Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг Төв банкнаас өнгөрсөн сарын 27-ны өдөр УИХ-д өргөн барьсан.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ирэх онд баримтлах бодлогын талаар хэлэхдээ “Үндсэндээ цар тахлын хүндрэлийг даван туулах, сорилт хүндрэлийн үед санхүүгийн зах зээлийн эрх зүйн орчин болон дэд бүтцийг тасралтгүй хѳгжүүлэх, түүнчлэн тэгш бус байдал, цаг уурын ѳѳрчлѳлт зэрэг эдийн засгийн урт хугацааны томоохон асуудлуудад анхаарал хандуулснаараа онцлог болж байгаа” гэсэн юм.
Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн төслийг жил бүр олон нийтэд нээлттэй хэлэлцүүлдэг. Тэгвэл энэ жил уг хэлэлцүүлэг агуулга хүрээгээ өргөжүүлж, “Эдийн засгийн хүртээмжтэй өсөлт”, “Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой ногоон санхүүжилт” сэдвийн дор зохион байгуулагдсан. Хэлэлцүүлэгт Монголбанк, Үндэсний хөгжлийн газар, ХХААХҮЯ, Дэлхийн Банк, Олон Улсын Санхүүгийн Корпорац, ТоС Монголын тогтвортой санхүүжилтийн холбоо, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс судалгааны ажлуудаа танилцуулж хэлэлцүүллээ. Эдийн засагчид, судлаачдын зүгээс дэвшүүлсэн байр сууриудыг “Монголбанкны мэдээлэл” товхимол есдүгээр сарын дугаартаа онцолсныг эшлэн хүргэж байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын ахлах эдийн засагч Ч.Дэлгэржаргал:
Өсөлтийн тогтвортой, хүртээмжтэй байдлыг бий болгоход төрийн бодлогыг илүүтэй чиглүүлэх хэрэгтэй
Ковид-19 цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэл нь нийгмийн эмзэг бүлгүүдэд илүү хүнд тусч байгаагаас эдийн засгийн өсөлтийн хүртээмжтэй байдлыг бодлого боловсруулагчид давхар харгалзан үзэх нь нэн чухал гэдгийг дэлхий нийт онцолсоор байна. Хүртээмжтэй өсөлт нь эдийн засгийн өсөлт, түүний тогтвортой байдлыг хангах, ирээдүй үеийнхнийгээ харгалзан хамгаалахын зэрэгцээ нийгмийн бүх бүлэг эдийн засагт тэгш оролцох боломжтой байгаа эсэх, мөн орлогын бус үзүүлэлтүүд болох эрүүл мэнд, боловсрол, нийгмийн оролцооны далайц, чанар зэргийг хамарсан өргөн хүрээний ойлголт юм. Өсөлтийн хүртээмжтэй байдал нь үе хооронд, нийгмийн бүлэг, үндэс угсаа, газар нутгийн байдлаас үл хамааран хүртэж байх өгөөж бөгөөд энэ хүрээнд Тэнцвэртэй өгөөж, Оролцоо, Боломж, Эрх мэдэл гэсэн үндсэн зорилгуудын хүрээнд зангидагдаж асуудлыг авч үзэх учиртай. Монгол Улсын хувьд эдгээр үзүүлэлт сул, шаардлагатай статистик тоон мэдээллийн хүрээг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Үндэсний хөгжлийн газрын Дэд дарга Б. Дөлгөөн:
Уул уурхайн бус салбарын тогтворгүй байдлыг бууруулахад төсвийн болон мөнгөний бодлого нөлөөтэй
Монгол Улсын эдийн засгийн өсөлт сүүлийн 30 жилийн хугацаанд улам тогтворгүй буюу өсөлтийн стандарт хазайлт нэмэгдсэн байна. Эдийн засаг өсөх нь хэдий сайн дохио ч зарим жилд өндөр, зарим жилд бага өсч, өсөлтийн зөрүү өндөр байгаа нь тогтворгүй байгааг харуулж байна. Гэтэл стандарт хазайлт бага байх тусам илүү тогтвортойд тооцож болно. Эдийн засгийн хэт савалгаа нь хөрөнгө оруулагчид болон эдийн засагт оролцогчдод тодорхойгүй байдал үүсгэхээс өгсүүлэн сөрөг нөлөөтэй байдаг. Иймээс эдийн засгийн эерэг бөгөөд хэт өндөр бус тогтвортой өсөлт нь урт хугацаандаа хамгийн үр дүнтэйг дэлхийн улс орнуудын ковидоос өмнөх өсөлтийн түүхүүдээс харж болно. Манай улсын хувьд огцом хэлбэлзлийн цаад шалтгааны 40 гаруй хувь нь түүхий эдийн үнэ, гадаадын шууд хөрөнгө оруулалт болон Хятад улсын эдийн засгийн өсөлт зэргээс хамаарч байгааг судалгаагаар тогтоосон. Манай эдийн засгийн стандарт хазайлт нь уул уурхайн эдийн засаг давамгайлсан ойролцоо улсууд болох Чили, Австрали, Канад, Перу, Колумб зэрэг улстай харьцуулахад өндөр байна. Харин салбаруудын өсөлтийн хувьд тухайлбал, барилга, санхүү, боловсруулах, худалдаа, үйлдвэрлэл хамгийн өндөр хэлбэлзэлтэй буюу илүү тогтворгүй байгааг харж болно. Уул уурхайн бус салбарын тогтворгүй байдлыг бууруулахад төсвийн болон мөнгөний бодлого нөлөөтэй. Макро эдийн засгийг тогтворжуулах бодлогыг хэрэгжүүлэхийн тулд уул уурхайн бус салбарын бүтээмжийг анхаарах ёстой. Бүтээмжийг хоёр төрлөөр нэмэгдүүлж болно. Нэгдүгээрт, салбар хоорондын буюу бүтцийн өөрчлөлт хийх, хоёрдугаарт, салбар дотроо бага бүтээмжтэйгээс арай өндөр бүтээмж рүү шилжих гэсэн замууд бий. Энэ төрлийн бодлогыг бодлого боловсруулагчид анхаарч, цаашид бүтцийн шилжилтийг нэмэгдүүлэхгүй бол салбар хоорондын бүтээмжийн өсөлт 2010-2017 онд зогсонги түвшинд байсан.
Дэлхийн банкны зөвлөх Ж. Ганбаатар:
Хүртээмжтэй бус байдал нь эргээд өсөлтөд сөрөг нөлөөтэй
Дэлхийн банкны үндсэн зорилгод дараах хоёр зүйл багтдаг. Нэгт, ядуурлыг бууруулах. Нэн ядуурлыг 2030 онд 3 хувьд хүргэх. Дэлхий дахинд цар тахалтай холбоотойгоор нэн ядуу хүний тоо 644 сая хүнээс 730 сая хүн болж өсөхөөр байна. Хоёрт, хүртээмжтэй өсөлт. Өсөлт, хөгжлийг жигд хуваарилах шаардлагатай. Хамгийн бага орлоготой 40 хувийн орлого, хэрэглээ өссөн байх явдал. Азийн бүс нутгийн хувьд нэлээд амжилттай буюу энэ үзүүлэлт нь 2012-2017 онд зарим улсын хувьд 4-8 хувийн өсөлттэй байгаа бол Монгол Улс 1 хувийн өсөлттэй байна. Яагаад хүртээмжтэй өсөлт шаардлагатай вэ? Энэ тухай ярихын тулд эхлээд шударга ёсны асуудал тавигдана. 1960-аад оны АНУ-ын жишээг дурдахад компанийн жирийн ажилтаны цалинг захиралтай нь харьцуулахад 25 дахин бага байсан. Одоо энэ харьцаа 250-300 гэсэн тооцоо гарсан байна. Дараа нь алдагдсан боломжийн тухай юм. Хүртээмжтэй бус байдал нь эргээд өсөлтөд сөрөг нөлөөтэй. Ялангуяа, хүүхдүүдэд тэгш боломж олгогдохгүй байснаар эргээд урт хугацааны сайн сайхан байдалд муугаар нөлөөлнө. Нийгмийн тогтворгүй байдал Хүртээмжтэй өсөлт нь хөгжлийн цорын ганц зам юм. Дэлхийн банк цаашид Монгол Улстай хамтран ажиллах стратегийг гурван баганад төлөвлөөд байна.
Монголбанкны Мөнгөний бодлогын газрын эдийн засагч Г. Мөнхбаяр:
Цаашид ногоон санхүүжилт, тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжиж, арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай
Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй шок, эрсдэлүүд санхүүгийн тогтвортой байдлын эрсдэлийн шинэ үүсвэр болж байгаа бөгөөд олон сувгаар дамжин мөнгөний бодлогын шилжих суваг, үйл ажиллагаанд нөлөө үзүүлэхээр байна. Төв банк, санхүүгийн зохицуулагч байгууллагуудын хувьд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа ч ерөнхийд нь Мөнгөний бодлого, Санхүүгийн тогтвортой байдал ба бусад бодлогууд гэсэн гурван төрөлд ангилагдаж байна. Эдгээрээс Монголбанкны зорилт, үйл ажиллагаанд нийцэх арга хэмжээнүүдийн хооронд харьцуулан судалж хэрэгжүүлэх боломжтой бодлогын арга хэрэгслүүдийг тодорхойлох нь чухал юм. Мөн, төв банкууд өөрсдийн макро эдийн засгийн төсөөлөл, тооцоололд ашиглаж буй загваруудад цаг уурын эрсдэлийг харгалзан үзэх, нэмж оруулах замаар загвараа сайжруулах шаардлагатай байна. 2019 онд Монгол Улсын Ногоон таксономиг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр баталсан. Үүнтэй холбоотойгоор 2020 оны 1 дүгээр улирлаас эхлэн ногоон зээлийн статистикийг Монголбанкнаас олон нийтэд мэдээлдэг болсон. Нийт ногоон зээлийн үлдэгдлийг авч үзвэл сүүлийн 1 жил хагасын хугацаанд 28.9 хувиар буурч 348.8 тэрбум төгрөг байна. Энэ нь банкны салбарын нийт зээлийн 2 хүрэхгүй хувийг эзэлж байгаа нь хангалтгүй үзүүлэлт тул цаашид ногоон санхүүжилт, тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжиж, арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай. Ингэхдээ төрийн болон олон улсын холбогдох байгууллагуудтай хамтран уур амьсгалын өрөчлөлт, дэлхийн дулаарлын Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн салбарт үзүүлж буй нөлөө, үр дагаврын талаарх цогц судалгааг хийж гүйцэтгэх, тогтвортой санхүүжилтийн чиглэлээр баримтлах бодлого, стратеги боловсруулж, хэрэгжүүлэх нь чухал юм.
ХХАХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнх
Салбарын бодлогод мал аж ахуйн үйлдвэрлэлд үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх асуудал бүрэн тусгагдсан
Мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд цаг агаарын үндсэн үзүүлэлтүүд болох байгалийн хур тунадас, агаарын температур, салхины хурд чиглэл, чийгшил шууд нөлөөтэй, урт хугацаанд хамааралтай байх төлөвтэй. Эх газрын эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд усалгаагүй газар тариалан эрхлэхэд нэн эрсдэлтэй. Малын тоо толгойн өсөлтөд ч байгалийн хүчин зүйлийн нөлөө их байсаар ирсэн. Иймд мал аж ахуй, газар тариаланд цаг уурын мэдээлэл, үйлчилгээний хүрээг өргөтгөх зайлшгүй шаардлага бий болсон. Уур амьсгалын өөрчлөлт, цаг агаарын мэдээлэл нь салбарын эрсдэлийг бууруулах, арга хэмжээ төлөвлөх, хэрэгжилтийг хангах ач холбогдолтой хэрэгцээ нь улам өсөж байна. Өөрөөр хэлбэл, хур тунадас, температур, агаарын чийгшилт, салхины үзүүлэлтүүдийн богино болон урт хугацааны нөлөөлөл, магадлалыг тогтоох судалгааны ажлуудыг өргөн хүрээтэй явуулж, үр дүнд тулгуурлан тогтвортой газар тариалан, мал аж ахуй, эрхлэх боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна. Салбарын бодлогод уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх, хөгжүүлэх, тооноос чанарт шилжүүлэх, мэргэжлийн ажил үйлчилгээг төлөвшүүлэх, бэлчээрийн ашиглалт хамгаалалтын эрх зүйн орчинг бүрдүүлэх, мал аж ахуйн үйлдвэрлэлд үнэ цэнийн сүлжээг хөгжүүлэх асуудал бүрэн тусгагдсан. МАА-н салбарын тулгуур хоёр багана болох Хөнгөн болон хүнсний үйлдвэрлэлийн боловсруулах хүчин чадлыг ашиглалтыг сайжруулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, энэ чиглэлд ногоон санхүүжилтийг ашиглах, цаг агаарын өөрчлөлтөд дасан зохицож амьдрах шаардлага бий болсон байна.
ОУСК-ийн Санхүүгийн салбарын ахлах мэргэжилтэн Б.Батмөнх:
Ногоон бондын үүрэг, ач холбогдол нэмэгдсээр байна
Уур амьсгалын өөрчлөлт нь шууд биет болон шилжилтийн үйл ажиллагаатай холбоотой эрсдэлүүдийг бий болгож байгаа бөгөөд улс орнуудын зохицуулагч байгууллагуудаас энэ асуудлыг маш их анхааран зохицуулалтын хууль журмандаа өөрчлөлт оруулан ажиллаж байна. Учир нь эдгээр эрсдэлүүд нь зээлдэгч, харилцагчдын бизнесийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх, энэ нь эргээд санхүүгийн байгууллагуудын зээлийн чанар, ашигт ажиллагаанд нөлөөлөн салбарын тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй түвшинд хэдийнээ очсон. Дээр нь нэмээд уур амьсгалийн өөрчлөлтөөс шалтгаалан өөрчлөгдөж буй зах зээлийн чиг хандлага, дүрэм журам, шаардлагуудад дасан зохицох, үйл ажиллагаагаа өөрчлөхтэй холбоотой эрсдэлд санхүүгийн байгууллагууд бэлэн байх шаардлагатай тулгарч байна. Ногоон төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилтийг чиглүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, ногоон хөгжлийн зорилуутыг хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг дайчлахад Ногоон бондын үүрэг, ач холбогдол нэмэгдсээр байна. Ердийн компанийн өрийн хэрэгсэлтэй харьцуулахад ногоон бонд нь нэг гол онцлогтой. Тухайлбал, бондын эх үүсвэрийг гагцхүү уур амьсгал, байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх шинэ болон одоо хэрэгжүүлж буй төслүүдэд зарцуулах явдал юм. Эдгээр төслүүд нь уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй сөрөг нөлөөллийг бууруулах эсхүл дасан зохицох буюу тэсвэрлэх чадварыг сайжруулах, байгалийн нөөцийн зүй бус хэрэглээ, биологийн олон янз байдал алдагдах, агаар, ус, хөрсний бохирдлыг арилгах, бохирдлоос сэргийлэх зэрэг байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэх, бууруулахад чиглэсэн байдаглбоотой байж болно.
ТоС Холбооны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч М.Болдоо:
Үндэсний тогтвортой санхүүжилтийн стратеги хэрэгжүүлэхээр тусгасан
Монголбанк Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг анхнаас нь дэмжин ажиллаж, 2019 оны Мөнгөний бодлогод тусгасан Ногоон таксономийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын тогтвортой санхүүгийн холбоо, Олон улсын санхүүгийн корпорацитай хамтран ногоон эдийн засгийн үйл ажиллагааны тодорхойлолтыг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулсан. Тэгвэл энэхүү үйл ажиллагааг илүү өргөжүүлэн ажиллахаар 2022 оны Мөнгөний бодлогод дараах саналуудыг тусгахаар хэлэлцүүлсэн. Үүнд: Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн үйл ажиллагааны чиг үүрэгт уур амьсгалын эрсдэлийг санхүүгийн салбарт тооцох зорилт нэмж оруулах, Монгол Улсын тогтвортой санхүүжилтийн үндэсний замын зургийг салбарын бодлого, олон улсын чиг хандлага, сайн туршлагатай уялдуулан шинэчлэн сайжруулж Үндэсний тогтвортой санхүүжилтийн стратеги болгон хэрэгжүүлэх, Банкинд байгаль орчин, нийгэм, засаглалын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх журам баталж, энэ хүрээнд БОН-ийн эрсдэлийн удирдлагын тогтолцоо, уур амьсгалын эрсдэлийн үнэлгээ, тогтвортой тайлагналтай холбогдох аргачлалыг нэвтрүүлэх, Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд эрчим хүчний хэмнэлттэй болон ногоон барилгыг санхүүжүүлэх тухай заалт, аргачлалыг нэмж оруулах, Тогтвортой санхүүжилтийг санхүүгийн байгууллагад амжилттай хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Төв Банкны зүгээс авч хэрэгжүүлэх боломж бүхий урамшуулал, хөшүүргийн арга хэрэгслүүдийг судалж, нэвтрүүлэх, Үндэсний ногоон таксономийг өргөжүүлэн тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан эдийн засгийн үйл ажиллагааны ангилал, шалгуур үзүүлэлт бүхий SDG санхүүжилтийн таксономи боловсруулж мөрдөх, Тогтвортой санхүүжилтийн талаарх олон нийтийн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, уг чиглэлд хийгдэх судалгаа ба эрдэмтэн судлаачдын тоог нэмэгдүүлэх зорилготой чадавх бүрдүүлэх аян зохион байгуулах зэрэг саналыг дэвшүүлж хэлэлцсэн.
Сэтгэгдэл ( 1 )
Та бөөр худалдаж авмаар байна уу эсвэл бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бөгөөд юу хийхээ мэдэхгүй байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид танд сайн хэмжээний мөнгө, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамрагдах болно. . Намайг MOUNT ALVERNIA HOSPITAL-ийн олон улсын мэдрэлийн эмчийн зөвлөх DOCTOR GUS гэдэг. Манай эмнэлэг нь Бөөр болон бусад мэс заслын чиглэлээр мэргэшсэн бөгөөд бид амьд донороос бөөрийг худалдан авах, шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэдэг. Бид Сингапур, Турк, АНУ, Малайз, Энэтхэг, Германд байрладаг.\n\nХэрэв та