Б.Анхбаяр: "Роснефть" шатахуунаа энэ амралтын өдөр Монгол руу гаргана

Автор | Zindaa.mn
2021 оны 09 сарын 24

Монголын шатахуун импортлогч компаниуд, УУХҮЯ-ны төлөөлөл “Роснефть” компанийн удирдлагатай уулзалт хийхээр ОХУ-ыг зорьсон.

Уулзалтын талаар "Петровис" ХХК-ийн Гүйцэтгэх захирал, УИХ-ын гишүүн асан О.Содбилэг "Роснефть" компанитай уулзаж байна. Есдүгээр сард 1500 тонн АИ-92 бензин, аравдугаар сард 44 мянган тонн АИ-92 бензин, есдүгээр сард ачигдаагүй байсан 10 мянган тонн АИ-92 бензинийг авахаар боллоо" гэсэн мэдээллийг өчигдөр (2021.09.23) өгсөн билээ. 

Уулзалтад оролцож буй Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бодлогын газрын дарга Б.Анхбаяртай холбогдож, шатахууны татан авалттай холбоотой цаг үеийн мэдээллийг тодрууллаа. 


-Сайн явж байна уу. Та бүхний уулзалт амжилттай болсон гэх таатай мэдээг өчигдөр хүлээж авлаа. Шатахууны асуудлыг шийдэх уулзалт хэр нааштай, ямар уур амьсгал дунд болов?

-ОХУ-д болж буй энэ уулзалт нь жил бүр зохион байгуулагддаг юм. Салбарын яам, Ашигт малтмал, газрын тосны газар, аж ахуй нэгжийн төлөөлөл ОХУ-д очиж, дараа жилийн гэрээ хэлэлцээгээ хийдэг.

Бидний өчигдрийн уулзалт амжилттай болсон. Учир юу вэ гэвэл, есдүгээр сард 1500 тонн АИ-92 бензин, аравдугаар сард 44 мянган тонн АИ-92 бензин болон есдүгээр сард ачигдаагүй хойшлоод байсан 10 мянган тонн АИ-92 бензинийг Монгол руу хүлээж авахаар боллоо.

"Роснефть" компанийн өөрийнх нь үйлдвэр болох Ангарскийн нефтийн үйлдвэр яг одоогийн байдлаар засвартай байгаа нь Монголд нөлөөллөө. Жил бүр урсгал засвар хийдэг.

Өнгөрсөн жилүүдэд ч мөн засвар дуусах хүртэл манай нөөц дундарч, засвар дуусангуут худалдан авалт үргэлжлээд явж байсан. Энэ жилийн засвар илүү удаан үргэлжилж байна.

Ийм нөхцөл байдал үүссэнд "Роснефть" компанийн зүгээс хөлцөл өчсөн. Ангарскийн нефтийн үйлдвэр хэзээ засвараас гарах вэ гэдэг нь тодорхойгүй байна.

Гэвч бид Монгол Улсын нөхцөл байдлыг тайлбарлаад, аравдугаар сард эхний ээлжинд 44 мянган тонн, есдүгээр сарын үлдэгдэл болох 10 мянган тонн шатахуунаа авахаар тохиролцоонд хүрлээ.

"Роснефть" бидний захиалгыг бүрдүүлэхийн тулд зарим улс руу бүтээгдэхүүн нийлүүлэх хугацаагаа хойшлуулж, Монгол Улс руу нийлүүлэх шийдвэр гаргалаа.

-Монголд өнөө маргаашгүй 1500 тонн шатахуун орж ирнэ гэсэн хүлээлт үүссэн бололтой. Энэ нийлүүлэлт хэзээ Монголд Улсад ирэх вэ?

-Энэ амралтын өдөр Ангарскийн нефтийн үйлдвэрээс 1500 тонн шатахууныг Монгол Улс руу гаргана. Татан авалт маш хурдан хийгдлээ гэхэд 2-3 хоног болдог. Хагас сайн өдөр гарлаа гэхэд цаад тал нь мягмар гарагт Монгол Улсад ирнэ гэж тооцож болно.

-Монгол Улсын шатахууны нэг өдрийн хэрэглээ 1000 гаруй тонн гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр одоо ачуулж байгаа шатахуун бол нэг л өдрийн нөөц гэж ойлгож болох уу?

-Ердийн үед бол нэг өдрийн хэрэглээ юм.

Бид энэ уулзалтаар "Роснефть" компанийн төлөвлөгөөг өөрчилсөн гэсэн үг.

Яагаад гэхээр Ангарскийн нефтийн үйлдвэр ашиглалтад ороогүй байгаа тул цаанаас татуулахаар болсон. Тээвэрлэлтийн зайнд өөрчлөлт орж байгаа ч өмнө нь худалдаж авдаг байсан үнийг өөрчлөхгүйгээр авахаар тохиролцсон.

-Аравдугаар сард орж ирэх 44 мянган тонн шатахуун хэдий хугацааны дараа Монгол Улсад орж ирэх вэ?

-ОХУ-аас гарч байгаа ачаа тээврийн хамгийн эхний жагсаалтад Монгол Улс руу ачуулах шатахууныг оруулж өгөхийг бид хүссэн. Ингэхээр аравдугаар сарын 5-наас ачилт эхэлнэ гэж "Роснефть" компанийн зүгээс мэдэгдээд байна.

"Роснефть" компани дотоодынхоо нөөцийг хангах үүрэг хүлээдэг. Мөн дээр нь тус улсын Эрчим хүчний яам экспортоо багасга гэдэг зааварчлагааг албан ёсоор өгөөгүй ч дотоодын хэрэгцээг нэн тэргүүнд тавих чиглэл өгсөн юм билээ. Үүнд, маш олон хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, ОХУ-д Думын сонгууль болсон, газрын тосны үнэ өсч байгаа тул дотоодын хэрэгцээг нэн тэргүүнд хангах чиглэл өгсөн.

Иргэд өөр компаниас авч болдоггүй юм уу гэдэг. Үнэнийг хэлэхэд, гэтэл өөр ямар ч компани байсан "Роснефть" компаниас бүтээгдэхүүн худалдаж авах хүсэлт хүргүүлдэг юм билээ. Тэгэхээр "Роснефть" компанийн нийлүүлж байгаа үнээс хямд өртгөөр бүтээгдэхүүн олж авахад бэрхшээлтэй.

ОХУ-ын талаас манайд дарамт, шахалт үзүүлж, шатахууны хомсдолд оруулж байна гэж таамаглах хүмүүс бий. Огт тийм биш.

Үүсээд буй асуудалд улс төрийн дарамт, шахалт огт байхгүй. ОХУ дотоодын хэрэгцээг нэн тэргүүнд тавьж байгаа ч "Роснефть" компанитай он удаан жил харилцаж байгаагийн хувьд бидний уулзалт тодорхой хэмжээгээр амжилттай боллоо.

-Үнэ ханшийн хувьд өөрчлөлт орох уу. Хомсдол үүссэн тул үнэ нэмэгдэнэ гэсэн таамаг байна?

-Бид аль болох шатахууны үнийг нэмэхгүй гэсэн төлөвлөгөөтэй байна. Гэхдээ нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Аж ахуй нэгжүүд дураараа үнэ нэмдэггүй. "Роснефть" компанитай 2014 онд гэрээ хийж, 2018 онд шинэчилсэн. Сингапурын бирж дээр тулгуурласан үнийн томьёоллоор "Роснефть" компани манайд бүтээгдэхүүн нийлүүлдэг.

Өөрөөр хэлбэл, Сингапурын бирж дээр зарагдсан сарын дундаж үнээр дараа сарын бүтээгдэхүүн нийлүүлэх үнэ тодорхойлогддог.

Аравдугаар сард нийлүүлэх бүтээгдэхүүний үнэ тодорхой болоогүй байгаа ч үнийг одоогийн байгаа түвшинд барихыг хичээж байгаа.

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Одноо(172.69.252.140) 2021 оны 09 сарын 26

Сумъяабузарын цүнх баригч. Хариуцсан ажлаа хийж чадахгүй цүнхчин

1  |  0
Зочин(172.69.45.138) 2021 оны 09 сарын 25

Роснефть буруугүй юм байж. Тэгвэл тэгээд та нарын хариуцлага руу орох уу, усан толгойнууд минь?

0  |  0
Үнэн(64.119.27.153) 2021 оны 09 сарын 24

Петровис тэргүүтэй нефть итпортлогчид үгсэн хуйвалдаж зохиомол хомсдол бий болгож Засгийн газрыг шантаачилж олон түмнийг хохироож хэдэн өдөр доог тохуу хийчихээд одоо их сайн хүмүүс болж дээ. Тэдний нэг түгээгч 3 хоногийн өмнө жолооч нар минь бүү бухимд тайван бай дарааллаа сайн барь. Манайд шатахууны ханглттай нөөц бий гэж хашгирч байсныг олон хүн харсан

0  |  0
зочин(103.111.68.3) 2021 оны 09 сарын 26

энэ мангар бацаан цүнх баригч юу мэдэх вэ дээ хөөрхий

2  |  1
Top