П.Баярмагнай: “BEST” хөтөлбөрийн сургалтад хамрагдсанаар илүү их итгэлтэй болсон

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 13

Анх хүүхдүүдээ эрүүл агаарт амьдруулах гэж Төв аймгийн Аргалант суманд газар авсан ч сүүлдээ цэвэр цагаан идээ идүүлэх зорилгоор саалийн үнээнүүд худалдан авчээ. Улмаар үүнийгээ сүү, цагаан идээний үйлдвэрлэл болгон хөгжүүлж, ЖДҮГ-аас хөнгөлөлттэй зээл авч, үйлдвэрлэлээ амжилттай хөгжүүлж яваа “Ерөөлт ган сүлд” компанийн захирал Б.Баярмагнайтай ярилцлаа. Мөн тэрээр хөнгөлөлттэй зээлд хамрагдахын хажуугаар жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлж, эдийн засгийн сайн засаглал, хариуцлага, ил тод байдлыг сайжруулах зорилготой “BEST” хөтөлбөрийн сургалтад амжилттай хамрагджээ.


-Юуны өмнө өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу?

-Намайг Пүрэвжавын Баярмагнай гэдэг. Өмнөговь аймгийн уугуул, эм зүйч мэргэжилтэй. Нөхөр, зургаан хүүхдийн хамт амьдардаг.

-Цагаан идээний үйлдвэрлэлээ хэзээнээс эхэлсэн бэ?

-Гурван жилийн өмнөөс үйлдвэрлэлийн хэлбэрт шилжээд явж байна. Анх таван жилийн өмнө хүүхдүүдээ эрүүл агаарт салхинд гаргаж байя гэсэн зорилгоор Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт багийн нутагт энэ газраа авсан. Тэгээд нэгэнт агаарт байгаа юм чинь хүүхдүүддээ эрүүл цагаан идээ идүүлье, ажилд сургая гээд Хэнтий аймгийн Дадал сумаас 30 үхэр худалдаж авч байлаа. Хавар, зун, намартаа хүүхдүүдтэйгээ хамтраад цагаан идээгээ боловсруулж, өөрсдөө хэрэглэхээс гадна найз нөхөд, ах дүүстэй өгдөг болсон. Харин түүнээс илүү гарсныг нь зарж, борлуулах шаардлага үүссэн.

-Монголчууд цагаан идээгээ ихэвчлэн гэрийн нөхцөлд хийдэг. Үйлдвэрлэл болгоё гэсэн санаа хэрхэн төрсөн бэ?

-Гурван жилийн өмнө н.Оюун гээд багш Өвөрмонголын уламжлалт сүү, цагаан идээний үйлдвэрүүдтэй танилцуулах аялал зохион байгуулсан. Түүнд нь нөхрийнхөө хамт яваад, үйлдвэрүүдтэй нь танилцаад ёстой л нүд нээгдэх шиг болсон. Үнэхээр таны хэлсэн шиг бид цагаан идээг гэртээ, жаахан бохирдуу орчинд боловсруулдаг. Гэтэл тэнд маш цэврхэн, бүрэн технологижсон орчинд цагаан идээг боловсруулдаг юм билээ. Түүнийг хараад атаархал төрсөн л дөө. Ямар ч хольцгүй, жинхэнэ эко сүү, цагаан идээн дээр өссөн юм чинь ийм байдлаар үйлдвэрлэл хийж чадна гэж бодсон. Ингээд Өвөрмонголоос ирэнгүүтээ үйлдвэрээ өөрсдийн хөрөнгөөр хоёр сарын дотор бариад, урдаас тоног төхөөрөмжүүдээ оруулж ирээд хоёр жилийн хугацаанд үйлдвэрлэлээ хийсэн.

-Өөрсдөө үйлдвэрээ барьж, тоног төхөөрөмжөө авсан гэж байна. Тэгвэл ЖДҮГ-аас ямар зорилгоор зээл авсан юм бэ?

-Үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж гээд үндсэн хөрөнгөндөө бүх мөнгөө оруулчихсан хүмүүс чинь эргэлтийн хөрөнгөгүй болоод үйлдвэр зогсох дээрээ тулсан. Харин яг тэр үед ЖДҮГ-аас хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалт зарлаж таарсан. Тиймээс нөхөртэйгөө хамт сууж байгаад төсөл бичээд өгсөн. Ингээд нэг, хоёр, гуравдугаар шатандаа яг зохих журмынх нь дагуу тэнцэж явсаар нэг ч төгрөгийн хахууль, элдэв танил тал гэлгүйгээр зээлээ авч чадсан. Хүмүүст чинь энэ төрлийн зээлийн тухай буруу ойлголт их байдаг шүү дээ. Бидэнд ч гэсэн тухайн үед тийм бодол байсан. Харин ном журмынх нь дагуу явсаар эхний долоо дахь зээлдэгчээр шалгарч байсан даа баяртай байдаг.

-Зээлээ хэзээ авсан гэсэн үг вэ?

-Нийт 100 сая төгрөгийн зээлийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд авсан. Манай улсад коронавирусний халдвар дэгдчихсэн, хөл хориотой үе таарсан л даа. Өмнөх жилийнхээ хураасан байсан түүхий эдээрээ цагаан сарын тавгийн идээ хийсэн. Хэдийгээр цагаан сарыг тэмдэглээгүй ч манайхан чинь ямар ч байсан ёс заншилаа дээдлээд тавгийн идээгээ засдаг юм билээ. Жаахан байсан түүхий эдээрээ хийсэн болохоор цагаан сараас сарын өмнө дуусчихсан. Нэгэнт зээлээ авчихсан учраас нэг сард нь тоног төхөөрөмжөө шинэчилж захиад, энэ зун, намартаа нөөцөө сайн бүрдүүлсэн. Тиймээс энэ жил тавгийн идээ, бусад бүтээгдэхүүн маань нэлээд гайгүй гарчих байх.

-Одоо танайх хэдэн үхэртэй вэ. Өдөрт хэдэн литр сүү авдаг вэ?

-Манайх 56 толгой үхэртэй. Үүнээс 30 орчим нь саалийн үнээ. Саалийнхаа оргил үед өглөө, орой нийлээд 200 литр сүү авдаг. Дээрээс нь нутгийн малчдынхаа сүүг худалдаж авдаг. Нийт 60 гаруй айлаас нэг өдөрт гурван тонн орчим сүүг авдаг. Энэ маань нутгийн малчдад томоохон дэмжлэг болдог гэж бодож байна.

-Хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Борлуулалтаа яаж хийдэг вэ?

-Би өөрөө “Алдарт эх”-ийн нэгдүгээр одонтой. Сошиал орчинд “Алдарт ээжүүдийн групп” гэж байдаг. Тэд маань худалдан авалтын ихэнхийг хийдэг. Гурван жилийн өмнө бүтээгдэхүүнээ гаргачихаад найзууддаа амсуулснаас хойш л ээжүүд маань дэмжиж худалдан авалт хийж байна. Манайх шар тос, ааруул, аарц гээд арваад төрлийн уламжлалт цагаан идээ үйлдвэрлэдэг. Уламжлалт цагаан идээг эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр орчинд үйлдвэрлэхээс гадна хүний хэрэглээг хялбарчилсан нэг удаагийн хэрэглээнд зориулан үйлдвэрлэж байгаа. аарц гэхэд л хагалж бутлахын оронд нэг удаа аваад буцалгах хэмжээгээр нь хөлдөөж бэлдсэн байдаг. Шар тосыг чихэр шиг хэмжээнд гялгар ууттай савласан нь аягатай цайндаа хийх, шууд хүлхэх боломжтой.

-Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх зорилго бий юу?

-Байлгүй яахав. Бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг олшруулж, уламжлалт цагаан идээг орчин үежүүлж, хэрэглэхэд хялбар болгохоор зорьж байна. мөн шимийн архи хийхээр тоног, төхөөрөмжөө аваад бэлдчихсэн байгаа.

-Ногоон тэжээл тарьдаг гэж сонссон?

-Манайх 340 га талбайтай. Энэ жил 220 га талбайд нь ногоон тэжээл тарьсан. Зуншлага сайхан байсан болохоор ургац их арвин ургасан.

-Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхжуулах “BEST” хөтөлбөрт хамрагдсан гэсэн. Энэ хөтөлбөрөөр юу, юу сурсан бэ?

-ЖДҮ-ийн зээл авсан харилцагч нартаа “BEST” хөтөлбөрийн сургалт хийж байгаа гэхээр нь сургалтад хамрагдсан. Таван сарын хугацаанд цахимаар хичээл орсон. Олон хүүхэдтэй, үйлдвэрлэл эрхэлж байгаа надад цахимаар суралцах нь маш их цаг завыг хэмнэсэн. Цар тахалтай байсан болохоор борлуулалт муу, үйл ажиллагаа явахгүй болохоор зээлээ буцааж төлөх үү гэсэн бодол хүртэл орж ирж байсан. Яг ийм үед сургалтад хамрагдсанаар илүү их итгэлтэйгээр цаашаа ажлаа хийх зорилго, зоригтой болсон.

-Нийт хэдэн төрлийн сургалт орсон бэ?

-Компанийн засаглал, санхүү, маркетинг, хүний нөөц, үйлдвэрлэлийн менежмент гэсэн таван төрлийн сургалт орсон. Надад компанийн засаглал нь хамгийн их таалагдсан. Өмнө нь өөрөө удирдаад л , өөрөө бүх зүйлд нь оролцож явах ёстой гэж боддог байсан бол гүйцэтгэх удирдлага тавиад өөрөө үйл ажиллагаагаа сайжруулах, зах зээлээ тэлэх тал дээр илүү ажиллах ёстойг ойлгосон. Өв залгамжлал, дараагийн хүнээ бэлдэх гээд бидний төдийлөн мэддэггүй олон зүйлийг заасан. Зах зээлээ судлах, хэрэглэгчээ судлах үнэхээр хэрэгтэй юм билээ. Эмэгтэй, эрэгтэй хүмүүс, хүүхдүүд гээд төрөлжсөн бүтээгдэхүүн гаргах нь үнэхээр ашигтай байдаг гэсэн. Дээрээс нь хүн чинь яаж ийж байгаад зээл авч болдог. Гэвч тухайн зээлээ хэрхэн үр ашигтай зарцуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэрэг дээр зөвлөгөө өгдөг санхүүгийн бус сургалт үйлчилгээ юм билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
алдарт эх (64.119.18.86) 2021 оны 10 сарын 15

Мундаг хөдөлмөрч хичээнгүй даруухан гое эмжгиэй шүү. Аарц нь хэрэглэхэд амархан нэг нэг удаагийн буцалгалтаар хэвлэж хөлдөөсөн байдаг нь үнэн гое ээжүүд бидний ажлыг хөнгөвчилдөг яах араггүй амттай эрүүл цэвэрхэн байдаг. Худалдан авалт хийхэд маш таатай сэтгэл амар сайхан байдаг шүү цаанаа нэг баталгаатай. Амжилт хүсэе. Өнөр сайхан гэр бүл өнө мөнх жаргаж явах болтугай. \n

2  |  0
Алдарт эх цахим нэгд(192.82.73.113) 2021 оны 10 сарын 15

Хөдөлмөрч ээж Баярмагнайдаа ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсье. Алдарт ээжүүдээ амттай, эрүүл, цэвэр цагаан идээгээр хангаж ажилладаг чамдаа баярлалаа, хайртай шүү.

2  |  0
Top