Ц.Нямсүрэн: Дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажиллахад туслах үүрэгтэй

Автор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 27

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар хөгжил, хөдөлмөрийн асуудал хариуцсан дэд дарга Ц.Нямсүрэнтэй ярилцлаа.


-Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэдэн хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байна вэ?

-Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 103 мянган иргэн байгаагаас хөдөлмөрийн насны 90 мянган хүн бий. Үүний 13 мянга нь ажил хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 17 хувь нь л ажлын байртай байна гэсэн үг. Энэ тоо хангалтгүй үзүүлэлт учир дээшлүүлэхийн тулд Засгийн газар анхаарч ажиллаж байна.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ямар ажлууд хийж байна вэ?

-2018 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг шийдэх бие даасан агентлаг болох Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байгуулагдсан. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлөөс жил бүр хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр ямар ажил хийж хэрэгжүүлэх вэ гэдгээ зөвлөлддөг. Энэ хүрээнд 2021 онд Монгол Улсын хэмжээнд зургаан хөтөлбөр хэрэгжүүлэхээр баталсан. Үүний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр юм. Энэ хөтөлбөрийн хэрэгжилтийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газар хариуцаж ажиллаж байна. Манайхаас мэргэжил арга зүйгээр хангаад аймаг, орон нутагт ажиллаж буй Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрынхантай хамтарч ажиллаж байна.

Манай улсын зүгээс Япон улсын “ЖАЙКА” олон улсын байгууллагад хүсэлт тавьж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн нэр төрөл зүйл, ур чадварыг сайжруулах тал дээр дэмжлэг үзүүлээч гэж хандсан. Энэ жилээс төсөл хэрэгжүүлэхээр болсон тул судалгааны ажил нь эхэлсэн байна. Тэрхүү судалгаан дээр үндэслээд дөрвөн жилийн хугацаанд энэ төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн хүрээнд ажлын байрны дадлагажуулагчийг бэлдэх шаардлагатай байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэг шууд ажилд ороод дадлагажаад явчихдаг хүмүүс биш юм байна. Тэр хүнийг ажилдаа дадтал дадлагажуулагч дагах, сургах, дасгах шаардлагатай юм байна. Энэ үүднээс дадлагажуулагчдыг бэлдэх юм.

-Ажлын байрны дадлагажуулагч гэхээр ямар үүрэг, оролцоотой хүн байх вэ?

-Дадлагажуулагч нь хөгжлийн бэрхшээлтэй хүний ур чадварт үнэлгээ хийгээд тохирсон мэдлэг, ур чадварт хамруулаад ажилд оруулна. Ажилд оруулаад тухайн байгууллагын ажлын байрны орчин нөхцөлд үнэлгээ хийнэ. Жишээ нь тэргэнцэр явах орц, гарц байхгүй бол зам харгуй гаргуулах шаардлага тавьж зохих өөрчлөлтийг хийлгүүлнэ. Орчин нөхцөлийг нь сайжруулаад дараа нь тухайн хүнээ ажил дээр нь дасгаж сургаж, хажууд нь зөвлөгөө өгч хамт байна. Ажилд нь дадлагажуулахдаа хүний нөөц, менежерт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй хэрхэн харьцах хичээлийг давхар хийгээд явна. Ингээд дадлагын гэрээ дуусангуут дүгнэлт гаргаад албан  ёсны хөдөлмөрийн гэрээ байгуулж орон тооны ажилд нь оруулах юм. Ажилд нь оруулаад шууд орхихгүй зургаан сарын хугацаанд эргэж тойрч холбоотой байна.

-Дадлагажуулагч нарыг сайн дурын үндсэн дээр бэлдэх үү?

-Бэлдэж болно. Гэвч одоогоор дадлагажуулагчид зориулсан хөдөлмөрийн хууль, эрх зүйн орчин бүрдээгүй байна. Гаднын оронд бол дадлагажуулагчид өндөр үнээр цалинжиж ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний хүнд, хөнгөн хэлбэрээс шалтгаалж тулж ажиллах цаг нь уртасдаг. Тэр цаг бүрийг нарийн тооцож цалинжуулдаг.

Одоогийн байдлаар “ЖАЙКА” төслөөс дөрвөн компанийн хүний нөөцийн менежер, зургаан төрийн бус байгууллагыг дадлагажуулагчийн сургалтанд хамруулсан.  Мөн Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын мэргэжилтнүүд тус сургалтанд хамрагдсан. Төрийн албаныхан энэ сургалтанд хамрагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ойлгож зөвлөгөө, үнэлгээ хийх чадвартай болж байгаа нь олзуурхууштай. Азийн хөгжлийн санхүүжилтээр нийслэлд 2023 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Хөдөлмөр эрхлэлтийн  үйлчилгээний нэгдсэн төв баригдаж ашиглалтанд орно. Нэгдсэн төвдөө төрийн болон хувийн хэвшлийн бүх дадлагажуулагчдыг мэргэшүүлэх зорилготой байгаа.

-Хөдөлмөр эрхэлж буй 13 мянган хүнээс хэдэн хувь нь төрийн албанд ажиллаж байна вэ. Байгууллагын тодорхой хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах ёстой гэсэн заалт байдаг шүү дээ. Энэ заалт хэр хангалттай биелж байна вэ?

-Нийт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн 1400 гаруй нь төрийн албанд ажилладаг. Бусад нь хувийн хэвшилд ажиллаж байна. Хөдөлмөрийн хуулинд хөгжлийн бэрхшээлтэй одой хүний хөдөлмөр эрхлэлтийн заалт нэмэгдсэн. 25 буюу түүнээс дээш ажилтантай байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй нэг одой хүн ажиллана гэсэн заалт бий. Энэ тоог тухайн байгууллагын дөрвөн хувиас доошгүй байхаар тусгасан. Энэ жилээс төсөвт тодорхой хэмжээний мөнгө суугаад тендер шалгаруулж байгууллагуудаа сонгох гээд ажиллаж байна. 75 ажилтантай байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй гурван хүн ажиллуулах ёстой. Энэ биелэлтийг энэ жил төр, улсын хэвшлийн бүх байгууллагуудаар шалгаж дүгнээд ирэх жилээс шахаж шаардаж ажиллана. 

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувиараа хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжиж байна вэ, гар урлалаас эхлээд жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж буй хүмүүс олон шүү дээ?

-Бид энэ хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж ажиллаж байна. Энэ жил нэг тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 500 сая төгрөг нь эзэндээ очсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн үүсгэн байгуулсан, эсвэл нийт ажиллагсдын 50-иас доошгүй хувь нь хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилладаг аж ахуйн нэгжид төслийн тендер зарладаг. Энэ тендер нь хавар, намартаа нэг зарлагддаг. Одоо намрын тендер зарлагдаад явж байна. Энэ тендерт ялвал хүүгүй, барьцаагүй 20 хүртэлх сая төгрөгийн эргэн төлөлттэй зээл олгодог. Энэ тухай хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цахим хаягаараа түгээж хүмүүст хүргэж байна. Иргэд ч идэвхтэй оролцож байна. Мөн аймаг, дүүргээр дамжуулж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувиараа хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж таван сая хүртэлх төгрөгийн зээлийг барьцаагүй олгож эхэлсэн. Үүний 50 хувь нь эргэн төлнө, 50 хувь нь буцалтгүй маягаар олгоно. Аймаг, дүүргийнхээ Хөдөмөр, халамжийн үйлчилгээний газарт хандаад хүсэлтээ өгч болно.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хувиараа хөдөлмөр эрхлэхдээ ихэвчлэн ямар төрөлд хүч үзэж байна вэ?

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ихэвчлэн дээл хувцас урлах, шүр сувдан гоёл хийх, даавуун уут оёх зэргээр гар урлал хийдэг л дээ. Гэхдээ нэр төрөл нь хязгаарлагдмал байдаг учраас зах зээлд борлуулалт муу байдаг.  Ялангуяа ковидын үед борлуулалт эрс муудсан. Тийм учраас ковидын үеийн мэдрэмжтэй бизнесийг хөгжүүлэх нь чухал болоод байна. Үүнийг сургалт хийх замаар өөрчлөх боломжтой. Жишээ нь, иргэд ковидын үед хэрэглээгээ танаж дээл хувцас гэхээсээ илүү хоол хүнсэндээ илүү анхаарч байна шүү дээ. Тиймээс эрэлттэй бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд анхаарч, сургалт явуулах нь хамгийн зөв арга болж байна.

Нэг зүйлийг дурдахад 2000-аад оны эхээр шүр сувдан гар урлал, эсгийн урлалыг хөгжлийн бэрхшээлтэй иргэд анх санаачилж суралцаж хийж байсан. Үүнээс санаа авч иргэд энэ бизнесийг хөгжүүлээд явсан учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боломж хумигдсан л даа. Тэгэхээр бид өөрсдийн брэндийг оюуны өмчөөр баталгаажуулах хэрэгтэй юм байна гэдгийг сургалт болгоноороо хэлээд байгаа. Патентаа авсан байхад бизнесээ булаалгахгүй шүү дээ.

-Ковидын үед ажилгүйдэл хаа сайгүй газар авч, олон аж ахуйн нэгж үүдээ барьсан шүү дээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрыг хадгалах тал дээр хэрхэн анхаарч ажилласан бэ?

-Ноднин арваннэгдүгээр сараас хойш цар тахлын улмаас гурван удаа хөл хорьсон. Энэ үед зээл авсан, түрээсээ төлж чадахгүйд хүрсэн 150 ажлын байрыг хадгалах дэмжлэг үзүүлсэн. Зарим аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа эхлээд зургаан сар хүрээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй зэргээс шалтгаалаад энэ дэмжлэгт орж чадаагүй. Энэ дэмжлэгийн нэг нь аж ахуйн нэгжүүдийн түрээснээс нийслэлд сард 250 мянган төгрөг, аймаг орон нутагт сард 200 мянган төгрөгийг олгосон байна. Мөн тухайн байгууллагад хөгжлийн бэрхшээлтэй дөрвөөс доош ажилтантай бол өдрийн 10 мянган төгрөг,  дөрвөөс дээш ажилтантай бол өдрийн 30 мянган төгрөгийн цалин урамшууллыг нь төрөөс олгосон байна. Энэ дэмжлэгт “Бэст массаж” төв маш сайн хамрагдсан. Учир нь харааны бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангаж, нийгмийн даатгалыг нь төлөөд явдаг. Зээл, дэмжлэгт хамрагдахыг хүсвэл албан ёсны тамга тэмдэг, бичиг баримттай болохыг бидний зүгээс шаардаж байгаа.

-Орон нутагт амьдарч буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд юм юмнаас хоцрох гээд байдаг талтай. Тэд нутаг орондоо чухам юу хийвэл оновчтой, өөрт болон бусдад өгөөжтэй байх бол?

-Орон нутагт гар урлал хийлээ гэхэд худалдаж авах зах зээл хумигдмал байдаг. Тийм учраас бусад орноос жишээ авч хөгжих хэрэгтэй. Орон нутагт буй иргэд гурван жил мод тарьж арчилж ургуулаад, түүнийгээ улсдаа худалдах боломж бий. “Нэг тэрбум” мод гээд яриад л байна шүү дээ. Хятад улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг цөлжилттэй тэмцэх болон газар тариалангийн ажил хөдөлмөр эрхэлбэл усалгаа, хүлэмж, багаж хэрэгслийг нь үнэгүй өгдөг. Мод нь ургаад ирвэл модыг нь худалдаж авдаг, ногоо нь ургаад ирвэл ногоог нь худалдаж авдаг. Тэр мөнгөнийхөө 70 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөөд, 30 хувийг санд нь хийчихдэг байна. Тэр санд нь үндэслэж байрны урьдчилгаа болгож, урт хугацааны байрны зээл олгодог. Төр нь дэмждэг шигээ өндөр хариуцлага иргэдээсээ нэхэж мод нь ургахгүй, ногоо нь ургахгүй бол үнэгүй өгсөн бүх зүйлийнхээ үнийг төлүүлдэг. Аж үйлдвэрийн хөгжлийг гайхалтай хөгжүүлж жилд хэдэн сая иргэнээ ядуурлаас гаргаж чадаж байна шүү дээ. Энэ жишээнээс хэрэгжүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хөнгөлөлттэй зээл олгож жимс ногоог нь худалдаж аваад амьдрал ахуйд нь нэмэр болох хэрэгтэй л байгаа юм.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийх ажлын төрөл зүйл нь хязгаарлагдмал байх шиг.  Амжилттай яваа хүмүүсийн жишээнээс дурдахад?

-Манай иргэд хувьдаа компани байгуулаад жилийн хэдэн сая төгрөгний эргэлттэй явж байгаа хүмүүс олон бий. Хараагүй иргэд Нийгмийн даатгалын лавлах, “Мобиком”-ын оператор, “Ард” санхүүгийн нэгдэлд оператор гээд салбар бүрд амжилттай ажиллаж байна. “ЖАЙКА”-ийн төслөөр ажлын дадлагажуулагчдыг олноор бэлдээд  өгчихвөл ажлын байр хэд дахин нэмэгдэх боломжтой.

-Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөл, насны ангиалал, хөдөлмөр эрхлэлтийн нэгдсэн мэдээллийн сан дутмаг байдаг. Хэрэв энэ мэдээлэл тодорхой болчихвол хийх ажлын төлөвлөгөө ойлгомжтой байна байх?

-Энэ жилээс судалгаа явуулж нэгдсэн тоон мэдээтэй системд шилжихээр ажиллаж байна. Энэ системд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүнд, хөнгөн хэлбэртэй нь хэд байгаа юм, хэдээс хэдэн насныхан ажилтай байгаа юм,  ямар төрлийн хүмүүс нь ямар ажил хийж байгаа юм гээд дэлгэрэнгүй мэдээлэлтэй болох юм. Мөн түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байгаа газар нь хэд байгаа юм, түүний хэдэн хувьд нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллаж байгаа вэ гэдэг нэгдсэн мэдээллийг оруулж өгнө.

-Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй гэхээр л бие махбод талаас нь хараад байдаг. Гэтэл сэтгэц, оюуны бэрхшээлтэй иргэдийг ажлын байранд шаардлага хангахгүй гэж үзээд “цоожтой” хаалганы цаана үлдээчихдэг. Эдгээр иргэдийн эрх ашиг, нийгмийн оролцоонд хэрхэн анхаарч байна вэ?

-Маш чухал асуудал хөндөж байна. Энэ асуудал манай улсад маш эмзэг байгаа. Оюун сэтгэцийн хувьд бэрхшээлтэй иргэдийг дадлагажуулж сургаад ажлын байртай болгосон жишээ гаднын оронд маш их бий. Жишээ нь, тэд нэг үйлдлийг давтамжтай хийдэг ажлыг дор нь сурчихна. Савлагаа, боолт, шошго наалт, зөөх гээд л биед хялбар ажлуудыг өлхөн хийчихнэ. Сэтгэц, оюуны бэрхшээлтэй иргэнийг супермаркетад бараа өрдөг ажил хийлгэхэд маш хурдан сурч, маш үнэнч ажиллаж байсан гэдэг. Тэр ч бүү хэл дэлгүүрийн эзэн дахиад дөрвөн хүн нэмж авах хүсэлтээ ирүүлсэн гэж байгаа. Жирийн хүмүүс их олон асуудал гаргадаг юм байна л даа. Архи уух, ажил таслах, цалин голох, хэл ам татлах гээд л. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй иргэд эвдрээгүй зан ааштай, үнэнч тууштай байдгаараа давуу талтай. Манайд дауны хам шинжтэй хүмүүсийг ажилд зуучлаад эхэлсэн шүү дээ.

-Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил хөдөлмөр хийхийг эрмэлздэг ч гэр бүлийнх нь гишүүд нааш, цааш зөөхөөс төвөгшөөх зэргээр хүсэл сонирхлыг нь хааж боох, ойлгохгүй байх, нийгмээс тусгаарлах хандлага ажиглагддаг. Тэгэхээр гэр бүлийн гишүүдэд чиглэсэн сургалт зөвлөгөө хэр өгдөг вэ

-Гэр бүлийнхэнд нь сургалт хийдэг. Нэг удаа сургалт явуулаад үр дүнд хүрэхгүй л дээ. Гурав болон түүнээс дээш судаа сургалт явуулж ойлгуулсны эцэст өөрчлөлт гардаг. Гэрээсээ гараад нийгэм дунд амжилттай яваа хүмүүсийн жишээг харуулахад илүү хүнд хүрдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажил төрөлтэй болоод, бие даагаад нийгэмд ороод, цалин мөнгөтэй болоод ирэхээр гэрийнхэн нь үнэлж, ойлгож эхэлдэг. Гэр бүлийнхэнд нь хандаж хэлэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн нийгэмшихэд суурь боловсрол чухал. Тэдний 60 хувь нь сургуульд явж байгаа бол 40 хувь нь гэртээ л сууж байна. Ажил хөдөлмөрийн зах зээлд гараад амжилттай явахад боловсрол маш чухал байдаг шүү. Эцэг, эхчүүд боловсролоос нь эхлээд анхаарч, ирээдүйд ажил хөдөлмөртэй болоход нь туслах дэмжих хэрэгтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top