С.Пүрэвжав: “Петрочайна дачин тамсаг”-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө хангалтгүй үнэлэгдсэн

Автор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 09

Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн газрын тосны олборлолт явуулж буй “Петрочайна дачин тамсаг” компанийн ерөнхийлөгч Жан Хун фуг байгаль орчны эсрэг гэмт хэрэг үйлдэж, холбогдох хууль тогтоомжуудыг удаа дараа зөрчсөн гэдэг үндэслэлээр хууль хяналтын байгууллагад ханджээ. Тэрбээр “Петрочайна дачин тамсаг” компанийн ус ашиглах гэрээ байгуулалгүй, гүний усны хэрэглээгээ огцом нэмэгдүүлсэн.

Тус компани өмнөх жилүүдэд нэг литр газрын тос олборлохын тулд нэг литр газрын гүний ус ашигладаг байсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар нэг литр тосыг 3.5 литр усаар олборлох болсон. Мөн олон жилийн турш шороо замаар тосны тээвэр хийж, Мэнэнгийн талын хөрсийг сүйдэлж буй талаар мэдэгдсэн юм. АМГТГ-ын Газрын тосны ашиглалтын хэлтсийн дарга С.Пүрэвжавтай “Петрочайна дачин тамсаг” компанийн үйл ажиллагааны эргэн тойронд  ярилцлаа.


-Дорнод аймагт газрын тосны олборлолт явуулж буй “Петрочайна дачин тамсаг” компанийн ус ашиглалт нэмэгд­сэн талаар Засаг дарга М.Бадам­сүрэн мэдээлээд байна. 

-Олон улсад ашиглаж байгаа технологиудын нэг. Техно­логийн хувьд хэрхэн яаж сонгож байна гэхээр чулуулгийн шинэ чанараасаа шалтгаалж байгаа. Газрын тосны XIX, XXI талбайн бүтцэд тохируулан цооног өрөмдөж, давхаргын даралт үүсгэхийн тулд ус шахдаг технологи ашиглаж байна. Энэ бол дэлхий нийтэд нийтлэг хэрэглэж буй технологи. Өөрөөр хэлбэл, газрын тосны нэг цооногийг дөрвөн талаас нь жигд ус шахаж олборлодог. Гурван жилийн өмнөөс химийн бодис ашиглаж, тосны гадаргуугийн таталцлын хүчийг багасгах туршилтыг хэд хэдэн цооногт хийлгэсэн.

Бидний зүгээс тэр судалгааны үр дүнд суурилж, орд ашиглах төлөвлөгөөнд дахин тодотгол хийнэ. Ус ашиглалт үүнээс хамаарна. Мэдээж, ус ашиглалтын хэмжээг хамгийн бага хэмжээнд байлгах хэмжээнд газар дээр нь хяналт тавьдаг. Хяналтаар нэг тос олборлохын тулд хоёр ус ашиглах тооцоо гарч байгаа. Энэ жилийн хувьд ус, тосны харьцаа нэмэгдсэн. Яагаад гэхээр КОВИД-19 цар тахлаас шалтгаалаад удаа дараа үйл ажиллагаагаа зогсоосон. Үйл ажиллагаа тасалдсан хугацаа нийтдээ 3-4 сар болно. Экспорт зогсох бүрд олборлолт явуулдаг ус шахалтаа хааж болдоггүй. Давхаргын даралтаа зогсоочихвол, түүнээс ч их хэмжээний ус хэрэглэх шаардлага үүсдэг.

Даралтын хэмжээгээ тодорхой хэмжээнд нь барихын тулд олборлолт явуулаагүй ч байсан ус шахахаас өөр аргагүй байдалд хүрсэн. Олборлолт хийгээгүй хугацаанд ч ус шахалтын үйл ажиллагаа явж байсан гэсэн үг. Тэгэхээр энэ жилийн тос олборлолтын хэмжээгээ ашигласан устайгаа харьцуулж үзэхэд яахын аргагүй 3.5 тонн гэсэн тооцоо гараад байгаа.  

-“Петрочайна дачин тамсаг” компани байгаль орчин сүйтгэхгүйн тулд газрын тос тээврийн замаа олон жилийн турш хойшлуулсан гэдэг мэдээллийн орон нутгийн удирдлагаас өгсөн. Зам  барих ажил яагаад удаашрав. Компанийн зүгээс үүнийг ч мөн цар тахалтай холбон тайлбарласан байна лээ. Үүнд та бүхний зүгээс ямар хяналт тавив?

-Байгаль орчны тухай болон холбогдох хууль дүрмээ биелүүлэх нь тухайн аж ахуйн нэгжийн үүрэг мөн. Газрын тосны XIX, XXI талбай гэлтгүй уул уурхайн салбар бүхэлдээ хуарангийн байдалтай үйл ажиллагаа явуулж байгаа. Оны эхэнд экспорт хийж байгаа уул уурхайн компаниудын үйл ажиллагааны талбайг “ногоон бүс” болгох салбарын сайдын тушаал гарсан.  Хатуу чанд халдвар хамгааллын дэглэм сахиж эхэлсэн.  Ажилчдаас бусад хүнийг талбар руу нэвт­рүүлэхийг хориглосон. Талбай дээр цар тахлын тохиол­дол бүртгэгдэхэд Хятадын талаас экспортын тээврийг зогсоож байгаа учраас ийм арга хэмжээ авсан.

Өнөөдрийг хүртэл газрын тосны XIX, XXI талбай яг ийм дэглэмээр ажиллаж байна. Талбай дээр манай агентлагийн мэргэжилтнүүд өдөр тутмын хяналт тавьж ажилладаг. Манай ажилчид хүртэл Улаанбаатар хотод шинжилгээ өгөөд, талбай дээр долоо хоног тусгаарлалт байдаг. Одоогийн байдлаар нэгдсэн кемп дээр монгол ажилчин 120,  80 орчим хятад ажилчин байгаа. Хятад ажилчдын хувьд кемпээсээ гаралгүй жил гаруй болж байна. ГАрсан тохиолдолд тодор­хой чиглэлийн дагуу цооног дээр очиж ажилладаг. Монгол ажилчид хөл дэглэм чанга байхад зургаан орчмын хугацаанд байрласан. Тэдгээр бусад буюу туслан гүйцэтгэгч компанийн ажилчдыг талбай дээр очуулаагүй.

Энэ утгаараа туслан гүйцэтгэгч  ажилчдын кемпүүдэд өвчин гарсан болохоос гол кемпэд гараагүй. Гэтэл одоо нөхцөл байдал бүр хүндэрсэн. Өвөрмонголд байдал хүндэрсэнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн Бичигтийн боомт хаагдаад, сар гаруй болж байна. Дорнод аймгийн Баянхошууны боомт эрсдэлтэй байгаа. Цар тахлын нөхцөл байдал ийм байгаа.

-“Петрочайна дачин тамсаг” компани замаа тавих ямар ч боломжгүй  гэсэн үг үү?

-Замын далангийн ажил 100 хувь дууссан. Одоо хучилтын ажил дутуу байна. XIX талбайгаас    Баянхошууны боомт хүртэлх хатуу хучилттай зам бүрэн холбогдсон. XXI талбайг төв зам руу холбох 60 орчим км зам дутуу байгаа. Уг замын ажлыг 2019 онд хийх байсан компани хоорондоо санхүүгийн асуудал үүссэн гэж тайлбарладаг. “Петрочайна дачин тамсаг” компани энэ асуудлаа хариуцаж, арван­хоёрдугаар сар гэхэд цэгцлэх ёстой. Нийт 48 см зузаантай хучилттай явах ёстой. Үүнд ашиглах цементийг Баян­хошууны боомтоор оруулна гэж тооцсон.

Гэтэл татвар болон бусад асуудалтай холбоотойгоор цементийн үнэ өссөн гэсэн. Энэ мэт асуудал гарсан.  Замын ажил үндсэндээ удаашралтай байсныг хүлээн зөвшөөрнө. Замыг бүхэлд нь ирэх оны наймдугаар сар гэхэд хүлээлгээд өгчих байх. 

-Баянхошууны боомтын тээвэр зөвхөн хойшоо гарч байгаа чиглэл. Урагшаа Бичигт чиглэл рүү хатуу хучилттай замаар тээвэр хийх ёстой биз дээ?

-Бичигт чиглэлд 130 орчим сайжруулсан шороон замаар тээвэр хийдэг. Бид өнгөрсөн 2020 онд “Петрочайна дачин тамсаг” компанийн тухайн жилийн хийх ажлын төлөвлөгөөнд XIX талбайгаас Бичигтийн боомт хүрэх хатуу хучилттай замын зургийн ажлыг хийхээр тусгасан. Харамсалтай нь Хятадын талаас хяналт тавь­даг ажилчид нь орж ирж чадаагүй. Манай агентлагийн зүгээс үүнийг байнга шахаж шаардаж байгаа.    

-Олборлолт, экспортын төлөвлөгөө ямар хэмжээнд яваа вэ. Ялангуяа, зах зээл дээр газрын тосны ханш сайн байгаа энэ үед?  

-Төсвийн тухай хуулиар газрын тосны орлогын хэмжээг 183 тэрбум төгрөгөөс 213 болж нэмэгдүүлсэн. Өөрөөр хэлбэл, 812 мянган тонн газрын тос олборлоно гэсэн үг. Одоогоор төлөвлөгөө 542 мянган тонн тос экспортолсон биелэлттэй явж байна. Төлөвлөгөөний биелэлт 67 хувьтай явж байна. Тосны экспорт он дуустал зогсохгүй явсан тохиолдолд 90-94 хувьтай гарах болов уу гэсэн тооцоолол байгаа.

Экспорт бие хэмжээндээ хүрэхгүй ч дэлхийн зах зээл дээр газрын тосны ханш өндөр байгаа гэдэг шалтгаанаар төсвийн орлогод тусгасан хэмжээндээ хүрнэ. Олборлолт хэвийн явж байх үед өдөрт Баянхошуу, Бичигтийн боомтуудаар тус 40, 40 машинаар экспорт хийдэг байсан. Гэтэл өнөөдөр зөвхөн Баянхошууны боомтоор 20-30 машин гаргаж байгаа. Экспортын хэмжээндээ тааруулж, олборлолтоо танахаас өөр аргагүй болсон.     

-Ер нь “Петрочайна дачин тамсаг” компанийн талаар асуудлыг орон нутаг болон иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс олон жилийн турш гаргаж тавьж байна. Танайд энэ талаараа санал, хүсэлт ирүүлсэн байдаг байх?

-Байгаль орчны менеж­ментийн 2020 оны төлөвлөгөөг үнэлэх ажлаас өнөөгийн яригдаад байгаа асуудлууд үүссэн. “Петрочайна дачин тамсаг” компанийн Байгаль орчны менежментийн төлөв­лөгөө хангалтгүй үнэлэгдсэн. Журмаараа 90-ээс дээш оноогоор үнэлэгдэж байж батлагдах ёстой. Гэтэл газрын тосны XIX, XXI талбай 2020 оны Байгаль орчин, менежментийн төлөвлөгөө 45 болон 54 гэсэн оноогоор үнэлэгдсэн. Өөрөөр хэлбэл, тодорхой шалгууртаа хүрээгүй. Үнэлгээний ажил 2021 оны гуравдугаар сард хийгдсэн. Тухайн үед Дор­нод аймгаас дутуу хийсэн ажлуу­дыг гүйцээж хийлгэх албан тоотыг “Петрочайна дачин тамсаг” компанид өгсөн. Ашигт малтмал, газрын тосны газраас ч анхааруулсан. Хэд хэдэн удаагийн уулзалт зохион байгуулсан. Тэр үед байгаль орчны нөхөн сэргээлттэй холбоотой асуудлыг туслан гүйцэтгэгч компаниуд “Бид хийнэ” гэж явсаар ирсэн. Аж ахуйн нэгж Байгаль орчинтой холбоотой ямар нэгэн асуудлыг бүрэн хийх ёстой. Энэ асуудлыг компанитай ярилцаад явж байна. Байгаль орчны, менежментийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг бүхэл бүтэн жилийн дараа ярьсаар байгаа нь “Петрочайна дачин тамсаг” компанийн буруу. 

-Орон нутгийн зүгээс “Петрочайна дачин тамсаг” компанийг ус ашиглах гэрээ, хийх ажлын төлөвлөгөө гэх мэт ямар ч бичиг баримтын бүрдэлгүй олон жилийн турш үйл ажиллагаа явуулж байгааг шүүмжилж байгаа шүү дээ. Тэдгээрийг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газрууд хянах ёстой биз дээ? 

-Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалд 2019 оны аравдугаар сард өөрчлөлт орсон байдаг. Тушаалыг нь харвал, Байгаль орчны менежментийн төлөв­лөгөөний оноо 80 байхыг 90 болгож нэмэгдүүлсэн. Гэхдээ асуудлын гол нь 80, 90 гэдэг тоондоо биш. Үүнээс өмнө тавьсан шаардлагад төлөвлөгөөний гүйцэтгэлүүд нийцэж, дараа оных нь төлөв­лөгөөг цаг тухайд баталж ирсэн. Энэ асуудал өнгөрсөн нэг жилд үүсчхээд байгаа.  

-“Петрочайна дачин тамсаг” компанийн анхны бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулагдаад бараг 30 орчим жил болж байгаа. Одоо үүсээд байгаа байгаль орчны асуудал, орон нутагт зам тавих компанийн нийгмийн хариуцлага зэргийг тухайн үеийн гэрээнд тусгасан байдаггүй юу?

-Ёстой 30 жилийн өмнөх гэрээ учраас байгаль орчин, зам барих гэх мэт асуудлыг нарийвчилж тусгаагүй байсан. Нарийвчилж тусгахдаа тухайн төлөвлөгөөнд нь тусгаж ирсэн. Манай агентлагийн хувьд байгаль орчны нөхөн сэргээлтэд хэдийг зарцуулах зэрэг ерөнхий тоо хэмжээг “Петрочайна дачин тамсаг” компанитай хамтран баталдаг. Хоёр жилийн өмнөөс хөтөлбөрт  төсвийг батлахдаа орон нутгаас санал авч эхэлсэн. Замын ажлууд үүний дагуу явж ирсэн. “Петрочайна дачин тамсаг” компани хатуу хучилттай зам дээр батлагдсан төсөв төлөвлөгөөгөө биелүүлээгүй асуудал гарсан. Байгаль орчны хувьд компанийн дотоод зохион байгуулалтын алдаа байсан гэж харж байгаа.

-Газрын тосны XIX, XXI талбайн батлагдсан нөөцийн хэмжээ хэдэн сая тонн вэ. Бүтээгдэхүүн хуваах гэрээ­ний хугацаа хэзээ дуусах вэ. Цаашид хэдэн жил тогтвортой ашиг­лана гэж тооцож байгаа вэ?

-Одоогоор 43 сая тонн ашиглалтын нөөц байгаа. Үүнээс есөн сая тонныг нь ашигласан байна. Хэдэн жил ашиглахын тухайд орд ашиглалтын төлөв­лөгөөг шинэчилсэн тохиолдолд тогтооно. Газрын тосны ордыг хүчилж ашиглах боломжгүй. Харин тогтвортой жигд байдлаар урт хугацаанд олборлолт явуулах боломжтой. Өнгөрсөн жилүүдийн дунджийг аваад үзэхэд, жилд 800 мянган тонноос 1.2 сая тонн газрын тос олборлож ирсэн. Хамгийн сүүлд 2012 онд орд ашиглалтын төлөвлөгөөг шинэчилсэн. Тухайн үеэс нөхцөл байдалд томоохон өөрчлөлт гарсан болсон. Тиймээс орд ашиг­лалтын төлөвлөгөөг ойрын хугацаанд шинэчилж, Эрдэс баялгийн мэргэжлийн зөв­­лөлөөр батлуулна. Бүтээг­дэхүүн гэрээний хугацаа 2030 онд дуусах хуваарьтай байгаа. Түүнээс цааш таван жилээр хоёр удаа сунгах боломжтой.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Erdenet(202.131.243.186) 2021 оны 11 сарын 09

Мэнэнгий үзэсгэлэнт тал нутгийн эко систем үндсэндээ устсан. Үндсэндээ Хятдууд үнэхээр сэтгэлгүй, хариуцлагагүйгээр олон зам гаргасан. Хавь орчны халиурсан өвс ногоо нь халцгай тал, амьтан ургамал гэж байхгүй болсон. бидний багад зах нь харагдаххгүй ногоон талд зээр гөрөөс нь мянгаараа бэлчдэг байсан. Ядаж тэр олон зам үнэхээр аймаар... Яамны хүн яг л Дачин тамсагын ажилтан шиг хандлага энэ ярилцлагаас уншигдаад байх юм.

0  |  0
Top