Монголын радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийн сэтгүүлчээр 25 жил ажилласан Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Л.Мөнхтөртэй ярилцлаа. Тэрбээр “Ургадаг алт” сэтгүүлээ хэвлүүлээд тариаланч хүн ургацаа хураах адил богц дүүрэн ирсэн юм. Намрын шаргал өдрүүдийг тариан түрүүгээр чимдэг ургац хураалтын талаар, мөн “Ургацын далай” нэвтрүүлгийн тухай алтан дурсамжийг нь хуваалцлаа.
-Энэ жил хавьд болоогүй сайхан зун, намар болж байна. Тариа буудайны болц хэр байна вэ. Ер нь та жил жилийн намар л сэтгэл тогтохгүй, хөдөө тийш гараад давхичихмаар санагддаг биз?
-Тариаланч, малчид ойрын 40 жил болоогүй ийм сайхан зун боллоо гэж ярьцгааж байна. Тариа, буудайны болц ч одоо л сайхан боловсорч байна даа. Болц нь 7-14 хоног оройтдог болоод байгаа. Ер нь намар болохоор л өөрийгөө сойдог морь шиг болчихдог юм байна. Сэтгэл догдлоод л нөгөө хэдэн тариаланч руугаа утсаар яриад л донголзоод, нэг л мэдэхэд давхиад оччихдог юм.
-Таныг Монголын радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгээр ард түмэн андахгүй. Дуу хоолойгоор тань таниад эргэж хардаг шүү дээ. Энэ нэвтрүүлгийнхээ алтан дурсамжийг бидэнтэй хуваалцаач?
-“Ургацын далай” нэвтрүүлэг 1964 онд анх цацагдаж эхэлсэн, 57 жил болж байгаа буурал нэвтрүүлэг. Монгол Улсад Атар газар эзэмших нэгдүгээр аяны уриа бол “Газар тариаланг хөгжүүлэх нь бүх нийтийн үйлс” гэж үздэг байсан. Тэр үед атар газрын тухай, тариаланчдын тухай нэвтрүүлэг хийх хэрэгтэй гэж Намын төв хороо, сайд нарын зөвлөл шийдээд энэ нэвтрүүлгийг хийж эхэлсэн түүхтэй. Анхны хариуцлагатай редактор нь Б.Дэндэв гэдэг Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын хүн байсан. Б.Туяа, З.Балхжав гэсэн хоёр сурвалжлагч нийлсэн гурван хүнтэй редакци ажиллаж байжээ. Энэ нэвтрүүлгийг хамгийн их голлож хийсэн хүн бол П.Баярсайхан гэдэг зохиолч, сэтгүүлч байлаа. Тэрбээр оюутан цагаасаа эхлээд тус нэвтрүүлэгтэйгээ есөн жил нөхөрлөсөн бол улмаар Б.Цэдэндамба 10 жил хөтөлсөн. Миний хувьд 1992 оноос энэ нэвтрүүлгийг залгамжлан түүчээлж 25 жил тасралтгүй хийжээ.
-Хүн бүрийн нэвтрүүлгээ хийх арга барил, өнгө төрх нь өөр, өөр байгаа даа. Бас таныг гардан авч багшилсан ямар хүн байв?
-Б.Дэндэв гуай бол том сэтгүүлч хүн. П.Баярсайхан бол асуудал дэвшүүлсэн гүнзгий нэвтрүүлэг хийдэг байсан. “Болор тунгалаг Хөвсгөл бохирдох учиргүй” гэсэн нэвтрүүлэг ч хийж байсан хүн. Миний багш Б.Цэдэндамба бол адтай зүйрлэл, ёжтой егөө, юмыг үнэн голоосоо хүнд сэрхийтэл хэлж өгдөг авьяаслаг сэтгүүлч байсан. Дуу хоолойны өнгөөрөө ялгарч, цолгорч “Радиогийн бүдүүн дуут” хэмээн алдаршсан. Б.Цэдэндамба бол аливаа юмыг хүний ой тоонд ортол хэлдэг хүн байсан. Дорнодод намар ургацын нэвтрүүлэг хийхээр очтол “Манай аймаг төчнөөн тонн ургац хураана “гээд л баахан хүснэгт харуулаад л яриад байж л дээ. Маргааш нь Монголын радиогоор “Дорнодынхон харандаагаар хадлан хадаад сууж байна” гэсэн гэж байгаа. Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, гавьяат агрономич Б.Дорж гэж хүн бол бидний хэдэн сэтгүүлчийн гурвуулангийнх нь багш шүү дээ. Монголын газар тариалангийн тухай нэр томьёо, мэдлэг мэдэгдэхүүнтэй болохын тулд бүгд л тэр хүн дээр очиж семинар авч багшлуулж байсан түүхтэй. Өдгөө тэр буянтай хүн 80 хүрэх гэж байгаа сайхан буурай болсон доо. Салбарын сэтгүүл зүй, мэргэжлийн сэтгүүл зүй хоёр бие биеэ нөхөж байж л явдгийн жишээ энэ шүү дээ.
-Та “Төвөргөөн”, “Нүүдэл” зэрэг үндэсний хэв шинжийг агуулсан маш олон нэвтрүүлэг хийж байсан шүү дээ. ”Ургацын далай” намар явдаг бол “Таван эрдэнэ” хавар эгшиглэдэг. “Ургацын далай” дуу цангинаад тариа алтарсан талд үе тэнгийн залуустайгаа ажиллаж байсан он жилүүдээ дурсахад хамгийн түрүүнд танд юу бодогдож байна вэ?
-“Газар, тэнгэр”, “Өрхийн үйлдвэрлэл”, “Таван эрдэнэ”, “Эрчүүд ээ наашаа сууцгаа”, Оюуны өмч” зэрэг олон нэвтрүүлэг хийдэг байсан. “Ургацын далай” нэвтрүүлгээ голлож хийдэг ч өвөл нь “Газар, тэнгэр”-ээ явуулаад, хавар нь “Таван эрдэнэ”-ээ хийгээд явна шүү дээ. “Ургацын далай” нэвтрүүлэг бол явуулын нэвтрүүлэг юм. 14-45 хоног явах энүүхэнд. Үйл явдлыг шуурхай дамжуулахаас гадна тариалангийн талбай дээрх компанит ажлыг идэвхжүүлэх гэж нэвтрүүлгийн нэрэмжит болзолт уралдаан зарладаг байв. Үүгээрээ радиогийн нэрэмжит “Алтан түрүү” гэсэн өөрийн гэсэн шагналтай. Энэ шагналыг авна гэдэг улсын аварга болохын өмнөтгөл даваа байхгүй юу. 1965 оноос “Ургацын далай” нэвтрүүлэг өөрийн гэсэн дуутай болсон. “Ургацын далай” дуу яваад эхлэхээр намар болж байгааг эх оронд минь зарлаж өрнүүн их ажлын талбарт залуусыг урин дуудаж, алтан шаргал түрүүгээрээ даллан уриалдаг байлаа. “Таван эрдэнэ” дуу эгшиглээд эхлэхээр хавар болж байгааг орон даяар тунхаглаж мал төллөх илгээлтийн эздийг хөдөө малчин айлын хот руу илгээдэг байлаа. Энэ хоёр дуу бол Монголын радиогийн Хөдөө аж ахуйн редакцийн нэрийн хуудас шүү дээ.
-Радиогоор дамжуулалт хийхэд хүндрэлтэй байв уу, хөгжилтэй дурсамжаасаа хуваалцана уу?
-Шууд нэвтрүүлгийг дамжуулдаг ганц сувагтай. Тариалангийн талбай дээр хар аппаратандаа дуу шумаа биччихээд тухайн газрынхаа төв шуудан дээр нь очоод холбооны шугамаар дамжуулан хүргэдэг байсан. Сүүл рүүгээ юм хөгжөөд ирэхэд жижиг кассет дээр бичээд тэрийгээ хүнээр өгч явуулдаг байлаа. Одоо ч цахим эрин хөгжөөд амар болж дээ.
“Ургацын далай”-д ороод удаагүй байлаа. Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны доктор, гавьяат агрономич Б.Дорж багшаасаа яриа авах болов оо. Хар аппаратаа үүрээд өвлийн хүйтэнд явж очоод яриагаа аваад буцаад ирлээ. Тэгтэл хар аппаратны батерей царцчихаж. Яаж эргэж очно оо гэхээс яс хавталзаад болдоггүй. Сонин, сэтгүүл бол тархиндаа бичсэнээ буулгаад бичих сэн. Радио гэдэг чинь амьд дуу хоолой, бодит чимээ шуугианыг бичсэн байх ёстой шүү дээ. Тэгээд л аргагүйн эрхэнд дахиад л буцаад очсон доо. /инээв/
-Газар тариалан улаанбуудай гэдэг манай улсын эдийн засгийг бүрдүүлж буй үнэт зүйл шүү дээ. Өнөөгийн газар тариалангийн хөгжил ямар шатандаа явж байна вэ?
-Монголын газар тариалан хөгжлийнхөө үе шатуудыг дамжиж хөгжиж, унаж явсаар одоо бол төлөвшлөө олж яваа. 1959 онд Атрын анхдугаар аян зарлаж дөрвөн сангийн аж ахуй байгуулсан. 1976 оноос Атрын хоёрдугаар аян үргэлжилж олон аж ахуй бий болж тариалангийн эргэлтийн талбайн хэмжээ 1.2 сая га-д хүрч үр тариа, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах хэмжээнд хүрч тариалангийн хөгжлийн шинэ үеийг тавьсан билээ. 2008 онд Атрын гуравдугаар аян зарласан бол 2020 онд Атрын дөрөвдүгээр аяныг эхлүүлсэн.
Аяны хүрээнд хөрсний элэгдэл, эвдрэл, үржил шимийн доройтлыг сааруулах, нөхөн сэргээх, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицсон газар тариалан хөгжүүлэх, эрсдэл даах чадамжийг дээшлүүлэх, агроэкосистемийн тогтвортой байдлыг хангаж хүнсний хэрэгцээ, түүний аюулгүй байдлыг бүрэн шийдвэрлэх зорилготой юм. Газар тариалан гэдэг газрын харьяат, тэнгэрийн хараат байдаг онцлогтой. Энэ салбар нийгмийн тогтолцооны өөрчлөлтөд нэрвэгдэж, өмч хувьчлалын улмаас олон аж ахуйн нэгж, үйлдвэр техник үгүй болсон. Байгалийн болоод нийгмийн шалгарал дундаас газар тариаландаа үнэнч, чинхүү хайртай хүмүүс нь л тогтож үлдсэн. Тэр хүмүүс л газар тариалангийн хөгжлийг төлөвшүүлсэн гэхэд болно.
-Энэ жилийн тухайд хэдэн тонн ургац хураах төлөвтэй байгаа бол. Тариаланчид юу ярьж байна?
-Нийгмийн хөгжлөө дагаад, техник технологийн дэвшлээс хамаараад га-гаас авах ургацын хэмжээ нэмэгдэж байна. Энэ жил 30, 40-өөд жилийн өмнө авч байсантай тэнцэхүйц үр тариа хураана гэж байна лээ. Өөрөөр хэлбэл 590 гаруй мянган тонн улаанбуудай хураана гэсэн урьдчилсан баланс гарч. Тариаланчидтай уулзаад явж байхад байгалийн таатай уур амьсгалыг дагаад ургац сайхан байна аа л гээд сэтгэл тэнүүн ярьж байна лээ. Цээж давсан тариан түрүүг имэрч үзлээ. Үнэхээр сайхан байна. Цаг нарыг ашиглаж хоёр нарны хооронд зүтгэж байгаад хураагаад авбал шижир алт шүү. Намрын налгарт назгайрч байгаад нэг л шөнийн цасанд даруулаад бүтэн жилийнхээ хөдөлмөрийг хиаруулж байсан түүх олон бий. Энэ жил Орхон, Сэлэнгийн сав газраар голд ойрхон нутгийн 1200 гаруй га талбай үерт автсан байх жишээтэй. Мөндөрт цохиулах, хяруу, жин цохих гээд л бэрхшээл мундахгүй. Хураая гэхээр болц нь гүйцээгүй байх шиг байна.
-Улаанбуудайн борлуулалтын асуудал жил бүрийн намар урган гарч ирдэг шүү дээ. Энэ тал дээр таны бодол?
-Салбарын яамнаас буудайн сандаа авах улаанбуудайн үнийг зарлалаа. Энэ жил хөдөө аж ахуйн бирж байгуулагдсан. Биржээр дамжуулж улаанбуудай борлуулах тухай яригдаж байна. Гурилын үйлдвэрт улаанбуудайн нөөц их байгаа учир төр засгаас борлуулалт дээр анхаарч, стратегийн чухал бүтээгдэхүүнийхээ нэг жилийн нөөцийг бэлдээд авах боломж байна. Энэ мэтчилэн, цар тахлын үед уялдаа холбоотой бодлогын чанартай ажлыг хийх хэрэгтэй.
-Газар тариалангийн аж ахуйг бүх аймагт цогцлоох боломжтой юу?
-Монгол Улс нийт нэг сая гаруй газар тариалангийн талбайтай. Үүний тал хүрэхгүй хувьд нь л тариалан эрхэлж байна. Нэг хэсэг газар атаршсан. Сэлэнгэ, Булган, Төв аймаг бол гол бүс нь байдаг. Дээрх аймгуудын тал хувьд нь газарт тариалан тус тус эрхэлдэг. Хөвсгөл, Увс гээд өндөрлөг уулын тариалангийн бүс ч байдаг. Мөн Архангай, Өвөрхангай, Дорнод, Хэнтий аймагт бий. Говь нутаг бол газар тариаланд хөрс нь тохиромжгүй буюу үржил шим муутай бор хөрстэй тул усалгааны нөхцөлтэй хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй эрхэлж болно.
-Таныг залуу байхад оюутнуудыг сангийн аж ахуйд ургац хураалтаар дайчилдаг байсан. Одоо оюутнуудыг цалинтай явуулъя гээд ч олдохгүй байна гэх юм...?
-Сангийн аж ахуйд ургац хураахаар явна гэдэг бидний үед хөдөлмөрийн амт, амьдралын өнгө, оюутны нөхөрлөл, оюутны дурсамжийг бүгдийг нь багтаасан сайхан мөч байдаг байлаа. Тэнд чинь 300, 400-гээд оюутан ирнэ. Гурван ээлжээр өдөр, шөнөгүй ажилладаг байлаа шүү дээ. Сүүлдээ өмч хувьчлагдаад энэ сайхан өрнүүн хөдөлмөрийн амт суларч бүгд хувийн өмч болсон доо. Сэлэнгэ аймгийн Орхон сумын “Бэлэндалай”-н үтрэмд жилдээ 500, 600 оюутан авдаг байв. Тэр үтрэмд “Мартагдашгүй намар” киноны зураг авалтыг хийсэн шүү дээ. Энэ жилээс цэрэг болон оюутнуудыг сангийн аж ахуйд ажиллуулж байна. Хэдэн оюутан очсон байна лээ. Тариалан эрхлэгчид "Оюутнаасаа цэрэг нь дээр юм гэж байна. Оюутнууд их эмзэг" байна, хуруу өвдлөө, эмнэлэг хаана байна, эм аль гээд байдаг гэнэ. Цэргүүд эрх биш даргатай учраас командаар ажиллана. Тэдэнд нялуурах эрх байхгүй шүү дээ. Бидний үеийн оюутнууд цэрэг шиг л яралзтал ажилладаг байлаа шүү дээ.
-Монгол орны говь хээрийн нутгаар элсний нүүдэл их явагдаж байна. Ногоон төгөл байгуулж хуурайшилт, цөлжилтөөс хамгаалахын тулд юу хийх ёстой вэ?
-Цөлжилт гэдэг бол байгалийн үзэгдэл боловч хүний зохисгүй үйл ажиллагааны үр дүн. Говь нутгаар хуурайшиж, цөлжиж байгааг бид говиос биш хангайгаас хайх хэрэгтэй. Учир нь хангай нутаг бол үүл хуралдуулж чийг болгож говь руу явуулдаг. Цаг уур нэг хэм дулаарахад байгалийн цөлжилт 300 км хойшилж байдаг. Өөрөөр хэлбэл урдаасаа хойшоо цөлжинө гэсэн үг. Ийм учраас хангайн модыг хайрлах, уул уурхайг хязгаарлах, ногоон төгөл, баян бүрдийг нэмэх хэрэгтэй. Үхмэл цөлжилт гэж байдаг. Төв суурин газар хүний хөлөөр элэгдэж халцардаг. Хогийн ургамал ургаад байна гэдэг нь байгаль өөрөө өөрийгөө хамгаалж цөлжилтийн эсрэг тэмцэж байгаа хэлбэр юм. Тэгээд шарилж нь аяндаа хагдраад олон наст ургамал ургадаг байхгүй юу. Үндэснээсээ хамгаалж байдаг юм. Хүмүүс говийн чулууг түүгээд элсний нүүдлийг хамгаалдаг хамгаалагч нь байхгүй болж байгаа нь харамсалтай.
-Та “Ургадаг алт” гэдэг сэтгүүл эрхлэн гаргаад жил болох гэж байна. Сэтгүүлийнхээ тухай танилцуулна уу. Захиалагч хэр байна вэ?
-Би газар тариалангийн салбартай холбогдоод 30 гаруй жил болж байна. “Ургадаг алт” сэтгүүлийн гурав дахь дугаар гарлаа. Улиралд нэг удаа гардаг. Намар газар тариалангийн бүсийн 6-7 аймгаар яваад сэтгүүлийнхээ судалгаа, материалыг цуглуулж, захиалгаа аваад ирлээ. Цаасан сэтгүүл зүйг хүмүүс сонирхсон хэвээр юм байна, 600 шахам хүн захиалга өгсөн. Захиалагчид маань сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж талархал дэвшүүлсэн. Нас насны, түмэн мэргэжлийн хүн унших учраас юм юмтай, төрөл бүрийн булантай, танин мэдэхүйн, арга зүй, технологийн сэтгүүл гаргаж байна. Гол үндэс нь тарьдаг бүхний арга технологийг түлхүү орууллаа.
-Сэтгүүл гаргахад маш их хөдөлмөр, зардал гардаг шүү дээ. Төсвөө яаж шийдэж байна вэ?
-Гал алдчихгүй явж байна. Цаасны үнэ нэмэгджээ. Сэтгүүл маань өнгөт хуудастай учраас өөрийн өртөг нь өндөр гарч байгаа. 1990-ээд онд хүрзтэй бүхэн газар ухаж эхэлсэн. Тэр үед ухдаг биш ургуулдаг болцгооё. Алтыг ухаад дуусдаг бол тариа ногоог хураасан ч дахиад л ургадаг юм шүү, газар тариалангийн үйлдвэрлэлээ сэргээе гэж нийгэмд уриалж “Ургадаг алт” гэж нийтлэл бичиж байсан. Мөн 2005-2015 онд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тухай 140 гаруй хүний хөрөгтэй найман цуврал боть гаргаж байлаа. “Ургадаг алт” гэдэг тэрхүү номоо сэтгүүл болгоод гаргаж байгаа минь энэ. Газар тариалан өөрөө өгөөжөө өгдөг буянтай салбар учраас миний бүхий л амьдралын түүх энэ салбартай салшгүй холбоотой. Сэтгүүл маань ч маш олон хүнд өгөөж, буянаа өгөх байх аа.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
ХҮНСНИЙ ИМПОРТЫГ бүрэн хааж ӨӨрсдөө бэлтгэх хэрэгтэй!!! Гаднаас авч бгаа хүнс БҮГД ГЕНИЙН ӨӨРЧЛӨЛТТЭЙ!!!