Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Улсын хэмжээнд өргөн хэрэглээний зарим бараа бүтээгдэхүүн, эм тариа хүртэл хомсдож, үнийн өсөлт нь иргэдийн амьдралд “дарамт” болж байна. Таны бодлоор өнөөдөр нөхцөл байдал ямар түвшинд хүрсэн бэ?
-БНХАУ, ОХУ-ын талаас хил тодорхой хугацаанд хаалттай байна. Үүнээс шалтгаалж бараа бүтээгдэхүүний татан авалт хийгдэхгүй байгаагаас хомсдол үүслээ. Нийлүүлэлт багассан, эрэлт ихэссэн. Зөвхөн тодорхой тээврийн хэрэгслүүдийн орох, гарах хөдөлгөөнийг нээж дугаарлан хилээр нэвтрүүлж буй нь тээврийн үнийг өсгөж, тэр хэрээр бүтээгдэхүүний үнэ нэмэгдлээ. Монгол Улсад хөргүүртэй вагон байдаггүй. Хятадын талтай ярилцаж 30 орчим хөргүүртэй вагоны асуудлыг шийдвэрлэж байгаа шүү дээ. Хүнс ялангуяа нарийн ногоог зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлээгүйн улмаас муудах асуудал үүснэ. Тээврийн энэ мэт асуудлаас үүдсэн үнийн өсөлт байна. Үүнээс бус хоёр хөршийн талаас бараа бүтээгдэхүүний үнийг өсгөөгүй.
-Танай агентлагийг үнийг тогтвортой байлгах талаас нь хяналт тавих чиг үүрэгтэй гэж ойлгож байна. Энэ тал дээр сүүлийн үед тусгайлсан хяналт шалгалт хийж, хариуцлага тооцох арга хэмжээ авсан уу?
-Манай агентлаг одоо шалгалт хийхгүй байна. Хэрвээ шалгалт хийгээд торгуулийн арга хэмжээ аваад эхэлбэл бараа бүтээгдэхүүнүүд 100 хувь лангуун дээрээс устана гэж ойлго. Өндөр өртөгтэй тээвэрлэж оруулж ирсэн бараагаа зарсныхаа төлөө 10-20 сая төгрөгөөр торгуулна гэвэл ямар ч аж ахуйн нэгж бизнес эрхлэх боломжгүй болно. Саяхан шатахууны үнийг төрөөс барьсантай холбоотойгоор шатахууны хомсдол үүслээ.
Энэ хомсдолоос одоо хүртэл гарч чадахгүй байна. Тухайлбал, өнөөдөр /өчигдөр/ Эрдэнэт хотод тодорхой хэмжээний шатахууны хомсдол үүсээд хязгаарлалт хийсэн сурагтай байна. Тиймээс юун түрүүнд бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг хэрхэн сайжруулах вэ гэдгийг төр засгийн хэмжээнд ярьж шийдвэрлэх ёстой. Үнэ тариф дараагийн асуудал. Нийлүүлэлт сайжирснаар үнийн асуудал шийдэгдэнэ.
-Танайхаас хамгийн сүүлд ямар шалгалт явуулсан юм бэ. Гэнэт юмны үнэ нэмэгдэж байгаа нь ард түмний амьдралд хүндээр нөлөөлж байна л даа. Энэ асуудалд хариуцлагыг хэн хүлээх вэ. Шалгалт ч болсон явуулж арга хэмжээ тооцох уу?
-Улсын Онцгой комиссын 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаар тушаал, Засгийн газрын 2020 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн 78 дугаар тогтоолоор иргэдийн хөдөлгөөнийг хязгаарласан буюу хатуу хөл хорио тавьсан хугацаанд бид хяналт шалгалт хийнэ. Хамгийн сүүлийн шалгалт дөрөвдүгээр сарын 9-нөөс тавдугаар сарын 3-ны хатуу хөл хорионы хугацаанд хийгдсэн. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл огт шалгалт хийгээгүй. Шалгалт хийх боломж ч алга. Яагаад гэхээр түрүүнд хэлсэн нийлүүлэлтээс шалтгаалсан нөхцөл байдал үүссэн байна. Зорчих хөдөлгөөнийг хязгаарласан хатуу хөл хорионы үед иргэд хүнсээ сонгож авах нь хязгаарлагдмал болдог.
Худалдан авалт хийх ийм сонголтгүй үед тухайн дэлгүүр, худалдааны төв үгсэн хуйвалдаж үнэ тохирох асуудал гардаг. Тэдгээр асуудлыг шийдэх үүднээс шалгалт хийсэн. Тухайлбал, хатуу хөл хорионы үед хэдэн дэлгүүр өндөгний үнээ 500 төгрөгөөр зарахаар тохирч үгсэн хуйвалдаж үнэ нэмсэн асуудал гарч байсан. Учир нь тэр хавийн иргэд өөр дэлгүүр, зах руу явж чадахгүй. Иргэд юмны үнэ хэдтэй байгааг мэдэхгүй гэдэг утгаар үнээ нэмсэн. Мөн тухайн үед “Хүчит шонхор” захаас 8000 төгрөгөөр авсан махыг 16 мянган төгрөгөөр зарж байсан газруудад хэрэглэгчийг төөрөгдүүлсэн хэмээн торгуулийн арга хэмжээ авч байсан.
Харин өнөөдөр хатуу хөл хорио тогтоож, иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлаагүй, тухайн иргэнд сонголт хийх эрх нь байгаа учраас шалгалт хийхгүй байгаа юм. Тухайлбал, “Жин туул” компанийн гурилан бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн асуудалд хандахдаа тэр бүтээгдэхүүнийг заавал худалдаж авах шаардлагагүй. Үнэтэй бараа бүтээгдэхүүнээс татгалзаж, өөр ижил төстэй бараа бүтээгдэхүүн сонгох боломж энгийн цаг үед бүрэн байна.
-Гэхдээ өнөөдөр иргэдэд сонголт хийх боломж нь хомсдож, хямд бараа бүтээгдэхүүн олдох нь өөрөө асуудалтай боллоо. Энэ тохиолдолд агентлагт гомдол хэлж асуудлаа шийдүүлж болох уу?
-Монгол Улсад өнөөдөр 798 хууль, 2101 УИХ-ын тогтоол, 2198 захиргааны хэм хэмжээний акт байна. Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бүх хууль, тогтоол, захиргааны хэм хэмжээний актууд дотор үнэ тогтоох тухайд хууль байхгүй. Цар тахлын улмаас хил хаасан асуудал юмны үнэ нэмэгдэх нэг шалтгаан бол нөгөө талд дэлхий даяараа тээврийн үнийн өсөлт тулгамдсан. Хамгийн сүүлд далайн тээвэр багадаа 40 орчим хувиар өслөө гэж байна. Энэ болгон бараа бүтээгдэхүүний үнэд шингэж байгаа учраас үнэ нэмэгдэхээс аргагүйг бас ойлгох хэрэгтэй. Өрсөлдөөний тухай хуульд онцгой байдлын үед үнийн дээд хязгаарыг Засгийн газрын хуралдаанаар тогтоож болох тухай заалт байдаг. Энэ заалтаар авч үзвэл Монгол Улс өнөөдөр онц байдал тогтоох хэмжээнд очоогүй байна. Дархан-Уул аймаг 2020 оны арваннэгдүгээр сард цар тахлын тархалт ихсэж нэг удаа үнийн дээд босгыг манай байгууллагатай зөвшилцөж долоо хоногийн хугацаанд тогтоож байсан.
Гэхдээ үнийн дээд босгыг тогтооход бараа бүтээгдэхүүний үнийг тэр тогтоосон хязгаар хүртэл тулгадаг нэг сөрөг тал бий. Жишээлбэл, 5000 төгрөгөөр дээд үнэ тогтооход 3500 төгрөгөөр худалдаалж байсан бүтээгдэхүүн шууд 5000 болох эрсдэлтэй. Нөгөө талдаа доод үнэ тогтоодог. Жишээлбэл, 2020 оны арваннэгдүгээр сард нөөцийн мах гаргахаас өөр аргагүйд хүрсэн. Улаанбаатар руу орох урсгалыг хязгаарлаад эхлэхээр идэш болон хүнсний худалдаа аймаг, хотын хооронд явагдахгүйн улмаас нөөцийн хомсдол үүссэн. Энэ үед нөөцийн мах гаргаж махны үнэд зохицуулалт хийсэн. Ерөөсөө үнэ тогтоох гэдэг зүйл төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед байсан. 1990 оноос хойш чөлөөт зах зээлийн эдийн засаг руу шилжсэнээс хойш Монгол Улсад үнэ тогтоох нэг ч хууль эрх зүйн орчин байгаагүй. Хатуу хөл хорионы үед л үнэд зохицуулалт хийх арга замууд байсан.
-Тэгвэл үнэ тогтоох хууль, эрх зүйн орчин шаардлагатай юу. Үнийн өсөлтийг яаж тогтворжуулах нь зүйтэй вэ?
-Монгол Улсад үнэ тогтоох хууль, эрх зүйн орчин шаардлагагүй. Үнэ тогтоовол социализмын үе рүү л орно гэсэн үг. Харин дотооддоо хүнсний бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх зайлшгүй хэрэгцээ үүслээ. Ялангуяа мал аж ахуйтай холбоотой экспортод гаргах бүтээгдэхүүнээ дэмжих ёстой. Экспорт, импортын тэнцвэрийг хангах хэрэгтэй. Гэтэл Монгол Улс таван хувиа үйлдвэрлэж, 95 хувийн хүнс бараагаа гадаадаас авч байна. Мөн өнөөдөр бараа бүтээгдэхүүний татан авалтуудаа шуурхай зохион байгуулах хэрэгтэй.
Үнийн өсөлтийг зохицуулж байгаа нэг жишээг Баян-Өлгий аймаг дээр авч үзье. Бараа бүтээгдэхүүнийг зарж байгаа худалдаа эрхлэгчидтэйгээ аймгийн удирдлагууд тохирч, бүгдээрээ нийлж бараа бүтээгдэхүүнээ нэг тээврийн хэрэгслээр авчрах, тэр тээврийн хэрэгслийн үнийг өсгөхгүй байх дээр аймгийн Засаг даргын Тамгын газраас арга хэмжээ авахаар болсон байна лээ. Ингэж ажиллахад зохиомол үнийн өсөлтөөс урьдчилан сэргийлэх давуу тал байна.
-Ер нь зохиомол үнийн өсөлт үүсгэхгүй, үнийг тогтвортой байлгахад танай агентлаг арга хэмжээ авах ёстой биш үү?
-Бид чиг үүргийнхээ хүрээнд Өрсөлдөөний тухай хуулиар зөвхөн зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуйн нэгжийг хянадаг. Өөрөөр хэлбэл, зах зээлийн 33.3 хувиас дээш хэсгийг эзэлж байгаа аж ахуйн нэгжүүд хэт өндөр үнийн өсөлт, хэт бага үнийн тариф, ноёлох үйл ажиллагаа гэдгээр Өрсөлдөөний тухай хуулийн 7 дугаар зүйлээр хянадаг. Өөр манай агентлаг дээр үнэ хянах нэг ч хууль эрх зүйн заалт байхгүй ээ. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль дээр тухайн бараа бүтээгдэхүүний үнээс болж хэрэглэгч хохирно гэсэн утгатай заалт байдаггүй. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Засгийн газрын агентлаг буюу хуулийн хэрэгжилт дээр хяналт тавьж ажилладаг газар.
Үнэхээр үнийн хөөрөгдөл, өсөлт даамжирч байгаа тохиолдолд УИХ-аас тодорхой арга хэмжээнүүдийг авч, чиг үүргийн байгууллагууддаа үүрэг ногдуулах ёстой. УИХ-аас үнийн өсөлтийг зогсоохтой холбоотой хууль, эрх зүйн орчныг бүрдүүлсэн тохиолдолд агентлагууд ажлаа хийгээд явна. Үүнээс бид үнийн хяналт тавьдаггүй. Харин Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан хүмүүс байгууллагын чиг үүргийн бус ажлыг хийж байсан үе бий. Олон нийтийн дунд нэр хүнд олох зорилгоор хийж байсан чиг үүргийн бус ажлууд ингээд иргэдийн дунд үлдсэн байна. Миний хувьд хуулиа л хэрэгжүүлэх ёстой гэж үздэг.
-Танай Хэрэглэгчийн мэдээллийн төвд үнийн өсөлттэй холбоотой гомдол санал хэр ирж байна вэ. Сүүлийн үед гомдол ихэссэн үү?
-Хатуу хөл хорионы үед гомдол санал ихэсдэг бол сүүлийн үед гомдол ирэх нь харьцангуй багассан. Энгийн үед хамгийн ихдээ нийт гомдлын 30 орчим хувь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотойгоор орж ирнэ. Дунджаар бол үнийн өсөлттэй холбоотой гомдол мэдээлэл нийт гомдлын 10-15 хувийг эзэлдэг.
-Жишээлбэл, эм тарианы нийлүүлэлт тасарч, эмийн сангууд харилцан адилгүй үнээр борлуулалт хийж байна. Энэ асуудалд ч гэсэн танайхаас шалгалт хийх эрхгүй юм уу?
-Уг асуудлыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар гэж Эрүүл мэндийн яамны харьяа тусдаа агентлагаас асуух хэрэгтэй. Үнэ тарифтай холбоотой асуудалд арбидол, арбивир зэрэг вирусний эмнүүд дээр тус агентлагтай хамтарч нэг удаагийн шалгалт хийж байсан. Энэ тал дээр дангаараа шалгалт хийх эрх зүйн үндэс манай агентлагт байхгүй. Манай агентлаг зөвхөн санал өгөх бол Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газар тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлууд, авах арга хэмжээгээ шийдвэрлэдэг. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар Монгол Улсын бүх юмыг хянаж шалгадаг газар биш. Нийгэмд ил тод мэдээллээ түгээж байгаа учраас манайхаас чиг үүргийн бус ажлуудыг их асуудаг. Бид чиг үүргийн бус ажлаа хийх нь хууль бус шүү дээ.
-Танай агентлагаас сүүлийн үед хэрэгжүүлж байгаа үр дүнд хүрсэн ажлууд юу байна вэ?
-Олон улсын агаарын тээврийн чиглэлийн зах зээлийн судалгаануудыг хийж дуусаж байна. Шинэ машины зах зээлтэй холбоотой судалгаанууд дууслаа. Өрхийн эмнэлгүүдээр Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газартай хамтарсан шалгалтууд хийлээ. Сүүлийн үед манайд хамгийн их ирж байгаа гомдол гэвэл Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд холбогдох суурьшлын бүс буюу Нүхт, Их тэнгэр, Бага тэнгэр, Зайсан, Залаат зэрэг Богдхан уулын тусгай хамгаалалттай газрууд түүнээс үүдсэн хэрэглэгчийн хохиролтой холбоотой асуудлыг хөөцөлдөж байна. Арилжааны банкуудад хяналт шалгалтын үйл ажиллагааг Монголбанктай хамтарч хийх гэж байна.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )