Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэр үндсэн 12 технологийн байгууламжтайгаар 2025 онд бүрэн ашиглалтад орох тухай сүүлийн байдлаар мэдээлэл гарсан. Монголдоо анх удаа хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтын ажлын эргэн тойронд яригддаг маргаантай асуудал, сэдвийн хүрээнд “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-ийн Газрын тос дамжуулах хоолой хариуцсан газрын ахлах инженер, Техникийн ухааны доктор, Зөвлөх инженер Л.Орхонтой ярилцлаа. Тэрбээр “Эрчим хүчний эрх чөлөөг монголдоо гэсэн эрхэм уриатай хамт олонтойгоо төсөл хэрэгжүүлэх нөр их ажлын дунд буцалж яваа минь газрын тосны мэргэжлийн инженер хүний хувьд нэн бахархалтай нэр төр” гэдгийг ярилцлагадаа онцолсон.
-Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн түлш, шатахуунаа дотооддоо үйлдвэрлэхийн тулд Дорноговь аймгийн Алтанширээ суманд Монголдоо анхны газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгаа. Үйлдвэрийн бүтээн байгуулалт эхлээд гурван жил болжээ. Гэсэн ч үйлдвэрийг Дорноговь аймагт барьж байгаа нь байршлын хувьд буруу гэсэн шүүмж одоо хүртэл салбарынхны дунд байдаг. Яагаад заавал Дорноговь аймгийн Алтанширээ суманд үйлдвэрийг барих болсон бэ?
-Газрын тос боловсруулах үйлдвэрийг Дорноговь аймгийн Алтанширээ суманд байгуулах болсон талаар эрх зүйн хувьд ч, судалгааны түвшинд ч нэгэнт шийдэгдсэн гэдгийг хэлэх нь зүйтэй. Нэгдүгээрт, төр засгаас тус үйлдвэрийг Сайншанд дахь Аж үйлдвэрийн паркын дэд бүтцийг түшиглэн байршлыг сонгосон.
Хоёрдугаарт, төвийн бүсийн эрчим хүчний хангамжийн системийг түшиглэсэн. Гуравдугаарт, газрын тосны бүтээгдэхүүний борлуулалтын сектор, хэрэглээний төв бүсийг дагасан. Зарим “мэргэд” Дорнодод барихгүй, олборлолтын талбайгаас хол барилаа л гэдэг. Гэвч түүхий эдэд ойр Дорнодод үйлдвэр барилаа гэхэд бүтээгдэхүүний хүргэлтийн зай хэт хол болно. Өөр өөр төрөл, зориулалтын тээврийн хэрэгслүүд шаардлагатай болно. Тээвэрлэлтийн давтамж, рейсийн тоо олон, төмөр зам, засмал зам байхгүй нөхцөлд тээврийн саатлын улмаас бүтээгдэхүүний хангамжийн тасралтгүй, найдвартай байдал алдагдана шүү дээ. Бүтээгдэхүүний тээврийн зардал нэмэгдсэнээр хэрэглэгчдэд хүрэх түлш шатахууны үнэ, өртөг нэмэгдэнэ л гэсэн үг. Мөн үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж, байнга хэрэглэгдэх химийн олон төрлийн бодис, туслах материалуудыг төмөр замаар л татан авах шаардлага үүсэх учраас гол дэд бүтэцдээ ойрхон байх нь эдийн засгийн хувьд үр ашигтай байгаа юм. Зүүн хязгаарт, Дорнодод үйлдвэр барих нь хэдийгээр түүхий эддээ ойрхон ч дараа дараагийн байнгын үйл ажиллагаанд үр ашиггүй, зардал ихтэй байршилд тооцогдоно. Түүхий тосны хайгуул эрчимжвэл манай улсын говь, төвийн бүсээс ч газрын тос илрэх боломжтой. Тиймээс түүхий тосны нөөцийн төвд үйлдвэрийн байршлыг сонгосон нь оновчтой, ирээдүйгээ харсан шийдвэр гэж харж байгаа. Түүнчлэн хэрвээ Дорнодод үйлдвэрийг барьсан нөхцөлд бэлэн бүтээгдэхүүний хадгалалт, сав багтаамжийн асуудал үүснэ. Монгол Улсын хэмжээнд улсын нөөц, компанийн нөөц, эргэлтийн нөөц хадгалах 100 гаруй агуулахын шатахуун хадгалах савны багтаамж ойролцоогоор 870 мянган метр куб эзлэхүүнтэй. Үүний 70 орчим хувь нь төвийн болон говийн бүсэд ногддог. Онцгой тохиолдолд үйлдвэрийн сав дүүрлээ гэж үзвэл шууд тараан байршуулах боломжгүй учраас үйлдвэр зогсоно. Харин Дорноговьд байрласнаар бэлэн байгаа төмөр зам, автозамын сүлжээг ашиглаж яаралтай сав суллах ажиллагааг цаг алдахгүй гүйцэтгэх боломжтой. Энэ мэтчилэн олон талаас нь харж, судалж, үр ашгийг нь тооцож гаргасан шийдвэр. Тэгэхээр төсөл дээр ажиллаж үзээгүй, мэдээллээс хол хүмүүс буруу өнцгөөс харж, бусдад өөр ойлголт өгч болохгүй.
-Газрын тосны бүтээгдэхүүний борлуулалт, хэрэглээний төв бүсийг дагаж боловсруулах үйлдвэрийг барьж байгааг та хэллээ. Ер нь улсын хэмжээнд шатахуун, түлшний хэрэглээ яаж явагддаг гэж вэ?
-Олон улсын автозам, төмөр замын босоо чиглэлийн дагуух Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Сэлэнгэ гээд төвийн болон говийн бүсийн хүн ам олноор суурьшсан төв суурин газар, төмөр зам, автотээвэр, газар тариалан, зам барилга, уул уурхайн олборлолт, хайгуулын бүсэд автобензины борлуулалтын 70 орчим хувь, дизелийн түлшний жижиглэнгийн болон бөөний борлуулалтын 65 орчим хувь нь борлуулагддаг. Өөрөөр хэлбэл, түлш шатахууны гол хэрэглэгчид нь төвийн болон говийн бүсэд байна. Зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудын шатахууны хэрэглээ улсын нийт хэрэглээний 10 хувьд ч хүрэхгүй байдаг юм шүү дээ. Шинь шин, Цайрт минерал хэрэглэгчид мөн үү гэвэл мөн. Гэхдээ хэрэглээ бага. Петрочайна Дачин Тамсагийн түүхий тосны тээврийн машинууд гэхэд л цаад Хятад талаасаа цэнэглээд ороод ирдэг. Ховд, Увс, Баян-Өлгийн бүс баруун талаасаа Боршоо, Ярант, Цагааннуурын хилийн боомтоор шатахуунаа импортлоод хангачихдаг. Дорнодын бүс ОХУ-аас Соловьевск-Эрээнцаваар оруулж ирнэ. Би өөрөө газрын тосны бүтээгдэхүүний борлуулалтын компанид 25 жил ажилласан, хаана ямар бүтээгдэхүүн борлуулдаг гэдгийг сайн мэднэ. Товчхондоо, Монгол орны түлшний нийт импорт 1.1 сая тонн байгаагаас 65 хувь буюу 722 мянган тонныг төвийн болон говийн бүсэд хэрэглэдэг юм.
-Дорнодоос түүхий тосоо дамжуулах хоолойгоор татна гэсэн. Чухам яагаад дамжуулах хоолойн тээвэрлэлтийг сонгов. Төмөр замаар тээвэрлэх нь зүйтэй гэсэн шүүмж, маргаан бас гарч байсан шүү дээ?
-Газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай түүхий тосыг нийлүүлэх дэд бүтцийн харьцуулсан судалгааг олон янзын байгууллага, мэргэжлийн баг төрөл бүрийн хувилбараар судалгаа хийж, шинжлэх ухаан, эдийн засгийн үнэлгээ хийсний үндсэн дээр дамжуулах хоолойн тээвэрлэлтийг сонгосон. Миний мэдэхээр хамгийн сүүлд үйлдвэрийн түүхий эд болох газрын тосны тээвэрлэлтийн дэд бүтцийн оновчтой хувилбарыг тодорхойлох, шаардлагатай тооцоо судалгаа хийх, техник технологийн шийдэл, хөрөнгө оруулалтын талаар санал дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын 2019 оны есдүгээр сарын 16-ны өдрийн 118 дугаар захирамжаар байгуулж, уг ажлын хэсгийн хийсэн судалгааны үр дүнд үндэслэн Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн нэгдүгээр тэмдэглэлээр “Газрын тос боловсруулах үйлдвэрт шаардлагатай түүхий тосыг дамжуулах хоолойгоор тээвэрлэх”-ээр эцсийн шийдвэр гарсан. Судалгаанд суурилсан шийдвэр нэгэнт гарсан байхад алсын зайд тосыг дамжуулах хоолойгоор тээвэрлэх нь оновчгүй гэсэн маргаан гаргах нь зохимжгүй. Газрын тос боловсруулах үйлдвэрийн гол түүхий эд нь газрын тос. Түүхий эдийн хангамж найдвартай, тасалдалгүй байх нь хамгийн чухал. Тиймээс найдвартай, аюулгүй байдлын шалгуур үзүүлэлт дээр үндэслэн дамжуулах хоолойн тээвэрлэлтийг сонгосон гэж хэлж болох юм. Дамжуулах хоолой нь манай улсын хувьд тээврийн цоо шинэ салбар хэдий ч үүсэл гарал нь 170 орчим жилээр яригдана. Америкт 1860-аад оноос дамжуулах хоолойг ашиглаж эхэлсэн байдаг. Одоо дэлхийд газрын тос, байгалийн шатдаг хийн алсын тээвэрлэлтэд 3.5 сая гаруй км дамжуулах хоолой ашиглагдаж байна. Тэгэхээр бид цаг уур, газар зүйн хүчин зүйлс, ачааллаас хамаарахгүйгээр жилийн турш тасралтгүй тээвэрлэлт хийнэ. Дамжуулах хоолойн тээвэр газрын гүнд суурилах тул ашиглалтын явцад байгаль, хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, ачих, буулгах, тээвэрлэх үйл ажиллагаа хялбар, ууршилтын алдагдал байхгүй, гоожилт, шүүрэлтийг хянах системтэй. Тээвэрлэлтийн бусад төрлүүдээс техник, эдийн засгийн үзүүлэлтүүдээрээ хамгийн сайн нь гэх мэт олон давуу талтай.
-Монголын газрын тос зууралданги чанар өндөртэй гэдэг. Энэ онцлогт дамжуулах хоолойн тээвэр яаж нөлөөлөх үү?
-Манай улсын газрын тос өөрөө зууралданги чанар өндөртэй, парафинлаг тос учир уламжлалт тээврийн систем болох төмөр зам, авто замын тээврээр ил, халаалтгүй тээвэрлэхэд өртөг зардал, ашиглалтын үеийн төвөгшил өндөртэй байна. Тэдгээрийг барьж байгуулах хөрөнгө оруулалтын зардал дамжуулах хоолойтой харьцуулахад харьцангуй өндөр юм. Жишээлбэл, нэг тонн газрын тосыг нэг км дамжуулах хоолойгоор тээвэрлэхэд 5-7 ам доллар, вагоноор тээвэрлэхэд 9-10 ам доллар, авто цистернээр тээвэрлэхэд 55-60 ам долларын өртөгтэй байдаг. Авто эсвэл вагон цистернээр тээвэрлэлээ гэж бодоход маш их хэмжээний зардал гарахаас гадна түүхий тосоо үйлдвэрт хүргэлээ гэхэд буцаад нэг талдаа хоосон явна. Энэ бас л үргүй зардал. Дамжуулах хоолой бол тийм биш. Тасралтгүй нэг чиглэлд тээвэр хийнэ л дээ.
-Газрын тос боловсруулах үйлдвэр АИ-95 төрлийн автобензин үйлдвэрлэх юм байна. Иргэдийн өргөн хэрэглээний АИ-92 автобензин үйлдвэрлэхгүй гэхээр гайхах хүмүүс байна л даа?
-Газрын тосны үйлдвэрт бүтээгдэхүүний хувьд шингэрүүлсэн шатдаг хий 43 мянган тонн, EN нормын автобензин 339 мянган тонн, түлш 864 мянган тонн, онгоцны түлш 40 мянган тонн, зуухны түлш 47 мянган тонныг үйлдвэрлэнэ. Чанарын хувьд Евро 5, 6 стандартад болон хамгийн сүүлд шинэчлэгдсэн үндэсний MNS 0216-2017, MNS 0217-2017 стандартуудын шаардлагад нийцсэн байна. АИ-92 биш АИ-95 үйлдвэрлэнэ гэдэг бол харин ч таны машин чанартай бензин хэрэглэж, эдэлгээ уртасна гэж ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид хэрэглээндээ чанарын ахиц гаргана л гэсэн үг. Ингээд хэлэхээр үнэ өндөр байх юм биш биз гэсэн эргэлзээ бас гарч ирнэ. Энэ нь АИ-95 бензинээ АИ-92 бензинээс үнэтэй борлуулна гэсэн үг биш юм. Дотоодын түүхий эдээ өөрсдөө боловсруулна гэдэг яаж ч бодсон хил, гаалийн татвар, тээврийн зардал, онцгой албан татвар шингэсэн импортын шатахуунаас үнэтэй гарна гэж байхгүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу Монголын Засгийн газарт ноогдох түүхий тосыг олборлосон өртгөөр нь үйлдвэрт нийлүүлбэл эцсийн бүтээгдэхүүний үнэ бүр ч хямдрах боломжтой.
-Удахгүй 2025 онд үйлдвэр баригдаж дуусна шүү дээ. Ингэхэд дотооддоо газрын тос боловсруулах чиглэлийн хүний нөөц хэр хангалттай байна вэ?
-Газрын тосны салбарт гадаад, дотоодын их, дээд сургуулиудыг залуучууд олноороо төгсөж байна. Тэднээс энэ төсөл дээр ажиллаж, мэргэжлийн хувьд өсөн дэвжиж, үйлдвэр байгуулахын төлөө оюун ухаанаа чилээж яваа нь ч бий. Харин газрын тосны гүн боловсруулалтын технологич-инженерийн нарийн мэргэжлээр төгссөн хүн харьцангуй цөөн байгаа. Гэхдээ нефть-хими болон бусад хүнд аж үйлдвэрийн чиглэлээр суралцсан инженерүүдийг технологи буюу процессийн чиглэлд хөрвүүлэн сургах, мэргэшүүлэх, гадаадад болон дотоодод ахисан түвшний сургалтанд хамруулах талаар үйлдвэрийн удирдлага, төр засгийн хэмжээнд ихээхэн анхаарал хандуулж, асуудлыг шийдвэрлэх түвшинд ярьж судалж байна. Түүнчлэн МУИС, ШУТИС зэрэг улсын шилдэг сургуулиудын мэргэжлийн тэнхим дээр шинээр анги нээх, хамтарч ажиллах төсөл хэрэгжих гэж байна. Газрын тос боловсруулах үйлдвэрийг төлөвлөх, барьж байгуулах ажил бол техник технологийн шинжлэх ухаан, инженерчлэлийн нүсэр том шийдэл. Үйлдвэрийг ашиглалтад оруулсны дараа олон төрлийн шат дамжлага бүр дээр тухайн чиглэлийн мэргэжлийн хүмүүс ажиллана шүү дээ. Энэ чиглэлээр яг одоо манай улсад “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-аас илүү хүчтэй, үнэтэй баг байхгүй. Хоёр, гурван жилийн өмнө л хоёр инженер, таван хүнтэй байсан баг өнөөдөр гадаад, дотоодын их дээд сургуульд 20 гаруй төрлийн инженерийн чиглэлээр боловсрол эзэмшсэн 80 орчим хүнтэй болж өргөжжээ. Энэ тоо нэмэгдэнэ. Миний хувьд, энд цугласан залуу мэргэжилтнүүд хэрхэн шургуу ажиллаж байгаа, яаж өсөн дэвжиж байгааг харахад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг.
-Газрын тосны үйлдвэр дээр яригдаж байгаа бас нэг маргаантай асуудал нь “Судалгаа тооцоо муутай, зураг төсөл нь ч гараагүй, нөөц нь бүрэн тогтоогдоогүй төсөл хэрэгжүүлж байна” гэх юм. Зураг төсөлгүй ийм том хэмжээний төсөл байхгүй байх л даа. Гэхдээ төслийг хэрхэн зөв тийш залж, хэрэгжүүлж байгаа талаараа товч мэдээлэл өгнө үү?
-Монгол оронд анх удаа нефть-химийн хүнд аж үйлдвэрийн суурийг тавих мега төслийг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хэрэгжүүлэхээр хичээн ажиллаж байна л даа. Мэдээж мэдэхгүй, чадахгүй олон бэрхшээл гарч байгаа. Яагаад гэвэл газрын тос боловсруулах гүн боловсруулалтын технологи бүхий орчин үеийн үйлдвэр байгуулж байсан туршлага, онол, практикийн сургалт, дадлага дутагдаж байгаа. Төсөлд гадаад, дотоодын олон эрдэмтэн судлаач, ахмад инженерүүд, туршлагатай хүмүүс зөвлөгөө өгч ажиллаж байна. Төр засгийн зүгээс ч онцгой анхаарч, өнгөрсөн дөрөвдүгээр сард Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хуулийг УИХ-аар тусгайлан баталлаа. Төсөл хэрэгжүүлэгч компани нь эхний шатанд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах ажилтай холбоотой бүх төрлийн хэдэн мянгаар тоологдох стандарт, дүрэм журам, үйлдвэрийн болон түүхий тос дамжуулах хоолойн төлөвлөлттэй холбоотой байр зүй, геодези, инженер геологи, байгаль орчин, цаг уур, дэд бүтэц, түүхий эдийн шинж чанар, хангамж, зах зээлийн талаарх мэдээ, мэдээлэл, тоо баримт, судалгаа шинжилгээний материалуудыг боловсруулж байна. Инженерчлэлийн үе шатанд газрын тос боловсруулах дамжлага, өөрөөр хэлбэл технологийн байгууламж тус бүрээр суурь инженерчлэлийн болон инженерийн ерөнхий зураг төсөл боловсруулах ажилд Монголын талаас оролцож, хөрөнгө оруулалтын зардал, үйл ажиллагааны хүндрэлийг бууруулах чиглэлээр санал гарган хамтран шийдвэрлэж байна. Үйлдвэрийн бүтээн байгуулалтын багц ажлуудын ерөнхий гүйцэтгэлийн сонгон шалгаруулах баримт бичгийг боловсруулах, техникийн баримт бичиг боловсруулах тооцоо судалгаа, инженеринг, худалдан авалт, барилга угсралтын гэрээ байгуулах зэрэг олон ажлыг гүйцэтгэж байгаа шүү дээ. Эх орны ирээдүйг гартаа авах залуу үе хичээн хөдөлмөрлөж байхад хэн дуртай нь энэ салбарын талаар мэдэмхийрч, зааж зааварлах гэж оролдох нь ажил удаашруулах, хичээн зүтгэж буй олон хүний урмыг хугалахаас өөр шидгүй гэдгийг хэлье. Тиймээс энэ үйлдвэрийг босгоод аваад явах мэргэжлийн баг бүрдэж байгаа гэдэгт итгэлтэй байх хэрэгтэй.
-Төслийн ач холбогдол болоод бүтээн байгуулалтын ажлын явцын талаар хамгийн сүүлд энэ сард УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, сонсгол тавьсан шүү дээ. Өнөөдөр бүтээн байгуулалтын ажлын явц ямар байна вэ. Үйлдвэрийн ач холбогдлыг инженер хүний дүгнэлтээр сонсъё?
-Ерөнхийдөө газрын тос боловсруулах үйлдвэрийн инженерийн ажлууд үндсэндээ дуусах шатандаа явна. Технологийн бус барилга байгууламж, анхдагч процессын болон дагалдах байгууламж, үйлдвэрийн цахилгаан станц, лицензит технологийн байгууламж гэж дөрвөн хэсэгт хуваан төслийг хэрэгжүүлж байгаа учраас тус бүрчлэн авч үзвэл янз бүрийн гүйцэтгэлтэй байна. Хэдийгээр цар тахал бэрхшээл болж буй ч бид ажлаа нэг өдөр ч зогсоолгүй энэ оны нэгдүгээр сард төсөл инженерчлэлээс бүтээн байгуулалтын шатанд шилжсэн. Ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан Энэтхэгийн компани технологийн бус иргэний барилга байгууламжийн ажлыг гүйцэтгээд явж байна. Цар тахлаас үүдэн ачаа бараа, шаардлагатай тоног төхөөрөмжийн импортын саатлаас хугацаа алдлаа. Гэхдээ алдсан цаг хугацааг нөхөхийн тулд хичээж байна. Үйлдвэрийн ач холбогдлыг товчхон жишээгээр хэлье. Манай төслийн зөвлөх, Монголын анхны газрын тос боловсруулах технологийн инженер, Зүүнбаянгийн боловсруулах үйлдвэрийн дарга байсан, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан Ц.Багмид доктор “Монгол Улсад цоо шинээр үүсэн бий болж буй нефть-химийн салбарын уураг тархи бүрэлдэж байна. Энэ бол яах аргагүй улс орны үнэт зүйл юм шүү” гэж маш оновчтой дүгнэж хэлсэн байдаг. Монгол Улс геополитик, тусгаар тогтнолын хувьд өөрийн гэсэн газрын тос, химийн үйлдвэртэй болох ёстой. Энд нэг онцлог дурдахад газрын тос бол үйлдвэрийн хаягдал гэж байдаггүй 100 хувь ашиглагддаг түүхий эд юм шүү дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
Good luck
Найздаа болон хамт одонд нь амжилт хүсье.
Танай хамт олонд амжилт хүсье ....... Монгол улс мөдхөн Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох нээ ............
Amjilt husie!
АМЖИЛТ ХҮСЬЕ \n