Ц.Элбэгдоржийн Н.Энхбаярт барих их өр тэглэгдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 29

Монголын улс төр дэх гурван Э-ийн нөхөрлөл тун сүрхий хүчээ авч эхэллээ. Н.Энхбаяр, М.Энхсайхан, Ц.Элбэгдорж нарын нам дамнасан  нөхөрлөлийн зэс цухуйх нь тэр. Энэхүү нөхөрлөлийн илэрхийлэл болгож Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж эрх мэдлийнхээ хүрээнд Улсын дээд шүүхийг утсан хүүхэлдэй болгон өмнөө сөхрүүлсэн шийдвэрийг гаргуулж олны нүдийг орой дээр нь гаргалаа. Асуудлын гол нь удтал гацааж байсан МАХН нэрийг Улсын дээд шүүх гэнэтхэн яагаад зөвшөөрчихөв гэдэгт асуулт, олон хариу тайлбарууд дагалдана. Уг нь Үндсэн хуулийн цэцээс тайлбар гарчихаад байхад Улсын дээд шүүх Ерөнхийлөгчийн аргагүй шахаанд орж хуулийг өөрийн ашиг сонирхолд нийцүүлсэн нь тун сэжигтэй. Гэвч энэ бол эртний өр төлөөсийн нэгэн хэлтэрхий гэдгийг учир мэдэх нэгэн ч гадарладаг юм билээ. Тиймдээ л шүүхийн шинэтгэл гэдэг нэрийн дор далайлган Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийн тавдугаар бүлгийн 64.1-д заасан « Монгол Улсын Үндсэн хуулийн цэц бол Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх эрх бүхий байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн» гэснийг уландаа гишгэчихэв. Зөвхөн эртний өр төлөөсийн төлөө, Гайхалтай шүү. Тэгээд Үндсэн хуулийн хоёрдугаар зүйлийн 30.1 -д зааснаар Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн  тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийн илэрхийлэгч мөн гэдэг заалтыг нь урвуугаар ашиглахаа мартсангүй. Ерөнхийлөгчийн  өр 2004 оны сонгуулийн дараа тавигдсан юм билээ. Тухайн үед эрх баригч намын дарга байсан Н.Энхбаяр АН дотроос хэнтэй нь нөхөрлөж болох вэ гэдгийг тандсан юм байх. Тухайн үед АН дотор Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, М.Энхсайхан, Р.Амаржаргал нараас сонголт хийх болжээ. Хэтэрхий шударга Э.Бат-Үүлтэй эвсэж болохгүйгээ мэдсэн Н.Энхбаяр М.Энхсайхан, Р.Амаржаргал нарыг тухайн үедээ голчихсон хэрэг. Тиймээс АНУ-д сургууль төгсөөд ирсэн Ц.Элбэгдоржийг сонгосон гэдэг. Тэр сонголтын төлөөс өнөөдөр гудамжинд лааз өшиглөсөн Н.Энхбаярт эргэж олдсон нь энэ. Эртний төлөөс төлөгдөхдөө ард түмний сонголтоор бий болсон ардчилсан Үндсэн хуулийг уландаа гишгэж улс төрийн бохир тоглоом болгосон явдал.
Ингээд МАХН нэрийг хүчээр авах тоглоомыг эхлүүлж, Улсын дээд шүүхэд бүртгүүлж хууль тогтоомжийг зөрчив. Бүр болоогүй хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардагдах баримт бичгийн жагсаалтыг баталсан тус хэсгийн 6 дахь заалтад «16.1.6. хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан эсэхийг холбогдох бүртгэх байгууллагаас шалгуулж баталгаажуулсан баримт, гэж заасан байгаа. Гэтэл Монгол Ардын хувьсгалт намыг улсын бүртгэлд бүртгэхдээ Улсын дээд шүүх дээрх баримтгүйгээр бүртгэх үйл ажиллагааг явуулсан байна. Дээрх баримт бичгийг бүрэн, гүйцэд бүрдүүлээгүй бүрдэл, дутуу тохиолдолд бүртгэх байгууллага нь хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзанагэж мөн хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад заасан байдаг. Үүнээс гадна улс төрийн намын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт «Нам нь Улсын дээд шүүхэд бүртгүүлэхдээ хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16.1-д заасан баримт бичиг бүрдүүлнэ» гэсэн заалт бий. Мэдээж хуульд заасан шаардлагыг хангаагүй,
баримт бичгийн бүрдэл дутуу тохиолдолд намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл болно гэж Улс төрийн намын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалтад бүр тов тодорхой цагаан дээр хараар бичсэн байдаг. Эдгээрийг эрх мэдлээрээ далайлган хууль зөрчин байж санасандаа хүрчихлээ. Хачирхалтай нь энэхүү хууль тогтоомжуудын тайлбарыг Монгол Улсын Ерөнхийлөгч хэрхэн хийж     гаргалгааг нь яаж илэрхийлэх талаар толгой гашилгаж яваа. Тэгээд шүүх эрх мэдлийг гартаа атгасан Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 27 дугаар зүйлийг эргэн харах хэрэгтэйг сануулах ёстой байх. Уг хуулийн 27.2-т улсын бүртгэлийн тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад гэм хор учруулсан бол холбогдох бүртгэх байгууллага хариуцан арилгана гэсэн тайлбар ч дагалддаг хуулийг тайлбаруудыг баллуурдахыг хүсч байна. Бас эдгээр заалтууд Монгол Улсын Ерөнхийлөгчид огт падлий алга бололтой. Зөвхөн ямар ч үнэ цэнээр хамаагүй шүүхийн нэрээр гул барьж, аль нэг байгууллагыг татан буулгах хэмжээнд хүргэж байж сэтгэл амрав. Гайхамшигтай нь аливаа байгууллагыг татан буулгах хууль эрх зүйн боломжийг санааны зоргоор хийж болдгийг тэр биеэрээ харуулж чадлаа. Эцэс төгсгөлгүй маргааныг дэгдээсэн Ерөнхийлөгчийн санаархал эцсийн бүлэгтээ МАН, АН-ын эсрэг давхар өс авалт юмсанж. Хамтарсан Засгийн газрын эсрэг тууштай тэмцэж арга ядсан Ерөнхийлөгч           Ц.Элбэгдоржийн сүүлчийн цохилт болгож намынхандаа илгээсэн давхар угсраа мэх. Гадна талдаа сөрөг хүчнээ давхар цохилтоор унагаж байгаа мэт харагдах боловч эцсийн бүлэгтээ МАН, АН-д нэгдсэн намынхандаа хүртээсэн «шан». Алсын хараатай холч ухаантай Еөрнхийлөгчийн давхар угсраа мэх юм.
Ингэж Улсын Дээд жирийн иргэнд хатуу ханддаг, Улсын Дээд шүүх Ц.Элбэгдоржийн харцаар хөдөлдөг байгууллага болон хувирав. Шүүхийн шинэтгэл гэж ярих дуртай Ерөнхийлөгчийн шинэтгэл ерөөсөө л түүний харцан дор үйл ажиллагаа явуулдаг байгууллагыг бий болгоход оршиж байна гэдэг тайлбар ч хөвөрнө. Монголчууд ардчилсан Ерөнхийлөгчтэй боллоо хэмээн хөөрцөглөж байсан үе саяхан. Гэтэл ардчилсан тодотголтой Ерөнхийлөгч нь санааны зоргоор асуудлыг шийдэж, ард түмнийг дотор нь хагаралдуулж, өөрийн мэдлийн байгууллагуудаа утсан хүүхэлдэй болгож эхэлсний бодит дүр зургийг бид бүхэн харж байна. Харин цаашид түүний захиалгаар хууль шүүхийн байгууллага хөдөлсөөр байх юм бол нийгмийн эмх замбараагүй байдал улмаар дараагийн долдугаар сарын нэгэн шиг үйл явдал давтагдахгүй гэх газаргүй. Ард түмэн сохор биш учраас эв эвдрэлцүүлсэн түүний явуургүй улс төрын тоглоомыг удаан харж тэвчихгүй гэдгийг мартах учиргүй юмсан.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top