийнхөө л хөтөлж байсан календарыг өнөө үед олон нийтийн хүртээл болгож байгаа явдал. Харамсалтай нь өдгөө манай монголчууд өнө эртнийхээ энэ цаг тооны бичгийг хүлээж авахгүй, нөгөө буруу хийгдсэн зүйлээ л дагаад байгаа юм. Он тооллын хувьд дутуу, Тангадын эрхшээлд орчихоод байна.
-Тангадын гэдэг нь?
-Эртний Тангадын он тоолол. Тангад хэзээ үүссэн бэ гээд судлаад үзвэл, 26 мянган жилийн л тэртээх зүйл яригдана. Харин манай монголчуудын өнө эртний түүх 312 мянган жилийн тэртээх түүхтэй. Цааш нь нарийн судлаад байвал хүн төрөлхтний анхны төр Монголд байсан гээд олон зүйлийг ярьж болно.
-Таны ярьж буйгаар өнөөгийн монголчууд цаг тооны бичгээ буруу хөтлөөд байгаа юм байна гэж ойлголоо. Тэгвэл бид яаж зөв цаг тооллоо хөтөлж сурах вэ. Энэ чиглэлээр төр засагтаа хандаж байв уу?
-Хандаж болох бүгдэд нь хандсан. Уг нь 2008 онд энэ тоололд орох ёстой байсан. Сүүлийн 13 жилийн турш энэ бүхнийг олон нийтэд танин мэдүүлэхийг зорин ажиллаж байна. Харамсалтай нь төрийн хэмжээнд төдийлөн сайн хүлээж авахгүй байсаар өнөөдрийг хүрлээ.
-Таны хүсэлтийг яагаад хүлээж авахгүй байгаа юм бол?
-Бид өвөг дээдсээсээ уламжилж ирсэн бар сарынхаа цагаан сарыг л хийнэ гэж хэлдэг. Тэр нь Хятадын цагаан сар. Энэ үеэр тэнгэрийн үүд нээгдээгүй, хаалттай байгаа. Учир шалтгааныг нь тайлбарлахаар “Та бол баруун Монголын юм ярьж байна. Баруун Монголд ингэж хийдэг” гэж хэлээд ойлгохыг хүсдэггүй.
-Цаг тооны бичиг буруу явсны хор хохирол юу вэ?
-Хамгийн гол хохирол нь шинэ эхлэл гэж байхгүй. Сэргэн мандалтыг эхлүүлж чадахгүй. Байнга төгсгөлийн процесст оршсоор байна гэсэн үг. Дуусаж байгаа, төгсөж байгаа тэр үйл явдал дээр хөгжил байхгүй. Шинэ сэргэн мандалт гэдэг нь шинэ дээл өмсөхийн нэр биш, байгаль дэлхий шинээр төлжиж, цэцэглэхийг хэлээд байна. Тухайлбал, цэнгэг усны шинэ ундарга байхгүй болно. Цэнгэг ус ууж, саруул ухаантай болох нөхцөл нь бүрдэхгүй бол булингартай ус уугаад, хуучин төгсөж буй эрин үед шинэ эрин үе, шинэ ирээдүйг ерөөсөө олж харахгүй. Монголд өчнөөн бөө байна. Лам байна. Хутагт хувилгаад байна. Бүгдээрээ бар сарын шинийн нэгэн болон үхэр сарын битүүнийг ёсолж хийдэг. Монголын он тооллоо мэдэхгүй байна. Тийм болохоор Хубилайн Хятадад хөтөлж байсан тооллыг Монголд авч ирээд үргэлжлүүлээд байгаа юм. Хятадын газар нутаг, Хятадын соёл иргэншил тэндээ л байх ёстой. Харийн соёл иргэншлийг өөрийн болгоод харийн цаг тооны бичгээр явж буй нь харамсалтай.
-Таны энэ ярьж буй он тооллыг амьдралдаа мөрдөж буй хүмүүс хэр олон байгаа вэ?
-Байлгүй яахав, баруун Монгол тэр чигээрээ өнө эртнийхээ цаг тооны бичгийг хөтөлж байна. Дөрвөдүүд тэр аяараа нэгдэнэ. Зуны наран тэнцлээр буюу зургаадугаар сарын 22 болохоос нааш зуслан гардаггүй. Уулынхаа бэлд байж байдаг. Зургаан сарын 22-ноос ууландаа зусланд гараад гүүний айраг нь болдог. Түүнээс нааш айраг хийх хориотой. Намрын наран тэнцлийн дараа өвс хаддаг. Наран тэнцлээс өмнө өвс хадах хориотой. Өвсний шимгүй болчихдог. Гэтэл Дорнод Монголд бол наадам өнгөрөөд л өвсөө хаддаг. Энэ бол буруу. Наадмаас хойш хур бороо орж, өвс маш их шим тэжээл авдаг. Энэ чинь астрономийн улирал. Одоо байгаа нь геологийн улирал. Шинжлэх ухаанд батлагдсан хэмжээсүүд шүү. Өвлийн наран тэнцэл болохоос өмнө малаа тоолдоггүй, хүнсээ гаргадаггүй. Тийм хатуу. Хаврын наран тэнцлээр өвөлжөөнөөсөө нүүдэг.Тэр хүртэл бууцандаа л байж байдаг. Хаврын наран тэнцлээр нүүгээд очсон газраа хонио төллүүлдэг. Хашаа, хороогүй байлаа ч тэр газар хонио төллүүлэхэд нар ээвэр, салхи тогтуун гэх мэт. Яг ийм зарчмаар одоог хүртэл баруун монголчууд байгальтайгаа зохицон амьдарч байна. Харин Дорнод Монголд нүүхгүй цагт буюу салхи шуургатай үеэр нүүдэг. Энэ бол байгалиа мэдрэхгүй, цаг тооны бичгээ буруу хөтөлж байгаагийн л хор уршиг. Яг одоо бол манай баруун Монголд зуны улирал үргэлжилж байна. Харин энд /нийслэлд/ бол намрын улирал эхэлчихсэн. Ингээд улирлын зөрүүтэй болчихож байгаа юм.
-Энэхүү цаг тооны бичгийг нийт монголчууддаа дагаж мөрдүүлэхэд юу хийх хэрэгтэй гэж бодож байна вэ?
-Би ерөнхий зарчмын хувьд судалж үзсэн. Үүнийг УИХ-аар хэлэлцэж байж хуулиар шийдэхгүй юм бол боломжгүй юм байна лээ. Яагаад гэвэл, энэ асуудал ганц яамны шийдэх хүрээний зүйл бий. Үүнийг бүх ард түмнээр хэлэлцээд, шинэ он тоололд нэгдэх тухай хууль гаргаад баталж мөрдөх боломжтой.
-Танаас нэг зүйлийг сонирхож асуух гэсэн юм. Сүүлийн үед могой суурин газар элбэг харагдах болжээ. Үүнийг та юутай холбож тайлбарлах вэ?
-Могой тахиад, могой даллаад, могойн зан үйл хийгээд байхаар хортой, хоргүй могойнууд тэнүүчлээд байгаа юм. Байгалийн тэр ой санамж нь адилхан үйлдэл болоод байгаа процесс юм. Нийгмийн үзэгдэл чинь өнөөдөр байгалийн үзэгдлийг өдөөгөөд байгаа хэрэг. Уул ус тахиад байгаа нь бүгд Тангадын тахилга хийгээд байгаа юм шүү дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 3 )
хэн ч дураараа бурж түүх зохиодог болжээ Бураад мэдэмхийрээд явж л байна Тэрбиш оддын зурхайг зохиосон гэж хүнийгээ Нэрийг зарлаад зөв ч явж байгаа харин бусад нь энд тэндээс юм хуулж нэмээд Хэдэн зуун мянгаар зарагдаж буй жил бүрийн бизнис болдог зурхайг нь булаах гэж муулж солиордог нь буурахгүй юм даа
za daa mongoliin toolol geed suid bolood yahav.Delhii deer 1 l sariig harj tuunii hudulguuniig sudalj sarnii toolol yavj baigaa.Tangad toolol gedeg ch unen shuu.Ter tusamaa Terbishiin kalendar udur davhardah, esvel 1 udur dutaj alga boldog.Yaj ch bodson iim teneg yum baij bolohgui bizdee.Anh ter ishbaljir gedeg n aldaatai calendari hiij tuuniig n terbish mongold nutagshuulsan bna.AZ ezeer zarimdaa tsagaan sar n hujaatai zurdug n terbishiin toololiin uls turiin ach holbogdol gehuudee..
Ганц цаг тооны бичиг биш монголчуудын бүх юм буруу замаар явж байгаа.