Эмч, эмнэлгийн байгууллагын ажилчид Сүхбаатарын талбайд эсэргүүцэл илэрхийлээд арваад хонож байна. Энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнд нэгдэж, дуу хоолойгоо хүргэж байгаа хүний их эмч Б.Содномпилтэй уулзаж, дараах тодруулгыг авлаа.
-Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Б.Содномпил гэдэг. Хүний их эмч мэргэжилтэй.
-Сүхбаатарын талбайд эмч нар эсэргүүцлээ илэрхийлж байна. Үүнийхээ гол зорилгыг тайлбарлаач?
-Бид хэд өнөөдөр /09.25/ эсэргүүцлээ илэрхийлээд долоо хонож байна. Хамгийн гол нь бид иргэдийн эрүүл мэндээр бизнес хийгээд байгааг эсэргүүцэж байгаа юм. Хоёрдугаарт, цалин нэмэх, гуравт, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагчдын нийгмийн хамгааллыг сайжруул, дөрөвдүгээрт, хууль эрхзүйгээр хамгаал гэсэн үндсэн шаардлагуудыг тавьж байгаа. Эрүүл мэндийн салбар өнөөдөр үндсэндээ сөхөрчихлөө. Ажиллах хүн байхгүй боллоо, өвчтөнийг эмчлэх эмчгүй болчихлоо. Ийм байдал бодитоор бий болчихоод байгаа учир үүний эсрэг л бид зогсож байна.
-Шаардлагуудаа салбар яам, төрийн өндөр дээд албан тушаалтнуудад өгсөн үү?
-Одоохондоо эрүүл мэндийн байгууллагын ажилчид болон иргэдээс гарын үсэг цуглуулж байгаа болохоор арай хүлээлгэж өгөөгүй байгаа. Харин ирэх долоо хоногоос холбогдох албан тушаалтнуудад нь гарын үсэг бүхий шаардлагуудаа өгнө.
-Энэхүү эсэргүүцэлд эрүүл мэндийн байгууллагын ажилчид хэр нэгдэж байгаа вэ?
-Бүгд л боломжийнхоо хэрээр дэмжиж, ажлынхаа дундуур гүйж ирээд гарын үсгээ зурж байна. Нийтдээ 57 мянган эрүүл мэндийн байгууллагын ажилтан, албан хаагч байдаг. Тэдгээрийг тэр, энэ гэж ялгахгүйгээр хамруулахыг зорьж байна. Тэгэхгүй болохоор зарим нь орхигдчихоод байдаг юм. Өнөөдөр мэс заслын сувилагч гэхэд 600 гаруй мянга, мэс заслын эмч нь 800 мянган төгрөгийн л цалин авч байгаа. Эдгээр хүмүүс чинь бас ардаа амьдралтай шүү дээ. Уг нь дэлхийд хамгийн өндөр байдаг цалин, монголд хамгийн бага байна. Эрүүл мэндийн салбарынхан гадаад улс руу аялж, зугаалах гэж биш хар бор ажил хийх гэж л явдаг болчихсон.
-Цар тахлаар дамжуулан бизнес хийж байна гэж та хэлсэн. Үүнийгээ жаахан дэлгэрэнгүй яриач?
-Ковид Засгийн газар, УОК-ын буруу шийдвэрээс болж л Монголд тархсан. Бусад орнууд арми оруулаад халдвар, хамгааллын дэглэмээ бариулж байхад манайд болохоор хувийн газарт шилжүүлээд өгчихсөн. Тэр нь төлбөртэй, халааснаас халаасны хооронд явж ирсэн. Үүнээс л алдаа үүсэж ковид тархсан. Мөн манай салбарын тендерүүд гэхэд л асуудалтай. Бүгд хулхи, хэрэглэчихсэн эдэлгээнд орчихсон, хулхи тестүүд маш их ирж байна. Дусаалгандаа хүрэхгүй тестүүд маш их байгаа. КОВИД-19 50 гарчихсан байхад нь бид чинь хайж байлаа шүү дээ. Засгийн газар өвчнөө хайж байдаг зүйл дэлхийд байхгүй. Гэтэл өнөөдөр хаалга болгоны цаана вирус байхад яагаад хайхгүй байгаа юм. Энэ өвчнөөр далимдуулаад 5-6 байр, хамгийн сүүлийн үеийн үнэтэй машинууд авч унасан дарга нар, эрх бүхий албан тушаалтнуудыг бараг л хүн бүр нэрлэхээр болж байна. Эрүүл мэндийн ажилчдад урамшуулал нэртэй хэдхэн төгрөгөө бүтэн өгч чаддаггүй. Гурван жилийн өрхийн эрүүл мэндийн нөхөн олговор байхгүй болчихлоо. Үйлдвэрчний эвлэл бас нэг жагссан. Гэвч өөрсдийнхөө төсвийг бүрдүүлж аваад л таг болсон. Уг нь өдийд бидэнтэй нэгдээд дуу хоолой болж байх ёстой ч алга. Тиймээс энэ бүгдийн эсрэг л бид дуугараад байгаа юм.
-Бусад эмч, эмнэлгийн ажилчид маань та бүхнийг дэмжиж хэр гарын үсгээ зурах бол. Яагаад гэхээр цаана нь ажлаас нь хална ч гэдэг юм уу, дарамт байдаг гэж ярьдаг?
-Энэ тэмцэлд эрүүл мэндийн ажилчид бүгдээрээ гарч ирэх бүрэн боломжтой. Даанч бүгд байр, машин гээд зээлтэй учраас гарч ирэхээсээ айж байна. Хэрвээ гарч, тэмцэлд нэгдвэл ажлаас нь хална гэж дарамталдаг. Манай салбарын хамгийн тулгамдсан асуудал цалин, нийгмийн хангамж гэхээсээ илүүтэй энэ л юм. Жишээ ярихад, шүүхийн шийдвэр нь буцаагаад ажилд нь томил гээд гарчихаад байхад ажилдаа орж чадахгүй, цалингаа авч чадахгүй, зээл нь хуримтлагдаад хүндхэн байдал орчихсон хүн олон байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 30.1-д “Олон улсын хөл хорио, халдварт өвчний голомтод, гамшгийн үед дайчлахаар ажилласан эрүүл мэндийн ажилчдад тухайн дайчилгааг зохион байгуулсан газар нэг сарын дотор ажилласан хугацааг нь цалин хөлсийг гурав дахин нэмэгдүүлж олгоно” гээд заачихсан. Гэвч энэ хуулийн заалт амьдрал дээр огт хэрэгжихгүй байна. Хүнд, хөнгөнөө ялгахгүй бүгдийг нь эмнэлэгт хэвтүүлснээс ор хүрэлцээгүй болсон. Яаралтай түргэн тусламжийн эмч өнөөдөр ор хайгаад эмнэлэг бүрийн хаалга тогшоод явж байна. Хээрийн ор дэлгэсэн гэдэг ч тэр нь байхгүй. Уг нь хөнгөн хүмүүсээ хээрийн орондоо аваад, хүнд хүмүүсээ эмнэлэгтээ эмчилэх ёстой. Иргэдийн эрүүл мэндээр бизнес хийж байгаатай бид хатуу тэмцэнэ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )