АНУ, Хятад хамтарсан тунхаг бичиг гаргав

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 11 сарын 11

Шотландын Глазго хотноо болж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын талуудын /СОР-26/ 26 дахь удаагийн бага хурлын үеэр дэлхийн хүлэмжийн хийн хамгийн том хоёр үйлдвэрлэгч болох АНУ, БНХАУ хамтарсан тунхаг бичиг гаргав.

АНУ-ын Ерөнхийлөгчийн уур амьсгалын асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Жон Керри, БНХАУ-ын төлөөлөгч Ше Жэнхуатай хийсэн уулзалтын дараа мэдээлэл хийхдээ “Энэхүү тунхаг бичиг нь урагш тэмүүлсэн анхны алхам. Алхам бүр ач холбогдолтой. Учир нь бид урт замыг хамт туулах учиртай” гэжээ.

Уур амьсгалын асуудал дээр Бээжин, Вашингтоны байр суурь зөрчилдөхөөсөө илүү нийлдэг. Хамтын ажиллагаа бол Хятад, АНУ-ын цорын ганц сонголт. Учир нь хамтран ажиллаж байж хоёр улс олон чухал зорилгод хүрч, дэлхий дахины сайн сайханд хувь нэмэр оруулна гэж Ше Жэнхуа онцолсон байна.

Талууд метаны хийн ялгарлыг бууруулах, аж үйлдвэрийн салбар дахь нүүрсний хэрэглээг энэ арван жилд бууруулах тохиролцоонд хүрсэн тухай СОР-26 бага хурал дээр үг хэлэхдээ Жон Керри мэдэгджээ.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцын талуудын /СОР-26/ 26 дахь удаагийн бага хурал баасан гарагт /2021.11.12/ өндөрлөх гэж байна. Арга хэмжээнд дэлхийн 200 орчим улсын төлөөлөгчид оролцож байна.  Оролцогчид өмнөх жилүүдэд бүтэлгүйтсэн хэд хэдэн оролдлогын дараа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх тухай Парисын гэрээг хэрэгжүүлэх дүрэм журмыг тохиролцохоор дахин цугларсан юм. Үүнээс гадна оролцогчид өдгөө зогсоох аргагүй болсон уур амьсгалын өөрчлөлтийн үр дагаварт дасан зохицох төлөвлөгөөг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top