Ш.Ганхуяг: Ижил мөрнөөс номхон далай хүртэл уулзсан элэг нэгтнүүд “МОНГОЛД ОЧИЖ ҮЗЭХСЭН” гэдэг байлаа

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 15

Дэлхийгээр нэг тархсан монголчуудын жимээр өвөг дээдсийнхээ түүхийг нэхэн санаж, “Үсэрсэн цус тасарсан мах” хэмээн өмөлзөн санадаг төрлүүдтэйгээ уулзаж, үгийг нь сонсож, амьдрал ахуйтай нь танилцаж явсан  хүн ховор. Ховорхон хүмүүний нэг “Дэлхийн монголчууд” сэтгүүлийн эрхлэгч, зохиолч, сэтгүүлч Ш.Ганхуягтай ярилцлаа.


-Та туурга нэгт монгол­чуудынхаа татуулсан жимээр явж, тэдэнтэйгээ уулзах хүсэл хэзээ төрсөн бэ?

-Зах зээлийн дараа монголчууд наймаа хийж хилийн дээс алхаж урагш, хойш явж эхэлсэн дээ. Хил нээгдээд Эрээнд явж байтал гурван хүн хоорондоо монгол хэлээр яриад байна аа. Тэд өвөрмонголчууд байсан. Бидэнд тэднийг бүрэн хятаджиж хэл ус нь ууссан гэж ойлгуулж ирсэн шүү дээ. “Та нар монгол хэлээрээ одоог хүртэл ярьдаг юм уу” гэтэл “Бид монгол хүн юм чинь монголоороо ярихгүй яах юм, харин та нар яагаад оросоор ярихгүй байгаа юм” гэж байна. Хоёр талдаа ийм л өрөөсгөл ойлголттой явж иржээ. Тэр ч бүү хэл тэднийх мал хуйтай малчин айл байж таараад гэрт нь дагаж очлоо. Сайхан монгол гэрт дээл хунартай монгол хүмүүс сүүтэй цайгаа чанаад  монголоороо л амьдарч байв. Нэг хөгшнөөс нь “Та хятад хэл мэдэх үү” гэтэл “Мэдэхгүй” гэж байна. Ингэж л түүхийн эрхээр хил зааглагдсан өвөрмонголчуудынхаа тухай бодож явах болсон доо. 2000 оноос  Ижил мөрнөөс Номхон далай хүртэл явах эхлэл тавигдаж “Дэлхийн монголчууд” сэтгүүлээ эрхлэн гаргаж эхэлсэн дээ.

-Ижил мөрнөөс Номхон далай хүртэл явахад өвөг дээдсийнхээ хөх тамгыг өвлөж, өр зүрхэндээ гал голомтоо санасан хэчнээн хүнтэй уулзаж учирсан бэ?

-Аливаа ястан үндэстний эх ундаргыг олохын тулд ам дамжин аялагдан ирсэн ардын дууг нь сонсох хэрэгтэй. Ижил мөрнөөс Номхон далай хүртэл “Шар талын цэцэг”, “Шарын өндөр мод” зэрэг ардын дуу нь дуулагдаж байдаг юм билээ. “Шарын өндөр мод” дуу шар торгуудуудаас үүсэлтэй. Гуниглуун, гансарсан, санаж бэтгэрсэн, салж хагацсан аялгуутай дуу. Энэ л дуугаа дуулаад тэд маань Монгол зүг өглөө бүр цайныхаа дээжийг өргөж, үдэш бүр залбирч мөргөдөг шүү дээ. Харин манайхан тэднийгээ нэг их тоож ойшоодоггүй, тосож авдаггүй нь харамсалтай. Монгол цустай 50 сая хүн байна гэж ярьдаг  юм билээ. Явах тусам бидний мэдэхгүй түүхүүд ундарч гарч ирээд, нураасан хотууд нь газар доороос гарч ирээд дарах тусам дардайж байна шүү дээ. Дэлхийн даяарчлалын үед энэ түүх илүү тодрон гэрэлтэж, зөвөөр харагдаж эхэлж байгаад баяртай байдаг. Харьд үлдэж хоцорсон, хуваагдаж тасарсан монголчууд ямар сэтгэл санаатай, ямар бодол үзэлтэй явдгийг мэдэхийг л би хүссэн. Монголоо гэсэн олон хүнтэй таарч байлаа. Өвөрмонголчууд Монголд маш догдлуун сэтгэлээр хүндлэлтэй ирцгээдэг боловч манайхан “Хужаа” гээд л муухай харах, ад үзэх маягтай угтдаг нь эмзэглэмээр санагддаг. Казакстанд “Монголын нууц товчоон”-нд гардаг овгоор 10 сая хүн овоглодог юм билээ. Төв азийн “стан” орнуудаар ч бий. Хазар монголчууд ч байна. Халимагууд байна. Орост буриадууд олон. Солонгос улсын Жежү арал дээр Тогоонтөмөр хааны солонгос хатны мөргөлийн сүмийн туурь бий. “Жара мари” гэж үг байна “жороо морь” л гэсэн үг шүү дээ. Монгол үг их хэрэглэгддэг юм билээ.

-Дэлхийд монгол хүний үнэ ямар байр суурийг эзэлдэг бол?

-Монгол хүний үнэ цэн дэлхийд асар өндөр. Монголчуудын хийсэн бүтээсэн зүйл нь өөрөө асар их байдаг юм байна. Дэлхийн том том хотуудыг монголчууд бүтээн босгож хөшөө дурсгалаа үлдээж ирсэн  байна. Тиймээс манайхны генийг судлах судалгаа, илтгэл маш их байдаг шүү дээ. Бидний үеийнхэн хувьсгалын он жилүүдийн түүхээр амьсгалж биширч шүтэж ирснээс түүнээс өмнөх түүхээ бараг мэдэхгүй өссөн. Одоогийн хүүхдүүд их азтай. Хүн гүрнээс эхлээд өнөөг хүртэл бүх түүхээ мэдэх боломжтой болжээ. Л.Түдэв гуай “Монголчууд өнөө болтол дэлхийг эзэлсээр байгаа” гэж хэлсэн байдаг. Түүн лүгээ адил дэлхийгээр тархсан монголчууд арай л өөр сортоотой байдаг шүү.

-Дэлхийгээр нэг тархсан монголчуудаа эх орондоо авчиръя гээд л хазарчуудын тухай асуудал хөндөгдсөн. Хүмүүс “Үүгээр явсан гайг түүгээр бүү дууд” гэсэн хандлагатай байсан шүү дээ?

-Бид дайнд явсан хүнээ эргэж ирэхэд нь хойд эхийн царай гаргадаггүй биз дээ. Түүн шиг өөрийн зоргоор биш, эх орныхоо эрхээр салж тусгаар болсон улс шүү дээ. Зорьж ирсэн хүнд алгаа тосон угтах хэрэгтэй. Гэхдээ тэд олон зуун жил тэндээ амьдраад суурьшаад ирсэн учраас  тэр бүрийд ирээ ч үү, үгүй ч үү. Бид л ийм яриа гаргаж эндээ дэврээгээд байгаа болохоос. Тэд чинь амьдарч буй улс орныхоо эрхшээлд бий болохоор санаан зоргоор чиг болохгүй. Хилийн чанадаас элэг нэгтнүүд маань “Монголдоо нэг очиж үзээд үхэх сэн” гэж ярьж байхыг бол олон сонссон шүү. Халимагт явж байхад нэг багш өвгөний тухай үлгэр домог шиг яриа угтсан. Тэр өвгөн халимагуудын нүүдлээр очоод буцаж чадаагүй хүний удам аж. Залуугаасаа л ганцхан хүрэн чемодамтай явдаг байж. Тэрэндээ ойр зуурын хэрэглээний юмаа хийгээд бариад явдаг. “Нэг л өдөр намайг эх орон дуудна. Тэгвэл би явахад бэлэн байх хэрэгтэй” гээд насаараа хүлээгээд цэргийн хүн шиг бэлэн байдалтай амьдарсан гэдэг. Харамсалтай нь тэр хүн намайг ирэхээс өмнө өөд болчихсон байсан. Тэр хүнийг хэрэв Монголоос дуудсан бол хоргодох ч юм байхгүй, харамсах ч юм байхгүй шууд явахад бэлэн хүлээж шүү дээ. Хоолой зангирмаар. Тэд маань Монголын уран зохиолыг их сонирхоно, ном  шүлэг, дуу хуур их асууна. Монгол хүнтэй суухыг хүсдэг юм билээ. Орос, Монголын хил гааль чөлөөтэй болмогц халимаг нөхөд маань хил давж Монголынхоо газар нутгийг тэврэн авч уйлж байснаа дурсан ярьж байсан шүү. Бас Дээд Монголчуудыг Шинжааны уйгарчууд, Хөх нуурын монголчууд гэх юм уу, хятадууд гэх ташаа ойлголттой байгаа нь ажиглагддаг. Саяхан Дээд Монгол найрагч Б.Бүргэд монгол иргэншилтэй боллоо шүү дээ. Тэр  хүний зүрх нь монгол, зүс нь монгол хүн.

-Алтан ургийн хүмүүстэй таарч байв уу?

-Манай оронд төрийнхөн нь Төвд Тангад лам нартай нийлээд алтан ургийнхныг хоморголон устгаж байсан шүү дээ. Ер нь монголчуудыг Манж ч мөхөөгөөд байсан юм биш, Орос ч түйвээгээд  байсан юм биш, Хятад ч хорлоод байсан юм биш. Шарын шашнаар дамжуулж номхон хүлцэнгүй болгосон байхгүй юу. Монгол туургатан дунд алтан ургийн хүмүүстэй олон таарсан. Тэдний түүхийг сонсоход зүрх халгамаар. Маш их зовлон үзсэн байдаг юм билээ. Казакстаны ерөнхийлөгч Н.Назарваевын зөвлөх Валиханов гэж хүнтэй уулзаж байлаа. Тэр хүн Зүчи хааны 18 дахь удам бөгөөд зураач, барималч, яруу найрагч хүн байсан. Тэр хүнтэй яриад суухад маш сайхан энергитэй, налаад л суумаар түшигтэй, энэрсэн, хайрласан сэтгэлтэй хүн байж билээ. Түүний эх нь найман овгийн хүн байсан даа. Жалад, жадаран овгийн хүмүүс ч тэнд их бий. Хөх нуурын монголчууд өөрсдийгөө Хавт Хасарын удам гэлцдэг.  Энэ нь гэхдээ тун нууцлаг оршдог, тэгэхээс ч  өөр аргагүй. Хаа ч очсон намайг хүмүүс Монголоос ирсэн гээд их хүндэлнэ. Тэр ч бүү хэл “Хүүдээ Тимур /Төмөр/  гэж нэр өгсөн. Танаас адис авах гэсэн юм” гэж байсан шүү.

Их эзэн хаан Чингисийн ууган хүү Зүч, дараах хүү Цагаадайн бунхан алс баруун хязгаарт үлдсэн. Тулуйн хүү Хубилай Цагаан хэрмийн чанад насыг элээсэн. Цагаадайн их цэргийг бүрдүүлж байсан жалайр, цорос, баарин, харлигууд Ирак, Ираны өргөн талд, Арабын цөл, турааны шороон түмэн хүн дунд уусаж үлдсэн. Алтан ордны улс, Их Моголын эзэнт улс, Их Юань улсын ам бүлд живж үйсэн тэр олон монгол овогтныг эргэн дурсах хүн хэр олон байгаа бол. Чингис хааны онгон Өвөрмонголын Ордос хотын Эзэн хорооны Эзэн гацаанд байдаг. Энэ тахилгыг 800 жил тахиж тайж ирсэн. Манайхан л хий хоосон цээжээ дэлдээд “Чингис” гээд байдаг болохоос бид Монголоо мэддэггүй Монгол болсон шиг санагддаг шүү.

-“Дэлхийн монголчууд” сэтгүүл одоо хэвлэгдэж байгаа юу?

-Анх нийтлэгдэж эхэлсний дараа сэтгүүл маань англи, монгол хэлээр хэвлэгдэж, 70 гаруй орноор тарааж байсан. Тэр үедээ 30 гаруй орноос захиалга ирж, мөнгө төгрөг муутай байсан болохоор хэвлүүлж чадахгүй захиалгыг нь буцааж байлаа. Тиймээс “Дэлхийн монголчууд” цахим хаяг нээснээр сүүлийн гурван жилд сэтгүүл маань цахим болсон доо. Энэхүү сэтгүүлийн хаягаас маш олон хүний захиа, хүсэлт ирдэг. Тэр бүрийд хүрээгээ тэлж, явах суух газрынхаа төлөвлөгөөг гаргах ажил ундарна шүү дээ.

-Та өнгөрсөн сард “Монголын зам” номоо гаргаж, нээлтээ хийсэн. Энэ номдоо 20 жилийн  аялал, судалгаагаа багтаасан уу?

-Тийм. Номоо их л хожуу гаргалаа. Би энэ хугацаанд судалгаа л хийгээд яваад байж. Их ч хүнтэй уулзаж, олон ч газраар явж. Дэлхийн монголчуудынхаа жимээр алхаад нэг мэдэхэд гэртээ харихгүй жил сараар удсан байдаг. Өөрийнхөө зардал мөнгөөр л явна шүү дээ. Цаг хугацаа ч их орно. Тэмдэглэл, ярилцлага, сурвалжилга хийх “Дэлхийн монголчууд” сэтгүүлдээ нийтлэх гээд тун чиг завгүй амьдарчээ.

Энэхүү номд Чингис хааны үеийн эрхшээж байсан эзэнт гүрний нэгээхэн хэсэг Ижил мөрнөөс Номхон далай хүртэлх газар нутгаар аялсан аян замын тэмдэглэл, туурга нэгт монголчуудын түүх, зураг, бүтээл, намтар орсон. Энэхүү номоо босоо монгол бичгээр чиг хэвлүүлсэн. Цаашид англи хэлээр хэвлүүлэх бодол бий. Элгэн садантайгаа уулзаж, баяр гунигийг нь хуваалцаж, монгол гэдэг дархлаагаа авч үлдсэн нууцыг нь тайлах гэж эрмэлзэж явлаа. Өвөрмонголын нутаг Хянганы нурууны ар, өвөрт Хавт Хасарын удмын эрчүүдтэй дөрөө харшуулж явлаа. Жангарын тууль амилсан Халимагийн хал үзсэн өвгөдтэй хууч хөөрч суулаа. Ижил мөрний хөвөөнд монгол овогт торгуудуудтай элэг сэтгэлээ хуваалцаж байлаа. Хөх нуурын эрэгт Дээд Монгол эмгэдийн ардын дуунд уярч асгарлаа. Дэлхий монголчуудтай уулзаад байвал барагдахгүй. Явах бүрийд л тааралдаж байсан. Тэд юу гэж хэлдэг гээч “Монголдоо очиж үзэх сэн” гэж сэтгэлийн гүнээс санаа алдан өгүүлдэг юм шүү.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баярлалаа амжилт хүс(202.126.89.110) 2021 оны 10 сарын 21

Маш сайхан санагдаж байна их сонирхолтой юм байна амжилт хүсье ээ

0  |  0
Ц. Шаравдорж(43.242.243.1) 2021 оны 10 сарын 21

Онц сонирхолтой ярилцлагыг тань уншлаа. Лавлан сонирхох олон зүйл байна. Тантай уулзаж болох уу. Миний утас 99113702

0  |  0
Top