АНУ-ын “SpaceX” компани өөрийн “Crew Dragon” сансрын хөлгөөр анх удаа сансарт жуулчид илгээлээ.
Анхны арилжааны “Inspiration4” сансрын нислэгийн хүрээнд “Crew Dragon” сансрын хөлгийг “Falcon 9 ” пуужин тээвэрлэгчийн тусламжтай АНУ-ын Флорида муж дахь Канаверал сансрын буудлаас баруун эргийн цагаар 20.02 /УБ цагаар 08.02/ амжилттай хөөргөлөө.
Нислэг гурван хоног үргэлжилсний дараа “Crew Dragon” Атлантын далайд буулт хийх юм. Гурван хоногийн нислэгийн үеэр сансрын хөлөг 575 км өндөрт гарна. Энэ нь Олон улсын сансрын станцын тойрог замаас 155 км өндөр юм.
Хүн төрөлхтний түүхэн дэх анхны сансрын жуулчдын багт хүүхдийн эмч Хэйли Арсено /29 настай/, геологийн профессор Сайен Проктор /51 настай/, сансрын “Lockheed Martin” корпорацын ажилтан, Кристофер Семброски /41 настай/ болон тэрбумтан Жаред Айзекмэн /38 настай/ оржээ. Жаред Айзекмэн сансрын хөлгийн дөрвөн суудлын үнийг төлжээ. Аяллын зардлын дүнг тэрбээр нууцалж байгаа юм. Түүний хэлснээр, “Inspiration4” сансрын аялал нь буяны зорилготой бөгөөд энэ хүрээнд 200 сая ам.долларын тусламж цуглуулан Мемфис хотын Гэгэн Иудын хүүхдийн эмнэлэгт хандивлах юм. Тэрбээр өөрөө тус эмнэлэгт 100 сая ам.доллар хандивлажээ.
Сансрын хөлгийн ахлагчийн үүрэг хүлээсэн Айзекмэн тийрэлтэд хөдөлгүүртэй онгоц жолоодох хоббитой бөгөөд түүний цуглуулгад “МиГ” сөнөөгч онгоц хүртэл байдаг аж. Харин багийн гишүүн Проктор НАСА агентлагт сансрын нисэгчээр элсэхийг гурван ч удаа оролдож байсан ба онгоц жолоодох сонирхолтой гэнэ. Семброски өмнө нь АНУ-ын нисэх хүчинд алба хааж байсан ба түүнд сансрын хөлгийн борт инженерийн үүрэг оногджээ.
Сайн үйлсээс гадна сансрын жуулчид эрдэм шинжилгээний зорилго тавиад байна. Тэд жингүйдэл хүний бие организмд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийхээр төлөвлөжээ.
“SpaceX” компани цаашид жуулчдыг дэлхийн тойрог зам төдийгүй Олон улсын сансрын станц руу аялуулахаар төлөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )