Японы хоёр жуулчны сансарт аялах “Союз МС-20” хөлгийг хүлээн авах бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр /2021.10.12/ Олон улсын сансрын станцын тойрог замыг 940 м дээшлүүлжээ.
“Роскосмос” корпорацын мэдээлснээр, “Союз МС-20” сансрын хөлгийг тойрог замд гаргах, буухад шаардлагатай баллистик нөхцөлийг бий болгох зорилгоор Олон улсын сансрын станцын тойрог замыг ийн дээшлүүлжээ.
Эл маневрыг Олон улсын сансрын станцын Оросын хэсгийн “Звезда” модулийн хөдөлгүүрийн тусламжтай гүйцэтгэсэн бөгөөд 38.9 секунд үргэлжилжээ. Тохиргоо хийсний дараа тус станцын тойрог зам 940 м орчим өргөгдөж, тойрог замын нийт өндөр 420.45 км болж, нэмэгджээ. “Роскосмос” корпорацын Нислэгийн удирдах төвийн мэргэжилтнүүд Олон улсын сансрын станцын шинэ параметрийг тооцоолж байгаа гэнэ.
Тус станц дээр одоогоор сансрын нисэгч Олег Новицкий, Петр Дубров, Антон Шкаплеров, жүжигчин Юлия Пересильд, найруулагч Клим Шипенко /ОХУ/, сансрын нисэгч Марк Ванде Хай, Шейн Кимброу, Меган Макартур /АНУ/, Тома Песке /ЕХ/, Акихико Хошидэ /Япон/ зэрэг есөн хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байна.
Японы хоёр сансрын жуулчин бүхий “Союз МС-20" сансрын хөлөг 2021 оны арванхоёрдугаар сарын 8-нд хөөрнө. Нислэг нийт 12 хоног үргэлжилнэ. Японы тэрбумтан Юсакү Маэзава, түүний бизнесийн туслах Йозо Хирано нарыг “Роскосмос”-ын сансрын нисэгч Александр Мисуркин Олон улсын сансрын станцад хүргэх юм.
Сэтгэгдэл ( 0 )