Тувалу улсын сайд далайн усанд зогсон үг хэлжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 10

Тувалу улсын гадаад хэргийн сайд Саймон Кофе Номхон далайн усанд зогсон, Шотландын Глазго хотноо болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын талуудын /СОР-26/ 26 дахь удаагийн бага хурлын оролцогчдод хандан, цахимаар үг хэлжээ.

“Уур амьсгалын өөрчлөлт, далайн усны түвшин нэмэгдэх нь аюултай. Эдгээр асуудал Тувалу болон Номхон далайн бүс нутгийн арлын улс орнуудад гамшиг дагуулж байна. Бид живж байна” гэж Саймон Кофе мэдэгджээ.

Дүрс бичлэгээс үзвэл Тувалу улсын гадаад хэргийн сайд Тувалу болон НҮБ-ын тугийн өмнө индэр дээрээс үг хэлж буй мэт сэтгэгдэл төрөх ч сүүлийн мөчид камер холдоход Саймон Кофе далайн усанд зогсож буй нь, түүний ард Номхон далай харагдана.

Кофегийн хэлснээр, энэхүү мэдэгдлээрээ Тувалу улсад нүүрлэсэн бодит байдлыг СОР-26 бага хурлын оролцогчдод мэдрүүлж, Тувалугийн ард иргэдийн авч буй зоримог алхмуудыг харуулахыг зорьсон гэнэ.

Судлаачдын үзэж буйгаар, Тувалу улс нь дэлхийн дулаарлаас үүдэн мөс хайлж, далайн түвшин нэмэгдэхэд усан доор орох арлын орнуудын нэгт багтаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top