Монголын өдөр тутмын “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгчээр хамгийн олон жил ажиллаж, хэвлэл мэдээллийн салбарт өөрийн гэсэн дэг сургууль бий болгож чадсан цөөн бүсгүйчүүдийн нэг, хатагтай Л.Нинжжамцтай ярилцсанаа хүргэж байна.
-“Өглөөний сонин”-ы 15 жилийн ойн өдөр тохиож байна, танд баярын мэнд хүргэе. “Өглөөний сонин”-ыг танаас салгаж ойлгох аргагүй. Тэгэхээр энэ сониныг удирдаж, амжилтад хүргэж байсан цаг үеийнхээ талаар дурсамжаа бидэнтэй хуваалцахгүй юу?
-Юуны өмнө “Өглөөний сонин”-ы сэтгүүлчид, арын алба, нийт уншигчид, 15 жилийн турш бүтээлцсэн хамт олондоо ойн баярын мэнд дэвшүүлье. Анх 2006 оны аравдугаар сарын 3-ний өдөр хүнд хэцүү хэвлэл мэдээллийн зах зээл дээр, өөрийн гэсэн өнгө төрхтэйгөөр “Өглөөний сонин”-ыг хэвлэн гаргаж байсныг өнөөдөр ч тод санаж байна. Монголын сонины холбоог анх үүсгэн байгуулж, ерөнхийлөгчөөр нь ажиллаж байсан Раднаагийн Хадбаатар найз маань тус сониныг санаачлан гаргаж, анхны эрхлэгчээр нь ажиллаж байсан. Бид хоёр 1998 онд Монголын сонины холбоог үүсгэн байгуулж байхад Р.Хадбаатар маань долоо хоног тутмын “Хүмүүс” сониныг эрхлэн гаргадаг байлаа. Монголчууд хэвлэлийн эрх чөлөөний үнэр амтыг мэдрэн, үнэ цэнийг нь ойлгож, чөлөөт хэвлэлийн зах зээл эрэлт өндөр байсан үе л дээ. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжих шилжилтийг бэдчин туулж байх тэр үед борооны дараах мөөг шиг олон сонин хэвлэл мэндэлж байлаа. Хүмүүс шар сонины эрин үе ч гэж ярьдаг. Тэдгээр дотроо “Сэрүүлэг”, “Хүмүүс” гэх мэт сонинууд тэргүүлдэг байсан. Тэргүүлэгчдийн хувьд “Сэрүүлэг”, “Хүмүүс” сонинууд уншигчийн зах зээл дээр бүх талаараа ширүүн өрсөлдөнө. Чөлөөт хэвлэлийн зах зээл тэлэхтэй зэрэгцэн засгийн харьяанд төрөөс хараат байсан “Засгийн газрын мэдээ” сонин “Зууны мэдээ” болж өөрчлөгдсөн. Төр мэдэлдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй байхыг хориглох хууль төрөх гэж байсан тийм нэг үе байсан юм аа. “Хүмүүс” сонины эрхлэгч Раднаагийн Хадбаатар, “Сэрүүлэг” сонины эрхлэгч Сэнгээгийн Баярмөнх хоёр хоёулаа сэтгүүлч залуучууд. Одоогийн залуучууд мэдэхгүй ч тухайн үеийн хэвлэлийн магнатууд гэж би нэрлэх дуртай. Энэ хүмүүсийн ач гавьяагаар Монгол Улсад хэвлэн нийтлэх эрх чөлөө, үг хэлэх эрх чөлөөг сэтгүүлчид төдийгүй ард иргэд нийтээрээ эдлээд явж байна. Одоогийн телевиз, сонины сэтгүүлчид, тэр дундаа олон веб сайтууд, чөлөөт уран бүтээлчид тэр хүмүүсийн үлдээсэн өвийг эдэлж байгаа гэхэд буруудахгүй байх. Ийм хүмүүсийн нөлөөгөөр үүссэн өдөр тутмын “Өглөөний сонин” өөрийн гэсэн хэвлэх үйлдвэртэйгээр гараагаа эхэлж, Дани Улсаас хоёр мэргэжилтэн ирж суурилуулж байсныг тодхон санаж байна. Улмаар анхны 100 гаруй мянган уншигчтай өдөр тутмын сонин болж гарч ирж чадсан. Тэр хэрээрээ өдөр тутмын сонины зах зээлийн өрсөлдөөн улам ширүүссэн шүү.
-Таны хувьд анх яаж “Өглөөний сонин”-той холбогдож байв?
-Миний хувьд 2006 онд “Өглөөний сонин”-ы анхны дугаар хэвлэгдэхээс эхлээд энэ хамт олны дотор нь ажиллаагүй ч Монголын сонины холбооны шугамаар ойр ажиллаж ирсэн. Түүнээс өмнө “81-р суваг” тэргүүтэй хэд хэдэн сониныг удирдан ажиллаж байлаа. Дараа нь С.Баяр даргын үед Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хэвлэл мэдээллийн салбарын судалгааг гаргадаг судлаач, оролцогч байлаа шүү дээ. Тэр үед ч “Өглөөний сонин”-тойгоо нягт хамтын ажиллагаатай байсан.
Ерөнхий сайд С.Баяр 2010 онд эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгөхөд, миний найз, хамтран зүтгэгч, туслагч Р.Хадбаатараасаа “Өглөөний сонин”-ыг эрхлэн гаргах эрхийг авсан байдаг юм. Үндсэндээ “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгч гэдэг эрхэм хүндтэй ажлыг 2011 оноос хойш долоо жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Анх сонины эрхлэгчээр очсон даруйдаа “Өдрийн сонин” дээр очиж, хэрхэн өдөр тутмын сонин удирдаж, ажиллуулах зөвлөгөө авч байлаа шүү дээ. “Өглөөний сонин” өөрийн гэсэн өнгө төрхтэй, уншигчидтай болчихсон байсан учраас ажлаа хүлээж аваад, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилго тавьсан. Тухайн үед эрэн сурвалжлах сэтгүүл зүй Монголд дөнгөж цэцэглэж байсан юм. Сонины редакцын бодлого, борлуулалт, маркетингаа энэ чиглэлд хөгжүүлж, ижилхэн өнгө төрхтэй олон сонин дундаас ялгарахыг эрмэлзсэн. Ингэхдээ мандаж буй нарны логотой ягаан өнгийн толгойг эвдэхийг хүсээгүй. 15 жилийн дараа эргээд харахад, “Өглөөний сонин”-ы маань толгой, өнгө төрхөө хадгалж үлдэж чадсанд баярлаж байна. Тэр ягаан өнгө өөрөө хүн харахад нууцлагдмал, цаанаа чамбай, хүчирхэг хамт олныг бүрдүүлсэн редакц байсан гэдгийг хэлнэ. Бид хэвлэл мэдээллийн зах зээл дээр эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шавыг тавилцсан хамт олон байж чадсан. Редакцын бодлого талаасаа аливаа асуудалд маш ул суурьтай нухацтай хандаж, эх сурвалжаа нууцалж чаддаг байсан. Энэ үндсэн зарчмын төлөө олон арван удаа шүүх, цагдаад дуудагддаг байлаа. Эцэст нь уншигчдынхаа эрх ашгийг дээдэлж, эх сурвалжаа хамгаалан үлдэж чаддаг байсан нь эрхэм зүйл маань байж. Тэр үнэт зүйлээ хамгаалж чадсан учраас хээл хахууль, албан тушаалын наймаа гэх мэт улстөрчдийн бусармаг үйл ажиллагаа дарагдаж үлдэхээс сэргийлж, нийгэм дэх хар тамхи, хүний наймаа зэрэг олон зүйлийг хөндөн ил гаргаж тавьж байлаа. Ингэж ажиллахад редакц бүрдүүлэх, хамт олонтойгоо нэг өглөөнөөс дараагийн өглөө хүртэл маш хариуцлагатай ажиллах, хүсэлт мөрөөдөл зорилгоо нэгтгэх, сэтгүүлчид хэн байх вэ зэрэг шалгарсан шалгуурууд явагдаж байсныг зайлшгүй дурдах хэрэгтэй.
“Өглөөний сонин” өнөөдөр ч энэ чиг баримжааг алдалгүй ажиллаж байгааг 15 жилийн дараа харахад сайхан байна. Залгуулаад олон сайхан залуу сэтгүүлчид гарч ирж байгааг харж баярладаг. Түүнчлэн чөлөөт хэвлэлийн зах зээл дээр 15 жилийн турш хөтлөлцөж, жаргал зовлонгоо хуваалцан, эрх нь зөрчигдсөн нэгнийхээ төлөө дуу жоолойгоо нэгтгэн тэмцэж, хийж буй ажил дээрээ нөхөрсгөөр шударга өрсөлдөж ирсэн Х.Мандахбаяр найз дүүдээ “Өглөөний сонин”-ы эрхийг шилжүүлсэндээ талархалтай ханддаг. Тухайн үед хоёр хүүхэд гаргачихсан өдөр тутмын сонины эрхлэгч ажлаа шилжүүлж өгөх нь зөв зүйтэй алхам байжээ. Яагаад гэвэл, өдөр тутмын сонины эрхлэгч гэдэг бол өөрөө редакцаа өдөр тутам удирдахын нэр байдаг. Өдөр тутмын сонины эрхлэгч гэдэг өглөө бүр шуурхай хурлаа удирдаж, орой бүр дугаараа шилжүүлэхэд хянаж байдаг. Үүгээр ч тогтохгүй сэтгүүлчдийнхээ аюулгүй байдлыг хангадаг хамгаалагч, нийгмийн асуудлыг нь шийддэг гэр бүлийн гишүүн байх чухал үүрэгтэй учраас “Өглөөний сонин”-ы ерөнхий эрхлэгч гэдэг эрхэм хүндтэй ажлыг хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш “Өглөөний сонин” улам бүр чамбайрч, тасралтгүй уншигчдад хүрч байна даа. Одоо бол “Өглөөний сонин”-ыхоо үнэнч уншигч, үнэнч дэмжигч нь болоод явж байна. Өглөө сониноо унших бүрдээ ерөнхий эрхлэгчийн нүдээр алдаа дутагдлыг нь харж, тэмдэглэдэг шүү. Өөрийн мэдэлгүй улаан балаар засаад сууж байх жишээний. Сонины ажил сэтгэлд уяатай байдаг юм болов уу.
-Энэ сониноос Монголын сэтгүүл зүйд олон сайн сэтгүүлчид төрөн гарсан. Хамтран ажиллаж байсан содон хүмүүсээ нэрлэ гэвэл хэнийг хэлэх вэ. Өдөр тутмын сонины гал тогоонд цаг наргүй хамт ажиллана гэдэг нэг ёсны ах дүүгээс өөрцгүй болгодог шүү дээ?
-“Өглөөний сонин”-оос маш олон мэргэжлийн сэтгүүлч төрсөнд баярладаг. Түүн дотроо маш олон алдар гавьяатан мэндэлснээр бахаддаг. Манай багийн залуус төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хэвлэл, олон нийттэй харьцах албыг толгойлсоор ирлээ. Толгойлсоор ч байна. Яг өдөр тутмын “Өглөөний сонин”-ы гал тогооноос төрж гарсан сэтгүүлч, зурагчин, зураглаач, эх бэлтгэгчид хэвлэлийн зах зээл дээр амжилттай ажиллаж байна. Тэдгээрээс хэвлэлийн эрхлэгчид, хэвлэх үйлдвэрийн эзэд, компанийн захирал олон төрж гарсан. Миний шууд удирдлагад л гэхэд 50 хүн ажилладаг том хамт олон байлаа шүү дээ. Дэргэдээ эрэн сурвалжлах сэтгүүл зүйн веб сайт, видео контентын студи, спортын багтай хүртэл байсан. Хэвлэл мэдээллийн зах зээл дээр анхны гэж болох хараат бус бие даасан редакц бий болгосон. Миний хувьд хүн нэрлэхээсээ илүү “Өглөөний сонин” гэдэг редакцыхан бүгд хэвлэл мэдээллийн салбарт нүүр бардам ажиллаж буйг хараад бахархдаг. Харамсалтай нь, өнөөдөр бидний зарим нь бурхны орныг зорьж дээ. Бид “Өглөөний сонин”-оос ажлын гараагаа эхэлсэн ажилчдаа дөнгөж их, дээд сургуулиа төгсөхөд нь, эсвэл оюутан ахуй цагаас нь бэлтгэж авах бодлого баримталдаг байсан. Үүний үр дүнд “Өглөөний сонин” 15 жилийн турш өглөө бүр гарсаар ирсэн гэж боддог. Мөн “Өглөөний сонин”-ыг удирдлагад байсан олон хүн өнөөдөр санхүү, барилгын зах зээл дээр идэвхтэй, амжилттай тоглогчид болж гарч ирсэн байна. Энэ бүгдийг харахад, “Өглөөний сонин” өөрөө ажил амьдралын нэг дэг сургууль байж чадсан юм болов уу. “Өглөөний сонин”-ы нэг эд эс байсан миний бие хүртэл МҮОНРТ-ийг удирдаж, шинэчлэл хийж чадлаа шүү дээ.
-Ер нь өдөр тутмын сонин сэтгүүлч бэлдэх тал дээрээ илүү нухацтай, онцгой мэт байдаг. Энэ талаар туршлагаасаа хуваалцахгүй юу?
-Тийм ээ. Өдөр тутмын сониноос ажлын гараагаа эхэлсэн сэтгүүлч, орчуулагч, редакторууд сайт, радио, телевизийн салбарт ажиллахад толгойгоо өвтгөдөггүй. Сэтгүүлч хамгийн эхлээд зөв бичдэг байх ёстой. Асуултаа логиктой тавьж чаддаг байх ёстой. Бидний бичсэн өгүүллэг, нийтлэл, ярилцлага, мэдээ үг үсгийн алдаанаас эхлээд найруулга, агуулга төгс байхыг уншигчид шаарддаг. Уншигчийн шаардлагад нийцэхгүй бол өдөр тутмын зах зээл дээрээс арчигдах аюултай байдаг. Алдах эрхгүй учраас сургуулиа төгсөхөөс нь эхлээд орж ирж байгаа залуучуудыг бараг л дахиж их сургуулийн сэтгүүл зүй, уран зохиол, монгол хэлний анги төгсгөх хэмжээнд нухдаг. Тэр хүмүүсийг уншиж, бичиж, сууж, бодож, найруулж сургадаг.
“Өглөөний сонин”-ы редакц цаашлаад телевизийн сэтгүүлч, зураглаач, эвлүүлэгч бэлтгэх болсон. Өөрсдөө ч телевиз, радио гэлтгүй мэргэшсэн. Энэ мэтээр өдөр тутмын сонины гал тогооноос гарч ирсэн сэтгүүлчдийг цахим сайт, телевиз, радиогийн сэтгүүлч нартай харьцуулаад үзээрэй. Нэг сэдэв өгөхөд өдөр тутмын сониноос ажлын гараагаа эхэлсэн сэтгүүлчид шал өөр гүйцэтгэдэг. Яагаад гэвэл сонин өөрөө бичдэг урлаг. Сэтгүүлчдийн ажлын үндэс нь бичих юм. Сонины сэтгүүлчид үгээр суварга, хөшөө босгодог урлагийнхан. Телевизийнхэн бол ярьдаг урлагийнхан. Тэгвэл цахим сайт маш богино хугацаанд богино хэмжээнд мэдээлэл түгээдэг. Ингээд бодоод үзэхээр өдөр тутмын сониноос гараагаа эхэлсэн сэтгүүлч, редакторууд, хэл уран зохиолын найруулагчид аль ч зах зээл дээр толгой өвдөх юмгүй явдаг. Бас хэвлэлийн зах зээл дээр телевизийн, радиогийн, сайтын, сэтгүүлийн, сонины гэж ангилаад үзэхээр өдөр тутмын сонины гал тогоо хамгийн хатуу чанга, харгис нь байдаг юм даа. Миний мэдэх “Өглөөний сонин”-ы редакц ийм байж ирсэн. Намайг ингэж хэллээ гээд телевиз, радио, сайтын сэтгүүлчид маань гомдохгүй байх. Яагаад гэвэл, энэ зовлонг бидний үеийнхэн үүрч, амт шимийг нь мэдэрсэн. Гай ялыг нь ч хүлээж үзсэн. Тиймээс би хэлэх үгээ үнэхээр бахархалтайгаар хэлж чадна.
-“Өглөөний сонин”-ы Монголын сэтгүүл зүйд бий болгосон өв гэвэл юуг хэлэх вэ?
-“Өглөөний сонин”-ы энэ сэтгүүл зүйн салбарт үлдээсэн өв гэж хэлэх юм... Бас их сонин асуулт байна шүү. Өдөр тутмын сонин ямар өв үлдээдэг юм бэ гэж өөрөөсөө ч асууж байгаагүй юм байна. Өмнө нь хэзээ ч ийм асуултад хариулна гэж бодож байсангүй. Зүгээр өөрийнхөө ажиллаж байсан он жилүүдийн тухай бодъё л доо. “Өглөөний сонин”-д ажилласан он жилүүдэд ямар өв үлдээж чадсан бэ гэвэл, хэвлэл мэдээллийн салбарт бие хүн бэлтгэж чадсан. “Өглөөний сонин” хүний нөөц талаас 40, 50 залууг хүн ажиллах байгаа газраа маш өндөр бүтээмжтэй ажиллахыг сургасан. Тэр залуусыг бие хүн болгож төлөвшүүлж чадсан. Сэтгүүлч бол сэтгүүлч шиг байхыг сургасан. Эрэн сурвалжлах сэтгүүл зүйд хэзээ ч итгэл алдахгүй, урвахгүй, худалдагдахгүй, тууштай хүмүүсийг бэлтгэж үлдээсэн нь бидний өв. Итгэл алдахгүй, урвахгүй, худалдагдахгүй байна гэдэг одоо цагт бол эрээд ч олдохгүй эрдэнэ мэт зан чанар шүү дээ. Тэгэхээр хүн төвтэй өв үлдээсэн юм уу гэж “Өглөөний сонин”-ыг удирдаж байсан он жилүүдийнхээ тухай эргэцүүлээд сууж байна. Хоёрдугаарт, эдгээр зан чанар дээр үндэслэн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн шавыг тавьсан юм болов уу. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй өөрөө эрэлхийлсэн материалынхаа төлөө тууштай зогсож чаддаг байхыг шаарддаг. Улс төр, эдийн засаг, бизнесийн бүлэглэлүүдийн дайралт, шүүх цагдаа прокурорын дарамтаас хол байж чаддаггүй. Нэг тогоонд оршдог гэх юм уу. Эрэн сурвалжлагч нэг тийм адармаатай замыг туулдаг. Тэр эрсдэлийг хүлээж аваад, даван гарч Монголд эрэн сурвалжлах сэтгүүл зүйг үнэхээр хөгжүүлж чадах баталгааг тухайн үедээ харуулж чадсан. Тэдгээрээс маш олон сэтгүүлч урам зориг авсан гэж би хувьдаа боддог. Хэд хэдэн жишээ дурдаж болно.
“Өглөөний сонин” анх С.Зоригийн хэргийн бүтэн архивыг дэлгэж байлаа. Манай сэтгүүлчдийг шүүх, цагдаа, прокурор дуудаж эхэлсэн, дарамталсан. Мөн гадаад улс орнуудад сууж байсан, одоо нэрийг нь хэлээд яахав Монголын Элчин сайдуудын контарбандын хэргүүдийг бид илрүүлэн олон нийтэд дэлгэж чадсан. Хөгжлийн банкны дарга нарын олон тэрбум төгрөг идэж уусан хэргийг ил болгосон. Мэдээж, тэд бидний эсрэг шүүхэдсэн. Бид хөдлөшгүй баримтад үндэслэн ялаад гарч байлаа. Удалгүй хэрэгтнүүд улсын мөнгө идсэн хэргээр яг авсан байдаг. Эргээд бодоход, манай сэтгүүлчид удаан хугацаанд эрэн сурвалжилсны дүнд хал цэргүүд нэгнээ зодож, хөнөөгөөд нуусан хэргийг илрүүлсэн нь хамгийн тод санаж байна. Эрэн сурвалжлах сэтгүүл зүй гол ач холбогдол эрүүгийн гэмт хэрэг мэдээлэхдээ байдаггүй. Нийгмийн хариуцлага талаасаа далд байдаг бугшсан хавдрыг нь оношилж, ил гаргах үүргээ биелүүлэх тал дээр хамгийн их идэвхтэй ажиллаж байсан хамт олон гэж хэлмээр байгаа юм. Монголын шүүх дээр албан тушаалтнуудын зүгээс нэр төрөө сэргээлгэх нэрээр хэвлэл мэдээллийн байгууллагуудаас олон зуун сая төгрөг нэхэмжилдэг байсан. Олон ч редакц, хувь сэтгүүлч ялагдан хүнд байдалд ордог байлаа. Тэгвэл “Өглөөний сонин” анх удаа хил дамнасан дипломатуудын контарбандын хэрэг, Хөгжлийн банкны хэрэг дээр ялалт байгуулж чадаж байсан юм аа. Ер нь бол үнэн хэзээ нэгэн цагт илэрдэг. Өнөөдөр үнэнийг дарж булавч маргааш нь илэрдэг гэдгийг “Өглөөний сонин”-ы хамт олон салбартаа харуулж, нийтэд итгүүлж чадсан. Сэтгүүл зүйд үлдээсэн өв гэвэл ийм юм уу даа. Товчхон хэлэхэд, хүн шиг хүн байх, сэтгүүлч шиг сэтгүүлч байх, өөртөө болон редакцдаа үнэнч байх, хүн төвтэй редакц бүрдүүлж чадсан гэж бодож байна.
-Хэвлэл мэдээллийн салбар өдрөөс өдөрт хувьсаж байна. Телевиз, өдөр тутмын сонин, сэтгүүлээс гадна цахим мэдээллийн сайтууд хөгжлөө. Шууд дамжуулалт буюу лайв хийдэг сайт, телевизийн хослол ч олширч байна. Ийм цагт өдөр тутмын сонины ажиллах барилд тодорхой өөрчлөлтүүд орох ёстой гэдэг яриа гарах болсон. Таны хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Маш сайхан асуулт байна. Бид сүүлийн 20 гаруй жил олон улсад хэвлэл мэдээллийн чиг хандлага хаашаа явж байгааг харлаа. Олон улсын хурал цуглаан дээр ч ярьж байхыг сонссон. Цаасан хэвлэл буюу уламжлалт сэтгүүл зүй мэдээллийн хурдаараа хоцорч байгаа мэт боловч түүхэнд үлдэх байр сууриа үүрд хадгалсаар байх болно гэдгийг олон улсын судлаачдын түвшинд хүлээн зөвшөөрч байгаа. Өөрөөр хэлбэл, цаасан сонин устаж үгүй болохгүй. Зуун жилийн өмнө телевиз гарахад ч ийм яриа гарч байсан. Радио гарахад мөн л ярьсан. Гэвч цаасан хэвлэл байр сууриа бэхжүүлсээр ирсэн. Хэвлэл мэдээллийн олон зуун жилийн түүхтэй Англи, Америкаар жишээ авахад, өдөр тутмын сонинууд нь 200-300 жил дараа ч хүчирхэг хэвээрээ байна. Нийгэмд үзүүлэх нөлөөгөө хадгалсан хэвээр байгаа. Харин ч даацтай болсон. Ингээд бодохоор зах зээл дээр ажиллаж байгаа сэтгүүлчид сониндоо үнэнч байх хэрэгтэй. Өдөр тутмын сонин хөгжих ёстой. Та бүхэн цаасан хэвлэл бүтээж байгаа. Цаасаар хэвлэнэ гэдэг бол цаасаар уншаад сурчихсан хүмүүсийн хэрэгцээг хангаж буй хэрэг. Тэд өглөө бүр цаасан сонингоо л уншихгүй бол санадаг. Өглөөнийхөө кофег уугаагүй юм шиг, тамхи татдаг хүн бол тамхиа татаагүй юм шиг тийм нэг мэдрэмж төрүүлдэг. Тийм учраас сонин өөрийн гэсэн уншигчидтай. Сонины зах зээл хэзээ ч устахгүй.
Сонины уншигчдад үндсэндээ 45-аас дээш насныханд хамаарна. Нийгмийн хамгийн төлөвшсөн хэсэгт хүрдэг гэсэн үг. Монголд бол 35-45 насны төрийн албан хаагчдад сонин шууд хүрч чадаж байна. Харин 25-30 насныхан цаасан сонин харахгүй л байх шиг байна. Эрх биш хэвлэл мэдээлэл, маркетингийн салбарынхан бол хараад байна. Манай реклам гарч уу, миний мэдээ гарч уу гэж үздэг. Улс төрийн хүрээнд бол нас харгалзахгүй өдөр тутмын сонин уншдаг. Чиг баримжаагаа авдаг. Би хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг учраас өдөр тутамдаа сонин, сайт, телевизийн мониторинг хийж байна. Зах зээл нь ямар байгааг гадарлана. Миний мэдэхийн л УИХ-ын 76 гишүүний ширээн дээр өглөө бүр тогтмол гардаг өдөр тутмын сонинууд дэлгээстэй байдаг. Монинторинг хийдэг албадууд нь ажлаа хийж байгаа харагддаг. Иймээс өдөр тутмын сонин зах зээлээс арчигдахгүй гэдгийг мэднэ. Одоо инхэнх хэвлэлүүд цааснаас гадна цахимаар хүрч эхэллээ шүү дээ. Цахим сонины хувьд аль 10-аад жилийн өмнөөс гарч эхэлсэн. Сонин аль хэдийн 10 гаруй жилийн өмнөөс эхлээд мөнгөө төлөөд, цахимаар захиалж уншдаг уншигчидтай болчихсон байна. Дээр нь нэмээд фэйсбүүк, твиттер, инстаграмм гэх мэт олон нийтийн сүлжээ гарч ирлээ. Тэдгээр шинэ сувгууд дээр шинэ арга барилаар ажиллах хэрэгтэй. Өнөөдөр өдөр тутмын сонинд орж материалууд маш том, урт нуршуу байна. Бүтэн нүүр буюу А2-ын хэмжээтэй материал ч байх жишээтэй. Уншигчид бүгд тийм урт зүйлийг дуустал нь уншиж чаддаггүй. Дуустал нь уншдаг гэвэл 45-аас дээш насныхан л байна. Түүнээс доош насныхан урт материал уншихгүй болсон. Тиймээс тухайн өдрийнхөө үнэ цэнэтэй материалыг подкаст хэлбэрт хөрвүүлэн сонсгож болж байна. Ийм шилжилтүүдийг хийхгүй бол сэтгүүлчдийн хайран сайхан хөлс хүч талаар болох талтай. Би хувьдаа сонсдог сонин хийх цаг болсон гэж бодож явдаг. Хэрвээ би дахин өдөр тутмын сонин эрхлэх юм бол цахим шуудангаар түгээнэ. Фэйсбүүк, твиттер болон бүх сошиал сувгуудаар уншигчдад хүргэнэ. Сонсдог сониноо улс төр, эдийн засаг, нийгэм, спортын мэдээлэл гэж ангилан түгээнэ гэж мөрөөдөж явдаг. Гэхдээ цаасан сонин устахгүй учраас давхар хөгжүүлнэ. Хэвлэх үйлдвэр, хэвлэмэл цаасыг улам хөгжүүлэх зорилго тавина.
-МҮОНРТ-ийн захирлын албан тушаалаа өгснөөсөө хойш хэсэг хугацаанд нам гүм байсан. Саяхан УИХ-ын ажлын албаны Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар томилогдсон байсан. Сүүлийн үед ямар ажилд анхаарлаа хандуулж байна даа?
-МҮОНРТ-ийн ерөнхий захирлын ажлыг өгөөд, хэсэг хугацаанд КОВИД-той зэрэгцэн хувийн амьдрал, бизнестээ анхаарал хандууллаа. Эмэгтэй хүн өрх гэрийн гол тулгуур баганын нэг учраас хэчнээн ажил хэрэгч байлаа гээд гэр бүлээ орхидоггүй. Өдөрт хэдэн ч цаг ажилласан төрүүлсэн дөрвөн хүүхэд, хань, хамаатан садан, найз нөхдөө орхиж чаддаггүй. Тэр бүгдийг амжуулдаг гэх юм уу. Харин сая хэдэн сар хувийн амьдралдаа анхаарахын зэрэгцээ сонин, телевизийн архиваа цэгцэллээ. Өмнө нь бичиж байсан төслүүдээ эргэн харж амжлаа. КОВИД-19 цар тахлын тухай баримтат киноны ерөнхий продюсерээр ажилласан. Мөн “Ажил хэрэгч эмэгтэй” нэртэй зохиолынхоо талаас илүүг нь нугаллаа. Энэ зохиолоо нэг ном болгочих бодолтой байгаа. Хажуугаар нь докторантын ажлаа бичиж эхлүүлээд явж байна. Өнгөрсөн нэг жилд олон зүйл давхацсан учраас докторантын судалгааны ажил дээр төвлөрч сууж амжаагүй байсан юм.
Саяхан УИХ-ын дарга Г.Занданшатар надад итгэл хүлээлгэж, Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн даргаар ажиллах санал тавьсныг хүлээн авсан. Энэ бол миний маш чухал, цоо шинэ ажил. Монгол Улс өөрөө Үндсэн хууль засаглалтай улс учраас өнөөдрийг хүртэл хөгжүүлсэн ардчилсан парламентын талаар үнэн шуурхай мэдээлэл, УИХ-аас батлан гаргасан хуулийг ард иргэдэд бодитоор ойлгуулж, бүх нийтэд эрх зүйн боловсрол олгох чухал байгаа. Ард иргэд хуулийн мэдлэг дутуу байгаагаас эдлэх ёстой олон эрхээ эдэлж чадахгүй алддаг. Бусдаар эрхээ зөрчүүлдэг. Үүнийг бүх нийтийн эрх зүйн боловсролоор шийдэх боломжтой. Монгол Улсын хууль гэдэг зөвхөн УИХ-ын 76 гишүүн, яам тамгын газрын хэлэлцээд баталдаг зүйл биш. Г.Занданшатар даргын санаачилсан зөвлөлдөх ардчиллын зарчмаар бүх нийтээрээ хууль батлагдан гарахын өмнө саналаа шигтгэдэг байх ёстой. Ийм чухал ажлыг хийхийн тулд Парламентын сурталчилгаа, мэдээллийн төвийн дарга гэдэг албан тушаалд очлоо. Хүмүүс чиний хийж чадах ажил гэж хэлээд байгаа. Гэвч хуулийн төсөл боловсруулах ажилд аль болох олон бүлгийн саналыг тусгах, хөрсөн дээрээ буусан гэж ярьдаг хууль батлуулахад дэмжлэг болох нь миний хувьд цоо шинэ ажил. Ийм ажилд өөрийгөө дайчлах гэж байна. Парламент хууль тогтоохоос гадна, мөн төлөөллийн үүргээ гүйцэтгэх ёстой. Манай 76 гишүүн чинь тойрог төлөөлж байгаа учраас олон нийтийн засаглалыг бэхжүүлэх хариуцлагатай албыг хүлээж авлаа. Цаашид маш олон ажил хийхээр төлөвлөж байна. Энэ ажилд хэвлэл мэдээллийн байгууллагууд өндөр үүрэгтэй оролцоно.
-15 жилийн ойн дээр нь “Өглөөний сонин”-д ажиллаж, авч явж байгаа хамт олонд хандаж үг хэлэхгүй юу. Шинэ залуу сэтгүүлчдэд үнэтэй зөвлөгөө болох байх?
-Сонины гал тогоо удирдаж явсан хүний хувьд хамгийн түрүүнд цагаа ягштал баримтал гэж захина. Хоёрдугаарт, өдөр тутмын сонинд ажиллах гэж байгаа бол хатуу үг дааж сур. Чамд хатуу үг хэлж байгаа хүн өөрийнхөө алтан цагийг чамд зориулж байгаа шүү. Гуравдугаарт, дааж авсан ажлаа эцсийг нь тултал явж, хийх хэрэгтэй. Өдөр тутмын сонины сэтгүүлч өглөөний шуурхай хурал дээр дааж авсан ажлаа орой сонин шилжүүлэхэд хийж өгсөн байх ёстой. Дөрөвдүгээрт, хөрвөж сурах хэрэгтэй. Байхгүй нэгнээ орлох чадвартай байх хэрэгтэй. Нэгэнт хийгээд сурчихсан зүйл чинь насан туршийн хоол биш. Тавдугаарт, гадаад хэлгүй бол хэвлэлийн зах зээл дээр амьдрах боломж байхгүй болж байгааг ойлгох хэрэгтэй. Бидний үед гадаадад сурах боломж хомс байлаа. Одоогийн залуусын өмнө бүх үүд хаалга нээлттэй байна. Зургаадугаарт, цаасан дээр буулгасан зүйлээ телевизийн нэвтрүүлэг болгож, олон нийтийн сүлжээнд шууд нэвтрүүлж сурах хэрэгтэй. Хэрэглээний маш олон прорграмм эзэмшихгүй бол цаашдаа ажил олдохгүй болно. Гэхдээ энэ бүгдээс түрүүлж, сэтгүүлч өөрөө хүн байх хэрэгтэй. Итгэл үнэмшлээрээ хийж байгаа ажил үр дүнд хүрдэг. Энэ бүх чанар өнөөдөр “Өглөөний сонин”-ыг авч яваа залууст байдаг гэж хардаг. Ерөнхий эрхлэгч Э.Энхболдоо амжилт хүсье. Нийтлэлээ илүү хурц болго, үнэн болго, даацтай болго гэж захья даа. Мэдээж, энэ танай хамт олны ард чанартай ажил олгогч байгаа нь маш дэмжлэг. Энэ олон хэвлэл мэдээллийн хэрэгслийг нэгтгэж чадсан Х.Мандахбаяртаа баярлалаа гэж хэлье. Бид 1996 оноос хойш энэ зах зээл дээр бие биедээ үнэнч үлдэж чадсан юм шүү.
Сэтгэгдэл ( 6 )
Муу хүн
Эрэнгийн дарга байсаг Саруул чинь чиний бүх заиыг засч өгснийг бүх сэтгүүлчид мэднэ ярьдаг өөрөө эрэн сурвалжилж байсан юм шиг шаах юмаа муу ***
Үнэхээр ёс зүйгүй боловсролгүй хүн . Хов жив гүтгэлэг холион бантан хийхээс өөр соёл гүй хүн
Lalariin ynhan
Lalariin ynhan jorlon bolood duusvaa
Энэ муу бохир цагдаагын чавганц, пялдага сда хол зайл