Тайз дэлгэцийн 30 гаруй бүтээлд гол болон туслах дүр бүтээсэн. “Маск” продакшны жүжигчин, “Риакшн” продакшныг үүсгэн байгуулагч Х.Цасчихэртэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
-Оросын нэрт Ф.Достоевский хэмээх зохиолчийн алдарт “Гэм зэм” романаас сэдэвлэсэн постдрамын жүжиг энэ сарын 25-наас тоглогдох гэж байгаа. Таны хувьд энэ жүжигт ямар дүр бүтээж байна вэ?
-Юуны түрүүнд “Өглөөний сонин”-ий уншигчиддаа энэ өдрийн мэндийг хүргэе. Миний хувьд их сургуулиа төгссөнөөс хойш анхны удаа театрын жүжигт дүр бүтээж байна. “Гэм зэм” жүжигт сэтгэл мэдрэлийн эмч Зосимовын дүрд тоглож байгаа. Энэ дүр нь Раскольников хэмээх гол дүрийг сэтгэл зүйн талаас нь гэрчилдэг. Тус жүжигт тоглосноор өөртөө тодорхой хэмжээний шинэчлэлийг хийх болов уу.
-Ямар мэдрэмж төрж байна?
-Мэдрэмж бол төсөөлөшгүй. Маш сонирхолтой. Хошин урлагт тухайн үзүүлбэрийн санааг хэрхэн егөөдөж гаргах тал дээр анхаардаг. Харин постдрам, сонгодог жүжиг нь төрөл зүйлийн хувьд хошин урлагаас тэс өөр. Үүнийгээ дагаад өгөх мэдрэмж нь мөн өөр байдаг.
-Яагаад энэ мэргэжлийг сонгох болсон бэ. Багаасаа жүжигчин болох хүсэлтэй байсан уу?
-Би Монголын хүүхдийн ордны дууны дугуйланг С.Ганчимэг багшийн удирдлага дор төгссөн. Бүр эстрад дууны ангид шалгалт өгч орж байлаа. Мэдээж дуучин л болно гэж боддог байсан. Тэгтэл нэг өдөр “Ер нь дуулдаг юм чинь яагаад жүжигчин болж болохгүй гэж” гээд бодлоо. Тухайн үед бол хүүхдийн л бодол байсан. Тэгээд жүжигчин мэргэжлийг сонгож өдөр ирэх тусам мэргэжилдээ дурлаж байлаа. Дуучин болоогүйдээ харамсаагүй ээ. Дуулах дуртай жүжигчин болсон /инээв/.
-Таныг хошин урлагийн жүжигчин гэдгээр хүмүүс сайн мэдэх байх. “Маск” продакшнд хэзээнээс ажиллаж эхэлсэн бэ?
-“Маск” продакшнд анх 2009 онд шалгалт өгөөд орж байсан. Тухайн үед оюутан байсан болохоор арын албанд ажиллаж байлаа. Гэрэл унтрах үед тайз солих гэх мэт тайзны туслах хийнэ гэсэн үг. Мөн бүжиглэдэг байсан. Ер нь “Маск” продакшнд орж байгаа манай залуучууд эхлээд жүжигчнээр биш бүжигчнээр ордог. Бүжиглэх явцдаа мундаг ах, эгч нараасаа суралцаж, би одоо нэг жижиг дүр дээр гарах хэмжээнд хүрлээ гэсэн үед ах нар маань “Чи энэ дүр дээр ажиллаад үзэх үү” гэдэг. Энэ бол маш том шалгалт.
Хошин урлагийг хүмүүс янз бүрээр л хүлээж авдаг. Урлаг биш, алиалагч гэх хандлагаар ч ярих хүмүүс байдаг. Хошин урлаг ямар ч зохиолгүй ажилладаг. Бид уншсан ном, үзсэн кино, туулсан амьдралаасаа сэдэвлэж үзэгчиддээ уран бүтээлээ хүргэхийг зорьдог. Сүүлийн үед цахим орчин их хөгжиж байна, утасны хэрэглээ ихсэж байна, нийгэмд ийм асуудал тулгамдаад байна, хүмүүс яагаад ядууралд өртөөд байна, улс төрийн тогтолцоо буруу байна уу гэх зэргээр хоорондоо ярилцсаны дүнд номероо бэлтгэдэг. Хамгийн сонирхолтой нь хошин урлагт ингэж яривал хүмүүсийг инээлгэнэ гэсэн текст байдаггүй. Тиймээс тухайн жүжигчин бүх зүйлээ өөрөө бэлтгэнэ гэсэн үг.
Үүнд жүжигчний ажиллагаа шаардагдана л даа. Тиймээс бид хичээж, үзэгчиддээ таалагдах гэж, авсан дүрээ гаргаж ирэхийн тулд үг яриа, үйл хөдлөл бүрд анхаарч, хичээж ажилладаг. Мэдээж алдаж, ононо. Үүнийг үзэгч, хүлээн авагчид маань дотроо тунгааж байгаасай гэж бодож байна. Энэ жүжигчин муухай орилоод, алиалах гэж ядаад байна гэх хандлага байдаг. Алиалагч биш жүжигчин гэдэг талаас нь хараасай. Энэ бүхний цаана асар их хүч хөдөлмөр шингэсэн байдаг шүү гэдгийг үзэгчид маань боддог байгаасай.
-Анхны дүрээ бүтээх тэр мэдрэмж?
-Айдас. Хүн болгон л айдсыг мэдэрдэг байх. Би хамгийн анх “Босго тотго” олон ангит кинонд оюутан байхдаа гол дүр бүтээсэн.Тухайн үед камерны өмнө жүжиглэж байсан учир намайг хүмүүс бага шүүж байсан. Ерөнхий найруулагч, дууны найруулагч, оператор, хамт дүр бүтээж буй жүжигчид л тойрон хүрээлж байлаа. Харин хошин урлагийн тоглолт дээр жүжигчдээс гадна 1200 гаруй хүн өөдөөс хараад сууж байдаг. Тайзан дээр гарахад үзэгчид тэр аяараа харж байгаа нь мэдрэгддэг. Энэ мэдрэмж үнэхээр аймар. Тэр олон хүний өмнө худлаа жүжиглэлт гаргаж мэдрээгүй зүйлээ мэдрүүлэх гэж хичээвэл би жинхэнэ алиалагч болж хувирна шүү дээ. Бэлдсэн текст ч байхгүй. Миний бодлоор энэ үед л тухайн жүжигчнээс жинхэнэ ур чадварыг шаарддаг.
-Жүжигчин мэргэжлийг төгс эзэмшинэ гэж байх уу?
- Нэг удаа “Маск”-ийн Заанаа ах “Би одоо л жүжигчний учрыг олж байна. Гоё мэргэжил шүү” гэж хэлж байсан юм. Тэгэхээр жүжигчин хүн “Би мундаг болчихлоо” гэж хэзээ ч бодож болохгүй. Жүжигчид уран бүтээлээрээ дамжуулж бидний амьдарч буй нийгэмд, хүмүүст тулгарч байгаа асуудлыг үнэнээр нь гаргаж “Нээрээ л энэ зүйлийг өөрчлөх ёстой шүү” гэх бодлыг төрүүлж байх учиртай. Шулуухан хэлэхэд хүн бүхэнд таалагдах ёстой. Ядаж л хүлээн авагчдын 90 хувьд нь хүлээн зөвшөөрөгдөж байж сайн жүжигчин гэх тодотгол руу дөхнө. Харин үлдсэн 10 хувьдаа таалагдах гэж өдөр бүр хичээж, хөдөлмөрлөж байдаг.
-Дэлгэцийн урлаг болон тайзны урлагт дүр бүтээх нь хоорондоо ямар ялгаатай байдаг вэ?
-Кинонд бол найруулагчдаа итгэж ордог. Харин тайзны урлагт өөртөө итгэж орох ёстой. Ялгаа нь энэ.
-Хошин урлаг нэгэн үе хүчээ авч, хүн болгоны сэтгэлд хүрч байсан. Харин одоо уналтад ороод байна уу даа гэж харагддаг. Энэ талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Шинэчлэлт хийх цаг ирсэн. Мэдээж уналтад орсон байгаа. Гэхдээ энэ нь жүжигчдийн ур чадвар муудсан гэхээс илүү нийгэм цаг үе, хүлээн авагчдын сэтгэхүй өөрчлөгдсөнтэй холбоотой. Сүүлийн үед комедиан урлаг хүч түрэн орж ирж байна. Мөн цахим орчин хөгжиж байгаатай холбоотойгоор хүлээн авагчдын сонголт асар өргөн болсон. Үүнийгээ дагаад өрсөлдөөн бий болж байгаа. Бид энэ асуудал дээр хоорондоо ярилцаж, санал бодлоо солилцож байж цаашид илүү сайжирна.
Нэг товч дараад л шийдчихдэг асуудал биш шүү дээ. Мэдээж цаг үеэ дагасан шинэчлэлтийг хамтлаг бүрийн удирдлагууд анхааралдаа авч, жүжигчидтэйгээ ярилцаж, уран бүтээлдээ шингээж байгаа. Энэ нь нэг хэсэг хүмүүст анзаарагдаж, нөгөө хэсэг хүмүүст анзаарагдахгүй. Яагаад гэвэл хүлээн авагчид өөр хоорондоо ялгаатай байна л даа. Аль ч төрлөөр уран бүтээл хийсэн нэг талд нь магтаж, урамшуулах хүмүүс байхын хамт нөгөө талд нь шүүмжлэлтэй хандах хүмүүс ч байж л байдаг.
-Таны хувьд урлагийн салбарт багагүй хугацаа өнгөрүүлж, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулсан байна. Энэ хугацаанд урлагийн ертөнцийн талаарх бодол танд суусан байх?
-Урлагийнхан хоорондоо битгий хагаралдаасай гэж хүсэж явдаг. Урлаг гэдэг чинь нийгмийн толь. Тиймдээ ч ямагт ард иргэдээ сайн сайхан зүйл рүү хөтөлж, соён гэгээрүүлэх үүрэгтэй. Ийм эрхэм үүргийг хүлээдэг учир хүн бүрийн үзэл бодлыг сонсдог, түүнийг нь дэмждэг байгаасай. Бие биенийгээ доош нь хийсэн, муулсан, гадуурхсан хандлагыг гаргаж, хоорондоо хагаралдаж, сэтгэл зүрхийг нь мохоодоггүй байгаасай. Хэн нэгнийхээ харлуулдаггүй байгаасай. Шүүж, тунгааж, эрэмбэлдэг, дүгнэлт гаргадаг хүмүүс, тусгайлан бэлтгэгдэж буй урлаг судлаач нар байгаа шүү дээ. Тиймээс урлагийнхан бие биенийгээ хүндэлж, дэмждэг байх учиртай.
-Урлагаас авдаг нандин мэдрэмжээсээ хуваацахгүй юу?
-Жүжигчин мэргэжлийн онцлог нь хүн болгоны нүдэн дээр ил байдагт оршдог. Тиймдээ ч олны анхааралд өртсөн байдаг. Жүжигчдийг "од" гэж тодотгох хандлага нийгэмд түгээмэл байдаг. Үнэндээ жүжигчин ч гэсэн ялгаагүй л хүн. Дэлгүүр орно, хувцас авна, хүүхдээ сургуульд нь хүргэж өгнө, бензин авна, мөнгөгүй болно. Энэ үед гудамжинд, дэлгүүрт гээд таарсан үедээ “Сайн байна уу та”, “Гоё жүжигчин шүү”, “Та тэр кинонд тоглосон байсан” гэх мэтээр хэлж буй сэтгэлийн үг, харж байгаа нүд хамгийн гоё мэдрэмжийг төрүүлдэг. Бас тоглолт хийж байхад 1200 гаруй хүний алга таших чимээ үгээр хэлэхийн аргагүй үнэ цэнтэй мэдрэмжийг өгдөг.
-Таны бодлоор жүжигчин хүн бүрд байх ёстой эрхэм чанар юу вэ?
-СУИС-д суралцаж байхад дээд үеийн ах нар тааралдахаараа “Хүн бай” гэж их хэлдэг байсан. Үеийн үед өвлөгдөж ирдэг үг. “Тухайн үед хүн биш дээ яачихаад байгаа юм бол” гээд бодох үе байсан /инээв/. Одоо бодоход тухайн хүн зан төлөв, үзэл бодлын хувьд ялгаатай, амьдралын нөхцөл, боломж өөр өөр түвшинд байсан ч хүнлэг чанарыг өөртөө суулгасан байх ёстой юм шиг. Хүнийг ойлгодог ухаан дүр гаргахад маш том түлхэц болдог гэж боддог. Зөвхөн өөрийн үзэл бодлыг тулгах биш. Хүний ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрч, ойлгож, жаргал, зовлонг нь хуваалцаж чаддаг хүн байх хэрэгтэй.
-Амжилттай яваа хүн бүрийн ард гэр бүл, хань ижил нь байдаг гэдэг. Гэр бүлийнхээ тухай яриач?
-Эхнэр, хүү, охин гурвын хамт амьдардаг. Эхнэр маань арван жил тохой нийлүүлж суусан ангийн охин. Ийм сайхан гэр бүлтэй болохоор би өөрийгөө их баян хүн гэж боддог. Өдий зэрэгтэй яваа минь ханийн минь гавьяа. Жүжигчний мэргэжлийг ойлгоход цаг хугацаа их шаардагддаг. Өнөөдөр өөрийнхөө хэмжээнд энэ мэргэжлийг ойлгох түвшинд хүртэл миний хань намайг ойлгож, дэмждэг.
-Таныг өөрийн гэсэн продакшн байгуулсан гэж сонссон?
-Би чинь уг нь Хатанзоригийн Цасчихэр гэдэг хүн. Хүмүүс намайг “Маск”-ын Цасчихэр гэж мэдээд байдаг. Миний үндсэн ажил бол “Маск” пропакшны жүжигчин. Манай хамтлагийн ах нар биднийг их дэмжиж ажилладаг. “Хэзээ нэгэн цагт миний дүү нар энэ хамтлагыг нуруун дээрээ үүрээд явна. Хичээж, хөдөлмөрлөж ажиллах хэрэгтэй шүү” гэж үргэлж хэлдэг юм. Бас “Эхнэр хүүхэд нь яаж байна. Гэр орон нь юу болж байгаа билээ” гээд их санаа тавина. Энэ мэтээр ах нар маань аав шиг минь, найз шиг минь биднийг ойлгож, тусалж, шинийг санаачилж, хүсэл мөрөөдлөөрөө амьдрах хэрэгтэй гэдгийг ямагт ойлгуулж байдаг. Ер нь инээдмийн болон аймшгийн төрлөөр уран бүтээл туурвихаар шийдээд “Риакшн” нэртэй продакшн байгуулсан. Одоогийн байдлаар хэд хэдэн уран бүтээл хийсэн байна.
-Өөрөө бие даагаад продакшн байгуулаад явах төсөөлснөөс хэр байна?
-Төсөөлснөөс амаргүй. Гэхдээ энэ бүхнийг давах хүчийг ах нар маань өгсөн. Зөвхөн би гэлтгүй манай хамтлагын залуу үеийнхэн ах нараас маш их зүйлийг сурсан.
-Таны ойрын болон хэтийн зорилго юу вэ?
-Ойрын зорилго гэвэл өөрийн уран бүтээлээ гаргах. Зохиол маань ч бэлэн болсон. Харин хэтийн зорилго “Маск” продакшндаа үнэнчээр, эцсээ хүртэл ажиллах. Мэдээж хувийн амьдрал талаасаа өөр олон зорилго байгаа.
Д.МЯГМАРЗАЯА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
uneheeriin mundag zaluu shuu