Сансрын нисэгчдийг “Crew Dragon” хөлгөөр нүүлгэн шилжүүлнэ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

АНУ-ын НАСА агентлаг, ОХУ-ын “Роскосмос” корпорац олон улсын сансрын станцаас сансрын нисэгчдийг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарвал нөөц “Союз” хөлөг иртэл “SpaceX” компанийн “Crew Dragon” хөлгийг дайчлах тухай шийдвэрт хүрчээ.

Оросын хоёр, АНУ-ын нэг сансрын нисэгчийг олон улсын сансрын станцад хүргэсэн “Союз МС-22” хөлөг дээр өнгөрсөн сарын 15-нд хөргөх системд алдаа гарчээ. Мэргэжилтнүүд алдаа гарсан шалтгаан болон хөлгийн нөхцөл байдлыг судалсны дараа “Союз МС-22” хөлгөөр буцаж нисэж болохгүй гэсэн дүгнэлт гаргасан байна. Үүний оронд хоёрдугаар сарын 20-нд “Союз МС-23” хөлгийг илгээхээр болсон ба Оросын сансрын нисэгчдийн станц дээр ажиллах хугацаа хэдэн сараар уртсах төлөвтэй байна.

Гуравдугаар сарын 16-нд дараагийн ээлжийг хүргэх ёстой хөлгийг нисэгчгүй горимд илгээх бол “Союз МС-22” дэлхийд хоосон буцаж ирнэ. НАСА агентлагийн төлөөлөгч Дина Контеллагийн мэдэгдсэнээр, “Crew Dragon” хөлгийг лхагва гарагт /2023.01.18/ нэмэлт суудлаар тоноглоно. Одоогоор олон улсын сансрын станцтай “Союз МС-22” хөлгөөс гадна аравдугаар сард АНУ-ын хоёр, Орос, Японы тус бүр нэг сансрын нисэгчийг авчирсан “Crew Dragon” залгаатай байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top