Францын дарсны мэргэжилтнүүд Олон улсын сансрын станц дээр нэг гаруй жилийн хугацаанд хадгалагдсан дарсны амталгааг хийжээ. Мэргэжилтнүүд дарсны найрлагыг илүү нарийвчлан судлах үүрэг хүлээгээд байгаа ч эхний амталгаагаар сонирхолтой ялгаануудыг мэдэрчээ.
Францын Усан үзмийн тариалан, дарсны хүрээлэнгийн хэлтсийн тэргүүн Филипп Дарьегийн хэлснээр, мэдрэхүйн хувьд сансарт хадгалагдсан дарсан сөрөг өөрчлөлт гараагүй байна.
Өнөөг хүртэл нэрийг нь нууцалж байсан 20 жил хадгалсан Grand Cru Chateau Petrus 12 шил дарс сансарт 438 хоног, 19 цагийг өнгөрүүлжээ. Энэ дарсны зөвхөн шил нь таван мянган еврогийн үнэтэй байдаг байна. Амталгаанд 12 мэргэжилтэн оролцсоноос 11 нь сансарт нэг жил хадгалагдсан, дэлхий дээр мөн хугацаанд хадгалагдсан дарснуудын амт ялгагдаж буйг мэдэрчээ.
Дарсны мэргэжилтэн Жейн Ансон сансарт байсан дарсны таннин бодис илүү зөөлөн болж үнэр илүү жимсний үнэртэй болсон байна. Эл дарс 2-3 жилийн илүү “насжилттай” мэт мэдрэгдэж байна гэж ярьжээ.
“Space Biology Unlimited” компанийн үүсгэн байгуулагчдын нэг Николя Гом энэхүү төслийн зорилго нь ирээдүйн хөдөө аж ахуйн шийдлийн эрэлхийлэхэд оршиж байсан гэж тодруулаад ирэх жил дэлхийн тойрог замд дахин нэг туршилт хийхээр төлөвлөж буйгаа мэдээлжээ. Энэ удаад жингүйдэлгүй орчинд дарс исгэх туршилт хийх гэнэ. “Vitis Vinum In Spatium Experimentia (Усан үзмийн дарсны сансар дахь туршилт)” төслийн хүрээнд нийт зургаан туршилт гүйцэтгэхээр зорьж байна.
Сэтгэгдэл ( 0 )