Ажил дээрээ Fасеbоок, Тwitter-ийг болгоомжгүй ашиглавал байгууллагаа хохирооход хүрдэг гэдгийг манай оффисын ажилтнууд мэдэхэд илүүдэхгүй болов уу хэмээн доорх зүйлийг хүргэж байна. Дээр дурдсан хуудсуудаар өөртэй тань харьцдаг, өөрөөр хэлбэл, Fасеbоок, Тwitter-ээр дамжуулан тантай холбоо тогтоож, найз нөхөд болсон хүмүүсийн хүсэлтээр, эсвэл зүгээр л мессенжерээр орж ирсэн ямар нэгэн зарыг бусдад түгээх нь маш их хор уршигтай юм. Та цахим шуудан /е-mail/ хүлээн авахдаа “Еmaildisclaimers” буюу цахим шуудангийн санамжийг байнга анхаардаг гэдэгт итгэж байна. Энэ нь нэг ёсны хууль зүйн мэдэгдэл юм. Тус санамж нь маркетингийн болон хууль зүйн гэсэн үндсэн хоёр ялгаатай байдаг. Харин энэ удаа хууль зүйн агуулга талаас нь танилцуулъя. Энэхүү санамж нь таныг цахим шуудангийн агуулгаас болж хариуцагчаар хэрэгт татагдаж, шүүхийн өмнө хариуцлага хүлээхээс сэргийлнэ. Тодруулбал, санамж нь цахим шуудантай холбоотойгоор танай байгууллагын эсрэг хүмүүс нөхөн төлбөр шаардаж, шүүхэд зарга мэдүүлэхээс урьдчилан сэргийлнэ. Иймд ямагт санамж ашиглах хэрэгтэй. Санамжийн ачаар доор дурдсан эрсдлүүдээс урьдчилан сэргийлж болох талтай. Эн тэргүүнд нууц алдагдахаас сэргийлнэ. Та мэйл явуулахдаа шуудангийнхаа хэсэгт нууц гэдгийг нь сануулж өгснөөр байгууллагынхаа нууц мэдээлэл алдагдахаас хамгаална.
Хэрэв шуудан хүлээгч хүн чинь нууцыг задруулбал хариуцлагыг тэр өөрөө хүлээнэ. Түүнчлэн нууцлал санамсаргүй алдагдсан ч та өөрөө хариуцлагаас чөлөөлөгдөнө. Ажилтан этгээд вирус бүхий цахим шуудан илгээх, эсвэл дамжуулан илгээсэн тохиолдолд байгууллага нь хариуцлага хүлээх хуультай. Тийм болохоор вирус агуулсан байж болохыг цахим шуудандаа хавсаргаснаар энэ хариуцлагаас чөлөөлөгддөг юм. Ер нь хэн нэгний явуулсан мессеж, цахим шууданг бусдад дамжуулахгүй байх нь та өөрийгөө болон байгууллагаа эрүүгийн хариуцлага болон мөнгөн төлбөрт орохоос хамгаална гэдгийг сайтар ойлговол зохино.
Ер нь аливаа нэгэн байгууллага эцсийн бүлэгт ажилтныхаа илгээж буй бүхий л цахим шуудангийн агуулгыг хариуцах болдог тул “Emaildisclaimers” буюу цахим шуудангийн санамжийг байнга ашиглахыг зөвлөх нь зүйтэй юм. Эс тэгвээс байгууллага чинь асар их хэмжээний мөнгөн төлбөрт унах эрсдэлтэй. Харин оффисын ажилтнууд Facebook, Twitter-ийн найзуудынхаа хүсэлтээр цааш дамжуулсан мессеж, цахим шуудан вирустэй байх аваас Монгол Улсын Эрүүгийн Хуулийн 229 дүгээр зүйлийн нэг, хоёрт зааснаар гурван сар баривчлагдах шийтгэлээс авахуулаад тав хүртэл жилийг торны ард өнгөрүүлж болохыг анхаарсан нь дээр биз ээ. Мөн Facebook-ийг зарим улс оронд хориглох тухай яригдаж буй нь мэдээллийн эрх чөлөөг хааж боогдуулсан хэрэг огтхон ч биш. Харин үүнийг АНУ-ынТагнуулын төв газраас дэлхийн улс орнуудын хүн амын биометрик судалгааг авах гэж зориуд нээсэн гэж үздэгийг дурдахгүй өнгөрч болохгүй байх аа.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )