Сансарт бүтээх анхны уран сайхны зураг авалтын багийг Олон улсын сансрын станц руу хүргэх ОХУ-ын сансрын нисэгч Антон Шкаплеров “Роскосмос” корпорацын ерөнхий захирал Дмитрий Рогозинд нислэгт бэлэн болсон тухай илтгэжээ.
РИА Новости агентлагийн мэдээлснээр, "Союз МС-19" сансрын хөлөг Москвагийн цагаар 11.55 цаг /УБ цагаар 16.55/ Байконур сансрын буудлаас хөөрөхөд бэлэн болоод байна. Нислэгийг АНУ-ын Сансар судлалын НАСА агентлаг мөн шууд дамжуулна гэж мэдэгдсэн билээ.
Сансрын хөлөг хөөрснөөс хойш есөн минут хагасын дараа дэлхий орчмын тойрог замд гарч, Олон улсын сансрын станцын зүг чиглэх юм. Нийт гурван цаг 17 минутын дараа буюу Москвагийн цагаар 15.12 /УБ цагаар 20.12 / цагт сансрын хөлөг Олон улсын сансрын станцтай залгагдаж, зураг авалтын баг 17.05 /УБ цагаар 22.05/ цагт станц дээр хөл тавина. Тэднийг Олег Новицкий, Петр Дубров /ОХУ/, Марк Ванде Хай, Шейн Кимброу, Меган МакАртур /АНУ/, Акихико Хошидэ /Япон/, Том Песке /Франц/ бүрэлдэхүүнтэй олон улсын баг угтан авах юм.
Сансарт ОХУ-ын жүжигчин Юлия Пересильд, найруулагч Клим Шипенко нар “Сорилт” уран сайхны киноны зураг авалт хийх юм. Тус кино мэргэжлийн жүжигчин сансарт зураг авахуулсан түүхэн дэх анхны уран сайхны кино болох юм. Тэд Олон улсын сансрын станц дээр 12 хоногийг өнгөрүүлж, энэ сарын 17-нд сансрын нисэгч Олег Новицкийн хамтаар эх дэлхийдээ буцан ирэх юм. “Сорилт” уран сайхны кинонд сансрын нисэгчийг аврахаар сансарт нисэж буй эмэгтэй эмчийн тухай өгүүлэх гэнэ. Зураг авалтын баг 35-40 минут үргэлжлэх зураг авалт хийхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 1 )
аймаар