Р.Булгамаа: Хүүхдийн мөнгийг хуримтлал болгох нь хүний суурь эрхэд халдаж байгаа үйлдэл

Админ | Zindaa.mn
2021 оны 09 сарын 22

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Б.Жавхлан нар “Халамжаас хөдөлмөр рүү, хадгаламжаас хуримтлал руу” хэмээх 2022 оны төсвийн бодлого хэрэгжүүлэхээ зарлаад байгаа. Энэ хүрээнд Засгийн газар хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлж насанд хүрэхэд нь нэг дор олгох, 100 мянган төгрөгийг бууруулж 20 мянган төгрөг болгох тухай асуудлыг ч хөндөх болсон. Тэгвэл тус асуудлаар Хууль зүйн ухааны докторант Р.Булгамаатай ярилцлаа.


-Эрх баригчид хүүхдийн мөнгөн дээр хатуурхаад эхэллээ гэдэг шүүмжлэл гарах боллоо. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Дэлхийн улс оронд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг төрөлтийг нэмэгдүүлэх, хүүхэд эрүүл аюулгүй орчинд өсөж торних, хүүхэд байх хугацаанд нь шаардлагатай амьжиргааны зардалд нь нэмэр болох зорилгоор олгодог. Манай улсад ч мөн хүүхдийн ирээдүйд хөрөнгө оруулж байгаа нэн чухал хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь Монголд 2005 оноос эхлэн өнөөг хүртэл хэрэгжиж ирсэн. Гэтэл улстөрчид 100 мянган төгрөг болоод хэрэгжиж байсан энэ хөтөлбөрийг буцаагаад 20 мянган төгрөг болгох, хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх ёстой хэмээн олон нийтэд тайлбарлаж байгаа нь нэлээн анхаарал татсан үйл явдал боллоо. Улстөрчид хүүхдийн мөнгө рүү ингэж хэт их улангасан дайрч байгаа нь үнэхээр эмгэнэл гэж хэлэхээр байна. Яагаад гэвэл Монгол Улсын ирээдүй хойч үе бол хүүхэд юм. Хүүхдийн хөгжлийг дэмжихгүйгээр, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийхгүйгээр цаашаа хөгжихгүй ээ. Өнөөдөр Ерөнхий сайд болон Сангийн сайдын ярьж байгаа зүйл нь хүүхдийн чиглэлээр хийгдэж байгаа төрийн бодлого чиглэлтэйгээ уял­даж өгөхгүй байна. Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын газраас “Нэгдүгээрт хүүхэд” хэмээх аяныг улс орон даяар хэрэгжүүлээд явж байгаа. Гэтэл Ерөнхий сайд нэг өдрийн чуулганд оролцохдоо “Энэ хүүхдийн мөнгө халамжийн хэлбэрт очих ёстой” гэсэн байдлаар хандаж байгаа нь асар учир дутагдалтай юм. Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Ухнаагийн Хүрэлсүх “Хүүхдийн мөнгөний асуудал зайлшгүй байх ёстой” гэж удаа дараа хэлж байсан. Сонгуулийн сурталчилгааны явцад ч хэлсэн. Тэрбээр “Хүүхдийн мөнгө бол хүүхдийн амьжиргаанд нэмэр болох ёстой, энэ мөнгөөр хүүхэд хоол ундтай, хувцастай, ном дэвтэрээ авдаг байх ёстой” гэсэн байр суурийг удаа дараа илэрхийлж байсан. Гэтэл Ерөнхийлөгчийн санаачилгаар есдүгээр сарын 13-нд зохион байгуулагдсан “Төр хувийн хэвшилд хөрөнгө оруулалт 2021” зөвлөлдөх уулзалтын үеэр Ерөнхий сайд “Хүүхдийн мөнгийг хадгаламжийн бодлого болгож болохгүй гэх газаргүй. Ингэж хуримтлал үүсгэх нь хүүхдийн ирээдүйд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт” гэж мэдэгдсэн. Хүүхдийн ирээдүйд хэрхэн, яаж хөрөнгө оруулалт болох талаар тодорхой үндэслэлтэй, нотлох баримттай, судалгаа жишээтэй мэдэгдэх хэрэгтэй л дээ.

-Тэгэхээр таныг хүүхдийн мөнгөн тэтгэмжийн тодорхой хувийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх санаачилгад таагүй хандаж байгаа юм байна гэж ойлголоо?

-Яг үнэндээ Монголын ард түмэн хуримтлал бол ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт гэсэн үгнээс хаширчихсан байна. Учир нь ахмад настангуудын тэтгэвэр, нийгмийн даатгалын шимтгэлийн мөнгийг нэг арилжааны банканд төвлөрүүлж байгаад байхгүй болгосон. Энэ асуудалд хамааралтай хүмүүс өнөөг хүртэл зохих хариуцлага хүлээж төр, түмэн олны хохирлыг барагдуулаагүй байна.

Төрийн мөнгөний үр өгөөжийг нь тасалдуулсан, бодлогогүй шийдвэр гаргасан эрх мэдэлтэн болон хадгалж байсан банк зэрэг нь бүгдээрээ үүнд хариуцлага хүлээгээгүй. Гэтэл өнөөдөр хүүхдийн мөнгийг хуримтлал болгож, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийнэ гэх нэрийдлээр дахин нийгмийн даатгалын мөнгөний хувь заяатай адилхан болгох гэж байгаа нь илэрхий байна. Тиймээс л иргэд үүн дээр дургүйцлээ илэрхийлж байгаа юм аа.

Ний нуугүй хэлэхэд, Монгол Улсын иргэн бид төрдөө итгэх итгэл алдарсан байна. Тэр хүүхдийн мөнгө тухайн хүүхдийг 18 нас хүрэхэд нь хуримтлал хэлбэрээр очих эсэх нь  эргэлзээтэй, баталгаа харагдахгүй байна. Үүнд нийгмийн баталгаа алга. Төрийн баталгаа ч алга. Улстөрчид ядаж хүүхдүүдэд олгогдож буй мөнгөн тэтгэмжээс гараа татаач ээ гэдгийг хэлэх хэрэгтэй байна. Ер нь Ерөнхий сайдын санаачлаад байгаа гэх хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлж, ирээдүйд хөрөнгө оруулалт хийх тухай асуудал нь одоо хэрэгжиж буй хуулийн зохицуулалтад байгаа. Иргэд өөрсдөө хүсвэл хүүхдийн мөнгөө сар болгон авч хэрэглэхгүйгээр хуримтлал үүсгээд хадгаламжийн данс руу оруулах боломжтой байдаг. Гэтэл хүүхдийн суурь эрхтэй хамааралтай, хүүхдэд зориулагдан олгогдож байгаа мөнгийг шууд “Энэ мөнгө хуримтлал болох ёстой. Энэ нь хүүхдийн ирээдүйд орж байгаа том хөрөнгө оруулалт" нэрийдлээр энэ хөтөлбөрийг зогсооно гэдэг бол маш буруу юм. Монгол Улсад хэрэгжиж буй үр дүнтэй хөтөлбөртөө битгий ингэж ухралт гаргаач ээ. Үүн дээр бодитой хандах хэрэгтэй. Хүүхдийн мөнгө бол хүүхдийг хүүхэд байхад нь л зориулагдах ёстой мөнгө гэдгийг томчууд бид нар зөв талаас нь олж харах хэрэгтэй байна. Нярай байхад нь живх, нэмэлт тэжээл, сургуульд орох үед нь хичээлийн хэрэгсэл, хүнс тэжээл, өсвөр насанд өөрийнх хэрэгцээ, нэмэлт сургалт гэх мэт хэрэгцээтэй байгаа зүйлд нь зарцуулагдах ёстой юм. Энэ тал дээр бодитой харахгүйгээр, хүүхдийн мөнгөнөөс болж нийгэм даяараа ажил хийхгүй, ядуурчаад, архидаад байгаа мэт хандах нь буруу юм. Хүүхдүүдэд зориулагдсан тэр өчүүхэн мөнгийг нийгэмд болоод байгаа түмэн асуудлын үндэс суурь мэт хамаатуулж авч үзэж байгаа нь маш харамсалтай байна. Харин үүний оронд нийгэмд тулгамдаад байгаа ажилгүйдэл, ядуурал зэргийг бууруулах том цогц хөтөлбөр хэрэгжүүлэх нь илүү бодитой. Ажилгүй иргэдээ ажлын байртай болгож, хариуцлагатай бүтээлч амьдралын хэм маягыг бүрдүүлэхэд төр илүү анхаарах хэрэгтэй.

Ингэхгүйгээр эрх зүйн чадамжгүй хүүхдүүдийн мөнгийг хуримтлал нэрийн дор ямар ч баталгаагүйгээр хураан авч, хуримтлал нэртэй төвлөрөл үүсгэх нь зохимжгүй. Хуримтлал байхгүй байгаа мэт, хуримтлал гэдэг үгийг гаргаад ирвэл их үр дүнтэй болох гээд байгаа мэтээр олон нийтийг төөрөгдүүлсэн мэдээ мэдээлэл хийж байна. Дээрээс нь хүүхдийн мөнгийг буцаагаад 20 мянган төгрөг болгоно гэх мэтээр тогтвортой хэрэгжиж байгаа хөтөлбөрийн хэрэгжилтийг өөр тийш нь гуйвуулдаг, сарниулдаг эрх мэдэлтэн, албан тушаалтнууд ийм бодлогогүй үйл явдалдаа дүгнэлт хийх хэрэгтэй. 

-Та хууль эрх зүйн чиглэлээр ажилладаг болохоор энэхүү шийдвэрийг хүүхдийн эрх талаас нь харж байгаа байх. Тийм ч утгаараа хүүхдийн мөнгийг хадгаламж хэлбэрт шилжүүлэх тухай асуудал нь “Хүүхдийн суурь эрхийг зөрчиж байна” хэмээн цахим орчиндоо үзэл бодлоо илэрхийлсэн байсан?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 16.11-д “Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална”, 17.2 “Үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь иргэн бүрийн журамт үүрэг” хэмээн хүүхдийн эрхтэй холбоотой үндсэн суурь эрхийг нь зааж өгсөн байдаг. Мөн Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5.4 “Хүүхэд төрөөс тэтгэвэр, тэтгэмж, асрамж халамж, хамгааллын үйлчилгээ авах эрхтэй” гэж хуульчилсан. Иймд “Хүүхдийн эрх ашиг, сонирхлыг төр хамгаална” гэсэн үндсэн хуулийн зүйл заалтын хүрээнд хүүхдэд зориулсан төрийн бодлого, халамж анхаарлыг төр өөрийнхөө бодлого, хууль, дүрэм журамтай уялдуулж зохицуулж өгөх учиртай. Үүнтэй холбоотойгоор төр хүүхдийнхээ өмнө үүрэг хариуцлагаа ухамсарлан, хүүхдийг төрийн хамгаалалтад байлгах ёстой гэсэн үндсэн хуулийнхаа зарчим, агуулгын хүрээнд “Хүүхдийн мөнгөн тэтгэмж” гэдэг зүйл урган гарч ирсэн гэж хардаг. Хүүхдийн мөнгө гэдэг нь Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдийн хөгжил, тэдний ирээдүй, нийгмийн баталгааг нь дэмжсэн маш үр дүнтэй хөтөлбөр юм.

Монгол Улсад олон хөтөлбөр хэрэгжиж байгаа. Гэхдээ хөтөлбөр бүрийн хэрэгжилтийн явцад агуулга нь өөрчлөгдөх, хөтөлбөр зогсох зэрэг зүйлсүүд олон харагддаг. Манай улсад Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль зэрэг хүүхдийн эрхтэй холбоотой олон хууль тогтоомжууд байна. Эдгээрт хүүхдийн эрх хамгааллын асуудлыг маш тодорхой заасан байдаг. Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрхтэй холбоотойгоор “Хүүхэд хуульд заасан үндэслэл, журмын дагуу өөрт ноогдох эд хөрөнгийг өмчлөх, өвлөх, ажил үйлчилгээний хөлс урамшуулал авах эрхтэй” хэмээн зааж өгсөн. Өөрөөр хэлбэл хуулиар олгогдсон эрхээ эдлэх бас шаардах эрхтэй талаар хүүхдийн эрхийн тухай хуулийн наймдугаар зүйлд тодорхойлсон байна. Үүнээс хүүхдийн мөнгө нь төрөөс тухайн хүүхдэд олгож байгаа эд хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй. Үндсэн хуулиар иргэн өмч хөрөнгө олж авах, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй. Өмч нь хөдлөх болон үл хөдлөх гэсэн хоёр хэлбэртэй байдаг. Хүүхдүүдийн хувьд мөнгө бол хөдлөх хөрөнгө юм. Тиймээс хөрөнгөө хуримтлал болгох аль эсвэл өнөөдрийн амьжиргаандаа хэрэглэх нь тухайн хүний эрхийн асуудал юм. Энэ асуудал дээр хөндлөнгөөс оролцож, нийгэмд ийм тулгасан шийдвэр гаргаж байгаа нь маш буруу. Хүүхдийн мөнгийг бүх нийтээр нь хуримтлал болгох тухай асуудал нь төрөөс хүний үндсэн суурь эрхэд халдаж байгаа үйлдэл мөнөөсөө мөн.

Хүүхдийг өмч хөрөнгөтэй бол гээд мөнгөн хэлбэрээр шилжүүлж байгаа дэмжлэгийнхээ захиран зарцуулах эрхийг нь бас төр өөрөө мэдэж шийднэ гэдэг бол их учир дутагдалтай. Мөн Монгол Улс хуулиндаа нэгдэн орсон гэрээ Үндсэн хуулийн нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ гэж заасан байгаа. Манай улсын хувьд хүүхдийн эрхийн харилцааг зохицуулсан “Хүүхдийн эрхийн конвенц”-д 1990 онд нэгдэн орсон. Тус конвенцид хүүхэд төрөөс ямар хайр хишиг, боломжуудыг эдлэх ёстой байдаг талаар маш тодорхой заасан байдаг. Төр хүүхдээ өөрийн хамгаалалтанд байлгаж, тэдний ашиг сонирхлыг хамгаална гэж Үндсэн хуульд заасан атлаа хүүхдийн бие бялдар, оюун ухаан гүйцэд төлөвших насанд нь төрөөс өгч байгаа халамж анхаарлаа буцааж, хүүхдийн мөнгийг 20 мянган төгрөг болгож бууруулна гэсэн шийдвэр гаргах гэж байгаа явдал нь нэгдэн орсон олон улсын гэрээнийхээ өмнө хүлээх ёстой үүргээсээ ухарч байна гэж үзэх үндэслэлтэй байна.

-Хүүхдийн мөнгө олгох тухай асуудал хэзээнээс Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн бэ?

-Хүүхдийн мөнгөний эрх зүйн үндэс хэрхэн тогтсон талаар эргэж харвал нэлээн сонирхолтой түүх баримт бидэнд байдаг. 2005 онд дэлхий дахинд зэсийн үнэ өссөнтэй холбоотойгоор татварын орлого нэмэгдэж, улсын төсөв тодорхой хэмжээний өсөлттэй байсан. Үүнтэй уялдан нийгмийн хамгааллын бодлогоо бэхжүүлэх, илүү өргөн хүрээтэй болгох гэсэн эрэлт, хэрэгцээ, шаардлагын дагуу хүүхдүүдэд мөнгөн тэтгэмж өгөх хөтөлбөрийг санаачилж гаргаж ирсэн байдаг. Мэдээж энэ бол Монгол Улсын анхны хүүхдэд зориулсан, хүүхдийн нэр дээр мөнгөн хуримтлал, данстай болгох боломжийг нээсэн түүхэн ач холбогдолтой шийдвэр байсан. Тийм ч учраас олон улсын байгууллагуудаас сайшааж, дэмжсэн билээ. Мөн “Азидаа нэлээн дэвшилтэт, хүүхэд рүү чиглэсэн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна” хэмээн тухайн үед дэлхий дахинд, холбогдох олон улсын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд онцолж байсан. Мөн НҮБ-ын төрөлжсөн байгууллагын дэмжлэгтэй “Нийгмийн хамгааллын суурь түвшин бүрдүүлж чадаж байна” гэж урамшуулан, дэмжсэн зөвлөмж хүртэл манай Засгийн газарт ирж байсан юм.

Ингээд 2005 оны нэгдүгээр сараас эхлэн гурван мянган төгрөгийг хүүхэд бүрд олгох шийдвэр хэрэгжиж эхэлсэн. Нийтдээ 350 мянган хүүхэд үүнд хамрагдаж байсан тухай эх сурвалжуудад тэмдэглэгдсэн байдаг. Тухайн үедээ энэхүү мөнгөн тэтгэмжийг ядуу гэж тодорхойлогдсон, амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой болон гурав буюу түүнээс дээш хүүхэдтэй айлын хүүхдүүдэд олгодог байсан. Энэ нь  халамжийн асуудлыг тусгасан, ядуу гэх тодотголд хамрагдах, амьжиргааны түвшин тааруухан  айлын хүүхдүүдийг амьдралын баталгаатай болгох, амьжиргаанд нэмэр болгох зорилготой байсан юм. Үүний дараагаар буюу 2006 оны долоодугаар сарын 1-нээс хөтөлбөр илүү өргөн хүрээтэй болж хамрагдах хүүхдүүдийн тоог 650 мянгад хүргэн нэмэгдүүлсэн. 2007 оны долоодугаар сарын нэгнээс хүүхдийн мөнгөн тэтгэмж 25 мянгад хүрсэн. Тухайн үед энэхүү тэтгэмжид 932 мянган хүүхэд хамрагдаж байсан. 2012 оны аравдугаар сараас эхлээд сар болгон тэтгэмж олгогдох хүүхдийн тоог 20 мянга болгоод, нийтдээ 967 мянга гаруй хүүхэд хамрагдаж байсан, харин өнөөдрийн байдлаар 1,2 сая хүүхэд 121,5 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа статистик тоо баримт байдаг. Энэ бүхнээс харахад хүүхдийн мөнгө нь эхэндээ зорилтот бүлэг рүү чиглэсэн, ядуурлыг бууруулахад анхаарч, өрхийн орлогоос хамаарч хүүхдүүдэд олгоно чиглэмжтэйгээр бий болж байжээ. Ингэж хүүхдийн мөнгийг амьжиргааны түвшинтэй нь уялдуулж өгөх нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан “Ялгаварлан гадуурхахгүй байх”, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4.1.1 “Хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх” гэсэн хуулийн зохицуулалт, Үндсэн хуулийн хүний эрхийн суурь зарчимтай зөрчилдөж байсан учир “Бүх хүүхэд тэгш хамрагдах ёстой” гэсэн үндэслэлээр журамд өөрчлөлт орсон. Энэ нэмэлт өөрчлөлт нь нэг талаар их дэвшилттэй зохицуулалт болсон гэж үзэж байгаа.

-Хүүхдүүд өнөөдөр мөнгөн тэтгэмжээ яг ямар дүрэм журмаар авч байна. Ямар онцлог нэмэлт зохицуулалт үйлчилж байгаа вэ?

-Хүүхдийн мөнгийг олгох асуудал нь өнөөдрийн байдлаар “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай” Засгийн газраас гаргасан журмаар зохицуулагдаж байдаг. “Хүүхдийн эрхийн хууль” болон “Нийгэм халамжийн хууль”-иудад үндсэн  суурь зохицуулалт нь байгаа. Энэ журамд зааснаар 0-18 насны хүүхдэд мөнгөн тэтгэмж олгох бөгөөд хүүхдийн мөнгийг төрүүлсэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч эсвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь авах эрхтэй байдаг. Мөн тухайн хүүхэд 16 нас хүрсэн тохиолдолд цаашдаа өөрөө мөнгөө авч байх хүсэлтийг банканд гаргаснаар өөрсдөө авах эрх үүсдэг. Энэ зохицуулалтыг хүмүүс тэр бүр мэддэггүй.

2019 оны 470 дугаар тогтоолоор энэ журамд өөрчлөлт орсон. Хуучин бол өрхийн “Амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа”-нд хамрагдсан иргэдийн хүүхдэд олгодог байсан бол 2020 нэгдүгээр сарын 1-ээс эхлээд бүх хүүхдүүдэд тэгш олгогддог болсон нь онцлог. Тухайлбал, асрамжийн газарт байгаа хүүхдийн мөнгийг асрамжийн газар нь тухайн хүүхдийн нэр дээр хадгаламжийн данс нээлгээд, банканд хадгалуулж болох журмаар зохицуулсан. Үүнийг хүүхдийн тэтгэмж олгох журмын гуравдугаар зүйлд тодорхой заасан байдаг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа анги, байгууллагад ял эдэлж байгаа, цагдан хоригдож байгаа хүүхдүүдийн мөнгийг тухайн хүүхдийнх нь нэр дээр хадгаламжийн данс нээлгэж банканд хадгалуулах журмаар зохицуулсан байдаг. Хадгаламжийн дэвтрийг нь тухайн хорих анги байрлаж байгаа аймаг, дүүргийн халамж үйлчилгээний байгуулаггад хадгалдаг. Улмаар хүүхэд суллагдсаны дараа тухайн хүүхдэд захиран зарцуулах эрх үүсэх үед нь өөрт нь  хүлээлгэж өгдөг зохицуулалт хүртэл байгаа. Үүнээс гадна хүүхэд 16 насанд хүрээгүй байхад эцэг эх асран хамгаалагч, харгалзан дэмжигч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нас барсан тохиолдолд өв залгамжлагч буюу тухайн хүүхдэд хууль тогтоомжийн дагуу дэвтрийг нь хүлээлгэж өгнө гэж зохицуулсан байдаг. Тэгэхээр мөнгөн тэтгэмжээ сар бүр аваад амьжиргаандаа хэрэглэх боломжтой. Эсвэл хадгаламж хэлбэрээр хуримтлал үүсгээд, 16 насанд хүрмэгц түүнийгээ аваад хэрэглэх гэсэн аль аль боломж нь нээлттэй байна. Үүнийг хуульд тодорхой зааж өгсөн байна. Тиймээс Ерөнхий сайдын хэлээд байгаа хуримтлал үүсгэнэ гэх асуудал нь хууль зүйн дүрэм журмаар зохицуулагдсан байгаа гэдэг нь тодорхой харагдаж байна. Гагцхүү хуримтлал нэрээр тэтгэмж авагчийн саналыг харгалзахгүй төр императив шинжтэй шийдэл гаргаж болохгүйд гол учир байгаа юм.

-Олгогдож буй хүүхдийн мөнгө хүүхэд болгондоо хүрч, үйлчлэх хүртээмжтэй байдал нь хэр байдаг бол. Дийлэнх хүмүүст эцэг эх, ар гэрийнхэн нь аваад хэрэглэдэг гэсэн хардалт байдаг?

-Нийгэмд “Хүүхдийн мөнгийг томчууд нь аваад идчихдэг” эсвэл архи аваад уучихдаг гэсэн хардалт нийтлэг байдаг. Хүүхдэд тэтгэмж олгох тухай журмын дөрөвдүгээр зүйлд хүүхдийн мөнгийг ямар тохиолдолд зогсоох тухай тодорхой журамласан байдаг. Хүүхэд хэрвээ 18 насанд хүрсэн бол, хүүхэд нас барсан бол, хүүхэд Монгол Улсын харьяатаас гарсан бол зогсооно. Түүнээс гадна нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас хүүхдийн мөнгийг түр зогсоох шийдвэр гаргаж болдог. Ингэхдээ хүүхдийн мэдээлэл давхцсан, хүүхдийн мөнгө өөр данс руу орсон, эцэг эх асран хамгаалагч нь хүүхдийн эрхийг зөрчсөн, сураггүй болсон, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ биелүүлээгүй, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн талаар хуулийн байгууллагад бүртгэлтэй бол хүүхдийн мөнгө олголтыг зогсоохоор заасан байдаг. Энэ цаг мөчөөс хүүхдийн мөнгө тухайн хүүхдийн хуваарьт, өөрийнх нэр дээрх данс руу хуримтлал болж шилжих ийм зохицуулалт орсон байгаа. Энэ бол их өгөөжтэй чухал зохицуулалт юм.

Үүнээс үзэхэд хүүхдийн мөнгийг зориулалтын бус өөр зүйлд ашиглаад байгааг сонирхогч этгээд хаана хандаж, яаж тогтоох талаарх зохицуулалт мөн хэрэгтэй байгаа юм. Ерөнхий утгаар нь үзвэл Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хүрээнд иргэн өөрийнхөө журамт үүргийнхээ хүрээнд зөрчил гэмт хэргийн тухай асуудлыг мэдээлэх үүрэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл хүүхдийн мөнгөөр архидан согтуурч, хүүхдэд зарцуулахгүй завшаад байгаа тухай мэдээлэх, мэдээллээ шалгуулан тогтоолгож, зохих этгээдэд хариуцлага хүлээлгэх бүрэн боломжтой гэсэн үг юм.

-Тэгэхээр нэлээд сайн хамгаалагдсан мөнгө юм байна шүү дээ?

-Цагдаагийн ерөнхий газар 2021 онд 178 хүүхдийн байцаагчтай болсон. Аймаг, хороо, дүүрэг бүрд хүүхдийн байцаагч ажиллаж байна. Хүүхдийн байцаагчид  хүүхдийн эрх зөрчигдсөн талаарх гомдол мэдээллийн мөрөөр дагнан ажиллаж байгаа. Мөн засгийн газрын 2021 оны 159 дүгээр тогтоолтоор “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох тухай” журамд өөрчлөлт орж “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг барьцаалж зээл авах, банкны зээл”-д суутгахыг нь хориглосон. Энэ нь хүүхэд өөрийнхөө эд хөрөнгийг зориулалтын дагуу хэрэглэх дархан эрхийн хүрээнд зөвхөн хүүхдэд зориулагдах ёстой гэсэн хууль зүйн хамгаалалт гэдгийг бид олж харах хэрэгтэй. Эдгээр нарийн зохицуулалтыг хүмүүс тэр бүр мэддэггүйгээс болоод “Хүүхдийн мөнгөөр томчууд архидаад байна. Эцэг эх нь өөртөө юм аваад байна. Хүүхдэд хүрэхгүй байгаа учраас энэ мөнгийг хуримтлал болго” гэх мэтчилэн ерөнхий таамаг, хардалтаар асуудлыг дүгнэж байна. Мөн “Хүүхдийн мөнгө хүмүүсийг залхуу болгож байна. Хөдөлмөр эрхлэхгүй байх нөхцөлийг бүрдүүлж байна” хэмээн тайлбарлаж байгаа нь үнэхээр учир дутагдалтай.

Үүнд тооцоо судалгаатай хандах хэрэгтэй. Энд нэг зүйлийг онцлоход “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн захиран зарцуулалт”-ын асуудлаар судалгаа хийсэн байсан. Судалгаанаас харахад хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 85.6 хувь нь тухайн хүүхдийн эх нь, 10.7 хувь нь эцэг нь, 3.5 хувь нь хуулиар тогтоогдсон асран хамгаалагч нь авах эрх үүсгэн данстайгаа холбосон байдаг байна. Мөн хүүхдийн мөнгө авч байгаа нийт хүүхдүүдийн 0.3 хувь нь 16 насанд хүрсэн буюу өөрөө мөнгөө авч захиран зарцуулдаг байна. Хүүхдийн мөнгөн тэтгэмж авдаг хүүхдүүдийн 97 орчим хувь нь тэр мөнгийг захиран зарцуулах эрхтэй хүнтэй хамт амьдардаг. 22 мянган хүүхэд ямар нэгэн байдлаар эцэг эхээсээ тусдаа амьдарч байна. Үүний шалтгаан нь гол төлөв эцэг эхийн салалттай холбоотой байгаа юм. Монгол Улсын нийт өрхийн 0.2 хувь нь буюу 1120 өрх хүүхдийн мөнгийг зориулалтын бусаар ашиглаад байна гэсэн судалгаа гарсан байна. Үүнд л төрийн хараа хяналт хэрэгтэй.

Хүүхдүүдэд мөнгө нь очиж байна уу, үгүй юу гэдэг дээр л халамж анхаарал тавих нь чухал юм. Тэгээд үүнээсээ дүгнэлт гаргавал илүү бодитой байх байсан. Ер нь хүүхдийн эрх хамгааллын асуудал дээр илүүтэй төвлөрч, хамтарсан багууд ажиллах ёстой байна. Мөн Зөрчлийн тухай хуульд дараах зүйл нэмэгдвэл их зүгээр гэж харж байгаа. Хүүхдэд зориулалтын дагуу зарцуулагдаагүй хэчнээн төгрөгийг авч хувьдаа ашигласнаас хамаараад тухайн хүнийг хүүхдийн эрх зөрчсөн гэж үзээд, мөнгөн төлбөрийг нөхөн гаргуулж, хүүхдийн хуваарьт дансанд оруулдаг байх зохицуулалт хэрэгтэй байна. Ингэснээр тухайн хүүхэд хохиролгүй болох болно.

-Хүүхдийн мөнгө олголтыг зөвхөн манай улс дан ганцаараа хэрэгжүүлээд байдаггүй байх. Дэлхийн бусад улс орон хүүхдийн мөнгө олголтыг хэрхэн, яаж зохион байгуулдаг талаар сонирхуулахгүй юу?

-Хүүхдийн мөнгийг Монгол Улс дэлхий дахинд ганцаараа олгоод, төсөвт ихээхэн ачаалал болоод байгаа зүйл ерөөсөө биш. Дэлхийн 20 гаруй улс уг хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тэдний нэг нь Монгол Улс гэж бахархаж, бардам хэлдэг байсан. Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгож байгаа үйл явдлыг дэлхий нийт “Хүүхдийн эрхийг хангаж, тэгш байдлыг бий болгосон, хүүхдийг ялгаварлан гадуурхахгүй байх, хүүхдийн амьжиргаанд нь тухайн улсын төр засгаас олгож байгаа дэмжлэг тэтгэмж юм” гэж тодорхойлсон байдаг. Ер нь хүүхдэд олгож байгаа мөнгө нь хүүхдийн наад захын хэрэгцээг хангах, хүүхэд эрүүл өсөн торниход ихээхэн ач холбогдолтойгоос гадна ядуурлыг бууруулах бас нэгэн хэлбэр гэж үздэг.

Хүүхдийн мөнгө олголттой холбоотойгоор зарим орнуудын тэргүүн туршлагаас онцолж хэлэх хэрэгтэй байх. Тухайлбал, ОХУ нь хүүхдийн тэтгэмжийг хүүхдийн тоо болон наснаас нь хамаарч сар бүр олгодог. Мөн 16 насны хүүхэдтэй эцэг, эхийн аль нэг асран хамгаалагч нь сар бүр тэтгэмж авах эрхтэй гэж заасан байдаг. Олон хүүхэдтэй айлд төрөөс үл хөдлөх хөрөнгөтэй болоход нь зориулж тодорхой мөнгөн тэтгэмж хүртэл гэр бүлд нь олгодог зохицуулалттай юм. БНСУ-ын хувьд 0-6 насны хүүхдүүдэд 100 мянган вонын тэтгэмж олгодог. Хэрвээ амьжиргааны түшин дээгүүр чинээлэг амьдралтай бол энэ тэтгэмжийг олгохгүй гэсэн хуулийн зохицуулалттай. Канад улсад мөн хүүхдийн тэтгэмжийг сар бүр олгодог. Ингэж олгохдоо зөвхөн тухайн хүүхдийн амьжиргаанд нь зарцуулна гэж тусгайлан зааж өгсөн байна. Харин Финланд улсад 0-17 насны бүх хүүхдүүдэд олгодог. Мөн гац бие эцэг, эхэд нэмэлт тэтгэмж олгох зохицуулалт байдаг. Хүүхдийн мөнгөнд ямар нэгэн тавтар ногдохгүй, ямар нэгэн хэлбэрээр татаас авч болохгүй талаар тодорхой дурдсан байдаг. Унгар улсад гэр бүлийг дэмжих бодлогын нэгээхэн хэсэг нь хүүхдийн хөгжлийг дэмжих гэж хуулиндаа тодорхойлсон. Ингэхдээ хүүхдийн тэтгэмжийг гэр бүлийн тэтгэмжийн багцад оруулж өгсөн байдаг. Хүүхдийн мөнгө олгохтой холбоотой янз бүрийн зохицуулалт байдаг. Тухайлбал хүүхдүүд ямар нэгэн хэлбэрээр хичээл, сургалтандаа хамрагдаагүй буюу сурах үйлсдээ идэвхгүй хандсан байвал тэр тэтгэмжийг бууруулах эсвэл зогсоох хүртэл арга хэмжээ авдаг. Мөн сургуулийн өмнөх боловсрол болон бага ангийн хүүхдүүд 20-оос дээш хоног хичээлээ таслах юм бол  тэтгэмжийг нь зогсоодог. Энэ нь нэг талаар хүүхдийг багаас нь хариуцлагатай байлгах арга ухаанд суралцуулж байгаа юм. Бидний мэдэх амьжиргааны түвшин хамгийн өндөр улс орнууд хүртэл хүүхдийн тэтгэмж, хүүхдийн мөнгөн урамшууллыг хэрэгжүүлж байгаа нь их анхаарал татсан, сонирхолтой асуудал юм. Жишээлбэл, Япон улс хүүхдийн мөнгөн тэтгэмж бол хүүхэд хүмүүжүүлэхэд зарцуулагдах зардлыг нь нөхөхөд чиглэгдсэн мөнгө гэж тодорхойлсон. Хүүхдийн нас болон эцэг эхийнх нь орлогоос хамаараад хүүхдэд тэтгэмж олгодог. Хүүхдийг төрсөн цагаас нь эхлээд дунд сургууль, төгстөл нь эсвэл 15 нас хүртэл нь гэсэн хэлбэрээр олгодог онцлогтой. Орлого амьжиргааны түвшнээс хамаараад гэдэг нь 0-3 нас хүртэлх хүүхэд сар бүр 15 мянган иен, гурван наснаас нь сургууль төгсөх хүртэл нь 19 мянган иен, гурав болон түүнээс дээш хүүхэдтэй айлд сар бүр хүүхэд тус бүрд нь 15 мянган иен олгохоор зохицуулсан байдаг. Үүнээс гадна ХБНГУ, Франц, Англи, Швед, Ирланд гэх мэт орнууд хүүхдийн мөнгөн хөтөлбөрийг хэрэгжүүлдэг юм билээ. Ер нь улс орнууд цаашдаа хүүхэд рүү чиглэсэн бодлогоосоо ухрахгүй байх, хүүхдийн мөнгийг бууруулахгүй байх  бодлого баримталдаг юм.

-Гэтэл манайд буурчих гээд л байх юм?

-Тэгэхээр шуудхан хэлэхэд хуримтлал нэрийдлээр арилжааны банканд эргэлдүүлэх эсвэл тэр мөнгийг өөр зүйлд захиран зарцуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах зэрэг ийм увиагүй шийдэл явж байна уу гэж хардаж байна. Ийм зүйл санаачилж байхын оронд хүүхэд хамгаалал, хүүхдийн боловсрол, хөгжлийн талаар үр дүнтэй бодлого хэрэгжүүлмээр байна. Үгүй дээ л гэмт хэрэгт өртөхгүй байх орчныг бүрдүүлье. Томчуудын үлгэргүй байдлыг таслан зогсооход анхаарья. Ядах нь ээ архи үйлдвэрлэгч компаниудаас гаргаж байгаа согтууруулах ундаанууд дээр “Хүүхдийн дэргэд архи уухыг хориглоно” гэсэн шошго байрлуулбал илүү амьдралд бодитой болно доо. Энэ хүнд хэцүү цар тахалтай, нийтээрээ эдийн засгийн хямралтай байгаа цаг мөчид олон бяцхан үрс хоолгүй хоосон хонож байгаа. Хоногийн хоолоо арай ядан залгуулж байгаа айл өрх олон байна. Тэр хүүхдүүдийг хоол тэжээлийн дутагдалд орохгүй байлгах, амьжиргаанд нь нэмэр болох үүднээс зарцуулагдаж байгаа энэ мөнгийг “танах”, эсвэл хуримтлал нэрээр өнөөдөр хэрэгтэй байгаа хэрэгцээ шаардлагыг үгүйсгэж өөрчилмөөргүй байна. Ард иргэдийн амьжиргаа хүнд, хүн амын дийлэнх нь амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай байна. Ийм цаг үед үр хүүхдүүддээ төрөөс өгч байгаа мөнгөө хэвээр үлдээж харин эцэг эхийн хариуцлагатай, ажил орлого, ажлын байртай байх бодлого хэрэгжүүлэхэд л төр онцгой анхаармаар байна. Төрөөс гэр бүлд чиглэсэн, гэр бүлийн гишүүн хүүхдийн хөгжил, ахуй, амьжиргаанд зарцуулагдах мөнгөн дэмжлэгт гар хүрэхгүй байхыг эрх баригчдаасаа иргэд хүсэж байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Д.Мягмарзаяа

Сэтгэгдэл ( 15 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR MALATHI(105.112.98.51) 2023 оны 02 сарын 10

АНХААР!!!\n\nWhatsAp 971545539609.\nИмэйл: drmalathi91@gmail\nTelegram: 971545539609\n\nБөөр шилжүүлэн суулгах мэс засал хийдэг МАНИПАЛ ЭМНЭЛЭГ-т тавтай морил. Хэрэв танд асуудал тулгарвал их хэмжээний өрийг төлөхөд мөнгө хэрэгтэй юу? Яаралтай хэрэгцээнд зориулж хэрхэн мөнгө босгох вэ? Хүлээгээрэй, яагаад бөөрийг маш сайн үнээр (400,000 доллар) зарах талаар бодохгүй байгаа юм бэ, анхных нь жинхэнэ донор эсэх нь эргэлзээтэй учраас хагалгааны өмнө төлдөг, би Энэтхэгийн MANIPAL HOSPITAL-ийн доктор Малати. Бид дэлхийн өнцөг булан бүрт байдаг. АНУ, Малайз, Япон, Хятад, Грек, Турк, Нигери, Австрали, Арг

0  |  0
Дэмжиж байна(172.69.252.138) 2021 оны 09 сарын 22

Энэ хуульч тооцоо судалгаатай, амьдралтай ярилцлөга өгсөн байна. Ер нь ярьж бичиж байгаа зүйл нь ултай суурьтай асуудалд хандаж харагддаг. Дэмжиж сайшааж байна.

0  |  0
Zochin(162.158.90.14) 2021 оны 09 сарын 22

Xyyxdyydiin mongiig xurimtlal bolgono gedeg bol teneg shiidver,xyyxded eeltei bish tor zasagt l ashigtai tusna shyy dee !!!

0  |  0
сан(172.69.252.136) 2021 оны 09 сарын 22

Наадахаа зөв хийвэл болно шүүдээ ЭЦЭГ ЭХИЙНХ НЬ НЭР ДЭЭР бас хүүхэд хамтран эзэмшигч гээд 18 нас хүртэл нь данс нээлгүүлэхэд болоо шүүдээ. Тэрийг төр нэг банкинд сан үүсгэж хийж ДАМПУУРУУЛАХ ХЭРЭГГҮЙ

0  |  0
Zochin(162.158.90.254) 2021 оны 09 сарын 22

20 xon myangan togrognii xurimtlal gej yu baidagiin yadaj 200 myanga bolgochixood xyyxdyydiin erxend xaldaj yarij baival ni ene xulgaich nariig luivar xiix gej baina gej oilgoxson. Ogox estoi mongiig ni tsagt ni ogch baix ni zyid niitsne !!!

0  |  0
Zochin(162.158.90.254) 2021 оны 09 сарын 22

20 xon myangan togrognii xurimtlal gej yu baidagiin yadaj 200 myanga bolgochixood xyyxdyydiin erxend xaldaj yarij baival ni ene xulgaich nariig luivar xiix gej baina gej oilgoxson. Ogox estoi mongiig ni tsagt ni ogch baix ni zyid niitsne !!!

0  |  0
Zochin(162.158.90.254) 2021 оны 09 сарын 22

20 xon myangan togrognii xurimtlal gej yu baidagiin yadaj 200 myanga bolgochixood xyyxdyydiin erxend xaldaj yarij baival ni ene xulgaich nariig luivar xiix gej baina gej oilgoxson. Ogox estoi mongiig ni tsagt ni ogch baix ni zyid niitsne !!!

0  |  0
Zochin(162.158.90.14) 2021 оны 09 сарын 22

Evropiin uls ornuudad xyyxdyydiin mongoor xurimtlal yysgexiig xatuu xorigloson xuulitai baidag.Xyyxded ulsaas olgogdoj baigaa mongo sar sardaa ter xyyxded uuj idex, xuvtsaslax, urlag sportoor xicheellex, choloot tsagaa zov ongoryylexed ni zartsuulagdax estoi gej yzdeg. Olon xyyxedtei negen gadaad ger byl xyyxdyydiinxee mongiig tsugluulj baishin xudaldaj avsan baisniig buruushaaj butsaan xuraan avch, xyyxdiin mongiig zyi busaar zartsuulj xyyxdyydiig xool xuvtsas muutai amidruullaa gej etseg exed ni xariutslaga tootsoj tegniig tuxain ulsiin irgedtei adil xodolmorloj baij xuviin oron bair avax e

1  |  0
Зочин(112.72.15.78) 2021 оны 09 сарын 22

Шал тэнэг хуульч. Ямар хуулиар олгогдсон эрх хэмжээ биш, түр зуурын арга хэмжээ шүү дээ

2  |  1
иргэн(112.72.15.182) 2021 оны 09 сарын 22

Хадгаламж хэлбэрээр олгох нь зөв.Мөнгөн хөрөнгийн зарцуулалтанд хянамгай,хөрөнгө ашиглаж сайн үр дүнд хүрэх суурь хүмүүжил болно. Өөр эрх зөрчигдөж байгаа маш ноцтой олон асуудал бий, тэр асуудлуудаар дуугараач, худлаа попроод, авхуулсан зураг мураг бас поп айн? гоё гарууд хорвоогоор арвин байх юм даа

0  |  0
Зочин(162.158.179.160) 2021 оны 09 сарын 22

суурь эрхэнд халдлаа гээд хүүхдийн эрх ашиг хохироод, ажил хийдэггүй архичин эцэг эхийн архины мөнгө болоод хувирч байна шүү дээ

0  |  0
иргэн(103.57.92.230) 2021 оны 09 сарын 22

Хадгаламж хэлбэрээр олгох нь зөв.Мөнгөн хөрөнгийн зарцуулалтанд хянамгай,хөрөнгө ашиглаж сайн үр дүнд хүрэх суурь хүмүүжил болно. Яахав ХАДГАЛАМЖ юм чинь зарцуулах эрх нь нээлттэй тул аваад идвэл тэр биз.Одоо бол олпдсон болгоныш үгүй хийдэг сэтгэхүйтэй болж.үүнийг чинь энэ авгай дэмжиж. өөрт хамаарал багатай юмыг буржээ.

1  |  0
Зочин(103.229.121.13) 2021 оны 09 сарын 22

Маш зов Дэмжиж байна Засгийн газрын бодлого увайгуй амьдралаас тасарсан арилжааны банкуудаа дэмжсэн харагдаж байна

2  |  2
иргэн(103.80.210.106) 2021 оны 09 сарын 22

хүүхдийн мөнгийг 2006 оноос биш соц нийгмийн үеэс олгодог байсан юм шүү. Хүүхдийн мөнгийг цар тахалтай холбогдуулж 100,000 төгрөг болгосон болохоос 20,000 төгрөг.

0  |  0
Энжи(172.69.252.142) 2021 оны 09 сарын 22

Уг нь бол мэдлэг боловсрол одоогийн УИХ дотор байгаа хулгайчидтай зүйрлэх ч үгүй эмэгтэй.УИХ-д сонгохдох царай биш гэж тэнэг ард түмэн үздэг.Иймэрхүү нэлээд хэдэн фигур бий дээ

1  |  3
Top