Ж.Бат-Эрдэнэ: Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд дотоодын зах зээлээ хамгаалах талаар үг, үсэг алга

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 12

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.


-Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төсөл нэлээн маргаан дагууллаа. УИХ-ын чуулганы хуралдаан дээр уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэхэд 26:28 харьцаагаар дэмжигдэж байгаа харагдсан. Таны хувьд энэ хууль дээр ямар байр суурьтай байгаа вэ?

-Нэг тийм визний тухай яриад байна л даа. Одоо үйлчилж байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуульд гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдог. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллароос доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой гэж бий. Харин одоо өнөө 100 мянган ам.долларын босгыг болиулаад манайд 50 мянган ам.доллар оруулах л болгочихвол гадаадын хөрөнгө оруулалт ороод ирэх юм шиг яриад байх юм. Тэгэхээр виз, бүртгэлийн тухай л яриад байна гэсэн үг. Энэ бол гол асуудлаас холуур зүйл. Гол асуудал нь хөрөнгө оруулагч татахад нэгдүгээрт, гадаадын хөрөнгө оруулагчдыг хүлээж авах бизнесийн орчныг бэлдэх, сайжруулах нь чухал.

Манайд бизнесийн таатай орчин бүрдсэн байх юм бол босго нь ямар ч байсан гадаадын томоохон хөрөнгө оруулалт орж ирнэ шүү дээ. Дээр нь гадаадын хөрөнгө оруулалттай монголчууд хэрхэн харьцах, яаж хамтрах, компаниа ямар байдлаар байгуулах юм бэ гэдэг асуудлыг хуулийн төсөлд тусгаагүй байна. Нөгөө талаас бага босготой, нээлттэй гэж явуулсаар байтал дотоодын үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагууд дандаа гадаадынхан болчихвол яах вэ. Ийм нөхцөл үүсвэл бид дотоодын үйлдвэрлэгчдээ яаж хамгаалах юм гэдгийг бодох ёстой. Олон улсад янз бүрийн жишиг байдаг шүү дээ. Гадаадын хөрөнгө оруулалт орж ирлээ гэхэд хамтарсан компани байгуулдаг. Тэр компани нь урт хугацааны туршид хувиа тухайн орон нутгийн компанид шилжүүлсээр өөрөө бага хувьтай болдог. Ингээд тухайн үйлдвэрлэл, үйлчилгээ нь хөл дээрээ босоод явдаг жишиг бий. Энэ талын заалт хуулийн төсөлд огт байхгүй байгаа байхгүй юу.

-Цар тахлын дараах эдийн засгийн орчинд гадаадын хөрөнгө оруулалт чухал. Тий­мээс л босгыг нь багасгаж, визний эрх өгье гээд байгаа бололтой юм билээ?

-100 мянган ам.долларын босгыг нь 50 мянган ам.доллар болгочихъё. Тэгээд гадаадын хөрөнгө оруулагчид “Өө за” гээд гүйгээд ороод ирэнгүүт нь тэр компани байгуулж байгаа хүний эхнэр, хүүхдийг нь урт хугацааны визтэй болгочихьё гэдэг хоёр, гуравхан зүйл ярьж байгаа болохоос цаана нь байгаа том зах зээлийг харахгүй байна шүү дээ. Жишээлбэл, махны зах зээл байна. Манай экспортолж байгаа махны ихэнхийг урд хөршийнхөн авч байна. Бас ноос, ноолуур гэж бий. Дандаа л урд хөршийн мөнгөөр худалдан авалт хийгдэж байгаа. Бараг 80 хувь нь урд хөршийн худалдан авалт шүү. Тэгвэл энэ чинь хөрөнгө оруулалт мөн үү, биш үү. Үүний зохицуулалтыг яаж хийх юм гэх мэтчилэн асуудал байна. Дотоодын зах зээлээ хамгаалах хам­гийн гол асуудал дээр хуулийн төсөлд ямар ч үг үсэг алга. Тийм болохоор би энэ зарчмын байр суурь дээрээс шүүмжлээд байгаа юм.

-Манайхан Япон, Солонгос руу гарахдаа дансандаа хүний мөнгө оруулж банкнаас хуулга авч үзүүлчихээд ажил хийхээр явчихдаг. Үүн шиг манайд бас энэ замаар гадныхан орж ирэх боломж болчих юм биш биз гэсэн хардлага ч байна?

-Ийм виз, бүртгэлийн асуудал л яриад байгаа юм. Түүнээс биш яг тэр хөрөнгө оруулалтыг татаад, Монголд гадныхан бизнес хийх тийм гоё орчныг бий болгоно гэсэн нэг ч үг, үсэг хуулийн төсөлд байхгүй байна. Хоёрдугаарт, дотоодын алдчихсан зах зээлээ яаж хамгаалах, гадныхантай яаж харьцах уу гэдэг дээр нэг ч үг үсэг байхгүй болохоор би байр суурь дээрээ хатуу зогсоод байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл, “CU”, “Имарт” гээд байж л байна. Ингээд дотоодын үйлчилгээ, худалдааны салбарт том томоороо орж ирээд, нэг нэгээр нь идсээр байгаад бүгдээрээ гадны хөрөнгө оруулалт болоод явах юм уу. Ер нь олон улсын жишиг ч байгаа шүү дээ. Ийм жишгээр явсан орнуудад сүүлдээ үзэн ядалт үүсээд хөрөнгө оруулагчдаа хөөдөг. Тийм явдал гарвал яах вэ гэдгийг бодох ёстой.

-Төсөв дээр шинээр хоёр яам байгуулах асуудал орж ирсэн байна лээ. Одоо ажиллаж байгаа агентлагуудыг нь яамны статустай болгосноор тодорхой зардал нэмэгдэх санал гэж ойлгосон. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?

-Миний хүсээд байгаа л юм энэ шүү дээ. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж байх үед С.Бямбацогт бид хэд ярьж байгаад үндэсний хэмжээний бодлого боловсруулдаг яам зайлшгүй байх ёстой гэдгийг оруулж байсан. Урт хугацааны бодлого боловсруулдаг яам маш хэрэгтэй байна. Аль нэг салбарын сайд улс орны урт хугацааны том бодлогыг богино хугацаанд, чанартай хэрэгжүүлэх гэж л тэр суудалд суух ёстой. Түүнээс биш нэг сайдынхаа ажлыг буруутгаад эсвэл баруун зүүн тийш авч давхиад бүр өөрийнхөө бодлоор асуудлыг гаргаж ирж дэвшүүлээд байдаг байж болохгүй. Бид ингэж явсаар өнөөдрийг хүрлээ шүү дээ. Тэгэхээр үндэсний хэмжээнд бодлого барьж байдаг Үндэсний хөгжлийн яам байх ёстой. Уг яам нь “Зам тээврийн яам ийм бодлого барих ёстой. Ийм замуудыг ойрын тав, арван жилийн хугацаанд барих учиртай. Эрчим хүчээ тэгж барих хэрэгтэй” гэсэн тодорхой чиглэлүүд гаргана. Түүнийг нь тухайн салбарын сайд гүйцэтгээд явах юм. Ийм л зарчимтай байх ёстой байхгүй юу даа. Бид бол үүнийгээ алдчихаад байгаа шүү. Ингэхгүй болохоор очсон сайд болгон өөрийн толгойд орсон болгоныг барьж гүйгээд, магадгүй зарим нь өмнөх явж ирсэн ажлуудыг үгүйсгээд замбараагүй, бодлогогүй давхиж явдаг болох нь. Тэгэхээр хуучин бол Санхүү, эдийн засгийн яам гэж байсан. Түүнтэй дүйцэхүйц бодлогыг барьдаг том яам зайлшгүй байх ёстой гэж бодож байгаа.

-Нөгөө яамны тухайд?

-Цахим хөгжлийн яам гэж орж ирж байгаа шүү дээ. Миний хувьд ерөнхийдөө үйл ажиллагаа нь ямар чиглэлд байна гэдгийг харъя гэж бодож байгаа. Ерөнхийдөө бид цаашдаа цахим руу, дижитал руу орох ёстой. Энэ бидний явах зам мөн үү гэвэл мөн. Гэхдээ бид үүнийг дагасан боловсон хүчнээ бэлтгэх тал дээр асуудалтай байж байгаа шүү дээ. Тийм болохоор үүн рүү хэр аажим орох эсвэл огцом орохын тухайд бодолцох хэрэгтэй.

-Төсөв батлагдсаны дараа хоёр шинэ сайдын асуудал яригдаж эхлэх байх даа?

-Хэрвээ хоёр яам шинээр бай­­­гуулагдах болбол сайд, бүтэц, байр савнаас эхлээд бүх л асуудал яригдаж таарна.

-Булган аймгийн “Airag Day expo” өнгөрсөн баасан гарагт Сүх­баатарын талбайд боллоо. Таны хувьд “Шинэ хөдөө” төс­лийг өнгөрсөн хэдэн жил зүт­гүүлж байгаа. Энэ бас тус арга хэмжээтэй холбогдоно биз?

-Булган аймаг айргаараа алдар­тай шүү дээ. Мэдээж, Өвөр­хангай, Архангай, Дундговиос эхлээд айраг сайтай аймгууд бий. Тэр дотроо Булган аймаг улсынхаа хэмжээнд тодорхой үнэлэгдсэн, сайхан айргаараа алдаршсан нутаг. Ийм болохоор айргийнхаа хэрэглээг улсын хэмжээнд болгоё гэж бодож байгаа юм. Ерөнхийдөө бол эрүүл мэнд талаасаа ч хүний биед сайн гэдэг утгаар нь том хэрэглээ болгоё гэж байгаа хэрэг. Энэ үүднээс аймаг дээрээ болон Улаанбаатар хотод ирж айрагны баяраа хийж байгаа. Өнөө жил 35 тонн айрагтай ирсэн байна лээ. Нийслэлийн иргэдэд айргаа хүргэх, сурталчлах ажил юм. Бидний хувьд үүнийг цаашдаа улам боловсронгуй болгоно. Нэгдүгээрт, технологи талаас нь боловсронгуй болгох шаардлага бий. Хоёрдугаарт менежмент, борлуулалт талаас хийх ажил байна. Улаанбаатар хотод борлуу­лалтын цэг байгуулах ч байдаг юм уу.

-Технологи талаас сайж­руулна гэхээр тухайлбал юу байх вэ?

-Айраг хийгээд байгаа хөх савны асуудлаас эхэлнэ. Энэ хөх савнаас болоод бид чинь айргаа тэр болгон хүнд хүргэж чадахгүй байгаа тал бий. Тэгэхээр сав баглаа боодлын асуудлаа сайжруулах нь хамгийн гол асуудал болчихоод байгаа юм. Дээр нь тээвэрлэлтийн асуудал байна. Тодорхой хэмжээний температурт хадгалах гэх мэт технологийн асуудлууд байна шүү дээ. Тийм болохоор бид айрагны сурталчилгааг хийхийн хажуугаар зэрэгцүүлээд сав, тээвэрлэлтдээ анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, “Шинэ хөдөө” дээрээ бид хөх савнаас салъя гээд ярьж байгаа.

-Юугаар орлуулах юм?

-Ерөнхийдөө энэ чинь ган саваар л явах ёстой. Жишээ нь, бид “40-ийн бидон” гэж ярьдаг. Улаанбаатар тойрсон сүүний борлуулалт, нийлүүлэлтийг харж байхад тэнд дандаа 40 литрийн ган саваар тээвэрлэлт нь явж байгаа байхгүй юу. Ган саванд сүү, сүүн бүтээгдэхүүнийг хийж тээвэрлэдэг бол олон улсын жишиг шүү дээ. Тэгэхээр яг энэ ган савыг малчиддаа урт хугацааны эргэн төлөгдөх нөхцөлөөр өгөөд буцаагаад гэрт нь хэдэн хөх сав байна түүнийг нь авъя гэж байгаа. Тэр хөх савыг нь хайлуулаад янз бүрийн бүтээгдэхүүн хийж болох гарц ч бий. Иймэрхүү айрагтай холбоотой технологийн болоод тээвэрлэлтийн менежментийн асуудал дээр нь бид анхаарал хандуулаад явж байна.

-Улаанбаатар хотод айрагны өдөрлөг зохиогоод эхэллээ. Цаашдаа айраг фестиваль маягийн юм болгох уу?

-Ер нь цаашдаа айраг фес­тиваль болгоод явуулья л гэж байгаа шүү дээ. Германы “Октоберфэст” гээд алдартай фестиваль байдаг. Түүн шиг болгож болно гэж боддог.

-Зарим УИХ-ын гишүүд тансаг хэрэг­лээнд илүү татвар тавих хуулийн төсөл боловсруулж бай­гаа тухай яриа гарсан. Та ийм хууль орж ирвэл дэмжих үү?

-Дэмжинэ. Би өөрөө Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яаманд Төрийн нарийн бичгийн дарга хийж байлаа. Тэр үед төрийн өмчит компаниудыг ашигтай ажил­луулах талаар анхаарч байсан. Жишээлбэл, манай төрийн өмчийн компаниудын зарим нь ашиг олохоороо л байр аваад, хэдэн хүмүүсийг байртай болгох гээд байдаг талтай. Эсвэл хэдэн хүндээ хүмүүнлэгийн талаас нь халамж үзүүлэх гээд зүтгээд байдаг. Дараагийн захирал нь орж ирэхээрээ өмнөхөөсөө илүү халамж үзүүлэх гэж чармайдаг. Ингэж “Мундаг дарга, сайд байсан” гэж хэлэгдэх гэж уралдсаар сүүлдээ төсөвт суулгах ёстой байсан хөрөнгийн ихэнхийг нь аваачаад өөрсдийнхөө зардал руу шингээгээд явчихдаг байхгүй юу. Тэгэхээр ер нь бол бид зардалтай холбоотой асуудал, тэр тусмаа тансаг зэрэглэлийн асуудал дээр тодорхой хэмжээний татвар, зохицуулалт хийх ёстой. Хоёрдугаарт, миний яриад яваад байдаг “Шинэ хөдөө” төсөл байна. Шийдвэр гаргах түвшинд байшин барилга, зам харгуй гэж явсаар байтал ар талд нь иргэдийн аж амьдрал хаягдчихаад байгаа. Хэдий сайхан гудамж, зам, барилга байшинтай боллоо ч гэсэн иргэдийн амьжиргаа дээшлэхгүй бол ямар хэрэг байх вэ дээ. Одоо цар тахлын үед иргэд нийтээрээ орлоготой, ажлын байртай байж чадаж байна уу. Цалин нь ямар байна. Өнөөдөр гэхэд цар тахлын хүнд нөхцөлд хоёр, гурван жил ажилласан эмч нар маань ямар байдалтай байна вэ гэдгээс эхлээд бодох ёстой. Тэгэхээр тодорхой хэмжээнд хөрөнгө мөнгөтэй болсон хүмүүс тансаг зэрэглэлийн эд зүйлс хэрэглэх бол татвар жаахан илүү төлөөд, үүнээс гарсан ашгаар нь бусад асуудалд анхаарал хандуулах чиглэлийг барих хууль орж ирвэл дэмжилгүй яахав. Нөгөө талаас мэдээж, бид чинь ардчилсан нийгэмд амьдарч байгаа. Хүн бол өөрийнхөө хүч чадлаар хөдөлмөрлөөд, мөнгө олоод, түүнийхээ хэмжээгээр сайхан амьдраад, гоё тансаг хэрэглээгээ эдлээд явах чинь нээлттэй байхгүй юу. Ер нь бол хүний амьдрал угаасаа тийшээ л явах ёстой шүү дээ. Харин төр юуг зохицуулах вэ гэхээр ямар нэгэн байдлаар хэн нэгэн хулгай хийж битгий баяжаасай. Нэг нэгнийгээ дээрэлхэж, мөлжиж битгий баялгаа цуглуулаасай гэдэг үндсэн дээр зохицуулалт хийх ёстой. Тийм болохоор амьдралын боломж бололцоо муутай хэсгээ татаж, ард иргэдийн амьдралын ерөнхий түвшинийг дээшлүүлж, нээлттэйгээр хөрөнгөжих боломжоор хангах нь бидний зорилго юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энжи(192.82.78.192) 2021 оны 10 сарын 12

Бидон Ганбаагаас 40 -ын яаж тараадгийг судла. Дашинчилэнгийн замтай Орхоны замыг холбочих мөнгө тавиулж чадсангүй юу чамд хувьд чинь тийм мөнгө байгаа даа

0  |  0
Top