Саяхан цагдаагийн албан хаагчийн мансууруулах бодис хэрэглэж буй зураг олон нийтэд цацагдлаа. Өсвөр насныхны мансууруулах бодисын хэрэглээ хурцдаж, олны танил хүмүүсээс уг бодисын хэрэглээтэй холбоотойгоор хэрэгт холбогдох асуудал ч тасрахгүй гарах болсон. Ийнхүү мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ өнөөгийн нийгэмд бугшсан том асуудал болоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ асуудлын эргэн тойронд сэтгэц, наркологийн эмч, анагаах ухааны доктор, клиникийн профессор Н.Дэмидмаатай ярилцлаа. Тэрбээр сэтгэц, наркологийн эмчээр 30 орчим жил ажилласан туршлагатай.
-Хар тамхи, мансууруулах бодисоос үүдэлтэй ямар өвчлөлүүд нийгэмд элбэг байна вэ?
-Аливаа донтолт хүнийг хоёр төрлийн хамааралд оруулдаг. Нэгдүгээрт, сэтгэцийн хамааралд орж байна. Хоёрдугаарт, бие махбодийн хамааралд ордог. Сэтгэцийн хамаарал гэдэг нь тэр бодисгүйгээр тухайн хүн амьдрах чадваргүй болж, цаашдаа байнга түүнийгээ хэрэглэх гэдэг, хэрэглэхийн тулд яахаас ч буцахгүй болдог. Хулгай, дээрэм хийх, хүний амь насанд хүрэх ч аюултай. Худлаа ярих бол хамгийн наад захын асуудал. Бие махбодийн хамаарал гэдэг нь тухайн хүний бие өвдөнө. Бүх яс янгинана, байж яддаг, зүрхний ачаалал нэмэгдэж савлана. Яагаад гэвэл тэр бодисоо үгүйлээд байна шүү дээ.
Бид архинд донтох өвчнийг зэргээр нь ангилдаг бол сэтгэцэд нөлөөт эм болон мансууруулах бодист донтсон хүнийг ангилах боломжгүй. Наркологийн эмч нар “Мансууруулах бодисыг нэг удаа хэрэглээд үзсэн л бол уураг тархинд нь тэр бодисын голомт үүслээ” гэж тооцдог. Ингэснээр тухайн бодисоо тав, 10, 20 жилийн дараа ч хэрэглэх ой санамж үүсчихэж байгаа юм. 21 жилийн өмнө улсын Наркологийн төв гэж байхаас эхлээд мансууруулах бодисын хэрэглээнд анхаарах цаг болсон гэдгийг наркологийн эмч нар хэлдэг байсан. Сайд, дарга нар кинонд л гардаг зүйл гээд тухайн үедээ тоогоогүй. Архи бол үнэртдэг, ямар ч хүнд хэрэглээ нь харагддаг. Мансууруулах бодисын хэрэглээ харагддаггүй. Геометр прогресс буюу дэлбэрэлтээр гэнэт гарч ирж мэдэгдэж эхэлдэг. Архинд донтолт нэлээд удаан явагдаж, эцэстээ ажлаасаа халагдах, бизнесээ алдах зэргээр явсаар архинд донтох өвчний сүүлийн шатанд ортол хугацаа ордог. Гэтэл сэтгэцэд нөлөөт эм, мансууруулах бодисын хамааралд орсон хүмүүсийн хувьд тийм олон жил хамааралд яваад байх боломжгүй. Тогтвортой, тууштай хэрэглэсэн хэрэглээнээс нь тоолоход 5-8 жилийн насжилттай гэж эрдэмтэд хэлдэг. Тэр хэрэглэгч нас барсан ч гэсэн дараагийн арми буюу дараагийн үе бэлтгэгддэг, хэрэглээг нь нөхөөд яваад байдаг нь хамгийн аймшигтай. Тэр тусмаа монголчууд цөөхүүлээ, залуучуудын улс гэж ярьдаг. Өнөөдөр ковид-19 халдвараас дутахгүйгээр мансууруулах бодисын асуудалд анхаарах шаардлагатай болчихлоо. Хүний сэтгэцэд өөрчлөлт орно гэдэг адгуусан амьтнаас биднийг ялгадаг ганцхан зүйл тархины үйл ажиллагаа, өөрийгөө хүндлэх, ёс зүй, хариуцлагыг хамгийн түрүүнд устгаж, үгүй болгодог. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын асуудалд хайнга хандаж хэрхэвч болохгүй юм.
-Асуудлыг шийдэхийн тулд яах хэрэгтэй бол?
-Эрүүл мэндийн салбар өөрөө үүнд бэлэн биш байна. Коронавирусний тархалтын өмнө ч бэлэн биш байсан. Одоо ч бэлэн биш байна. Мансууруулах бодисын хэрэглээний асуудал бодлогын түвшинд яригдах хэрэгтэй. Ганцхан цагдаа, наркологийн эмч нарын хийх ажил биш. Гаднын улс оронд тусгай эмнэлэгт нь хэвтүүлээд эмчлүүлээд хордлогоо тайллаа, эмнэлгээс гарахад сэтгэлзүйч, нийгмийн ажилтан, хуульч, өмгөөлөгч гээд бүтэн баг хамтарч ажилладаг. Монголд бол энэ бүх ажлыг зөвхөн эмч ганцаараа хийх шаардлагатай болдог. Нэг хүүхэдтэй 3-6 сар ажиллана. Ганцаарчлан эмчилгээ хийж, бусад хамааралтай хүүхдүүдтэй харилцаанд оруулахгүй байх зарчмыг баримталдаг. Аав, ээжтэй нь ажиллах, орчинтой нь ажиллах бас том асуудал байна. Хүн хүүхдээ хэрэглэнгүүт нь авч ирдэггүй. Маш их хугацаа алдаж ирдэг. Эхэндээ мэдэгдэхгүй хугацаа алдана. Дараа нь гайгүй болов уу гэж азнана. Дараа нь бусдаас ичиж нэрэлхэж хугацаа алдана. Тэрний хүүхэд хар тамхичин гээд хэлчихвий гэсэн айдастай байдаг. Тэгэхлээр аав, ээж, гэр бүлийнхэн, ойр дотно амьдарч байгаа хүмүүс нь давхар хамааралтай сэтгэцийн өвчинтэй болчихдог. Хүүхдүүд 3-6 сар эмчилгээнд яваад аятайхан болоод ирэхээр аав, ээж нь харддаг, сэрддэг, мөрддөг, үл итгэсэн байдалтай эсвэл хэт хойноос нь бөөцийлөх, халамжлах, урдаас нь хариуцлага хүлээх байдал нь хэвээрээ үлддэг. Энэ үед хүүхдийн эдгэрэлт маш муу явагддаг. Эргээд дахилт өгчих гээд байдаг. Үүнээс урьдчилан сэргийлж гэрийнхэнтэй нь хамт ажиллах ёстой юм. Төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдсэн нэг бодлогоор, нэг урсгалаар асуудлыг ярих ёстой.
-Олон улсын туршлагаас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээр ихэвчлэн ямар арга хэмжээ авдаг вэ?
-Зарим нэг төрийн бус байгууллагууд гаднын орчуулгын материалыг барьчихаад сургалтууд, төсөл аваад хийгээд эхэлдэг. Гэтэл гадаад хүүхдүүд, монгол хүүхдүүдийн сэтгэл зүй өөр. Тэр бүү хэл хотын төвийн хүүхдүүд, хөдөө орон нутгийн хүүхдүүд өөр байдаг. Танин мэдэхүйн асуудал өөр өөр. Механикаар орчуулдаг зүйл бол биш. Наркологийн эмч нар бүгдээрээ сууж байгаад гарын авлага гаргаад, түүнийг нь бусад мэргэжлийнхэн ярьдаг байх ёстой гэж боддог. Сэтгэцэд нөлөөт эм, мансууруулах бодисын хэрэглээг бууруулахын тулд нэгдүгээрт, боловсрол яригдана. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг явуулж, ЕБС-ийн хичээлийн хөтөлбөрт тухайн мэдлэгийг оруулж өгөх ёстой. Хоёрдугаарт, эмнэлэг хэрэгтэй. Нэгэнт өвдсөн бол эмчлэх ёстой. Гуравдугаарт, тухайн асуудалтай зэрэгцээд хууль бус асуудал их гардаг учраас хууль, эрх зүйн талаас нь шийдвэрлэх гэсэн гурван чиглэлээр донтолтыг бууруулах, тэмцэх асуудлыг ярих нь хамгийн зөв туршлага юм.
-Хэчнээн ойр дотны хүн, таны үр хүүхэд байлаа ч мансууруулах бодисын хэрэглээ далд байдлаар явагддаг юм байна. Гэхдээ мэдэгдэхүйц шинж тэмдгүүд нь яаж илэрдэг вэ?
-Хэрэглээ нь ихсэх тусам харагдаж, мэдэгдэх байдал нь нэмэгдэнэ. Эхэндээ огт мэдэгдэхгүй. Шууд мэдэгдэхгүй учраас хурдан хүндэрдэг. Хамгийн түрүүнд хүүхэд нууцлаг болдог. Хэрэглэсэн үедээ хүүхэн хараа өргөссөн. Ерөнхийдөө цонхийсон, хамар амны гурвалжин хөхрөлттэй, нүд улайлттай, нүдний доор хөхрөлттэй. Маш их мөнгөний хэрэглээтэй болоод эхэлдэг. Оройтож гэртээ ирдэг болно. Заримдаа гэртээ ирэхээ болино. Үл мэдэгдэх найз нөхөдтэй болно. Хичээлээ тасална. Үнэтэй утас, нөүтбүүк, пүүз зэргээ байнга алга болгосон, хулгайд алдсан гэсэн асуудал яригдана. Сүүлдээ ломбардад тавьдаг болно. Үргэлж худлаа ярина. Зарим бодисын хэрэглээний үед хоолонд их дургүй болдог. Эцэг, эхчүүд зөвхөн дуниартаад, мансуураад байдаг гэж ойлгодог. Гэтэл зарим бодисын хэрэглээ нь гэр орноо цэвэрлээд л их идэвхтэй болдог. Инээд алдаад л ярих сонирхол ихтэй, хөгжилтэй дүрд орчихдог. Эдгээр шинжийг анзаарах хэрэгтэй. Хамгийн аюултай нь өнөөдрийн хэрэглэж байсан сэтгэцэд нөлөөт эм, мансууруулах бодис нь дараагийн хэрэглээн дээр тэр мэдрэмж, “таашаал”-ыг өгөхөө больдог. Тийм учраас хэрэглээний тун улам нэмэгдэнэ. Хугацаа нь ойртоно. Дээрээс нь олон бодисыг хооронд нь хэрэглэж сурдаг. Нэгээс таашаал авахгүй болохоор хэрэглээ нь нэмэгдээд сүүлдээ хольж хэрэглэнэ. Энэ асуудлын хувьд нэлээд хүнд. Ялангуяа хүүхдүүд мөсний хэрэглээнд их орж байна. Энэ нь химийн маш хүчтэй нэгдэл учраас эмчилгээнд хүндэрч орж ирдэг. Бид хэрэглээг нь хүчээр зогсоож байгаа. Гэтэл шарталтын хэлбэр илэрч, таталт өгнө. Ам, хамар, чихнээс цус алдана. Зүрх, судас, амьсгалын хүндрэл гэх мэтчилэн хүнд үр дагаврууд үүсдэг.
-Монголд наркологийн эмч нар, хүний нөөц, эмнэлгийн тусламж, үйлчилгээ хүртээмжтэй байж чадаж байна уу?
-Толгойт дахь Наркологийн эмнэлэг архины асуудалтай хүмүүстэйгээ ажиллаад таардаг. Одоогийн байдлаар дийлэнх эмч, ажилчид коронавирусний халдварт өртсөн. 50 ортой ч 60, 70 хүн авдаг. Мааньт дахь албадан эмчилгээнд шүүхийн шийдвэрээр очдог, дийлэнхдээ архинд донтох өвчний сүүлийн шат буюу “Өвгөнтийн хөндий” гэж ярьдаг тэр улсуудыг албадан ачдаг. Тэнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг стандартын дагуу үзүүлэх ямар ч боломжгүй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчилгээ хийнэ. Гэхдээ тэнд сэтгэцийн өвчний эмчилгээ давамгайлах талтай шүү дээ. Түүнчлэн хар тамхины асуудал бол ичгүүртэй гэсэн хандлага асуудал үүсгэдэг. Тиймээс Шар хад руу очиж хэвтэхэд том хаалт үүсээд байдаг. Хуучин Наркологийн төв гэж байхад наркологийн эмч нар хамтраад томоохон хөтөлбөрүүдийг хийж байсан, төслүүд явагдаж хууль батлуулдаг байсан. 21 аймаг, есөн дүүргийнхээ наркологийн эмч нарыг бэлтгэж байсан. Гэтэл 2006 онд Наркологийн төв эмнэлэг татан буугдаад оронд нь “UBH” гэж өндөр байшин бослоо. Тус төвийг нь Шар хад руу нийлүүлчихсэн. Одоо Монголд Нарийн мэргэжлийн наркологийн төв эмнэлэг хэрэгтэй байна.
-Таны хэлснээр мансууруулах бодисын хэрэглээ нууцлаг явагдаж, хэрэглэгчийн насны хувьд залуужиж байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад хэрэглээ ихэссэн гэдэг юугаар мэдрэгдэх юм бэ?
-Насны хувьд үнэхээр залуужиж байна. Таван жилийн өмнө 17, 18 настай хүүхдүүд зөвлөгөө, эмчилгээ авахаар ирдэг байсан бол өнөөдөр 14, 15 настай хүүхдүүд эмнэлэгт ирж байна. Аав, ээж нарын хандалт их байна. Олон аав, ээж гадагшаа явж хүүхдээ эмчлүүлдэг. Гаднын улсад эм, тариа мэдээж сайн, үгүйсгэх аргагүй. Гэхдээ сэтгэл заслын эмчилгээг монгол хэл дээрээ аваасай. Сэтгэл заслын эмчилгээ нь цаашдаа яаж мансууруулах бодисгүйгээр амьдарч сурах вэ, яаж уурлах, бухимдах, баярлах, ганцаардах, гуниглах, ганихрах, гомдох мэдрэмжүүдтэйгээ цуг мансууруулах бодис руу орохгүйгээр амьдарч сурах вэ, яаж үгүй гэж хэлж сурах уу, яаж гам барих уу гэдгийг зааж өгдөг, харилцан ярилцдаг. Энэ чинь эмчилгээний цөм нь. Үүнээс биш хүн насаараа эм уугаад явахгүй. Мансууруулах бодисын бизнесийн хувьд ашиг өндөр учраас аль ч улс орон үүнийгээ дийлэхгүй явж байгаа. Энэ тал дээр Монголын цагдаа нар маш сайн ажилладаг. Эх уурхайг нь барихад хугацаа хэрэгтэй, хүнд ажил. Хамгийн том асуудал хил гаалийн асуудал учраас тэнд илүү их сэрэмжтэй, хүнлэг, ёс зүйтэй байгаасай.
-Залуучууд, тэр дундаа өсвөр насныхан мансууруулах бодисыг хэрэглэж байгаа нь нийгэмдээ ч, эцэг эхдээ ч, ирээдүй болсон залуу үедээ ч үнэхээр гарзтай юм?
-Өнөөдөр эрүүл бус сэтгэцтэй өсвөр үе өсөж байна. Үр дагаврыг нь бодоод үз. Бие эрхтэн системийн хувьд авах юм байхгүй. Дээрээс нь сэтгэл гутралын байдал, амиа хорлолт болно. Гэмт хэрэгт холбогдох нь хамгийн наад захын асуудал. Хүн дийлэнхдээ ганцаараа хэрэглэдэггүй. Олуулаа хэрэглэдэг. Тийм учраас халдварт бус тархалтыг ихээр бий болгодог. Ээж, аав нар хүүхдээ аятайхан сургуульд явуулж, эвтэйхэн хувцаслая гэж зүтгэж байх хооронд үр хүүхэд маань юу хийж байна, хэнтэй нийлж байна, хэний гар хөл болж байна гэдгийг анзаарах сөхөөгүй явна. Өнөөгийн нийгмийг социализмын үе шиг бодож боломгүй. Интернэт гэдэг зүйл болсон, болоогүй юмыг хүүхдүүдэд дамжуулж байна. Үүнд, маш том бодлого яригдах ёстой. Гэхдээ миний хувьд дандаа муу юм яримааргүй байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ асуудалд сэтгэл гаргаж хандаж байгаа. Бодлогын түвшинд яригдах ёстой гэдгийг санаачилж, мэргэжлийн улсуудтай ярилцаж байгаа учраас бага ч гэсэн найдлага байна. Монголд юм эхлэхдээ хэцүү. Их уддаг. Дундаа зогсох асуудал ч байдаг. Гэсэн ч энэ бол зогсох эрхгүй сэдэв. Коронавирус халдварт өвчин учраас тархалт тодорхой хугацаанд буурна. Харин сэтгэцэд нөлөөт эм, мансууруулах бодисын тархалт, хэрэглээ хэзээ ч буурдаггүй. Улам л ихсээд байна. Өнөөдөр мансууруулах бодис, хар тамхины хэрэглээтэй болсон хүүхэдтэй хүн эмчтэй уулзаад “Эдгэрэлтэд баталгаа гаргаж чадахгүй, хэцүү” гэдгийг сонсоод ажлаа тайван хийж чадах уу. Тэр эцэг, эх Улаанбаатар хотын зам гоё болж байна уу, мод ургаж байна уу гэдгийг анзаарах сэхээгүй явна шүү дээ. Харанхуй нөмрөөд л явчих байхгүй юу. Тиймээс үүнд анхаарал тавиасай гэж боддог. Хүн болгон өөрийнхөө салбар, өөрийнхөө мэргэжлийг түлхүү бодно. Гэсэн ч хүний хамгийн эмзэг эрхтэн тархийг нэрвэж байдаг, хүнийг хүн биш болгож байдаг энэ өвчнийг бид нэн тэргүүнд анхаарч, бодлогын түвшинд олон байгууллага нэгдэж ажиллах юм бол боломжгүй биш. Монголын хүн ам цөөхөн гэдэг нь энэ тал дээр давуу тал болно. Ээж, аав нарыг эмзэглүүлдэг, гэхдээ хэлж, ярьж чаддаггүй энэ сэдвийг хүн болгон сонсоосой, хүн болгон ойлгоосой гэж их хүсдэг дээ.
-Мансууруулах бодист донтох өвчний эдгэрэлт удаан, хүндрэх явц хурдан, хор уршгийг зүйрлэшгүй гэхэд болох санагдлаа?
-Эдгэрэлтэд оруулахын тулд бүтэн баг ажиллах ёстой. Аав, ээж, эхнэр, нөхөр нь эмчтэйгээ нэг зүг рүү харж байж тухайн хүнээ эдгээж авна. Түүнээс биш төлбөрөө төлчихөөд хүүхдээ орхидог байж болохгүй. Эмчилгээний дараа хүүхдээ яах вэ гэдэг асуудалд ойр дотны хүмүүс нь хамт сэтгэл засалд хамрагддаг байх нь чухал. Эмчилгээ хийлгэж байгаа хүүхдүүдийн талаас илүүгийнх нь аав, ээж хамт эмчилгээнд явдаггүй. Хүүхдийнхээ хойноос маш их хөөцөлдсөн, явсан, ажлаа алдсан, өвдсөн тийм болохоор өөрийгөө тайвшруулж, ажлаа бодохыг хүсээд хүүхдээ ганцааранг нь эмчилгээнд орхидог ээж, аав цөөнгүй байдаг. Сэтгэцэд нөлөөт эм, мансууруулах бодисын хэрэглээ бол “Тархины мөлхөө хорт хавдар” гэж би зүйрлэж хэлдэг. Өнөөдөр таны дотны хүн хорт хавдартай гэсэн бол юун ажил, юун бизнес шүү дээ. Авралгүй ч гэсэн хажууд нь сахиад байдаг. Гэтэл өнөөдөр мансууруулах бодисын хэрэглээг амар, хялбараар харах гээд байж болохгүй.
-Сүүлийн жилүүдэд хар тамхинаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт ихэслээ. Хэрэглээний асуудалд нь олны танил хүмүүсээс ч холбогдож байсан. Тэдний хувьд эдлэх ялаа аваад, асуудлаасаа тусгаарлагдана. Гэхдээ л дараа нь эмчилгээ хийлгэхгүй бол дахин хэрэглэж магадгүй гэсэн үг үү?
-Аль ч тохиолдолд тэр нь саятан, энгийн иргэн, алдартан хэн ч байсан гэсэн өвчинд эмчилгээ шаардлагатай. Заавал эмчлүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, коронавирусний халдвар тусаад яаж эдгээхээ асуухгүй өнгөрөхгүй байгаатай адил мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эмийн хэрэглээ өвчин шүү дээ. Зүгээр явж байтал, сэтгэлийн дуудлагаар, хэн нэгэнд амлаж баталгаажуулснаар зүгээр болдоггүй.
-Ер нь хар тамхинд донтох асуудал эдгэрэх үү?
-Эдгэрнэ гэдэг бол төгс эмчилгээ. Нарийн мэргэжлийн наркологийн эмч нар бол эдгэрэлтэд оруулдаг. Архаг өвчнийг намжаана, “унтуулна” гэсэн үг. Дараа нь гамаа барих ёстой, үгүй гэж хэлэх ёстой, хэцүү байдаг мэдрэмжүүдтэйгээ хамт амьдарч сурах ёстой.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 8 )
Би бол сэтгэцийн хорт хавдар гэж нэрлэдэг\n
Хил гаалиа чангатгаж хятад шиг цаазтай байвал өсвөр үе маань ирээдүйгээ алдах нь багасна. Хүүхдүүдэд хор холбогдлыг нь ойлгуулж хичээл ордог байх хэрэгтэй шилжилтийн насанд маш сониуч байдаг бид ч өсвөр насандаа сониуч байсан янжуур татдаг ганц хүүхдийнхээ янжуурыг сорж үзээд анги ойр тойронд нэг муу хүүхэд байхад л ирээдүй баларчихна.
50 саяаар эмчилчидэг хүн дээ
Iim uls oron gej baigaad yaah ym
GOY GOY GOY
mongold Ajil hiihgvi halamj abaad arhidaad bgaa uls zondoo bnoo ed nart ogdog halamjaa boli mashinihaa tvlshiig bolobsruulah vildber bari zarim ni ajil hiisen dvr esgehee boli borjuuraa soliod mongo vreed bgaa hvmvvsiig oilgohgvi bna
al ,alin bur tam bolchchood bna. Archinch ,bas naad mansuuralt !!! boon aidas !!!
har tamhi yaah vee,naad arhi chini hamgiin ayultai har tamhi bolchood baina,,