Монголын рок поп урлагт өөрсдийн өнгө, хэмнэл, содон шийдэл, уянгалаг, драмлаг уран бүтээлээ эгшиглүүлэн туурвиж, нэгэн үеийн төдийгүй нэгэн улсын нийгмийн сэтгэхүй болоод оюун санаа, соёлын түвшинг өөр шатанд аваачсан хамтлаг бол “Guys” хамтлаг. Энэ хамтлагийн дуугаар бидний үеийн залуус хөглөгдөн жигүүрлэж, энэ хамтлагийн дуунуудтай бидний дурсамж салшгүй холбоотой байдаг билээ. “Хайрын бүжиг”, “Эмзэгхэн хайр”, “Амьдрал үргэлж сайхнаараа”, “Манан” “Сургууль минь баяртай” зэрэг дуу нь хит болж, шуугиулж байсан үе саяхан. Тус хамтлагийн гишүүн, жүжигчин, найруулагч Д.Лхагватай уран бүтээлийн яриа өрнүүллээ.
-"Guys" хамтлагийнхнаар сонин юу байна вэ. Уран бүтээлээ хийж байна уу?
-Манайхан дор дороо л завгүй ажиллаж, амьдраад , тус тусдаа уран бүтээлээ хийгээд явж байна. Ковидын үе ч таарч өөр өөрсдийн ажлаа амжуулаад л байж байна даа.
-Тэртээ 1997 онд "Guys” хамтлаг байгуулагдаж, шинэлэг өнгө төрх, эрх чөлөө, тод өнгийг сэвэлзүүлж, залуусыг байлдан дагуулж гарч ирсэн. Тэр л он жилүүдээ дурсан яривал?
-Зах зээлийн хүнд үе ард өнгөрч, бүх юм чөлөөтэй болж, ганцхан телевиз үздэг байсан бол шинэ телевиз, ФМ-үүд гарч ирж хүмүүсийн нүд, чих онгойж эхэлсэн тэр цаг үе шүү дээ. Тэр үед барууны соёл түрэн орж ирж, анх удаа кабелийн суваг үзээд л “Backstreet boys” тэргүүтэй хамтлагуудыг харж байлаа. “Урлаг гэж ийм юм байдаг юм байна” гэж эвэртэй туулай үзсэн мэт эрүү мулт үсэрнэ гэдэг болж байлаа. Тэгээд л ийм хамтлагтай болох юм сан гэж мөрөөдөж эхэлсэн дээ. Мөрөөдөлдөө хөтлөгдөн Соёл урлагийн их сургуульд орлоо. Манай ангийн А.Төгсбаяр надтай адилхан мөрөөдөлтэй байж таарлаа. Ангиасаа М.Мягмар, Х.Бат-Ундрал хоёрыгоо нэгтгэж дөрвүүлээ нийлээд хамтлаг байгуулж байлаа. “Нэг хороолол” хамтлагт дуулж, бүжиглэдэг байсан Мөнхөөг хамтлагийнхаа гишүүнээр авч тавуулаа болсон доо. Оюутны нэгдүгээр курсээсээ эхлээд л хамтлагаараа явсан. Мөнхөө маань биенес хийнэ гээд хожим нь хамтлагаасаа гарсан.
-Танай хамтлагийн анхны дуу ямар нэртэй байсан бэ, анхны тоглолт чинь дуулиан тарьж байсан биз?
-“Сонсож бай”, “Эргүүлэг”, “Зүгээр л” гээд дуунуудыг ар араас нь хийсэн дээ. Тэгээд л “Эмзэгхэн хайр”, “Хайрын бүжиг” дуунууд хит болж байлаа. “Сонсож бай” дуугаараа нийгмийн болж бүтэхгүй байгаа зүйлсийг хатуухан шүүмжилж зоригтой дуугарч байсан. Анхны бичлэгээ ФМ радио дээр орой ажил тарсны дараа ирж нууцаар хийж байлаа шүү дээ. Дуугаа бичүүлчихээд шөнө анги дээрээ иртэл жижүүр оруулахгүй байхаар нь цонхоор ороод дуугаа кассетны хөгжмөөр сонссон чинь өөрсдөөсөө ичээд болдоггүй ээ. Өглөө ангийнхан ирээд бидний дууг сонсоод “нурж унасан”. Ямар гоё болсон юм бэ гээд л. Манай ангийнхан хамтлагийн маань анхны фенүүд шүү дээ. Охид маань биднийгээ бүр онгироож өгнө. Ийм л гэгээн хүслээр жигүүрлэж хамтлагаа байгуулж байлаа. Урлагаар дамжуулж нийгмийг соён гэгээрүүлэх үүргээ сайн биелүүлсэн гэж боддог. Залуусын дутагдаж байсан орон зайг дүүргэж, араасаа олон хамтлаг дагуулсан даа. Хаалттай нийгмээс ардчиллын нийгэмд шилжсэн он жилүүдэд шинэ өнгө, шинэ дуу хоолой болж, boy band хамтлагийн жишгийг тогтоож рок поп болон хип хоп урсгалыг хамтад нь дуулж болохыг таниулсан гэж бодож явдаг. “Баян Монгол”, “Соёл эрдэнэ”, “Харанга “, “Хурд” хамтлагийнхантай юу ярих вэ, тэд бол амьд домог байлаа шүү дээ. Бидний дуу үргэлж амьдралд ухаарал, уярал, хайр, инээмсэглэл, аз жаргал, гэрэл гэгээ, басхүү уйтгар гуниг, гашуун нулимсыг амтлуулсан байдаг.
Анхны тоглолт маань “Далдын хүч” нэртэйгээр 1999 онд “Топ тен” клубт болж байлаа. Гурван давхар барилгын шатаар буугаад гадаа байшинг ороосон тийм их хүн манай тоглолтыг үзэхээр дугаарлаж байсан. Анхны тоглолт дээрээ маш их айдастай байсан болохоос тийм их хүн ирнэ гэж огт төсөөлөөгүй. Багш нар маань ирж үзээд байдаг, тэр их хүний өмнө сандраад байдаг. Мартагдашгүй гэгээн дурсамж даа. Тоглолтоо хийх гээд “Топ тен” клубийн менежертэй анх уулзахад “Guys 666” гэж ямар хамтлаг байдаг юм. Манайд “Хурд”, “Харанга” хамтлаг ирж тоглоод хоёр өдөр битүү хүнтэй байдаг. Та нарыг хүн ирж үзэх үү“ гээд л жигтэйхэн. Гэтэл манай үзэгчид ангайтал нь цуглаж, хаалга цонхыг нь эвдээд “Топ тен”-ийг нураах шахсан. Дараа нь паз автобусаар “Номин талст”, “Салхи”, “Сүнс” хамтлагийнхантайгаа Дархан, Эрдэнэтээр явж шоу тоглолт зөндөө хийж байлаа. Тэр үед шороон замаар л сэгсчүүлээд л явж өгнө шүү дээ.
-Дөнгөж байгуулагдсан хөвгүүдийн хамтлаг гэдэг утгаараа үеийнхнээсээ түрүүлж сэтгэж, өөрийг эрэлхийлж байсан байх. Танай хамтлаг удаан оршин тогтнож буйн нууц юундаа оршдог гэж боддог вэ?
-Би Улаанбаатар хотод төрсөн. Багадаа гурван буудалд байлаа, дараа нь Бага тойрог, хороолол, нэгдүгээр хороололд амьдарч байсан унаган хотын хүүхэд. Хотын хүүхдүүд үеийнхнээсээ түрүүлээд хөгжсөн, арай өөр сэтгэлгээтэй байв. Жижигхэн кассетны хөгжим дээр дуугаа бичээд л сонсоод явна. ФМ-ээр явж байгаа гоё гоё дуунуудыг кассетан дээр хурааж аваад бие биедээ дамжуулж сонсгоно. Дараа нь систем хөгжимтэй компакт дикс гэж юм гарч ам ангайлгаж, нүд бүлтийлгэж байлаа. Систем хөгжмийн дуугаралт үнэнхүү тасархай мэдрэмж төрүүлж байсан. Хөгжим сонсож унтахгүй бол нойр хүрдэггүй, жинхэнэ хөгжим дуугаар амьсгалж явлаа даа.
Дэлхийн хөгжмийн урсгалыг сонсож хөглөгдөж залуусын хүсэн хүлээж байсан дуу хоолой бол гарч ирсэн л дээ. Тэр үед юм ховор, бид жинхэнэ хүсэл эрмэлзлэлээрээ л тэмүүлж байсан. Дууны фонограмм хийдэг хүн ховор, студи ховор байлаа. Одоо бол юм хөгжөөд бүх юм нь бэлэн болжээ. Дууны найруулгын мөнгийг олно гэдэг маш хүнд ажил байв. Систем хөгжмөө ломбарданд тавиад л хоолой бичүүлэх мөнгөө олж байлаа. Мөнгөгүй гэж бид шантарсангүй, биенээсээ урвасангүй, болгохын төлөө хамтдаа тэмцдэг байсан. Одоогийн залуусын хандлага нь бүх юм бэлэн, зовлон нугачаа үзээгүй болохоор өөрийн гэсэн эго ихтэй болжээ. “Би л мундаг” гэж бодоод байна. Ганц хоёр дуу хийчихээд хэтэрхий өөртөө итгэлтэй болчихсон байна шүү. Өөртөө итгэлтэй байна гэдэг айж ичихийг мартана гэсэн үг биш ээ. Өөртөө итгэх гэдэг нэрийн дор чадахгүй юмаа их хийдэг болж. Дуртай нь дуу хийж байна, дуртай нь кино хийж байна. Энэ хандлага бүх салбарт садаа болдог. Залууст жаахан ширүүхэн үг хэлэхээр үг даахгүй алга болчихдог. Залуу үеийнхэнтэй хамтарч юм хийхэд тун хэцүү болжээ. Залуус миний үгийг эмзэгээр тусгаж авах хэрэггүй, өөртөө тусгаж аваасай. Алдаагаа засаад авбал та бүхнийг дардан зам хүлээж байгаа шүү.
-“Guys”-ын залуус хамгийн сүүлд хэзээ тоглолтоо хийсэн бэ, дараагийн тоглолтыг нь фенүүд нь хүлээж байгаа байх...?
-Хамгийн сүүлд 2015, 2017 онд хийсэн амьд тоглолтуудаа өнгөрсөн онд контент болгож бүрэн эхээр нь IPTV дээр буюу “Univision”, “Skymedia”-д байршуулсан. Хайртай хамтлагаа үзэж амжаагүй хүмүүс хажуу дэргэд нь байгаа юм шиг бидний дууг сонсож, хамт бүжиглэж жаргасан байх аа. Дараагийн тоглолтоо төлөвлөж байгаа, амьд тоглолт хийхээр зорьж байна. Цахимаар тоглоно гэж бодохгүй байна. Цар тахал гайгүй болж, цаг сайхан болохоор болъё гэж түр хойш нь тавьсан.
-Танай хамтлагийнхан жүжигчний мэргэжлээр суралцсан шүү дээ. Дууны клип нь ч богино хэмжээний кино, жүжиг үзсэн мэт болдог. Та мэргэжлээрээ хэчнээн бүтээлд тоглосон бэ?
-Би найруулагч Г.Жигжидсүрэн багшийн шавь. Багш маань шинэ кино уран бүтээлд биднийг туслахаар байнга дагуулж явдаг байсан. Тэр үед туслах хийдэг байхдаа маш олон зүйлд суралцсан. Ер нь уран бүтээлч хүн байнга суралцаж, өсөн дэвжихийг боддог. Тиймээс кино, дэлгэцийн уран бүтээлд маш их сонирхолтой байсан. Өөрөө жүжигчний мэргэжлээр төгссөн суурь нь байгаа болохоор кино зохиол хэрхэн бичих талаар маш их судалгаа хийж, суралцсан. Өмнө нь тоглосон кино, багшдаа тусалж байсан минь ч тодорхой практик туршлага болсон юм. Бид оюутны хоёрдугаар курстээ “Тавилан” гээд кинонд тоглож байлаа. Тэр үедээ тэсрэлт хийж байлаа шүү дээ. Дараа нь төгсөх курстээ дипломын ажил дээрээ “Гамлет” жүжгээр хамгаалж байсан. Бас ангиараа “Бидний найзын дурлал” киног хийж байлаа. Энэ кино 2001 онд “Сэрэлт-Оч” кино театрт гарч тасалбар нь олдохгүй дуусаж байсан түүхтэй.
Миний хувьд тоглосон кино гэвэл гарын 10 хуруунд багтахаар цөөхөн. Киноны санал ирвэл тэр бүр зөвшөөрөөд байдаггүй. Миний өөрийн зарчим, үзэл бодол бий шүү дээ. “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Мухар гудамж”, “1990”, “Social man” зэрэг кинонууд хийж, тогложээ.
-Та “LVA” энтертайнментээ хэдэн онд байгуулсан бэ. Кино хийх мөрөөдлөө хэр биелүүлж байгаа гэж боддог вэ?
-“LVA” энтертайнмэнтийг 2010 онд үүсгэн байгуулаад, кино хийх мөрөөдлөө биелүүлсэн. Энэ нь миний нэрний товчлол юм. Ингээд мөрөөдөлдөө хөтлөгдөн кино, дэлгэцийн уран бүтээл хийхийг зориглож өөрөө продюсерлаж , зохиолоо бичиж эхэлсэн. “1990”, “Social man” кино нь өнгөрөгч онд “LVA” энтертайнмэнтийн 10 жилийн ойн дээр гарсан. Манай энтертайнмэнтийн хийсэн анхны кино 2010 онд бүтээсэн “Амьдрал төсөл”. Энэ киноны зохиолыг нь өөрөө бичиж, гол дүрд нь тоглосон. Тэр үедээ өөрөө гол дүрд тоглож байгаа учраас мэргэжлийн найруулагчтай хамтран ажилласан. Түүнээс хойш “Фэйсбүүк од” “Мухар гудамж” кинонуудыг өөрөө бие даан найруулсан.
-Тэгвэл сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?
-Оросын алдарт зохиолч Ф.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн “Гэм зэм” жүжигт тоглох гэж байна. Энэ жүжгийн гол дүр Раскольниковын дүрд тоглохоор жүжгийн сургуулилтын ажил ид өрнөөд явж байна. Жүжигт тоглох саналыг сарын өмнө надад тавьсан. “Орфей”, “Альфа” театрууд байгуулагдаж цаг үеэ мэдэрсэн сайхан уран бүтээл тавьж байсан. “Альфа” театрт ноднин “Фауст” жүжгийг тоглосон шүү дээ. Энэ жилийн арваннэгдүгээр сард “Орфей” театрт “Гэм зэм” жүжгийг тоглохоор төлөвлөж байна.
Суут зохиолч Ф.Достоевсксийн мэндэлсний 200 жилийн ойд зориулаад, мөн Монгол, Оросын найрамдалт харилцаа үүссэний 100 жилийн ойг тохиолдуулж “Гэм зэм” романаас нь сэдэвлэсэн “Гэм зэм” жүжгийг тоглох гэж байгаа юм. Энэ жүжгийн найруулагчаар ОХУ-д найруулагч мэргэжилээр төгссөн М.Батболд гэж залуу ажиллаж байгаа. М.Батболд нь “Фауст” жүжгийг найруулсан туршлагатай. Зохиолын задаргаа, уншлага, сургуулилтын бүхий л ажилдаа шамдан ороод эхэлсэн. Дүрээ амилуулахын тулд бүх л боломжоо дайчилж байна даа.
-Жүжигт тоглох саналыг анх сонсоод хэрхэн хүлээж авсан бэ, ер нь хамгийн сүүлд хэзээ, ямар жүжигт тоглосон бэ?
-Энэ саналыг сонсоод маш их эмээсэн. Жүжигт тоглоогүй удсан байна. С.Жаргалсайханы “Дурлал яг үлгэр шиг, үхэл шиг” жүжигт 2005 оны үед Драмын театрт тоглож байлаа. Драмын тайзан дээр гараагүй удсан гэдэг утгаараа жүжигт тоглоно гэхэд үнэхээр их айдастай байсан. Найруулагч болон жүжгийн баг хамт олонтойгоо уулзаад эхлэнгүүт “Би яагаад жүжигт тоглож болохгүй гэж” гэсэн зориг хүчтэй орж ирсэн.
-“Гэм зэм” роман өөрөө дотоод сэтгэлийн асар зөрчилдөөнтэй шүү дээ. Өөрийгөө яллах, өршөөх хоёрын туйлд тарчилж, галзуурч, солиорч буйгаар өрнөдөг. Сэтгэл хөдлөлийн туйлбаргүй эргэлттэй энэхүү дүрийг бүтээхэд одоо танд юу мэдрэгдэж байна вэ?
-Маш хэцүү л дээ. Өөрийнхөө хийсэн жигшүүрт гэмт хэргийг зөвтгөх зөвтгөл, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө хийж буй үйл хэрэг хийгээд өөрийгөө яллах, дахин дахин цаазлах тарчлаан хоёрын зөрчилдөөн дунд тэр хүн яаж зовж шаналж, халуурч өвдөж, дэмийрч солиорч байгаа билээ. Энэ сэтгэл зүйн зөрчлийг мэдэрч буй хүн ямар байдгийг олохын тулд маш их судалж, уншиж, үзэж байна. Жүжигчин хүний хамгийн чухал зүйл нь нүдний харц. Нүдний харц үнэн бол тухайн жүжигчний жүжиглэлт үзэгчдэд үнэн хүрдэг. Нүдний харц л дотоод сэтгэлээсээ гүн, илэрхийлэмжтэй байх хэрэгтэй.
-“Гэм зэм” жүжигт хэн хэн гэдэг жүжигчид оролцож байгаа вэ?
-“Гэм зэм” жүжигт МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ Г.Урнаа, “Макс” продакшны захирал, жүжигчин П.Эрдэнэзаан, Драмын театрын жүжигчин Д.Ганцэцэг, Х.Баярмаа, “Positive Mongolians” блогийн Д.Түвшинбаяр зэрэг жүжигчид тоглоно. Өөрийн гэсэн характерьтай, авьяаслаг сайн жүжигчдээр багаа бүрдүүлсэн.
-Өнөө цагийн үзэгчдийг та хэрхэн үнэлж дүгнэдэг вэ?
-Үзэгчдийн ихэнх нь хөнгөн, маазарсан, утгагүй зүйлсийг үзэж цагаа их үрж байна. Манайхан хөгжихгүй байна. Соёлжих, боловсрох хөгжил маш удаан яваад байх шиг. Монголчууд ном уншихаа больсон. Ихэнх цагаа сошиал орчинд өнгөрүүлж байна. Тэр тусмаа хүмүүсийн хэрэгтэй, хэрэггүй доромжлол, хэн нэгнийг гутаасан төлбөртэй бичлэгийг үзэж, сэтгэл ханадаг болсон. Иргэд өөрсдөө хөгжих бодолгүй байна. Төр засаг нь ч хөгжүүлэхийг бодохгүй юм даа. Чанартай сайн уран бүтээлүүд маш их гарч байгаа шүү дээ. Сонголтоо хийгээд үзчихдэг байх хэрэгтэй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )