Э.Баясгалан: Далд уурхайн зардлын аудит оруулах асуудлыг Тусгай хороо хариуцан ажиллах шийдвэрт хүрсэн

2021 оны 11 сарын 18

Өнгөрсөн наймдугаар сард далд уурхайн зардлын хэтрэлтийн асуудлаарх хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарснаас хойш “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаас гарах шийдвэрүүд хүлээлт дагуулсан. Тэгвэл ТУЗ өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт хуралдаж,  шийдвэрүүд гаргасан байна.

ТУЗ-ийн энэ удаагийн  хурлаас гарсан шийдвэрүүд болон Оюутолгой төслийн Монголын эдийн засаг дахь өгөөжийг нэмэгдүүлэхэд анхаарах асуудлууд юу болох талаар  “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Э.Баясгалантай ярилцсанаа хүргэе.

2020 оны арваннэгдүгээр сараас эхлэн “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байгаа тэрбээр өмнө нь  “Номура Секюритийз Интэрнэшнл” “Жэй Пи Морган Секюритийз” зэрэг компани, хөрөнгө оруулалтын банканд ажиллаж байсан туршлагатай мэргэжилтэн юм.


-Ярилцлага авах хүсэлтийг маань хүлээн авсан танд талархаж буйгаа эхлээд илэрхийлье. Олон удаа хойшилсон ТУЗ-ийн хурал өнгөрсөн долоо хоногт болсон байна. Хуралдаанаас гарсан гол шийдвэрүүд  юу байв гэдгээс яриагаа эхэлье?

-2021 оны  наймдугаар сард хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гарсантай холбогдуулж, “Оюу Толгой ХХК-ийн засаглалын асуудлыг цогцоор нь ярилцах, “Рио Тинто” менежментийн алдаа гаргасан тохиолдолд хариуцлага тооцох зэрэг асуудлуудыг хэлэлцэх шаардлага үүссэн. Түүнчлэн есдүгээр сард буюу гуравдугаар улирлын ТУЗ-ийн ээлжит хурлаар эдгээр асуудлууд хэлэлцэгдэхээр төлөвлөгдсөн байсан. Харин есдүгээр сарын хурал сунжирсаар, өнгөрсөн долоо хоногт дууслаа. Тухайн хурлаар “Оюу Толгой” ХХК-ийн  засаглалыг сайжруулах, далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцыг хувьцаа эзэмшигчдэд илүү нээлттэй, ил тод болгох, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас бүтээн байгуулалтын ажил болон зардалд хяналт тавих зохицуулалт зэрэг асуудлууд дээр Монголын талаас тодорхой санал гаргасны дагуу ийнхүү сар хагас гаруй хугацаанд хэлэлцсэний үр дүнд холбогдох ТУЗ-ийн тогтоол шийдвэрүүдийг батлан ажилласан юм.

Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал нэг тэрбум 450 сая ам.доллароор хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа 22 сар хойшилсон асуудал нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй гэсэн дүгнэлттэй хөндлөнгийн шинжээчдийн тайланд мөн тусгагдсан далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулах зөвлөмжийн дагуу зардлын аудит оруулах асуудлыг тавьсан. Монголын Засгийн газрын зүгээс зардлын аудитыг  “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ дээрх Тусгай хороо буюу “Туркойз Хилл”-ийн хоёр гишүүн, Монголын Засгийн газрын төлөөлөл болох хоёр гишүүн оролцсон, нийт дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй хороон дээр “Рио Тинто”-гийн оролцоогүйгээр явуулъя гэсэн байр суурьтай байсан. “Рио Тинто” компанийн зүгээс бол ажлын даалгаврыг заавал ТУЗ-аар батална, аудит хийх компанийг ТУЗ дээрээ батална гэх зэргээр тодорхой шаардлагуудыг өнгөрсөн хугацаанд тавьж байсантай холбоотойгоор хурал удааширсан. Гэхдээ бид “Рио Тинто” нь төслийг хэрэгжүүлэгч менежерийн хувьд ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн үндсэн дээр сар хагасын хугацаанд ярилцсаны үр дүнд өнгөрсөн долоо хоногт ТУЗ-ийн хурлаараа хөндлөнгийн аудит оруулах асуудлыг Тусгай хороо хариуцан ажиллах шийдвэрт хүрлээ.

Тухайн аудитын ажилд тодорхой хугацаа орох байх. Бид дэлгэрэнгүй ажлын даалгавар бэлдэнэ, мөн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бие даасан аудитын багийг шалгаруулж томилно. Өмнө нь хөндлөнгийн шинжээчдийн баг томилоход Тусгай хороон дээр үйл явц ингэж явагдаж, нэлээн хугацаа орж байсан. Тэгэхээр нэг талаас аудиттай холбоотойгоор хүлээлт өндөр байж магадгүй. Гэхдээ хөндлөнгийн зардлын аудит хийгдэж байх хугацаанд Монголын Засгийн газар, “Рио Тинто” компанитай хэлэлцээрээ үргэлжлүүлээд явна байх гэж бодож байна.

-“Рио Тинто”-гийн зүгээс төслийг урагшлуулахын тулд хэлэлцэж байгаа цаг мөч бүхэн үнэ цэнтэй байна гэсэн байр суурийг илэрхийлсэн байсан. Гэтэл таны сая ярьснаас үзэхэд ТУЗ төлөвлөсөн асуудлуудаа, товлосон хугацаандаа хэлэлцээгүй зэрэг үйл явцуудыг харахаар “Рио Тинто”-гоос хамаарсан зүйлс байна. “Рио Тинто” хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотойгоор менежментийн хариуцлага алдсан эсэх талаараа ТУЗ дээр албан ёсоор мэдээлэл өгсөн үү?

-“Рио Тинто”-гийн зүгээс хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй холбоотой тодорхой байр суурийг ТУЗ дээр илэрхийлээгүй, хэлэлцээгүй байна. Дүгнэлтийн зарим хэсэгтэй санал нийлж байгаа боловч зарим хэсэгтэй нь санал нийлэхгүй байна гэснээс тодорхой хариулт өгөөгүй. Харин манай талаас нэгэнт “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ нь төслийн менежмент болон техникийн асуудлаар хангалттай мэргэшсэн баг биш тул хэрэв дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал нийлэхгүй асуудал байвал “Рио Тинто” нь уг дүгнэлтийг гаргасан мэргэжлийн багтай шууд ярилцаж учраа олох боломжийг олгож байгаа. Хөндлөнгийн шинжээчид маань өөрсдийн хийсэн ажлыг бүрэн дүүрэн хамгаална, гаргасан дүгнэлт бол өөрсдөд нь өгсөн мэдээллийн хүрээнд үнэн зөв гэсэн байр суурьтай байгаа.

-Компанийн засаглалыг сайжруулах талаар  манай талаас гаргасан саналыг  сая ТУЗ-ийн хуралдаанаар шийдвэрлэсэн гэж та хэлсэн. Энэ шийдвэрийн талаар тодотгооч?

-Засаглалыг сайжруулах асуудлаар бид  “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас хяналт тавих үүргийг хэрэгжүүлье гэсэн санал оруулсныг өнгөрсөн долоо хоногт ТУЗ-ийн хурлаар хэлэлцэн, баталсан.  ТУЗ-ийн хурлаар уг шийдвэр гарснаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК хувь эзэмшигчийн хувьд хяналтаа тавиад явах бүрэн эрхтэй болсон. “Оюу Толгой” ХХК шаардлагатай мэдээллийг гаргаж өгөх үүрэг хүлээсэн. Уг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн чадавхыг сайжруулах үүднээс мэргэжилтнүүдийг томилно. Үйл явдлын мэдээллийг болоод өнгөрсний дараа биш, далд уурхайн бүтээн байгуулалтын ажил хийгдэх явцад оролцоотой байх, шат дараалалтайгаар хяналт тавиад явах ажлыг эхлүүлэх нөхцөл одоо бүрдэж байна. Мэдээж үүнд тодорхой хугацаа орох байх. Мэргэжилтнүүдээ томилох, тодорхой хэмжээний компьютерийн програмууд авах зэрэг шаардлагатай ажил бий.

 

Засаглалыг сайжруулах асуудлаар бид  “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-иас хяналт тавих үүргийг хэрэгжүүлье гэсэн санал оруулсныг өнгөрсөн долоо хоногт ТУЗ-ийн хурлаар хэлэлцэн, баталсан.  ТУЗ-ийн хурлаар уг шийдвэр гарснаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК хувь эзэмшигчийн хувьд хяналтаа тавиад явах бүрэн эрхтэй болсон.

 

-Зардлын аудитаар гарах дүгнэлттэй холбоотой хүлээлт хэлэлцээрийн явцад ямар нэг байдлаар нөлөөлөх болов уу. Яагаад ингэж асууж байна гэхээр наймдугаар сард гарсан шинжээчдийн дүгнэлттэй холбоотой “Рио Тинто”-гийн байр суурь тодорхойгүй байгаа нь өнөөдрийн анхаарал татсан асуудлуудын нэг байна л даа. Ер нь хэлэлцээрээс бид  ойрын хугацаанд юу хүлээх нь илүү бодитой вэ гэж та үзэж байна вэ?

-Би Ажлын хэсгийн гишүүн биш учраас хэлэлцээрийн явц, нөхцөл байдлын талаар ярих нь зохимжгүй байх. Гэхдээ миний харж буйгаар зардлын аудитын явцаас үл хамааран Засгийн газрын Ажлын хэсэг, “Рио Тинто”-гийн багтай ярилцах, хэлэлцэх олон асуудал бий. Хөндлөнгийн шинжээчдийн гаргасан дүгнэлтийн яг ямар асуудлуудтай нь санал нийлэхгүй байгаа вэ гэдгээ “Рио Тинто” албан ёсоор тодорхой танилцуулах нь мэдээж чухал. Мөн “Дубай”-н гэрээг цуцлах, эрчим хүчний гэрээг байгуулах гэх зэрэг олон асуудал хүлээгдэж байгаа. Тэгэхээр миний бодлоор  зардлын аудит орох үйл явцаас болоод хэлэлцээр зогсоно, хүлээгдэнэ гэхээсээ илүү уг асуудлуудаа хэлэлцээд явах болов уу.

Мөн “Оюу Толгой” ХХК-ийн ил тод байдлыг сайжруулж компанийн зөв засаглал руу аваачихын тулд бид хөндлөнгийн шинжээчдээс зөвлөмж болгосон энэхүү зардлын аудитыг заавал хийх ёстой гэж үзэж байгаа. Харин зардлын аудитаар ямар дүгнэлт гарахыг бид өнөөдөр мэдэхгүй. Тийм болохоор ямар нэгэн хүлээлт үүсгэхгүйгээр, тэр нь хэлэлцээрт яаж ашиглагдах вэ гэсэн хүлээлтгүйгээр бусад яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх ёстой гэж би бодож байна.

Ойрын хугацаанд төслийг урагшлуулахад шаардлагатай Эрчим хүчний гэрээнүүдээ харилцан тохирч байгуулах ёстой. Эрчим хүчний тогтвортай эх үүсвэртэй байх шаардлагыг хангачихвал, далд уурхайн улаар огтлох ажлыг эхлүүлэхэд ахицтай болно. Энэ бол мэдээж аль аль талдаа ашигтай. Манай Засгийн газар бол далд уурхай үргэлжлэх ёстой, бүтээн байгуулалт нь явагдах ёстой, олборлолт нь эхлэх ёстой гэсэн байр суурьтай байгааг бүгдээрээ мэдэж байгаа.  Дээрээс нь Дубайн гэрээг цуцлах ажил байгаа. Үүнийг бол хоёр талаасаа зөвшөөрөөд, ажил нь явагдаж байгаа гэж ойлгож байна.

-Далд уурхайн гэрээг цуцаллаа гэхэд гэрээгээр өмнө нь нэгэнтээ зохицуулагдсан, үүссэн  асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдэгт талууд нухацтай хандах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх судлаачид бас байгаа. Та Монголын Засгийн газрын 34 хувийн арх ашгийг хангахад анхаарч ажиллах үүрэгтэй ТУЗ-ийн гишүүний хувьд Дубайн төлөвлөгөөг цуцалснаар манай талд  үүсэх боломж болон эрсдэл юу байна гэж үзэж байгаа вэ?

-Дубайн гэрээнд менежментийн төлбөрийг бууруулсан, АМНАТ-ийг бодох аргачлалыг зохицуулсан зэрэг авууштай зүйлс бий. Нөгөө талаас Дубайн гэрээнд далд уурхайг цааш нь явуулах ёстой, үйл ажиллагааг нь зогсоож болохгүй гэх зэрэг хөрөнгө оруулагч талууд болон менежментийг хэрэгжүүлэгч талуудын хүлээсэн үүрэг ч байгаа.  Тэгэхээр гэрээг цуцаллаа гэхэд  тэдгээр чухал зүйл заалтуудаа хадгалаад явах байх. Гэрээг цуцалснаас үүдэх үр дагавруудыг манай ажлын хэсгийнхэн сайн ойлгож, нухацтай хандаж байгаа гэж харж байна.

-Тусгай хорооны дүгнэлт гарснаас хойш хэлэлцээ хийж буй талууд хоорондоо хоёр, гурван албан бичиг өгч, авалцлаа. “Рио Тинто”-гийн талаас ирүүлсэн хоёр албан бичигт хэд хэдэн саналууд байгаа. Манайхаас ч хариу саналуудаа хүргүүлсэн гэж ойлгож байгаа. Засгийн газрын 34 хувьд ногдох өрийн 70 хувийг тэглэх зэрэг санал “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ дээр яригдаагүй байсан. Ер нь “Рио Тинто” ийм саналуудаа албан бичгээр илгээхээс өмнө “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ-д танилцуулах, хэлэлцэх ёстой юу?

-Засгийн газрын өрийг тэглэх санал бол “Оюу Толгой” ХХК-ийн ТУЗ шийдэх буюу охин компанийн засаглалын асуудал биш л дээ. Энэ нь хувьцаа эзэмшигчид буюу “Туркойз Хилл” компаниас манай “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-д олгосон зээлийн асуудал юм. Харин уг зээлийг төсөл хэрэгжүүлэгч, менежментийн үүрэг гүйцэтгэгч ба “Туркойз Хилл” компанийн хяналтын багцыг эзэмшигчийн хувьд “Рио Тинто” үндэслэлтэйгээр тэглэх санал гаргасан бол Монголын Засгийн газар, холбогдох ажлын хэсэг болон “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-тай ойлголцоод, шийдвэрлэх боломжтой.

-Тэгвэл ямар асуудлууд ТУЗ-ийн хуралдаанаар зайлшгүй хэлэлцэгдэх ёстой хэрнээ хэлэлцэгдэхгүй, гадаа нь шийдвэрлэгдээд байна вэ?

- “Оюу Толгой”  ХХК-ийн үйл ажиллагаа болон зардал, төсөв, санхүүжилтийн асуудлаар ТУЗ дээр хэлэлцэгдэлгүйгээр хөрөнгө оруулагч талууд шийдвэр гаргах, нийтэд зарлах тохиолдлуудыг ТУЗ-ийн гишүүнээр томилогдсоноос хойш удаа дараа хөндөж асуудал болгон анхааруулсаар байна. Тухайлбал, 2021 оны дөрөвдүгээр сард “Туркойз Хилл”, “Рио Тинто” компаниуд “Оюу Толгой” ХХК-ийн санхүүжилттэй холбоотой  “Binding Heads of Agreement” гэх 2.3 тэрбум ам.долларын шаардлагатай санхүүжилтийг ямар эх үүсвэрээр гаргах вэ гэдэг дээр хоорондоо тохиролцоод заавал биелүүлэх үүрэг бүхий гэрээ зурснаа зарласан. Уг асуудал нь “Оюу Толгой”  ХХК-ийн ТУЗ дээр хэлэлцэгдээгүй байснаас гадна Монголын талын оролцоогүйгээр зарлагдсан. Гэтэл өнөөдөр тэрхүү 2.3 тэрбум ам.доллар нь 3.6 тэрбум ам.доллар болж нэмэгдсэн талаар арваннэгдүгээр сард “Туркойз Хилл” компани гуравдугаар улирлынхаа тайланд зарласан. Гэвч уг асуудал ТУЗ дээр мөн одоог болтол танилцуулагдаагүй, хэлэлцэгдээгүй байна.

“Оюу Толгой” ХХК-ийн удирдлагын багт албан ёсоор уг асуудлуудын талаар ТУЗ-ийн түвшинд танилцуулж хувьцаа эзэмшигчид болон төлөөллүүдийн мэдээллийн тэнцвэртэй байдлыг хангах шаардлагуудыг удаа дараа тавьж байгаа. Арваннэгдүгээр сарын 24-нд ТУЗ-ийн дөрөвдүгээр улирлын ээлжит хурал болох товтой. Энэ хурал дээр танилцуулга өгч асуудлуудыг хэлэлцэх хүлээлттэй байна.   

 

Далд уурхайн бүтээн байгуулалтын ажил дахиж хойшлох, хугацаа хойшлох тусам зардал даган нэмэгдэх нь тодорхой үед бид өнөөдийн хэлэлцээрийн хүрээнд өрийн 70 хувийг тэглэх гэж байна гээд баярлаад байж болохгүй. Эрсдэлээ сайн тооцох ёстой.

 

-“Рио Тинто”-гоос манайд тавьж буй саналуудын талаар таниас тодотгож асуумаар байна. Боломжийн саналууд байна гэх нэг хэсэг байхад, хүлээж авч болохгүй гэж үзэж байгаа хэсэг ч байна. Та юу гэж үзэж байна вэ?

-34 хувьд ногдох өрийн 70 хувийг тэглэнэ, 350 сая ам.доллар өгнө гэх зэрэг саналуудыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, хангалттай хэмжээний саналууд байна гэсэн байр суурийг зарим талууд болон хүмүүс илэрхийлж байгаа нь анзаарагдсан. Бид бол үүн дээр их нухацтай, тооцоололтой хандах хэрэгтэй. Эрсдэлээ сайн бодож зохицуулалтууд оруулах ёстой. Зэсийн үнэ унахад, өсөхөд, далд уурхайн олборлолт эхлээд бүрэн хүчин чадалдаа хүрэх хугацаа дахиад хойшилоход нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг тооцож, эрсдэлүүдээ таньж, ойлгож, ул суурьтай хандах ёстой. Өнөөдрийн байдлаар бидэнд байгаа мэдээлэл дээр үндэслэхэд 70 хувийг нь тэглэсэн тохиолдолд манайд үүсчихээд байгаа 2.3 тэрбум ам.долларын өрийн хэмжээ 700 сая ам.доллар болж буурна. Гэхдээ далд уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхгүй дахиад 10 жил болох тохиолдолд хүүгийн хэмжээ ЛИБОР+6.5 хэвээрээ үед хүү нь хуримтлагдсаар манай өр буцаад 2.3 тэрбум ам.доллар болоод өсчихсөн, бид ногдол ашиг хүртэхгүй байх хувилбар ч харагдаж байгаа. Мэдээж энэ бол зэсийн үнэ болон олборлолтын үе шат, бүрэн хүчин чадалдаа хүрэх хугацаа болон гарч болзошгүй нэмэлт зардал болон санхүүжилт зэрэг олон хүчин зүйлээс хамаарах тооцоолол. Гэхдээ нэгэнт Монгол Улсын Засгийн газар энэ хүчин зүйлсэд нөлөөлөх боломжгүй бөгөөд өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох тогтолцоогүй тул эдгээр эрсдэлүүдээ сайн тооцоолж шаардлагатай зохицуулалтууд оруулах хэрэгтэй.

Засгийн газраас өрийг 100 хувь тэглэх санал гаргасан гэж ойлгосон. Би хувьдаа энэ байр суурь дээрээ хатуу байх ёстой гэж үзэж байна. 0.6 тэрбум ам.долларын өр цаашаа өсөн нэмэгдэх боломжтой. “Рио Тинто” менежментээ хэрэгжүүлж байгаа үед бид менежментийн буруугаас болж хойшилсон хугацаа, хэтэрсэн зардлыг ямар үндэслэлтэйгээр өндөр хүүтэй зээлээр санхүүжүүлэх вэ, уг төсөл нь ирээдүйд ашиггүй, ногдол ашиг хүртээхгүй бол бид яагаад гадны хөрөнгө оруулагчдад татварын таатай орчинг бүрдүүлж,  өөрсдийн оролцоогүйгээр үйл ажиллагааны эрсдэл хүлээх вэ гэдэг асуултууд гарч ирнэ.

Тиймээс өнөөдөр бид энэ санал зөв, буруу гэхээсээ өмнө маш сайн дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Санхүүгийн зөвлөхүүд авч сайн уялдаатай ажиллаж, нөгөө талын тавьсан саналыг гэхээсээ илүү өөрсдийн эрсдэл, давуу талаа сайн тооцсон зохицуулалт бүхий шийдвэр гаргах нь зөв байх. Бүх асуудлаа нухацтай авч үзэж байж хэлэлцээрээ үргэлжлүүлэх ёстой л гэж бодож байна. Тэрнээс бид нийт “3 тэрбум ам.долларын” гэж нэрлэгдсэн саналыг яарч, хурдан хүлээж авах шаардлагагүй л гэж бодож байна.

-Энэ төсөлтэй холбоотой үүссэн асуудлуудыг тогтворжуулах гол шийдэл нь Монгол Улс авах ёстой татваруудаа л авдаг болох хэрэгтэй гэж ойлгоод байгаа. Хөрөнгө оруулалтын суурь гэрээгээр хэд хэдэн татварыг тогтворжуулсан байдаг. УИХ-ын 92 дугаар тогтоолыг харахаар Оюутолгой төслөөс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд шаардлагатай тохиолдолд холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар тусгасан байдаг?

-Суурь гэрээнүүддээ өөрчлөлт оруулахгүйгээр, өнөөдөр үүсчихээд байгаа нөхцөл байдал бол “Оюу Толгой” ХХК 2038-2039 он хүртэл Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөхгүй байхаар байгаа.  Яагаад гэхээр компанийн элэгдэл хорогдлын зардал их өндөр, дээрээс нь зээлийн хүүгийн дарамт их байгаа. “Оюу Толгой” ХХК өнөөдөр 12 тэрбум ам.долларын зээлтэй байна. 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үед бид “Оюу Толгой” ХХК ашигтай ажиллаж, 2018 оноос ААНОАТ төлнө гэсэн хүлээлттэй байсан. Дээрээс нь 2023 оноос ногдол ашиг хүртэх байсан. Гэтэл өнөөдрийн байдлаар энэ хүлээлт биелэхгүй болсон. Тиймээс Засгийн газрын хувьд суурь гэрээгээр татварын таатай орчинг бий болгосон асуудлыг яах аргагүй эргэж харах ёстой гэж харж байна.

 

Монгол Улсын ААНОАТ-ын хуулиар татварын хөнгөлөлт эдлэх хүүгийн зардлыг 3:1 гэсэн өр/өмчийн харьцаанд үндэслэн хязгаарласан байдаг. Тэгэхээр хөрөнгө оруулагч талууд энэ харьцааг баримтлан аль болох өндөр хэмжээний хувьцаа эзэмшигчийн зээлтэй, өндөр хүүгийн зардалтай байх эрмэлзэлтэй байна гэж харж байна.

 

-2011 оны Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Нимгэн капиталжуулалтын дүрмээр төслийг санхүүжүүлэх боломжийг олгосон нь манайд эрсдэл үүсгэсэн гэж яриад байдаг. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Монгол Улсын ААНОАТ-ын хуулиар татварын хөнгөлөлт эдлэх хүүгийн зардлыг 3:1 гэсэн өр/өмчийн харьцаанд үндэслэн хязгаарласан байдаг. Тэгэхээр хөрөнгө оруулагч талууд энэ харьцааг баримтлан аль болох өндөр хэмжээний хувьцаа эзэмшигчийн зээлтэй, өндөр хүүгийн зардалтай байх эрмэлзэлтэй байна гэж харж байна. Үүнийг зохицуулах хэд хэдэн арга байгаа л даа. Жишээлбэл, “Оюу Толгой” ХХК-ийн 12 тэрбум ам.долларын зээлийн  тодорхой хувийг нь хувь нийлүүлэгчдээс оруулсан өмч болгож шилжүүлэх боломжтой. 12 тэрбум ам.доллар гэдэг бол “Оюу Толгой” ХХК-ийн хувьд маш өндөр зээлийн болон хүүгийн дарамт. Монгол Улсын нийт гадаад өрийн 30-аад хувь гэж ойлгосон. Ер нь энэ компани цаашдаа, ийм их хэмжээний зээлтэйгээр ашигтай үйл ажиллагаа явуулж чадах уу гэдэг асуулт ч байгаа.

-“Туркойз Хилл”-ийн сүүлийн тайлангаас үзэхэд Далд уурхайн үйл ажиллагаа эхлэх хугацаа 2023 оны нэгдүгээр сар болж хойшилсон байсан. Ер нь ТУЗ дээр далд уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцын талаар ямар мэдээллүүд байна вэ?

-Далд уурхайн улаар огтлох ажил энэ ондоо багтаж эхлэх болов уу гэсэн тал талын хүлээлт байх шиг байна. Гэхдээ тэр ажлыг эхлүүлэхээс өмнө хөрөнгө оруулагч талуудын тавьсан хэд хэдэн техникийн бус шаардлагууд байгаа. Тухайлбал, Өвөрмонголтой хийсэн эрчим хүчний гэрээг сунгахгүй бол найдвартай эрчим хүчний эх үүсвэргүйгээр улаар огтлох ажлыг гүйцэтгэж хүдрийн биеийн нуралтыг эхлүүлэх нь эрсдэлтэй, хүнд нөхцөл байдал үүсч болзошгүй гэж тайлбарлаж байгаа. Тэгэхээр эрчим хүчний гэрээ удахгүй зурагдаад, эрчим хүчний найдвартай эх үүсвэр нь бий болчихвол, улаар огтлох ажил энэ ондоо багтаж эхлэх байх. “Оюу Толгой” ХХК-иас ирж байгаа санхүүгийн тооцооллууд дээр ч гэсэн улаар огтлох ажлыг энэ оны арванхоёрдугаар сард эхлэхээр төлөвлөсөн байгаа. 2023 оны нэгдүгээр сар хүртэл хойшилсон гэж буй үйл ажиллагаа бол “Хюго Дамметын хойд бүсийн Лифт/Давхарга 1”-ийн Панел 0 хэсгийн олборлолт бүрэн хүчин чадалдаа буюу өдрийн 30 мянган тонн хүдэр гаргах юм. 2015 оны ТЭЗҮ-гээр бол энэ оны нэгдүгээр сард тэр хүчин чадалдаа очих ёстой байсан. Гэтэл өнгөрсөн оны байдлаар 2022 оны аравдугаар сар болоод хойшилсон байсан бол “Туркойз Хилл”-ийн мэдээллээр 2023 оны эхний хагас болж дахин хойшилсон байна.

Ийнхүү бүтээн байгуулалтын ажил дахиж хойшлох, хугацаа хойшлох тусам зардал даган нэмэгдэх нь тодорхой үед бид өнөөдийн хэлэлцээрийн хүрээнд өрийн 70 хувийг тэглэх гэж байна гээд баярлаад байж болохгүй. Эрсдэлээ сайн тооцох ёстой. Далд уурхайн бүтээн байгуулалтын ажилд “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн хяналтыг оруулж ажилласнаар төслийн үйл ажиллагааны талаар хөрөнгө оруулагч талуудтай адил бодит ойлголттой, эрсдэлийн тооцоололтой болно. Тэгж байж бид энэ хэлэлцээрийг эцэслэх нь зөв гэж бодож байна.

Цаашлаад бид “Оюу Толгой” ХХК-д төслийн менежмент дээр ашиглагддаг компьютерийн софтвэйр программуудыг “Эрдэнэс Оюу Толгой” ХХК дээр хэрэглэж, үйл ажиллагаандаа нэвтрүүлээд, тэдний харж байгааг, төлөвлөж байгааг зэрэг харж хяналт тавиад явахыг зорьж байна. Ингэснээр төлөвлөлт дээр нь ямар нэг асуудал байвал тухай бүр нь засч залруулаад явдаг, оролцоотой байх юм. Цаашдаа “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн зүгээс “Рио Тинто”- г буруутган хардах гэхээсээ илүү хамтарч, хэн хэндээ нээлттэй мэдээлэл солилцож, хяналттай, уялдаатай ажиллаж, хамтдаа урагшлах л төлөвлөгөөтэй байгаа.

-Хэлэлцээрт “Рио Тинто”-гийн багийг ахалж буй  Б.Болд захирал “Төслөөс  өнөөдрийг хүртэл хэн нь ч ашиг хүртээгүй байгааг Монголын Засгийн газар ойлгох хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Төсөл яагаад ашиггүй байгаа вэ?

-Төслөөс ил уурхайг нь салгаад үзвэл ашигтай байж болно. Далд уурхайн бүтээн байгуулалтын зардал, өндөр зээлийн хүүгийн дарамтын дараа харин эерэг мөнгөн урсгал байхгүй болчихож байгаа юм. Далд уурхайн бүтээн байгуулалт нь өндөр өртөг бүхий төсөл учраас ил уурхайгаас олж байгаа бага хэмжээний мөнгө буцаад далд уурхайн санхүүжилт болж байна. Татвар тооцох орлогын хувьд түрүүн хэлсэнчлэн элэгдэл хорогдлын зардал, зээлийн хүүгийн зардал, менежментийн болон зээлийн батлан даалтын төлбөр их өндөр гэх зэрэг гол уулын олборлолтын ажиллагаанаас бусад хүчин зүйлсээс шалтгаалан алдагдалтай байгаа.

-Төслийн  санхүүжилтийн зардлыг  бууруулах, хүүгийн дарамтыг бууруулахын тулд хувь нийлүүлэгчид нухацтай ярилцах, шийдэл олох ёстой гэсэн байр суурийг эдийн засагчид хэлж байгаа. Урт хугацааны төсөл учраас цаашид талууд үүн дээр төвлөрч анхаарах л ёстой байх?

-Би ч мөн үүн дээр санал нэг байна. Засгийн газрын Ажлын хэсгийн зүгээс тавьж байгаа асуудлуудын нэг нь хүүг бууруулах тухай юм. Миний хувийн байр суурь бол бодитой зах зээлийн ханшаар нь хүүг тогтоох ёстой гэж үздэг. Түрүүн ярьсан энэ оны дөрөвдүгээр сард “Рио Тинто”, “Туркойз Хилл” компаниуд санхүүжилтийн төлөвлөгөө батлагдахаас өмнө хөрөнгө оруулагч талууд хоорондоо маргаан үүсгэж,  арбитр дээр очиж байсан шүү дээ. “Рио Тинто”-гоос “Туркойз Хилл” компани хувьцаа гаргаж шийдвэрлэх арга зам санал болгож байсан нь жижиг хувьцаа эзэмшигчдэдээ хохиролтой байна гэж үзсэн тул маргаан эхэлсэн байсан. Тухайн үед “Туркойз Хилл”-ийн гүйцэтгэх захирал байсан Ульф Куэлман бага өртөгтэй санхүүжилтийн эх үүсвэр олох талаар хэд хэдэн банктай ярилцаж байгаа талаараа мэдээлж байсан. Мөн тэгэхэд бага өртөг бүхий зээлийн бичгээр эсвэл ирээдүйд олборлох металл гаргалтаа барьцаалан бага өртөгтэй санхүүжилт олох боломж байгаа зэрэг хувилбаруудыг танилцуулж байсан.

-Монголын Засгийн газрын 34 хувьд ногдох өрийг тэглэх нь "Туркойз Хилл"-ийн жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашигт харшилж байна гэсэн мэдээлэл гарсан байсан?

-“Рио Тинто” компани өөрөө менежментийн алдаа гаргасан учраас Монгол Улсад үүсээд байгаа хохирлыг барагдуулахын тулд өрийг тэглэх тухай асуудал ярьж байгаа шүү дээ. Гэтэл нөгөө талаас  “Рио Тинто” компани өөрсдөө санхүүгийн ямар нэгэн хохирол хүлээлгүйгээр, “Туркойз Хилл” компанийн жижиг хувьцаа эзэмшигчдэд их хохиролтой хэлэлцээр хийгээд байгаад хувьцаа эзэмшигчид дургүйцэж байгаа юм байна лээ. Саяхан “Рио Тинто” компанийн ТУЗ-ийн гишүүнд  энэ талаар Туркойз Хилл”-ийн жижиг хувьцаа эзэмшигч “Пэнтвотер”-оос нээлттэй захидал илгээсэн байсныг харсан.

-Тэгэхээр манайд тавьж байгаа саналууд нөгөө талд хөрөнгө оруулагчдын хувьд бас асуудал үүсгэж байна. Энэ нь манайд ямар нэг  сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй юу?

-“Рио Тинто” компани өөрийнхөө охин компанийн асуудлыг хэрхэх нь бидний асуудал биш юм шиг боловч нөгөө талаараа Монгол Улсын гадаадаас татаж болох хөрөнгө оруулалт, Монгол Улсын имижид сөргөөр нөлөөлж болохуйц асуудал юм. Уг нь хөрөнгө оруулагч талууд  хоорондоо ярилцаад, асуудлаа шийдвэл хэн хэндээ хэрэгтэй болов уу л гэж харж байна.

-2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсанаас хойш Оюутолгой нийгмийн анхаарал татсан сэдэв байсаар өнөөдрийг хүрсэн л дээ. Поп улс төрчдийн гол хэрэгсэл болсон энэ төслийг эдийн засгийн агуулгаар нь харах ёстой, засч залруулах ёстой гэж хэлэгсэд бий. Та ТУЗ-ийн гишүүний хувиар үүн дээр юу хэлэх вэ?

-Манайх ардчилсан засаглалтай  улс. Монгол Улсын Их Хурлын гишүүд иргэдийн төлөөлөл болж, дуу хоолойгоо сонсгох гэж сонгогдсон хүмүүс байдаг. Тэгэхээр тэр хүмүүсийн байр сууриа илэрхийлэх эрх нээлттэй байх ёстой л гэж бодож байна.

-Цаг гарган ярилцсан Танд их баярлалаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mongolchuud(103.26.194.126) 2021 оны 11 сарын 21

Chadaltai,bolovsroltoi mundag busgui bn tsaashid ene heveeree baigaarai naidaj bn shuu

0  |  0
William(129.205.124.89) 2021 оны 11 сарын 20

Сайн байцгаана уу, энэ мессежийг уншиж байгаа хүн бүр, би Макс эмнэлэгт бөөрөө зарж баяжсан бидний ертөнцийг гэрчлэхийн тулд энэ хэрэгслийг ашиглахыг хүсч байна. Өмнө нь би олон жил амьдарсаны эцэст бөөрөө зарах мисс хайж байсан. ядуурал, намайг Макс эмнэлэгтэй танилцуулдаг гол найзтайгаа уулзах хүртэл бид үнийг тохиролцож, тэд миний бөөрийг 600,000 доллараар худалдаж авахаар тохиролцсон бөгөөд биднийг ирэхээс өмнө хагас төлбөрийг нь төлнө гэж надад мэдэгдэв. Тэд хийсэн хагалгааных нь төлөө хагалгааны дараа тэр даруй үлдэгдэл мөнгөө надад өгдөг [drmax.hospital@gmail.com ]\nӨөрт байхгүй зүйлээ а

0  |  0
БАЯСГАЛАН БА ТУЗ-Д (192.82.75.209) 2021 оны 11 сарын 18

БАЯСГАЛААН!!! МАНАЙД НОГДОХ ӨРИЙГ ТЭГЛЭЛЭЭ Ч ГЭСЭН ТЭР НЬ РИО ТИНТО Д ШИЛЖЭЭД ТӨЛНӨ ГЭВЭЛ РИО ТИНТО БИД ӨРӨӨ ТӨЛЖ БАЙНАА. НОГДОЛ АШИГ АЛГА ГЭЭД Л МОЛИГДОНО ШҮҮДЭЭ. ҮҮНИЙГ ХАТУУ БОДООРЙ. ЕР НЬ ЬЭР ЗЭЭЛ ЗАРДАЛ НЬ ХЭНИЙ ТАЛД БАЙХ НЬ ХАМААГҮЙ БҮХЭЛДЭЭ УУРАЙН ӨР ЗАРДАЛ ТУЛ ТҮҮНИЙГ ТӨЛӨХ ЁСТОЙ. ТЭГСЭНЭЭР МНГОЛД ХУВААХ АШИГ ГАРАХГҮЙ Л БАЙДАЛ ҮСНЭ ДЭЭ. ЕРӨӨСӨӨ 34 ХУВИАТА НАР АВ ГЭЭД РОИАЛТАА АХИУ НЭМЭЭД Л ХЯЛБАР ШИЙДЭЭЧДЭЭ. 34 ХУВИА ДАУУ ЭРХЭЭРЭЭ РИО АХУДАЛДАЖ АВАГ ЭГЭЭД Л БООО ТАТВАРАА ХУУЛИАРАА ЯЛГАВАРЛАЛГҮЙ АВ.

0  |  0
H(66.181.161.73) 2021 оны 11 сарын 18

Uhsen atsaaraa uhaantai gej hulgaich zantai hund

0  |  0
зочин (202.9.46.45) 2024 оны 01 сарын 20

Б.Болд захирал “Төслөөс өнөөдрийг хүртэл хэн нь ч ашиг хүртээгүй байгааг Монголын Засгийн газар ойлгох хэрэгтэй” гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Төсөл ашиггүй байгаа юм бол яахлаараа жил бүр хэдэн тэрбумаар нь урамшуулал ч билүү юу ч гэж нэрэдэг билээ тараадаг юм бэ?????? ашигтай ажиллаж бга болоод л тарааж бга юм биш үү????? Багабандийн үгийг сонсмоор бна...

2  |  1
Ралзь(103.26.194.182) 2024 оны 01 сарын 20

Багабандиас яриа аваачээ маш их ухаантай хүншүү

1  |  5
991100998(139.5.217.123) 2024 оны 01 сарын 20

Н.БАГАБАНДИ ХУЛГАЙЧЫГ ЗАЙЛУУЛААЧ ОЮУЭРДЭНЭ ЭЭ ХҮЗКА АХ ЧИНЬ ЧИГЛЭЛ ӨГДӨГГҮЙ ЮУ.ГАН-ОЧИР ГЭЭД НӨХӨР Ч БАС ҮҮРЭГ МУУТАЙХАН АМЬТАН ОЧЧИХСОН БОЛОЛТОЙ

3  |  0
Top