О.Батзориг: “Пөөдөө” кино нь “Puppet” төрлөөр хийгдсэн Ази тивийн хоёр дахь бүтээл болно

2021 оны 11 сарын 17

Монгол Улсын Хүүхэлдэйн театрын хэрэгжүүлж буй “Пөөдөө” бүрэн хэмжээний уран сайхны киноны дүр, тайз, дэлгэцийн уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

“Пөөдөө” кино нь Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр бий болсон юм. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хэрэгжүүлж буй “Пөөдөө” хэмээх төсөл нь бүрэн хэмжээний уран сайхны кино нэг, Хүүхэлдэйн жүжгийн уран бүтээл нэг, олон ангит хүүхдийн нэвтрүүлэг 30, дүрслэх урлаг, театрын урлаг, дэлгэцийн урлаг, гэрэл зургийн бүтээлээс бүрдсэн үзэсгэлэн нэг, Хөгжмийн бүтээлийн концерт, Соёл, боловсролын 10 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл зэргээс бүрдэх юм.

Төслийн хүрээнд хийгдэж буй “Пөөдөө” уран сайхны кино нь  Монгол Улсад анх удаа, Ази тивд хоёр дахь удаа “Puppet Movie” төрлөөр бүтээж буй бүрэн хэмжээний кино гэдгээрээ онцлогтой. Сонирхуулж хэлэхэд киноны үзэсгэлэнд тавигдсан хүүхэлдэйнүүдийг цаасан шуумал, эсгий, зөөлөн эдлэл ашиглан бүтээсэн бөгөөд хүүхэлдэйний таягт төрлөөр бүтээгдсэн гэнэ. Мөн Монголын театрын музейн байранд кинонд ашиглагдсан готик болон байгалийн сүр жавхланг харуулсан үзвэрүүдийг тусгайлан бэлдсэн байна.

Тус киноны ерөнхий найруулагчаар О.Батзориг ажилласан бөгөөд “Шөнө дундын яриа 1, 2”, “Хамгийн сайхан нь”, “Орилоон 2” зэрэг киноны найруулагчаар ажиллаж байсан гэдгээр нь хүмүүс мэдэх билээ. Тэгвэл цоо шинэ төрлөөр хийгдэж буй “Пөөдөө” киноны талаар найруулагч О.Батзоригтой хэсэг хором ярилцлаа.

-“Пөөдөө” уран сайхны киноны онцлог талыг дурдвал?

-“Пөөдөө” уран сайхны кино маш их онцлог чанартай бүтээл болж байна. Киноны ажил өнгөрсөн  гуравдугаар сараас эхэлж найман сарын турш үргэлжиллээ. Харин зураг авалтыг хоёр сарын турш хийсэн. Кино бүтээхэд давхардсан тоогоор 70-80 хүний баг, бүрэлдэхүүн ажиллаж байна. Үүний 80 хувийг мэргэжлийн уран бүтээлчид бүрдүүлж байгаа. “Пөөдөө” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киноны онцлог нь “Puppet” төрлөөр бүтээгдсэнд оршиж байна. Энэ нь бодитоор бүтээсэн хүүхэлдэйн дүрээр уран сайхны кино хийнэ гэсэн үг юм. Одоогийн байдлаар Монгол Улсын анхны, Ази тивийн хоёр дахь уран бүтээл болж байна. 1998 онд Тайвань улсад энэ төрлөөр бүрэн хэмжээний уран сайхны кино хийгдсэн юм.

-Тус уран бүтээлийн ач холбогдлыг тодорхойлбол?

-Уран бүтээлч хүний хувьд харахад магадгүй кино, уран бүтээлийн энэ төрөл гадны зах зээлд хүрэх боломж байхыг үгүйсгэхгүй. Энэхүү киног бүтээхэд туслалцаа үзүүлсэн Засгийн газар болон Соёлын яаманд талархаж байгаагаа илэрхийлмээр байна. Уран бүтээлчдээ энэ мэтчилэн бодитойгоор дэмжиж байгаа нь шинэхэн өглөө болж байгаа мэт мэдрэмжийг төрүүллээ. Мөн энэхүү уран бүтээл дээр ажиллах боломжийг олгосон Монголын хүүхэлдэйн театр болон киног амилуулахад хамтран зүтгэсэн уран бүтээлч, баг хамт олондоо талархлаа илэрхийлж байна. Бид маш хүнд нөхцөлд ажилласан. Тухайлбал, боксын бээлийг өмсөөд хоёр минут өргөөд зогсоход л хэцүү санагддаг. Гэтэл киноны дүрийг бүтээх үед тэр хүнд жинтэй хүүхэлдэйг өдөржин бариад, үйлдэл, хөдөлгөөнийг хийнэ гэдэг амаргүй ажил юм. Гэсэн хэдий ч энэ бүхнийг даван туулаад киногоо олны хүртээл болгох гэж байгаадаа сэтгэл хангалуун байна. Киноны зураг авалт эхлэх үед мундаг юм хийж байна даа гэж бодож байлаа. Кино бүтээхэд ашигласан тайз, дүр, үзэгдлийг нэг бүрчлэн өөрсдийн гараар бүтээж, Монгол хүний ур ухааныг шингээсэн бүтээл болж байгаа. Бид ямар нэгэн зүйлээс санаа авч, иш татаагүй.

-“Puppet movie” гэхээр уншигчид маань төдийлөн ойлгохгүй байх. Кино, уран бүтээлийн энэ төрлийг ойлгомжтойгоор тайлбарлахгуй юу?

-“Puppet” төрөл гэхээр киноны дүр, эдлэл, хэрэглэл, үзэгдлүүд нь бодитойгоор хийгддэг гэсэн үг. Тэдгээрийг мэргэжлийн баг, хамт олон хөдөлгөж үйл явдлыг илэрхийлдэг. Одоогийн байдлаар дэлхийн хэмжээнд энэ төрлөөр ердөө 68 кино хийгдсэн байна. “Puppet movie” төрлөөр кино хийнэ гэхэд эхэндээ би өөрөө ч төдийлөн сайн ойлголтгүй байлаа. Тэгэхээр нэн шинэ төрөл байгаа юм. Тус төрлийн киног бүтээхэд асар их хөдөлмөр ордог. Кино бүтэх хугацаанд багийнхан маань Хүүхэлдэйн театрт байрлаж уртасгасан цагаар ажилласан. “Пөөдөө” кино маш сайн уран бүтээл болно гэдэгт итгэлтэй байна. Цаашдаа Хүүхэлдэйн театрт уламжлал болгон тавигдсаар байх болно.

-“Пөөдөө” төслийн хүрээнд ямар ажлууд хийгдэж байгаа вэ?

-Манай улсад кино бий болж, үзэгчдийн хүртээл болсны дараагаар буучихдаг тохиолдол их байдаг. Харин “Пөөдөө” төслийн хүрээнд кино болон жүжиг тавигдахын хамт хүүхдийн цуврал 30 нэвтрүүлэг хийх юм. Мөн кинонд ашиглагдсан хөгжмөөр бүрэн хэмжээний концерт тавих зэргээр цогц байдлаар олон нийтийн хүртээл болгож байгаа нь онцлог юм. Энэхүү төсөл энэ жилээс эхэлж байгаа бөгөөд 2024 он хүртэлх хугацаанд үргэлжилнэ.

-Үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдийн талаар яривал?

-Кинонд ашиглагдсан хэрэглэгдэхүүний ердөө хоёр хувь нь үзэсгэлэнд тавигдсан байгаа. Монгол Улсын хүүхэлдэйн театр кинонд ашиглаж байсан эдлэл, хэрэглэгдэхүүнээр дүүрч байсан тул дөрвөн удаа сэлгэлт хийсэн. Тэгэхээр маш их хэмцээний дүр, эдлэл, хэрэглэл хийсэн нь тодорхой байх. Хүүхэлдэйн нэг дүр гэхэд л 2-3 удаа хийгддэг. Хүн харахад дүрүүд нь хүүхэлдэй мэт харагдаж байгаа ч асар том хэмжээний, нүсэр зураг авалттай уран бүтээл болсон.

-Киногоор дамжуулан үзэгчдэд ямар санааг хүргэхийг зорьсон бэ?

-“Пөөдөө” хэмээх уран бүтээлийг зөвхөн хүүхдийн кино хэмээн харж болохгүй. Залуучуудад урам зориг өгөх бүтээл юм. Кино маань үзэгчдэдээ үндэсний соёл, уламжлалыг таниулах, Монгол хүүхэлдэйн баатрыг бий болгож хөгжүүлэх, эх орноороо бахархах, үнэнч шударга үзлийг төлөвшүүлэх зорилготой. Киноны нэрийн хувьд гол дүр нь сарлагийн тугал учир Пөөдөө гэж нэрлэсэн. Монгол орны зарим нутагт сарлагийн тугалыг Пөөдөө гэж нэрлэдэг.

-Дүр болон эдлэл, хэрэглэгдэхүүнийг нэг бүрчлэн хийнэ гэхээр багагүй хөрөнгө, мөнгө зарцуулагдсан байх. Кино бүтээх төсвөө хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Киноны төсвийг бүрдүүлэхэд Монгол Улсын засгийн газар бодитойгоор дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулалт хийсэн. Төр болон уран бүтээлчид хамтарч байгаа нь зөв зүйлийн эхлэл болов уу.

-Та өмнө нь уран сайхны хэд хэдэн кинонд найруулагчаар ажиллаж байсан. Энэ удаад “Puppet” төрөлд найруулагчаар ажиллах ямар санагдаж байв?

-Асар их ялгаатай байлаа. Би “Шөнө дундын яриа 1,2”, “Хамгийн сайхан нь”, “Орилоон 2” зэрэг киноны зохиолыг бичиж, найруулагчаар ажилласан. Тухайн үед дандаа залуу уран бүтээлчидтэй ажиллаж байлаа. Харин энэ удаад шинэ төрлийн кинонд найруулагчаар ажилласан нь өөртөө шинэ нээлт хийсэн, амаргүй даваа, хүнд сорилт боллоо. “Пөөдөө” уран сайхны кинонд ажилласандаа баярлаж, бахархаж байна. Яагаад гэвэл энэ кино өөрөө үнэ цэнтэй, өмнө нь хийгдэж байгаагүй бүтээл юм.

-Өөрөө зохиолоо бичиж, найруулах нь ач холбогдол өндөртэй байдаг болов уу?

-Миний хувьд өөрөө зохиолоо бичиж, найруулах нь тухайн киноны гаргаж буй өнцөг, үзэл санааг илүү сайн харуулдаг юм болов уу гэж боддог. Би багаасаа кино урлагийн ертөнцөд өссөн хүн. Манай аав “Мандухай сэцэн хатан”, “Мөнх тэнгэрийн хүчин дор” хэмээх хоёр том киноны гол дүрийн хувцас, хэрэглэлийг хийсэн зураач, уран дархан хүн байдаг. Бага балчир наснаасаа урлагийн ертөнцтэй ойр байсан нь найруулагч болоход нөлөөлж, 2003 оноос найруулагч мэргэжлээр ажиллах болсон. Найруулагч бол хаан мэргэжил.

Д.МЯГМАРЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top